Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/97

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат,

шүүгдэгч Ц.Б, Ц.П, Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.П, Ц.А нарт холбогдох 2116001300096 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  халх, О овогт Ц-н Б.

Монгол Улсын иргэн, халх, О овогт Ц-н А.

Монгол Улсын иргэн, халх, О овогт Ц-н П.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б, Ц.А, Ц.П нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн Оргил 5-р багийн Угалзын **** тоот хашаанд оршин суух хүргэн ах М.О-н гэрийн цонхыг эвдлэн нэвтрэн орсон үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг гэж, улмаар шүүгдэгч Ц.Б нь хохирогч М.О-г “эгчийг маань зодож дээрэлхсэн” хэмээн зүүн гарын шуу, зүүн хөл тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зүүн шуу, зүүн өвдгөнд шарх буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж  тус тус үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ц.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө манай хүргэн ах М.О-н гэрт очсон зорилго нь өмнө нь манай эгчтэй муудалцаж зодохдоо танай 3 дүү болон чамайг ална гэж заналхийлдэг учраас яагаад тийм асуудал гаргадаг талаар ярилцах гэж очсон. Тэр өдөр бид гурав хотоос ирээд ачаа буулгаж явсаар шөнө болсон. Тэгээд хүргэн ахынд оччихоод нэг мөсөн унтъя гээд М.О-н гэрт очсон. Тэгэхэд бид гурвыг гэж таниад хаалгаа тайлж өгөхгүй “...шууд ална, Ц-хныг хүйс тэмтэрнэ...” гэж хэлээд гэрлээ асаахгүй харанхуйд хөрөө, заазуур хоёр бариад цонхоо тогшиж “...та гурвыг орж ирэх юм бол алаад, сийчээд өгнө...” гэж хэлээд цонхоо тогшоод байхаар нь би цонхыг нь өшиглөж ороод шууд бариад авсан. Намайг ороод барьж авахад баруун гартаа хөрөө, зүүн гартаа заазуур барьчихсан зогсож байсан. Тэгээд хөрөөгөөрөө шууд далайж дайрахаар нь би барьж автал миний гарыг зүссэн байна. Тухайн үед тэрийгээ мэдээгүй байж байгаад сүүлд нь мэдсэн. Би 2 гарыг нь тэвэрч аваад зуухан дээр нь унаж ноцолдож байх хооронд Ц.А, Ц.П хоёр орж ирээд заазуур, хөрөө хоёрыг нь салгаж аваад гэрлийг нь асааж орон дээр сууцгааж байгаад “...тантай бид гурав ярилцах гэж ирсэн юм. Та яагаад бид хэдийг заналхийлж эцгийн нэрийг хэлж эгчийг минь дээрэлхэж, дарамтлаад байдаг юм бэ...” гэдэг талаар ярилцсан. Мөн “...бид 3 танд хийсэн гэм буруутай үйлдэл байна уу? гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь та тийм байж яагаад  ийм үйлдэл гаргаад байдаг юм бэ? бид 3 тантай нэг ч удаа ам мурийж, урдаас нь юм хэлж байгаагүй. Ер нь юм гуйх юм бол тусалж явдаг байсан. Тэгээд бид 3 гар бариад та бид гурвыг ямар нэгэн байдлаар занах асуудал байхгүй. Тийм муу үйлдлүүд бид нарын дунд байх ёсгүй...” гэж хэлээд бид гурав явсан... Дараа нь над руу гар утсаар залгаад “...та гурвыг би ална...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч Ц.А-н шүүх хуралдаанд өгсөн “...Миний бие Ц.А нь М.О-н гэрт орох болсон шалгаан нь манай эгчийг хөөж эгч том хүүтэйгээ хамт зугатаад хот орсон байсан. Тэгээд бид 3 ярилцаж үзье. Мөн намайг заналхийлж ярьсан. Ахыг уур омогтой хүн янз бүрийн асуудал үүсэх юм бол хамгаална гэж очсон. Тэгэхэд М.О хутга, заазуур бариад цонхон дээр зураад байсан. Харанхуй учраас юм харагдахгүй гар гялалзаад байсан. Тэгээд дэмий байх гэхэд ах цонхыг нь жийгээд орохоор нь би араас нь орсон. Намайг ороход хоорондоо ноцолдоод зуухан дээр унаж байсан. Би заазууртай гарыг нь дараад салгах гэж байтал дүү араас орж ирээд заазуур, хөрөө хоёрыг нь ямар ч байсан салгасан. Тэгээд орон дээр нь та тайвшир гэж хэлээд суулгаж бид 3 ярилцах гэж ирсэн юм гэж хэлээд нэлээн удаан ярилцаж суусан. Сүүлдээ өөрөө та нарыг ингэж ярина гэж бодсонгүй гэж хэлсэн. Тэгээд бид 3 гар барилцаад гарч явсан. Тэгэхэд хүргэн ах дагаж гараад хашааны хаалгаар гаргаж өгөөд бие засаад үлдсэн...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч Ц.П-н шүүх хуралдаанд өгсөн “...Эхлээд ах нар орж араас нь мэстэй хүний урдаас орсон гэж бодоод орж заазуур, хөрөөг салгахад оролцсон. Өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч М.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн орчимд би гэртээ амарч байтал манай гэрийн хаалга, цонхыг хүн цохиод байсан. Тэгээд би хэнийг нь мэдэхгүй болохоор хаалгаа тайлж өгөөгүй, гадаа ирсэн байгаа хүмүүсийг дуугаар нь манай эхнэрийн дүү А байгаа болохыг таньсан. Манай гэрийн цонхыг цохиод А нь хаалгаа онгойлго гээд байсан. Би А-г согтуу байгаа гэж бодоод хаалгаа тайлж өгөлгүй байж байтал надад хандаад “...М-хан үхээд дууссан чи ганцаараа шүү...” гээд хэлэхээр нь миний уур хүрээд цонхны 2 талаас хэрэлдсэн. Хоорондоо маргалдаад байж байтал манай гэрийн цонхыг хага өшиглөөд Б түүний араас А, П нар ороод ирсэн. Гэрийн цонх хагалаад ороод ирэхээр нь би Б-г цохиод авсан, тэгээд манай гэрт 1 цаг гаруй зодоон болсон ... Би айхдаа өөрийнхөө гэрийн гал тогооны өрөөнд байсан заазуур, модны хөрөөг 2 гартаа бариад зогссон, тэгээд Б-г ороод ирэхээр нь намайг зодох гэж байгаа юм байна гэж бодоод хөрөө барьсан гараараа цохисон, ирээр нь цохисон, ороолгосныг мэдэхгүй байна ... Би цохиулж байхдаа хэн хэн нь юугаар хэдэн удаа цохисныг хараагүй, толгой шилэн хүзүү рүү гараараа цохиод, гуя, сүүж, хөлийн шилбэ зэрэг газарт хөлөөрөө өшиглөөд байсан... Одоо миний биед ямар нэгэн зовуурь байхгүй байна. Гэр орны тухайд цонх хагарсан өөр эвдэрч гэмтсэн зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 79-80 дугаар тал/

Хохирогч М.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... Хагалсан эд зүйлсийг төлж барагдуулж өгсөн. Би дээрх хүмүүсээс нэхэмжилж байгаа мөнгө төгрөг, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. / 1-р хавтаст хэргийн 82 дугаар тал/

Гэрч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М.О нь манай нөхөр байгаа юм. Анх 1993 онд танилцаж гэр бүл болсон. Бид хоёр дундаасаа хүү, охин хоёртой. Ерөнхийдөө түргэн ууртай ер нь аливаа юманд өс хонзон санадаг, хувиа хичээсэн өөрийгөө болгоод явдаг зантай ... Би нөхөртэйгөө муудалцаад хотод ирчихсэн байсан. Тэр үед манай дүү А том машинтайгаа хотод ирчихсэн байсан. Том машиндаа хотоос ачаа ачаад ах Ц.Б, дүү Ц.П нартай хамт Говь-Алтай аймгийн Тонхил сум руу өөрийн сарлаг ачиж ирэхээр явсан. Тэгэхэд би 3 дүүдээ би ахтай чинь муудсан муудалцах болгондоо чамайг надаас салах юм бол 3 дүүг чинь ална гэж заналхийлээд байна. Та 3 очоод эвтэйхэн ярилцаад учир зүйгээ олоод ирээрэй гэж хэлсэн. Яг болсон явдлыг бол мэдэхгүй, дараа нь Ц.Б дүүгээсээ сонсоход ярилцах гээд очиход О-той жоохон маргаан боллоо гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 106 дугаар тал/

Гэрч С.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би М.О гэж хүнийг танина. Манай хүргэн байгаа юм ... Ер нь алсаараа гүргэр өс хонзон санадаг зантай юм шиг санагддаг. Би бас сайн мэдэхгүй цагаан сараар л ирдэг, хааяадаа уулздаг... Би хотод ирээд жил гаруй болж байна. Энэ зодооны талаар мэдэхгүй. Бүүр сүүлд сонсоход манай том хүү Ц.Б-н зүүн тохой хэсэгт юмаар урсан том сорви байхаар нь хэн ингэсэн юм гэж асуухад О ах хөрөөгөөр урсан гэж хэлсэн. Одоо гайгүй ээ гэж том хүү Б хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 108 дугаар тал/

Гэрч О.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М.О нь манай аав байгаа юм. Би том хүүхэд нь, доороо 1 дүүтэй. Манай аав хааяа түргэн ууртай, уур нь маш хурдан гардаг. Бусдаар бол манай аав сайн хүн байгаа юм ... 2021 оны 09 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд би хотод ирсэн байсан. Энэ зодооны талаар мэдэхгүй. Бүүр сүүлд дүүгээс сонсоход аав зодуулчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би аймаг орж аавтай очиж уулзахад аавын биед ил харагдах шарх, сорви байгаагүй. Ааваас асуухад надад юм хэлээгүй. Тэгээд би хот руу буцаад явсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 110 дугаар тал/

Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед О-г хүргэн дүү нар нь зодчихлоо гэдэг дуудлагыг өөрөө надад өгсөн. Дуудлага өгөхдөө 09 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагт утсаар хэлсэн. Намайг яваад очиход О-н гэрийн цонх нь хагархай байсан. О цээж нүцгэн, цээж өвдөөд байна гээд гэртээ сууж байсан. Гэрийн эд зүйлс нь эмх замбараагүй болсон, шалан дээр нь бага зэргийн цус харагдаж байсан ... Тухайн үед биед нь ил харагдах шарх байгаагүй. О дээгүүрэх хувцсаа тайлаад шалдан сууж байсан. Миний цээж өвдөөд байна гэж хэлээд сууж байсан... Манай хүргэн дүү нар цонхоор орж ирээд намайг зодчихоод явлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 127 дугаар тал/

Шинжээч Д.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М.О-н биед учирсан зүүн шуу, зүүн өвдгөнд үүссэн шарх гэмтэл нь тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэлээр үүснэ... Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 119 дүгээр тал/

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 317 дугаартай “... 1. М.О-н биед зүүн шуу, зүүн өвдгөнд шарх, хамар, хэвлий,   бүсэлхий баруун тохойнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зүүн ташаан толгойд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтлүүдээс зүүн шуу, зүүн өвдгөнд үүссэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 135-136/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 318 дугаартай “... Иргэн Ц.Б-н биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 132-133 дугаар тал/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 13-20 дугаар тал/,

Үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 21-24 дүгээр тал/,

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас эвдэрсэн гэх эд зүйлс болох  вакум цонх 1 ширхэг, шаазан аяга 1 ширхгийн үнэлгээг 104,000 төгрөгөөр тогтоосон Ашид Билгүүн ХХК-н 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-820/766 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1-р хавтаст хэргийн 139-142 дугаар тал/,

Хохирогч М.О-н гаргасан Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зөрчлийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ЗШ/251 дугаартай шүүгчийн шийтгэврийн хуулбар /2-р хавтаст хэргийн 28-38-41/, болсон үйл явдлын талаар шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Б, Ц.А, Ц.П нар нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө “...эгчийг минь хөөж явуулсан, бид нарыг ална гэж ярьдаг...” гэр зүйлээс үүссэн хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан  Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн Оргил 5-р багийн Угалзын **** тоот хашаанд оршин суух хохирогч М.О-н/хүргэн ах/ гэрийн цонхыг хөлөөрөө өшиглөн хагалж, хагарсан цонхоор нэвтрэн орж, улмаар шүүгдэгч Ц.Б нь хохирогч М.О-г зодож зүүн шуу, зүүн өвдгөнд шарх буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч Ц.Б-н “...13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө манай хүргэн ах М.О-н гэрт очсон зорилго нь өмнө нь манай эгчийг муудалцаж зодохдоо танай 3 дүү болон чамайг ална гэж заналхийлдэг учраас яагаад тийм асуудал гаргадаг талаар ярилцах гэж очсон. Тэр өдөр бид гурав хотоос ирээд ачаа буулгаж явсаар шөнө болсон. Тэгээд хүргэн ахынд оччихоод нэг мөсөн унтъя гээд М.О-н гэрт очсон. Тэгэхэд бид гурвыг гэж таниад хаалгаа тайлж өгөхгүй шууд ална, Ц-нхныг хүйс тэмтэрнэ гэж хэлээд гэрлээ асаахгүй харанхуйд хөрөө, заазуур хоёр бариад цонхоо тогшиж та гурвыг орж ирэх юм бол алаад, сийчээд өгнө гэж хэлээд цонхоо тогшоод байхаар нь би цонхыг нь өшиглөж хагалж ороод шууд бариад авсан. Намайг ороод барьж авахад баруун гартаа хөрөө, зүүн гартаа заазуур барьчихсан зогсож байсан. Тэгээд хөрөөгөөрөө шууд далайж дайрахаар нь би барьж автал миний гарыг зүссэн байна. Тухайн үед тэрийгээ мэдээгүй байж байгаад сүүлд нь мэдсэн. Би 2 гарыг нь тэвэрч аваад зуухан дээр нь унаж ноцолдож байх хооронд Ц.А, Ц.П хоёр орж ирээд заазуур, хөрөө хоёрыг нь салгаж аваад гэрлийг нь асааж орон дээр сууцгааж байгаад тантай бид гурав ярилцах гэж ирсэн юм. Та яагаад бид хэдийг заналхийлж эцгийн нэрийг хэлж эгчийг минь дээрэлхэж, дарамтлаад байдаг юм бэ? гэдэг талаар ярилцсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Ц.А-н “...Миний бие Ц.А нь М.О-н гэрт орох болсон шалгаан нь манай эгчийг хөөж эгч том хүүтэйгээ хамт зугатаад хот орсон байсан. Тэгээд бид 3 ярилцаж үзье. Мөн намайг заналхийлж ярьсан. Ахыг уур омогтой хүн янз бүрийн асуудал үүсэх юм бол хамгаална гэж очсон. Тэгэхэд М.О хутга, заазуур бариад цонхон дээр зураад байсан. Харанхуй учраас юм харагдахгүй гар гялалзаад байсан. Тэгээд дэмий байх гэхэд ах цонхыг нь жийгээд орохоор нь би араас нь орсон. Намайг ороход хоорондоо ноцолдоод зуухан дээр унаж байсан. Би заазууртай гарыг нь дараад салгах гэж байтал дүү араас орж ирээд заазуур, хөрөө хоёрыг нь ямар ч байсан салгасан. Тэгээд орон дээр нь та тайвшир гэж хэлээд суулгаж бид 3 ярилцах гэж ирсэн юм гэж хэлээд нэлээн удаан ярилцаж суусан. Сүүлдээ өөрөө та нарыг ингэж ярина гэж бодсонгүй гэж хэлсэн. Тэгээд бид 3 гар барилцаад гарч явсан. Тэгэхэд хүргэн ах дагаж гараад хашааны хаалгаар гаргаж өгөөд бие засаад үлдсэн. Тийм зүйл болсон...” гэх мэдүүлэг,

 шүүгдэгч Ц.П-н “...Эхлээд ах нар орж араас нь мэстэй хүний урдаас орсон гэж бодоод орж заазуур, хөрөөг салгахад оролцсон. Өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч М.О-н “....2021 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн орчимд би гэртээ амарч байтал манай гэрийн хаалга, цонхыг хүн цохиод байсан. Тэгээд би хэнийг нь мэдэхгүй болохоор хаалгаа тайлж өгөөгүй, гадаа ирсэн байгаа хүмүүсийг дуугаар нь манай эхнэрийн дүү А байгаа болохыг таньсан. Манай гэрийн цонхыг цохиод А нь хаалгаа онгойлго гээд байсан. Би А-г согтуу байгаа гэж бодоод хаалгаа тайлж өгөлгүй байж байтал надад хандаад “...М-нхан үхээд дууссан чи ганцаараа шүү...” гээд хэлэхээр нь миний уур хүрээд цонхны 2 талаас хэрэлдсэн. Хоорондоо маргалдаад байж байтал манай гэрийн цонхыг хага өшиглөөд Б түүний араас А, П нар ороод ирсэн. Гэрийн цонх хагалаад ороод ирэхээр нь би Б-г цохиод авсан, тэгээд манай гэрт 1 цаг гаруй зодоон болсон...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Т-н “...Тухайн үед О-г хүргэн дүү нар нь зодчихлоо гэдэг дуудлагыг өөрөө надад өгсөн. Дуудлага өгөхдөө 09 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагт утсаар хэлсэн. Намайг яваад очиход О-н гэрийн цонх нь хагархай байсан. О цээж нүцгэн, цээж өвдөөд байна гээд гэртээ сууж байсан. Гэрийн эд зүйлс нь эмх замбараагүй болсон, шалан дээр нь бага зэргийн цус харагдаж байсан ... Тухайн үед биед нь ил харагдах шарх байгаагүй. О дээгүүрэх хувцсаа тайлаад шалдан сууж байсан. Миний цээж өвдөөд байна гэж хэлээд сууж байсан...” гэх мэдүүлэг,

шинжээч Д.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М.О-н биед учирсан зүүн шуу, зүүн өвдгөнд үүссэн шарх гэмтэл нь тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэлээр үүснэ... Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг, 

хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 317 дугаартай “... 1. М.О-н биед зүүн шуу, зүүн өвдгөнд шарх, хамар, хэвлий,   бүсэлхий баруун тохойнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зүүн ташаан толгойд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтлүүдээс зүүн шуу, зүүн өвдгөнд үүссэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх дүгнэлт, дээрх үйл явдлын талаар шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол...” гэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Нийтийн хэв журмыг зөрчих гэдэг нь олон нийтээр хамтран амьдарч тогтож хэвшсэн хэв ёсонд шууд харшилсан, эсхүл уламжлагдаж ирсэн зан заншлыг үл хүндэтгэсэн, олон нийтийн амгалан тайван амарч, ажиллах нөхцөлийг санаатайгаар алдагдуулж, улмаар өөрийн үйлдлээс учирч болох хор уршгийг зориуд хүсэж үйлдэхээс гадна, хүсээгүй ч тийм байдалд хүргэж болохыг ойлгож мэдсэн атлаа үйлдлээрээ гүйцэлдүүлдэг санаатай үйлдлийн бодит илрэл юм. Өөрөөр хэлбэл олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийгөө хүч чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал төдийгүй энэ нь эмх замбараагүй, гэнэт үүссэн шинжтэй, урьдчилан төлөвлөөгүй, хүрэх үр дүн тодорхойгүй, тодорхой чиглэсэн зорилго, хохирогч байхгүй тухайн цаг хугацаанд үүссэн гэнэтийн шинжтэй сэдэлтээр гэмт санаа бодлоо хэрэгжүүлдэг онцлогтой бөгөөд уг үйлдлээ олон нийтийн газар нийгмийн хэв журамтай холбоотой эрх зүйн хэм хэмжээ үйлчлэх орчинд хийснээр төгсдөг.

Хэрэв дээр дурдсан шинж, хэлбэрийг агуулаагүй буюу нийтийн хэв журмыг зөрчөөгүй бөгөөд хүмүүс хоорондын зүй бус харьцаанаас үүдэн маргалдсан, зодолдсон, бие махбодод нь гэмтэл учруулсныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх боломжгүй ба энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Гэтэл шүүгдэгч нарын хувьд хохирогчтой төрөл садангийн харилцаатай, урьд өмнө үүссэн хувийн таарамжгүй харилцаатай байсан төдийгүй тэдний үйлдэл нь олон нийтийн газар биш бусдын эзэмшил орон байранд хийгдсэн байх тул дээрх гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж шүүх үзлээ. Гэсэн хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол...” бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж, "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгохоор хуульчлан тайлбарласан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг Эрүүгийн хуулиар хамгаалсан агуулгаар тайлбарлах бөгөөд гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны үйл ажиллагаанаас бусдаар хүний орон байрны халдашгүй байдалд хэн ч халдах ёсгүй, тухайн орон байрны хууль ёсны эзэмшигч зөвшөөрөөгүй тохиолдолд ямар нэгэн хэлбэрээр нэвтрэн орж болохгүй гэсэн үг юм.

 Иймээс шүүгдэгч нарын хохирогч М.О-н гэрийн цонхыг хагалж,  нэвтрэн орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж шүүх үзэн, шүүгдэгч нарыг уул гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, харин шүүгдэгч Ц.Б-н хохирогчийг зодсон санаатай үйлдлээс болж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг үйлдвэл дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тус тус хуульчилжээ. Тодруулбал олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт оногдуулж болох ял шийтгэл нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт оногдуулж болох ял шийтгэлээс хүнд буюу торгох ял оногдуулахаар хуульчлаагүй байна.

 Иймээс хэргийг өөрчлөн зүйлчлэх нь “шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах”, “тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн хөнгөрүүлэн өөрчилж зүйлчлэх” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн зохицуулалтай зөрчилдөхөөргүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой билээ.

Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм. Уг тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн шинжийг хамтран хэрэгжүүлж, хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгч Ц.Б, Ц.А, Ц.П нар нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч тухайн цаг хугацаанд хийсэн үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч М.О-н орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, түүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан тул тэднийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 4-6 дугаар тал/, хохирогч М.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... хагалсан эд зүйлсийг төлж барагдуулж өгсөн. Би дээрх хүмүүсээс нэхэмжилж байгаа мөнгө төгрөг, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 82 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Б, Ц.А, Ц.П нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Ц.А, Ц.П нарт бус бүрд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавь мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавь мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж, жинхэнэ эдлэх ялыг 950 (есөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгч нарын тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 см урттай, ногоон өнгийн иштэй 1 ширхэг заазуур, модны гар хөрөө 1 ширхгийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.П, Ц.А нарт холбогдох 2116001300096 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч О овогт Ц-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч О овогт Ц-н Б, О овогт Ц-н А, О овогт Ц-н П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Ц.А, Ц.П нарт бус бүрд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавь мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавь мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж, жинхэнэ эдлэх ялыг 950 (есөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б, Ц.А, Ц.П нарт сануулсугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 см урттай, ногоон өнгийн иштэй 1 ширхэг заазуур, модны гар хөрөө 1 ширхгийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА