| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2022/0084/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/78 |
| Огноо | 2022-05-24 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/78
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2222000360052 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........төрсөн, ........ настай ам бүл ............
............ оршин суух *******
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 12 дугаар сарын эхээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэр 1 дүгээр сургуулийн хашаан дотор гээгдүүлсэн иргэн Г.Т-н эзэмшлийн “Iphone xs max” маркийн цагаан өнгийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ “Би 1-р сургуулийн хашаан дотроос цагаан өнгийн гар утас олоод Өмнөговь аймгийн хүнд зараад явуулсан. Зарсан хүнээ эргээд таньдаггүй. Өгсөн хүнээ таньсан бол гомдол саналгүй байсан” гэв.
Хохирогч Г.Т-н “ Би он сарыг нь одоо сайн санахгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд байх үдээс хойш 15:00 цагийн орчимд би Бөмбөлөг дэлгүүрийн барааг зөөж байсан юм. Тэгж байхдаа би өмднийхөө халааснаас өөрийнхөө Iphone xs max маркийн гар утсаа унагаачихсан байсан. Тухайн үед надтай ойролцоо Дэлгэрэх дэлгүүрийн барааг зөөж өгөөд байдаг Б гээд залуу байсан өөр хүн байгаагүй юм. Тэгээд тухайн үедээ утсаа хаячихлаа гэж бодоод өнгөрсөн. Тэгээд энэ асуудал болсноос 3-4 хоногийн дараа манай ах У-д Жавхлант дэлгүүрийн утас зардаг П гэх хүн Б-г Iphone xs max маркийн гар утасны код тайлуулах гээд ирсэн гэж хэлсэн байсан. Ингээд би Б-г тухайн үед миний утсыг олж авсныг нь мэдээд ах У-н хамт Б-тай захын орчимд уулзахад миний утсыг “Өмнөговь руу хүнд өгөөд явуулчихсан, тэр хүндээ зарчихсан” гэж хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Би хааяа дэлгүүрийн бараа зөөдөг ажил хийдэг, Б мөн дэлгүүрийн бараа зөөдөг ажил хааяа хийдэг юм. Тэгээд Б мэддэг болсон, Б миний гар утсыг хэрхэн яаж олж авсныг мэдэхгүй байна. Би утсаа бөмбөлөг дэлгүүрийн үүд орчимд л хаясан байх. Тэр үед Б Дэлгэрэх дэлгүүрийн үүдэнд зүгээр зогсож байсан. Намайг гар утсаа унагаахыг харсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Би гар утсаа Жаргалант дэлгүүрээс 2021.06.27-ны өдөр 1.400.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Гар утас худалдаж авсан баримт байхгүй тухайн үед надад баримт гаргаж өгөөгүй. Гар утсыг анх авахад хайрцаггүй байсан. Шинэ хуучин байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан сэв зураасгүй шинэвтэр утас байх шиг байсан. Би гар утсаа одоо 900.000 төгрөгөөр үнэлж байна. Миний гар утасны aplle ID хаяг нь tubshin9049 гэсэн хаягтай imei код болон сериал дугаарыг нь мэдэхгүй байна. Гомдолтой байна гар утсаа олж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7/
Хохирогчоос 2022.03.30-ны өдөр дахин авсан мэдүүлэгт “Би уншиж чадна. Бичихдээ бага зэрэг алдаатай бичдэг. Гэхдээ ер нь бол бичнэ. Би Сайнцагаан сумын 1-р сургуульд 2008 онд 4-р анги дүүргэсэн. Би он сарыг нь сайн санахгүй байгаа юм. Ямар ч байсан 2021 оны 11 дүгээр сарын сүүл 2021 оны 12 дугаар сарын эхээр би Сайнцагаан сумын 7-р баг, аймгийн төв захын орчимд дэлгүүрийн бараа буулгаж байгаад Нарлагийн 23- р байранд байх гэр лүүгээ явсан. Манай 23-р байр нь Номгон дэлгүүрээс 2 гудамжны урд байдаг юм. Ингээд би захаас явган гараад 1-р сургуулийн хашаагаар нэвт гарсан. Яг 1-р сургуулийн хашаанд дотор явж байхдаа би өөрийн Iphone xs max маркийн гар утсаа оролдож байгаад халаасандаа хийсэн юм. Би өмнөх мэдүүлэгтээ бөмбөлөг дэлгүүрийн гадаа ачаа буулгаж байхдаа унагаасан гэж мэдүүлсэн ба одоо бодоод байхад би дэлгүүрийн бараа буулгаад гэртээ харихдаа утсаа оролдсон санагдаж байна. Ингээд 1-р сургуулийн хашаагаар нэвт гараад гэртээ харьсан. Гэртээ хариад би 20-30 минутын дараа утсаа үзтэл байхгүй байсан. Тухайн үед миний өмсөж явсан өмдний халаас цоорсон байсан. Уг цоорхойгоор утас маань уначихсан юм байна лээ. Ингээд би утсаа хаяснаа гэрийнхэндээ хэлж чадахгүй айгаад байсан. Ингээд 2-3 хоногийн дараа гэрийнхэндээ хэлсэн. Тэгээд манай ах мэдэнгүүтээ фэйсбүүк дээр зар тавьсан байсан. Зарыг манай ах 2021,12.04-ний өдөр фэйсбүүкт оруулсан байсан. Тэгэхээр би утсаа 2021 оны 12 дугаар сарын 01, юм уу 02-ны өдөр л хаясан болж таарч байгаа юм. Уг гар утсыг маань манай ах У надад Жаргалант төвийн call center-ээс авч өгсөн. Анх утсыг хайрцаг савгүй авсан болохоор би утасныхаа имэй код болон сериал дугаарыг мэдэхгүй байгаа юм. Зар тавьснаас хойш 2-3 хоногийн дараа Дэлгэрэх дэлгүүрийн грушик Б /Б/ гэдэг залуу гар утасны код тайлуулахаар явж байсан талаар мэдсэн. Ингээд Б-тай уулзахад “утас өгнө” гээд байсан болохоор нэлээд хэсэг хугацаанд цагдаагийн байгууллагад хандаагүй байж байгаад өгөхгүй болохоор бүр сүүлд гомдлоо гаргасан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Бгаас ч одоо юуг нь авах вэ, хэцүү амьдралтай хүн байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 9/
Гэрч Б.У-н “2021 оны 12 дугаар сарын эхээр байсан, би өдрийг яг сайн санахгүй байна, би Улаанбаатар хотод байсан юм. Тэгээд тэр өдрөө хотоос ирэхэд ээжийн эгчийнх нь хүүхэд болох Тийн утас нь холбогдохгүй байсан юм. Т манай аав, ээж хоёр дээр байдаг юм. Тэгээд аав, ээж хоёрын гэрт очтол дүү байж байсан. Тэгээд би “утсаа яачихсан юм” гэсэн чинь утас байгаа гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь Т манай ээж Т-д “утсаа хаячихсан” гэж хэлсэн байсан. Ээж Т-г утсаа хаясан талаар нь надад хэлсэн. Ингээд би Т-с хаана хаясан юм гэж асуухад Дэлгэрэх дэлгүүрийн орчимд л хаясан юм шиг байна, халааснаас унасан байна гэж хэлсэн. Тэгээд би Дундговь аймгийн такси үйлчилгээний нэгдсэн групп дээр Iphone xs max гар утас хаясан тул олж өгч тусална уу гэсэн зар тавиад өөрийнхөө 99063472 дугаарыг тавьсан. Тэгтэл Жаргалант төвийн лангуун дээр утас зардаг М над руу чат бичээд миний дугаарыг асуусан. Тэгээд би утсаа өгтөл М над руу залгасан. Тэгээд М над руу утасдаад “Дэлгэрэх дэлгүүр дээр грушик хийгээд байдаг залуу цагаан өнгөтэй Iphone xs max барьчихсан, код тайлуулна гээд явж байсан. Энд код тайлахгүй гэсэн чинь гараад явчихсан” гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр нь очоод М-тай уулзаад Б мөн үү гэсэн чинь М, П хоёр мөн гэж байсан. Тэгээд Дэлгэрэх дэлгүүрээс Б-н утсыг олж аваад утсаар нь ярьсан чинь “аваачаад өгье” гэж хэлээд утас нь холбогдохоо больсон. Орой нь бил үү маргааш нь залгахад Б “утсыг чинь хүнд зарчихсан, төлөөд өгчихье” гэж ярьсан. Тэгээд таг алга болсон. Тэгээд би гэрт нь очтол хөдөө явсан гэж байсан. Тэгээд бараг 1 сар орчмын дараа Б хөдөөнөөс ирчихсэн байхаар нь уулзтал “утас чинь байхгүй, надад хууль үйлчилдэггүй, хэлдэг газарт нь хэлээд ав” гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн гар утас нь манай дүү Т-н гар утас байгаа юм. Б болохоор “Өмнөговийн нэг хүнд зарчихсан, Тэмүүжин буудалд архи ууж хоносон хүн” гэх мэт утгагүй зүйл яриад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-рт/
Гэрч Б.Э-н “ Б-н төрсөн эгч нь байгаа юм. Манай төрсөн дүү Б одоогоос сар гарангийн өмнө нэг гар утас олоод хүнд өгсөн талаар хэлсэн. Тэр утасны эзэн гээд 2 залуу одоогоос 10 орчим хоногийн өмнө ирж Б-тэй уулзсан. Би ямар учиртай хүн юм гэж асуутал Б “би утас олсон, Өмнөговь руу өгөөд явуулчихсан, танд хамаагүй” гэж хэлж байсан Тэгээд би “ямар учиртай утас юм” гээд асуухад нөгөө хоёр залуу сая төгрөг нэхэмжлэхээр нь би “өгөх боломжгүй, манайх хоногийн хоолоо яая гэдэг айл” гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ орсон. Утасны эзэн нь гээд хүмүүс ирэхээр нь л Б-г гар утас олсон талаар нь мэдсэн. Тэрнээс биш Б өөрөө бид нарт энэ талаар огт хэлээгүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Гэрч Б.М-н “2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зүс таних У гэдэг залуу аймгийн такси үйлчилгээний групп дээр Iphone sx max маркийн гар утас гээсэн талаар пост оруулсан байсан. Тэр постыг хараад би У-с ямар өнгөтэй вэ гээд асуусан чинь цагаан өнгөтэй гэж хэлж байсан. Тэгээд би У-н утасны дугаарыг нь авч үлдээд завтай болоод холбогдсон. У-н хэлээд байсан гар утсыг У дүүдээ авч өгөх гэж байгаа юм гээд 2021 оны намар манай лангуунаас худалдаж авч байсан юм. Барагцаагаар 10 орчим хоногийн өмнө 50 орчим насны ах “Iphone xs max маркийн гэр утасны код тайлах уу” гээд нэг залуутай орж ирж байсан. Тэгээд би тэр ахаас “яасан утас юм бэ, олсон утас юм уу, ямар учиртай юм” гэхэд тэр ах “би энэ залуугаас худалдаж авах гэж байгаа юм” гээд нэг залуу руу зааж байсан. Тэр зарах гэж байгаа залуу нь болохоор Дэлгэрэх дэлгүүрт ачаа бараа зөөгөөд байдаг залуу байсан. Ингээд би кодыг нь гаргах боломжгүй гээд хэлтэл тухайн 2 хүн гараад явсан. Тэгээд би У-г зар оруулсан байхаар хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
Гэрч Т.Г-н “Би Тэмүүжин зочид буудалд ажилд ороод 10 гаран жил болж байна. Би 2021 оны 11,12 дугаар сард зочид буудалдаа ажиллаж байсан. Энэ хүнийг /*******/ манай буудалд байрлаж байсан нэг ах 2 дахь хоног дээрээ байх дагуулж ирж хамт архидаж байсан. Тухайн үед нь би загнаж байсан юм. Энэ залуу/*******/-г дагуулж ирсэн ах болохоор “би энэ архичнаас утас хямдхан худалдаж авч байна, чи авах уу” гэхээр нь би “хэдэд өгөх юм” гэж асуухад 100.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд би утсыг нь хартал цагаан бил үү саарал өнгөтэй утас байсан. Нэршлийг нь би хэлж мэдэхгүй байна. Тэр гар утас цоожтой байхаар нь би авахгүй гэсэн. Тэр ах лав энэ үнэтэй утас гээд мэдээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2022.01.26-ны 12 тоот “Iphone xs max гар утас 900.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 25-26/
Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний комиссын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2 тоот “******* нь хэргийн талаар үнэн зөв хэлж чадна. Сэтгэцийн өвчин эмгэггүй, харин сургуульд суугаагүй мэдээллийн хомсдолтой. Сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаггүй. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Хүнд уруу татагдаж, буруу үйлдэл хийж болзошгүй” гэх дүгнэлт /хх-ийн 29-31/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, фото зургууд /хх-ийн 19-20/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Г.Т нь 2021 оны 12 дугаар сарын эхээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэр, 1 дүгээр сургуулийн хашаан дотор “Iphone xs max” маркийн гар утсаа гээгдүүлсэн үйл явдал тогтоогдож байна.
Хохирогч Г.Т-н гээгдүүлсэн “Iphone xs max” маркийн гар утсыг шүүгдэгч ******* олсон, бусдад зарж борлуулсан болох нь шүүгдэгч болон гэрч Б.М, Т.Г нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдын гээгдүүлсэн гар утсыг олсон, бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******-г бусдын гээгдэл эд хөрөнгийн завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******-н үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улсын яллагч болон өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Г.Т-д 900.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь төлөөгүй боловч хохирогч нэхэмжлэхгүй гэсэн тул хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч ....... овогт *******-г бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........... овогт *******-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ