Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
Хэргийн индекс | 169/2022/0083/Э |
Дугаар | 2022/ШЦТ/76 |
Огноо | 2022-05-24 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй
Хохирогч Т.С, түүний өмгөөлөгч Б.Р
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2222000350040 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........................ өдөр төрсөн, ..... настай, ам бүл ......., ..................... тоотод оршин суух, урьд 1удаа ял шийтгүүлж байсан, Б.С
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 47-74 УНМ улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэг “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас Г.Г жолоочтой 86-23 УАО улсын дугаартай Волво маркийн ачааны автомашинтай мөргөлдөж, 47-74 УНМ улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.С, Б.Ү нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Б-н биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.
Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын зарын группт “Цогтцэций сумаас Улаанбаатар хот руу хүн авч явна гэж зар байршуулсан юм. Зарын дагуу надтай 3 хүн холбогдож Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс Улаанбаатар хот руу 2022.01.13-ны оройн 22 цагийн үед гарсан юм. Явсаар Дундговь аймгийн төвд 2022.01.14-ний 02 цаг 30 минутын үед орж ирсэн. Дундговь аймгийн төвөөр дайран өнгөрөөд аймгийн төвөөс нь ертөнцийн зүгээр зүүн хойд талд нь байрлах пост руу засмал замаар явж байгаад зүүрмэглэж эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж явсан машинтай мөргөлдчихсөн. Тэр үед би 40-50 км цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол болохын өмнөх шөнө би хангалттай унтаж амарсан байсан. Жолоодож явсан машин миний эзэмшлийн машин байгаа юм, машинаа 2021 онд 13 сая төгрөгөөр худалдаж авсан. Би өөрийн машиндаа Улаанбаатарын дугаар авахын тулд аавын төрсөн эгч Б эгчийн нэр дээр авсан. Би ВСЕ ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. 2016 онд В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч байсан. Надтай Улаанбаатар хот руу 3 хүн хамт гарсан ба жолоочийн хажуугийн суудалд Б гэх эрэгтэй, жолоочийн хойд талын суудалд С гэх эрэгтэй, Б гэх хүний арын суудалд Ү гэх эрэгтэй сууж явсан юм. Осол аваар болсны дараа Б гэх хүн машины урд талын салхины шилийг мөргөсөн байдалтай хамраас нь цус гарсан байсан. Ү гэх хүний биед ил харагдах гэмтэл шарх байхгүй, гайхсан, шоконд орсон байсан. С гэх хүний зүүн хөл хугарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 117-119/
Хохирогч Т.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр том оврын 14 машин худалдаж аваад би Таван толгой дээр байршуулах ажилтай менежерээр явсан. Бүх машинаа байршуулаад 20 цагийн үед хот явах унаа хайгаад Б машин олсон гээд 23 цагийн үед Цогтцэций суманд ирж тэр машинд суусан. Тэгээд замдаа унтаад явсан, зам тээврийн осол болсон. Бид ажил хийх насан дээрээ хохирч цаг хугацаа боломжоо алдаж байна. Хөлний хугарал хэвтрийн дэглэм сахиж байж эдгэдэг юм байна. Нийгэмтэй харилцах асуудал доголдолтой болж байна. Өөрийн дураараа ажил хийж болохгүй хүндрэлтэй байна. Манай ажил нийгмийн даатгалыг 6 сараар төлж, цалингүй чөлөө олгосон. Биеийн байдал чинь гайгүй болбол ажлын байрыг минь хадгална гэж хэлсэн. Би 6 сард ажилдаа орно гээд биеэ эмчлүүлж байгаа. Ажиллах насан дээрээ цаг хугацаа алдаж байгаадаа харамсаж байна. Сг ганц удаа ярих болов уу гэж бодоход асууж байгаагүй. Түүнд нь гомдож байгаа. Аялал зугаалгаар яваад хохироогүй, ажил хийж яваад хохирсон. Надад зайлшгүй гарч байгаа хохирлыг төлүүлэхээр нэхэмжилж байна. Би сарын 1.500.000 төгрөгийн цалинтай 6 сарын цалин болох 9.000.000 төгрөг, эмчилгээний зардал 3.070.000 төгрөг нийт 12.070.000 төгрөгийг нэхэмжиилнэ. Үүнээс 1.500.000 төгрөгийг төлсөн байгаа гэв.
Хохирогч Б.Ү-н “ Т.С Б.Б нартай Бүрэн минжтранс ХХК-нд хамт ажилладаг. Т.С бид 2 арын суудалд сууж явсан, Б.Б урд жолоочийн хажуу талын суудалд сууж явсан. Бид 3 машинд нь суугаад явахаас өмнө хүлээж байхдаа 0,5 граммтай нэг шил архи хувааж ууцгаасан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би унтаж явсан болохоор уг автомашин урсгал сөрсөн талаар мэдэхгүй байна. Гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд нийт 1,000,000 сая төгрөг зарцуулсан. Би Улаанбаатар хотод 1-р эмнэлэгт 700,000 төгрөг, Натул эмнэлэгт- 200,000 төгрөг, Апьфа-Дөлгөөн ХХК -нд тархины бичлэг 50.000 төгрөг, РС-ийн шинжилгээ хийлгэхэд-50,000 төгрөг зарцуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
Иргэний нэхэмжлэгч Б.Б-н “Тухайн үед Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн ба нийт зардал нь 1.000.000 гаруй төгрөг болсон. И баримттайгаа байгаа. Хохирлоо барагдуулж аваагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 37/
Иргэний нэхэмжлэгч Г.Г-н “ 2022.01.13-аас 14-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Дундговь аймгийн төвийн нутаг дэвсгэрт миний өөрийн эзэмшлийн 86-23 УАО улсын дугаартай \/оlvo маркийн тээврийн хэрэгслийг цагаан өнгийн альфард маркийн машин урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Үүнээс болоод миний автомашины зүүн урд хэсэг нилэнхүйдээ эвдэрсэн. Автомашинд учирсан эвдрэл гэмтлийн мөнгөн дүнг болон автомашинаа ачуулж хот руу авч явах, засварлахад гарах зардлуудыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 43/
Гэрч Ч.З-н “ Би баз хүргэн болох Г-н хамтаар түүний 86-23 УАО улсын дугаартай \/оlvo маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цагаанхад чиглэлд 2022..01.13-ны өдөр 18-19 цагийн орчимд хөдөлсөн. Ингээд шөнө 02:30 цагийн орчимд бид 2 Дундговь аймгийн төвийн постоор орж ирсэн. Тухайн үед Г өөрөө жолоо барьж явсан. Ингээд пост өнгөрөөд явж байтал өөдөөс цагаан өнгийн апьфард маркийн машин урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөсөн. Тэгээд шоконд ороод Г-н хамтаар машинаас буутал жолооны хүрдний ардаас махлаг 170 орчим см өндөртэй залуу бууж ирсэн. Машины хойд суудлаас 3 эрэгтэй бууж байсан. Нэг эрэгтэй нь урд суудал дээр сууж байгаад намайг машинаас буухад хойшоо ороод хойноос бууж ирж байсан. Жолоочоос бусад хүмүүс нь согтуу байсан. Тэр 3 согтуу залуучуудыг болохоор түргэн тусламж ирээд аваад явсан, нэлээд орилолдоод байсан. Жолооч залуу нь болохоор машин дээрээ үлдсэн. Жолооч нь эрүүнийх нь доор бага зэрэг шалбарсан байх шиг байсан өөр сүйдтэй гэмтэл шарх ажиглагдаагүй. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Тэр жолоочийнх нь өөрийнх нь хэлснээр бол зүүрмэглээд осол гаргачихлаа гэж ярьж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй би шүүхийн шинжилгээний албанд үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45/
Гэрч О.Б-н “Би С-н аавынх нь төрсөн эгч байгаа юм. ******* нь манай гэрт амьдарч байхдаа 2-3 жилийн өмнө тухайн 47-74 УНМ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийг миний нэр дээр авч байсан. ******* нь зан байдлын хувьд сайн хүүхэд санагддаг, эхнэр 1 хүүхэдтэйгээ амьдардаг. Дөнгөж амьдарч эхэлж байгаа хүүхэд. Архи уудаггүй тамхи татдаггүй залуу байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 54/
Гэрч А.О-н “ Би *******-н эхнэр нь байгаа юм. Миний нөхөр ******* ............ өдөр төрсөн, айлын 3 хүүхдийн дунд хүү нь байгаа юм. 2013 онд ......... сумын ерөнхий боловсролын сургуульд 9-р анги дүүргээд Улаанбаатар хотод 2016 онд Аварга дунд сургуулийг 12-р анги дүүргэсэн. Сургуулиа төгсөөд Жавхлан хүнсний төвд жолоочоор 1 жил орчим ажилласан. Дараа нь Талх чихэр ХХК-д 2021 он хүртэл борлуулагч жолоочоор 2 жил ажилласан. 2021 оноос ажилгүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сараас Өмнөговь Улаанбаатар хотын чиглэлд хүн тээвэр хийдэг байсан юм. Зан байдлын хувьд манай нөхөр даруу, үг дуу цөөтэй буурь, суурьтай хүн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Өмнө нь машинтай явж байгаад хүн мөргөөд цагдаа дээр шалгагдаж байсан. Өөрөөр цагдаа сэргийлэхэд шалгагдаж байгаагүй. 47-74 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай нөхрийн эзэмшлийн машин байгаа юм. Гэхдээ манай нөхрийн аав болох Мөнхжаргалын төрсөн эгч Б-н нэр дээр байдаг юм. Автомашиндаа хотын номер авахын тул манай нөхөр эгчийнхээ нэр дээр авч байсан. Уг автомашиныг манай нөхөр 2021 онд авч байсан юм. Он, сарыг нь нарийн санахгүй байна, ямар ч байсан хадам аав ээж хоёр мөнгийг нь өгч манай нөхөрт авч өгч байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 56/
Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд “4774 УНМ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Toyota Alphard маркийн автомашины шууд зардлын дүн 4.455.000 төгрөг, шууд бус зардлын дүн 290.000 төгрөг, нийт 4.745.000 төгрөг” гэжээ /хх-ийн 62/
Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд “86-23 УАО улсын дугаартай, шар өнгийн Volvo FH 440 F маркийн тээврийн хэрэгслийн шууд зардлын дүн 4.296.500 төгрөг, шууд бус зардлын дүн 60.000 төгрөг, нийт 4.356.500 төгрөг” гэжээ /хх-ийн 69/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022.01.24-ний 1903 тоот “Т.С-н биед зүүн дунд чөмөг ясны далд хугарал, зүүн тавхайд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 74-75/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022.01.27-ны 2060 тоот Б.Ү-н биед өвчүү ясны хугарал, их тархины духны баруун дэлбэн дэх голомтлог няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, духанд зулгаралт, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 80-82/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022.01.26-ны 2062 тоот “Б.Б-н биед баруун тохойнд шарх, зүүн тохойнд цус хуралт, зулгаралт, зүүн өвдөг, зүүн шуунд цус хуралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 86-88/
Шинжээч Ц.Намхайжанцангийн “ Жолооч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Харин жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэг “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч ******* нь дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. Асуултад дурьдаагүй боловч шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 100/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126/
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.31-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 131-136/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч *******-н жолоодож явсан, Г.Г-н жолоодож явсан 86-23 УАО улсын дугаартай Волво маркийн ачааны автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан үйл явдал болжээ.
Зам тээврийн осолд өртсөн 47-74 УНМ улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******, 86-23 УАО улсын дугаартай Волво маркийн ачааны автомашиныг иргэний нэхэмжлэгч Г.Г нар тус тус жолоодож явсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.
Уг зам тээврийн ослын улмаас шүүгдэгч Г.Г-н жолоодож явсан 47-74 УНМ улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.С-н эрүүл мэндэд “зүүн дунд чөмөг ясны далд хугарал, зүүн тавхайд шарх” бүхий хүндэвтэр гэмтэл, Б.Ү-н эрүүл мэндэд “өвчүү ясны хугарал, их тархины духны баруун дэлбэн дэх голомтлог няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, духанд зулгаралт, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл, Б.Б-н эрүүл мэндэд “баруун тохойнд шарх, зүүн тохойнд цус хуралт, зулгаралт, зүүн өвдөг, зүүн шуунд цус хуралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан болох нь шинжээч эмчийн 1903, 2060, 2062 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл, гэм буруу, хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч ******* нь 47-74 УНМ улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаар зорчиж явсан 86-23 УАО улсын дугаартай Волво маркийн ачааны автомашиныг мөргөж, зорчигч Т.С, Б.Ү нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл 47-74 УНМ улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь зүүрмэглэсний улмаас эсрэг урсгалд орсон болох нь шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч Г.Ганбаяр, гэрч Ч.З нарын мэдүүлгээр, түүний үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн болох нь шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч *******-н үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.31-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн болох нь хэргийн 131-136-рт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч *******-с хохирогч Т.С 6 сарын цалин болох 9.000.000 төгрөг, эмчилгээний зардал 3.070.000 төгрөг буюу нийт 12.070.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Б 969.460 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Г 5.200.000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.
Шүүгдэгч нь хохирогч Т.С-д 1.500.000 төгрөгийг, хохирогч Б.Ү-д 350.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Г-д 5.200.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.
Хохирогч Т.С, иргэний нэхэмжлэгч Б.Б нараас ирүүлсэн хохирлын талаарх баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан гэм хороос үүдэн гарсан зардал болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс 11.539.460 төгрөгийг гаргуулан хохирогч Т.С-д 10.570.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 969.460 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч Б.Ү нь өөрт учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг зааж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4774 УНМ улсын дугаартай тоёота альфард маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч ....... овогт *******-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........ овогт *******-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Т.С-д 1.500.000 төгрөг, хохирогч Б.Үд 350.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Г-д 5.200.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас 11.539.460 төгрөгийг гаргуулан хохирогч Т.С-д 10.570.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 969.460 төгрөгийг тус тус олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хээгт зааснаар хохирогч Б.Ү нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4774 УНМ улсын дугаартай тоёота альфард маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******-д буцаан олгосугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолын бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ