Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2024/0044

 

 

 

Л.М-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн  

   Шүүх бүрэлдэхүүн:

   Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

   Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

   Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

   Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З

   Хэргийн оролцогчид:

   Нэхэмжлэгч Л.М

   Хариуцагч  Нийслэлийн Засаг дарга

   Хариуцагч Х газар ОНӨААТҮГ

   Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу учирсан хохирол 3,908,944,226 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулж олгуулах тухай

   Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0847 дугаар шийдвэр

  Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

   Хариуцагч Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

  Хэргийн индекс: 128/2022/0954/3

ТОДОРХОЙЛОХ нь: 

 1. Л.М нь Нийслэлийн Засаг дарга, Х газар ОНӨААТҮГ нарт холбогдуулж “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу учирсан хохирол 3,908,944,226 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулж олгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0847 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 47 дугаар зүйлийн 47.1.6, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.М-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу надад учирсан хохирол 3,908,944,226 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У давж заалдах гомдолдоо:

“Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамжийн 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд уг захирамжийг биелүүлсэн хууль бус ажиллагааны улмаас иргэн надад учирсан хохирол 3,908,944,226 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах гэж тодруулсан байна.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамжийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “Нийслэлийн Засаг дарга нь 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар “ ... эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах ”, төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар “... Төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлэх” хуулиар олгогдсон бүрэн эрхтэй боловч түүний гаргасан захирамжийн хүрээнд нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт тохижилтын ажил хийж гүйцэтгэхээр үл хөдлөх хөрөнгийг нураах санхүүжилтийг шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" захиргааны акт илт хууль бус болох тохиолдолд хамаарахаар байна” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/*** дугаар захирамжид нэхэмжлэгчтэй холбоотой, тодруулбал нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт тохижилтын ажил хийж гүйцэтгэх, үл хөдлөх хөрөнгийг нураах талаар ямар нэг үг, өгүүлбэр, агуулга байхгүй бөгөөд Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд гаргасан захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дэх заалтад зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эзэмшил газар болон өмчид халдсан ямар нэг шийдвэр гаргаагүй юм.

Мөн “Ш” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/149 дүгээр захирамж, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шаардлага гаргасан.

Уг хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн *** дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна.

Магадлалд “Нийслэлийн Засаг дарга нь 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг 29.2-т зааснаар “... эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах”, төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар “... Төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлэх” хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тохижилтын ажил хийх санхүүжилтийг шийдвэрлэснийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0*** дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т “...2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайн маргааны хувьд хамааралгүй гэж үзлээ” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дахь хэсэг “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамж нэхэмжлэгч Л.М-ийн хувьд л илт хууль бус захиргааны акт болоод бусад этгээд тухайлбал “Ш” ХХК-ийн хувьд хамаарахгүй гэх агуулгаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0*** дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4. Хариуцагч Х газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З давж заалдах гомдолдоо:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0*** дугаар шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 9 дэх заалтад “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” захиргааны акт илт хууль бус болох тохиолдолд хамаарахаар байна” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйл /Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх/-ийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гарсан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй юм.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №** дугаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай“ тогтоолын 6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж үзнэ” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамж нь Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны №** дугаар тогтоолд тус тус заасны дагуу “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамаарахгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу тус захирамжийг илт хууль бус захиргааны актад хамааруулан үзэж хууль зүйн үндэслэлгүй юм. Гэвч анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 2006 оны №** дугаар тогтоолыг хэрэглээгүй буюу зөрчиж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамж нь эрх шилжүүлсэн буюу дотогшоо чиглэгдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд ур дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу захиргааны актад хамаарах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар “Эрх шилжүүлэх тухай” захирамж нь нэхэмжлэгч этгээдэд чиглэгдээгүй тул тус захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт, мөн хуулийн 37.5-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч этгээдэд чиглэгдээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх агуулгыг илэрхийлээгүй бөгөөд эрх шилжүүлсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хууль зүйн утгаараа хөндөгдөх үндэслэлгүй болно.

Мөн нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын эрх шилжүүлсэн процесс буюу уйл ажиллагаатай холбоотой гомдлын шаардлага буюу нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй атал тус захирамжийг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0*** дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 12 дахь заалтад “Хариуцагч байгууллагууд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий актыг илт хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн тул шүүхээс дахин дүгнэх боломжгүй гэж тайлбарлан маргаж байгаа боловч ... 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайн маргааны хувьд хамааралгүй гэж үзлээ” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар шийдвэрээр маргаан бүхий захиргааны акт болох “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамж”-ийн хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн **** дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.

Тухайлбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн **** дүгээр магадлалын хянавал хэсгийн 7 дахь заалтад “Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар “... эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах”, төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар “... төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлэх” хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газарт тохижилтын ажлыг хийх санхүүжилтийг ийнхүү шийдвэрлэснийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн бөгөөд тус магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй болохыг тогтоон шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.6-д заасны тус тус үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

Нөгөөтэйгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг зөрчиж, маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус захиргааны актад хамааруулан шийдвэрлэсний улмаас маргаан бүхий 1 актыг шүүх хоёр өөрөөр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргаад байна.

Дээр дурдсанчлан анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн **** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, хариуцагч Х газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1 Нэхэмжлэгч Л.М нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/*** дүгээр шийдвэрийг үндэслэн 528 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаад нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/*** дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамжинд байрлах, 000046**** нэгж талбарын дугаартай 528 м.кв газрыг үйлчилгээний зориулалттайгаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгож, уг газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгджээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Л.М-г Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/ Олимпын гудамж, **** тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай, 152 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-220300**** дугаар гэрчилгээг 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газраас түүнд олгосон байх бөгөөд тухайн үйл хөдлөх эд хөрөнгө 1998 оноос улсын бүртгэлд иргэн Д.Б-ийн нэр дээр бүртгэгдэж улмаар өмчлөгч өөрчлөгдөн явсаар 2014 онд нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн байна.    

2.3.  Нэхэмжлэгч Л.М нь газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байхад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах миний эзэмшлийн газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийг буулгаж нураан, 3,908,944,226 төгрөгийн хохирол учирсан тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамж илт хууль бус хэмээн маргажээ.

2.4. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар “Эрх шилжүүлэх тухай” захирамжаар “...Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд хэрэгжүүлэх Блю скай зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажлыг дүрмээр хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэж, үр дүнг танилцуулж, ажиллахыг Х газар ОНӨААТҮГ-т” үүрэг болгожээ.

2.5. Хариуцагч нийслэлийн Засаг даргын 2020 оны А/*** дугаар захирамжийн дагуу маргаан бүхий газарт тохижилтын ажлыг нийт 549.3 сая төгрөгөөр санхүүжүүлэх эрх нээхийг холбогдох хэлтэст зөвшөөрч улмаар Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарч, төслийн ажлыг гүйцэтгэж дууссан байна.  

2.6. Ийнхүү гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн нь илэрхий үйл баримт байх бөгөөд тухайн газарт 528 м.кв газрыг эзэмшиж, 152 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчтэй урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдсан, үр дагавар үүсгэсэн захиргааны акт байна.

2.7 Өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон өөрийн эрх хэмжээний хүрээнд захиргааны акт гаргахдаа нэхэмжлэгч Л.М-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, Газрын тухай хуульд заасныг зөрчиж эзэмшил газартай давхцуулан тохижилтын ажил гүйцэтгэхээр шийдвэрлэн, гүйцэтгэсэн, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийгээгүй, хохирлыг барагдуулаагүй нь хууль бус юм.    

2.8 Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” буюу тухайн актыг батлан гаргаснаараа нэхэмжлэгч Л.М-ийн газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, илт хууль бус актын шинжийг агуулж байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.  

2.9 “...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эзэмшил газар болон өмчид халдсан ямар нэг шийдвэр гаргаагүй”, “... захиргааны акт дотогш чиглэсэн, нэхэмжлэгч рүү чиглээгүй...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.      

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу учирсан хохирол 3,908,944,226 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

3.1 Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.

3.2 Анхан шатны шүүхийн шийдвэрээр “...нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэсэн нийтлэг эрхийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасан хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд ....ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой” гэж дүгнэсэн атлаа уг шаардлагыг Тогтоох хэсэгт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу учирсан хохирол 3,908,944,226 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай гэж өөрчлөн, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, хариуцагч Х газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0847 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.М-аас нийслэлийн Засаг дарга, Х газар ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зариам шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн үлдэх шаардлага “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу учирсан хохирол 3,908,944,226 /гурван тэрбум есөн зуун найман сая есөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан хариуцагч Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                     ШҮҮГЧ                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

                                 ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА