Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 113/ШШ2021/0002

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныгшүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: *******,*******,******* (РД:5165741), Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, *******,*******, хөнгөн үйлдвэрийн яамны байранд оршин байх;

Хариуцагч:*******, Сүмбэр сумын Засаг дарга;

1/ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоол, 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоол, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоол, 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоол, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоол, Сүмбэр сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн Ц.Батзул, Ц.Батсүх, Ж.Ширчиндорж, 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаар захирамжийн С.Нансалмаа, Б.Дагвадорж, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/146 дугаар захирамжийн Н.Уламбаяр, Г.Отгонбаяр, 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/46 дугаар захирамжийн Ж.Ганхуяг, Ж.Наранцэцэг, 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/67 дугаар захирамжийн Б.Мөнхжаргал, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/243 дугаар захирамжийн Ж.Түмэннасан, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/63 дугаар захирамжийн Б.Сүхбаатар, М.Бат-Эрдэнэ, Г.Давгадорж, Б.Буянтөр, Ж.Отгонбаатар, З.Ерөөлт, Б.Цэрэндорж, Б.Энх-Амгалан, Д.Цэрэндорж, С.Бадамжунай, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн М.Ундармаа, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/95 дугаар захирамжийн Ц.Отгончимэг, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжийн Б.Гансүхэд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох;

2/ Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоос өмнө тухайн газарт газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжуудаа Газрын тухай хуульд нийцүүлэн газар ашиглах эрхийн захирамж болгож өөрчлөхийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргад даалгах;

3/ Говьсүмбэр аймаг дахь Малахын аймаг дундын отрын бүс нутагт дахин газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар захирамж гаргахгүй байхыг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар Сүмбэр сумын Засаг даргад даалгах[1] тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбаяр, хариуцагч Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн, хариуцагч*******Т.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Сумъяа, гуравдагч этгээд С.Бадамжунай, гуравдагч этгээд Ц.Отгончимэгийн өмгөөлөгч П.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.13, 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсгүүд болон Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолд үндэслэсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Баянжаргалан, Хэнтий аймгийн Дархан сумдын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг улсын тусгай хэрэгцээнд авч Малахын аймаг дундын отрын бэлчээрийн бүс нутгийн хилийн заагийг баталсан.

... Улсын тусгай хэрэгцээнд авсан аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг тус захиргаа нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд хариуцан ажиллаж байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тус захиргаа нь нийтийн эрх зүйн харилцаанд оролцохдоо нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр тодорхойлсон байх ба тус захиргаа нь нийт малчдын эрх ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг. Энэхүү улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтыг Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор байгуулагдсан Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа өөрийн чиг үүргийн хүрээнд уг тогтоолын хавсралтаар батлагдсан Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам-ын дагуу гүйцэтгэж байна.

Түүнчлэн Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор батлагдсан журмын 3.5 дахь хэсэгт Отрын бэлчээрийг ашиглах хугацаа нь 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 150 хоногоос хэтрэхгүй байна гэж заасан бөгөөд 4.7-д зааснаар аймаг дундын отрын бэлчээрт өвөлжиж, хаваржих мал сүргийг нутаглуулах түр зөвшөөрлийг орон тооны бус зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа олгодог.

Говьсүмбэр аймаг дахь Малах аймаг дундын отрын бүс буюу улсын тусгай хэрэгцээний газарт Сүмбэр сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь холбогдох хууль тогтоомж зөрчин нэр бүхий иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх олгосон хууль бус шийдвэрүүд нь тус байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй, хэвийн үйл ажиллагааг тасалдуулж байна.

Иймд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоол, 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоол, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоол, 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоол, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоол, Сүмбэр сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар Ц.Батзул, Ц.Батсүх, Ж.Ширчиндорж, 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаар захирамжаар С.Нансалмаа, Б.Дагвадорж, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/146 дугаар захирамжаар Н.Уламбаяр, Г.Отгонбаяр, 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/46 дугаар захирамжаар Ж.Ганхуяг, Ж.Наранцэцэг, 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/67 дугаар захирамжаар Б.Мөнхжаргал, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/243 дугаар захирамжаар Ж.Түмэннасан, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/63 дугаар захирамжаар Б.Сүхбаатар, М.Бат-Эрдэнэ, Г.Дагвадорж, Б.Буянтөр, Ж.Отгонбаатар, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/95 дугаар захирамжаар Ц.Отгончимэг, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжаар Б.Гансүх, 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/67 дугаар захирамжаар Ж.Хүрэлбаатар, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/63 дугаар захирамжаар З.Ерөөлт, Б.Цэрэндорж, Л.Нэргүй, Б.Энх-Амгалан, Д.Цэрэндорж, С.Бадамжунай, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжаар М.Ундармаа гэх иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгосон шийдвэр нь ЗЕХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар татсан үндэслэлийн хувьд дээрх нэр бүхий иргэдэд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт газар эзэмшүүлэхээр олгосон Засаг даргын захирамж нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан тогтоолыг үндэслэдэг. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.2.4 дэх хэсгүүдэд улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалт, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах асуудлыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн явуулахаар хуульчилсан.

Даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоор батлагдсан журмыг зөрчин улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт өвөлжөө, хаваржаа эзэмшиж байгаа иргэд нь отрын бүс нутгийг тогтоогдсон хугацаанд чөлөөлөхгүй байгаа нь тус захиргааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүрээд байна.

Илт хууль бус болгохыг тогтоолгох шаардлагын тухайд: Маргаан бүхий газрыг Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан ба улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх эрх нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх хэсэгт зааснаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгогдсон. Гэтэл Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нь улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутаг, тухайн отрын бүсийг зориулалтын дагуу ашиглах газар болохыг мэдсээр байж өөрт олгогдоогүй эрх эдэлж, улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг дур мэдэн эрхэлж иргэдэд газар эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоос өмнө тухайн газарт газар эзэмшүүлэхээр олгосон захирамжуудаа газар ашиглах эрхийн захирамж болгож өөрчлөхийг даалгах шаардлагын тухайд: Маргаан бүхий газрыг 2007 оны 187 дугаар тогтоолын 3-т заасан нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлсэн ба хуулийн энэ зүйл, хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам-ыг баталсан. Энэхүү журмын дагуу Засаг дарга улсын тусгай хэрэгцээнд авсан тухайн газрын өмчлөх, эзэмших эрхийг дуусгавар болгох үүргийг хүлээхээр журамласан.

Говьсүмбэр аймаг дахь аймаг дундын Малахын отрын бүс нутагт дахин газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар захирамж гаргахгүй байхыг даалгах шаардлагын хувьд: Аймаг дундын Малахын отрын бүс нутагт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нар дахин газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэр гаргах нь улсын тусгай хэрэгцээний газрыг зориулалтын дагуу ашиглуулах, Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолын 2-р хавсралтын 5, Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолын 5.1.1, 5.1.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчиж болзошгүй байх тул маргаан бүхий газарт дахин захиргааны акт гаргахгүй байхыг даалгуулах агуулгатай болно.

Тус захиргааны эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн эсэхийн тухайд: Сүүлийн жилүүдэд гарч байгаа байгаль цаг уурын өөрчлөлт, манай улсын ихэнх нутгаар зуншлага тааруу, бэлчээрийн гарц муу байснаас шалтгаалан бэлчээрийн даац эрс муудаж, их бага хэмжээгээр доройтоход хүрч үүнтэй холбоотойгоор отрын бүс нутгийн бэлчээрийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж үүнийг дагасан зохих зөвшөөрөлгүйгээр малаа ихээр оруулах, хууль бус газар олгох үйл ажиллагаа идэвхжиж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2015 оны 104 дүгээр тогтоол, Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоол батлагдсан журмын хэрэгжилтийг хангахад хүндрэл учирч байгаа бөгөөд тус байгууллагын хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа болно. Говьсүмбэр аймгийн болон*******нар нь хуульд заасан хугацаанд хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй буюу шийдвэрлээгүй орхигдуулсныг эс үйлдэхүй гэж үзэхээр байна.

Хариуцагч*******шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын нутаг дэвсгэрт харьяалагдах Малахын аймаг дундын отрын бүс нь 2007 онд байгуулагдсан. Үүнээс өмнө энэ газарт тус сумын 6 дугаар багийн иргэд малчид олон жил амьдарч мал сүргээ адгуулан маллаж байсан. Хөдөөгийн малчид иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар олгох асуудал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга олгохоор хуульчилсан байдаг.

Малахын аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь малчдын өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед отрын бүс нутгийн зохицуулалт хийх, бүс нутгийн бэлчээрийг хамгаалах, отор нүүдлийг зохицуулах үүргийг хүлээдэг.

Отрын бүс байгуулахдаа иргэдээс санал аваагүй тул мэдэгдэлд дурдсан айл өрхөд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Сүмбэр сумын 6-р багийн малчин иргэдэд нэхэмжлэлд дурдагдсан газруудыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 з, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан эрхийн дагуу тухайн газартаа олон жил малаа маллан, суурин амьдарч ирсэн малчид иргэдээ дэмжиж шийдвэрлэсэн билээ.

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Говьсүмбэр аймагт 2007 онд байгуулагдахдаа багийн иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлж, нутгийн малчид, оршин суугчдаас санал аваагүй байдаг. Иймд Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болохыг мэдэгдэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Отгончимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бүхэлд нь эсэргүүцэж байна. Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны А/95 дугаар захирамжаар манай аав Г.Цэвээндоржоос бага охин надад өвөлжөө, хаваржааны газраа өвлүүлэх шинжтэйгээр шилжүүлэн өгсөн үйлдлийг илт хууль бус гэж үзэхгүй байна. Миний хувьд өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрхээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хууль болон түүнд нийцүүлэн батлагдсан хууль тогтоомжид үндэслэн эдэлж байгаа гэж ойлгож байна. Хэрэв нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэж түүнийгээ тогтоолгохоор шүүхэд хандсан бол нэхэмжлжлийн шаардлагаа тодорхойлж буй үндэслэлээ хуульд нийцүүлэн ойлгомжтойгоор илэрхийлэх Захиргааны ерөнхий хуульд заасан хууль зүйн үндэслэлийг оновчтой сонгох, түүнийгээ үндэслэлтэйгээр тайлбарлах үүрэгтэй. Хэрэв ингэж чадахгүй бол маргаан бүхий акт илт хууль бусад тооцогдохгүй. Дээрх тайлбартай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх боломжгүй байна. Төрийн эрх бүхий байгууллага чиг үүргээ буруу ойлгосноос аливаа буруугүй иргэд хохирох учиргүй. Шүүхээс иргэний буюу гуравдагч этгээд нарын эрхийг хүндэтгэн хянан шийдвэрлэнэ гэж найдаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Наранцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 1981 онд аав ээжийн хамт энэ нутагт ирж суурьшаад одоог хүртэл олон жил амьдарч мал сүргээ адгуулан маллаж ирсэн. Мөн бидний хүүхдүүд мал маллаж цаашдаа үргэлжлүүлэн амьдрахад бид өвлүүлэн үлдээх болно. Иймд бид отрын бүс нутаг болгохыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд М.Бат-Эрдэнэ, С.Нансалмаа, Г.Отгонбаяр, Ц.Батсүх, Ц.Батзул, Н.Уламбаяр, Б.Мөнхжаргал, Ж.Түмэннасан, Б.Буянтөр, Ж.Ганхуяг, Ж.Отгонбаатар, Б.Сүхбаатар, Ж.Ширчиндорж нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Гансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Иймд тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Дагвадорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2004 онд боловсролын байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарч хувийн туслах аж ахуй эрхлэн үр хүүхдүүддээ тус нэмэр болох үүднээс Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг Аман хужирын ар хажуу гэх газарт нутаглаж өвөлжөөний хашаа барин, худаг ус засварлан тохижуулан амьдарч байна. Сүмбэр сумын захиргаанд хүсэлт, өргөдлөө жил бүр гаргаж байсан ба 2011 онд тус өвөлжөөндөө гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Өнгөрсөн хугацаанд өвөлжилт хүндэрсэн жилүүдэд өөр аймаг сумдын малчин иргэд оторлон ирэхэд цааргалалгүй амьдарч ирсэн. Нэхэмжлэлд дурдсанаар тус захиргаа нь нийт малчдын эрх ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг гэх ба мөн тус нэхэмжлэлд дурдагдсан нэр бүхий иргэд, тэдний гэр бүлийн гишүүд малчдын эрх ашиг хөндөгдөж байна. Иймд тус захиргаанаас гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Цаашид Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоор батлагдасан журмын дагуу дээрх нэхэмжлэгчээс гаргасан түр зөвшөөрлийн дагуу өвөлжиж хаваржих мал сүрэг, мал бүхий иргэдтэй хамт өвөлжиж байх саналтай ба бидний өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг эсэргүүцэж байгаа юм гэжээ.

Гуравдагч этгээд М.Ундармаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Надад газар эзэмших эрх олгосон Сүмбэр сумын Засаг даргын энэ захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг миний бие зөвшөөрөхгүй байна. 2007 онд батлагдсан 187 дугаар тогтоолоос өмнө тухайн орон нутагт амьдарч байсан иргэдийн эрх зүйн байдлыг хэрхэн шийдвэрлэх вэ, нөхцөл байдлын судалгаа хийгдсэн үү. Эхлээд иргэдийнхээ бэлчээрийн асуудлыг шийдвэрлэхгүй байж яагаад өнгөрсөн жилээс мал бүхий иргэдээ суурьшсан нутгаас нь хөөж мэдэгдэл гардуулсан бэ. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа малчдын эрх ашиг сонирхлыг хамгаална гэсэн байгаа боловч чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд С.Бадамжунай, Д.Цэрэндорж, Б.Энх-Амгалан, Б.Цэрэндорж, Ц.Ерөөлт нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бидэнд газар эзэмших эрх олгосон Сүмбэр сумын Засаг даргын энэ захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Г.Давгадорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Малахын Муу хөөт гэдэг замын бууцанд хэдэн жил амьдарсан нь үнэн. Гэвч 1999 оны 5 дугаар сард малаа янзалж орхиод хот орж ирсэн. Энэ хэрэг дээр маргах зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох буюу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага тус бүрд доорх эрх зүйн дүгнэлтийг хийв.

I. Нэр бүхий иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөж, олгосон Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, сумын Засаг даргын захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон сумын Засаг даргын захирамжуудын нэр бүхий 24 иргэнд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд Засгийн газрын тогтоолоор аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газарт маргаан бүхий актуудаар Сүмбэр сумын тухайн жилүүдийн газар зохион байгуулалт төлөвлөх, нэр бүхий 24 иргэнд газар эзэмшүүлэх эрхгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлох бол хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас газрыг анх улсын тусгай хэрэгцээнд авахдаа хууль журам зөрчсөн, газар эзэмшүүлэх шийдвэр нь газар зохион байгуулалтад хамаарахгүй, 2017 оноос өмнөх захирамжуудад Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3 хамаарахгүй гэж маргана.

1/ Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах эрхтэй бол тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-д зааснаар улсын тусгай хэрэгцээний газрын зохион байгуулалтыг эрхлэх эрх нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгогдсон байна.

Нэхэмжлэгчээс илт хууль болохыг тогтоолгохоор шаардаж буй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоол, 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоол, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоол, 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолуудаар Малахын аймаг дундын отрын бүс нутаг буюу улсын тусгай хэрэгцээний газарт иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх-ээр газар зохион байгуулалт төлөвлөөгүй байна.

Түүнчлэн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтын №29-д Зараа булан, өвөлжөө, 0.07 га гэж заасан нь нэр бүхий 24 иргэн, түүний дотор Ж.Түмэннасанд Сүмбэр сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/243 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газартай зориулалт, байршил /газар усны нэр/-ын хувьд тохирохгүй байх тул түүнд хамаарах газар зохион байгуулалтыг тус тогтоолоор батлаагүй гэж үзнэ.

Иймд Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоолууд нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-д заасныг зөрчөөгүй, харин 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан эрхийн дагуу сумын тухайн жилүүдийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан болох нь хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд[2], хариуцагч Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар эрх олгогдоогүй тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь улсын тусгай хэрэгцээний газарт газар зохион байгуулалт төлөвлөөгүй гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг улсын тусгай хэрэгцээний газарт газар зохион байгуулалт төлөвлөсөн гэж дүгнэх, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

Тодруулбал, нэр бүхий 24 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшсэн харилцаанд Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудал-аар захиргааны акт гаргаагүй учир илт хууль бус тогтоол(ууд) гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эдгээр тогтоолуудаар маргаан бүхий газар болох Малахын талд газар зохион байгуулалт хийгдээгүй болох нь шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул бидний зүгээс маргаад байх шаардлага байхгүй гэсэн тайлбар гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

2/ Аймаг дундын отрын бэлчээр нь тусгай хэрэгцээний газар байхаар Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Баянжаргалан, Хэнтий аймгийн Дархан сумын заагт орших Малахын талын 73.1 мянган га газрыг дээрх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоосон ба Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын захирамжуудаар нэр бүхий иргэдэд Малахын талын аймаг дундын отрын бүс нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн, маргаан бүхий газрууд нь улсын тусгай хэрэгцээний газрын хилийн цэс дотор багтсан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй болно.

Нэр бүхий 24 иргэнд газар эзэмшүүлэх эрх олгосон Сүмбэр сумын Засаг даргын захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд, Сүмбэр сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн Ц.Батзул, Ц.Батсүх, 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаар захирамжийн С.Нансалмаа, Б.Дагвадорж, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/146 дугаар захирамжийн Н.Уламбаяр, Г.Отгонбаяр, 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/46 дугаар захирамжийн Ж.Ганхуяг, Ж.Наранцэцэг, 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/67 дугаар захирамжийн Б.Мөнхжаргал, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/243 дугаар захирамжаар Ж.Түмэннасан, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/63 дугаар захирамжийн Б.Сүхбаатар, М.Бат-Эрдэнэ, Г.Давгадорж, Б.Буянтөр, Ж.Отгонбаатар, Ц.Ерөөлт, Б.Цэрэндорж, Б.Энх-Амгалан, Д.Цэрэндорж, С.Бадамжунай, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн М.Ундармаа, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжийн Б.Гансүхэд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Сүмбэр сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн Ж.Ширчиндоржид холбогдох хэсэг, Ц.Отгончимэгт газар эзэмших эрх шилжүүлэн олгосон Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/95 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Газар эзэмших эрх олгосон захирамж илт хууль бус болох нь тогтоогдсон нэр бүхий 22 иргэний хувьд, Сүмбэр сумын Засаг даргын захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газар нь байршлын хувьд Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан, Малахын аймаг дундын отрын бүсийн хилийн цэс дотор байж, бүхэлдээ давхцаж байгаа нь маргаан бүхий захиргааны актууд, иргэнд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, шинжээчийн дүгнэлтүүд[3] зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Мөн Ц.Батзул, Ж.Түмэннасан, Б.Сүхбаатар, М.Бат-Эрдэнэ, Г.Давгадорж, Б.Буянтөр, Ж.Отгонбаатар, Ц.Ерөөлт, Б.Цэрэндорж, Б.Энх-Амгалан, Д.Цэрэндорж, С.Бадамжунай нарын 12 иргэнд сумын Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулаагүй нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг /ойлгоно/, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж тус тус заасантай нийцэхгүй.

Ж.Түмэннасанд Сүмбэр сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/243 дугаар захирамжаар эзэмшүүлсэн Дарцагтын баруун бууц гэх газар нь байршлын хувьд Хэнтий аймгийн Дархан сумын хилийн цэсэд хамаарах газар нутаг бөгөөд тухайн тохиолдолд*******Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д /газрыг/... сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасныг зөрчиж, засаг захиргааны өөр нэгжийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгожээ.

Б.Гансүхэд Т.Даваасүрэнгээс, М.Ундармаад Л.Нэргүйгээс тус тус газар эзэмших эрхийг шилжүүлж олгосон сумын Засаг даргын 2018 оны А/178, 2019 оны А/245 дугаар захирамжуудыг шүүхээс илт хууль бус захиргааны акт гэж тогтоохдоо, хариуцагч Сүмбэр сумын Засаг даргын өмгөөлөгчийн гаргасан газар эзэмшүүлэх, хугацаа сунгах, шилжүүлэх нь газар зохион байгуулалтыг төлөвлөх харилцаанд хамаарахгүй гэх тайлбарыг хүлээж аваагүй болно.

Учир нь Сүмбэр сумын Засаг дарга, газар эзэмших эрх шилжүүлэх тухай эдгээр захирамжуудад Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгээс гадна 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсгийг баримталснаас үзэхэд уг шийдвэрүүд нь Б.Гансүх, М.Ундармаа нарт газар эзэмших эрхийг /шилжүүлэн/ олгосон агуулгатай гэж үзнэ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх хэсэгт зааснаар улсын тусгай хэрэгцээний газрын зохион байгуулалтыг эрхлэх эрх нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгогдсон. Гэтэл аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар ашиглах улсын тусгай хэрэгцээний газарт, өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, гуравдагч этгээдээр татагдсан нэр бүхий иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн Сүмбэр сумын Засаг даргын захирамжууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан эрх хэмжээгүй албан тушаалтан буюу өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байна.

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэж заасан нь улсын тусгай хэрэгцээний газрыг бусдад эзэмшүүлж, өмчлүүлэхгүй байх агуулгатай тул хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан улсын тусгай хэрэгцээний газарт газар өмчлүүлэхийг хориглосон, харин эзэмшүүлж ашиглуулахыг хориглоогүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар газрын сан нэгдмэл байх, газрыг үндсэн зориулалтаар нь ашиглах зарчимтай бөгөөд гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага болох Засгийн газраас маргаан бүхий газар хамаарч буй аймаг дундын отрын бүс нутгийг улсын тусгай хэрэгцээний газарт хамааруулсан байхад сумын Засаг даргаас холбогдох хууль, дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг зөрчиж, хуулиар олгогдоогүй эрх эдэлж, шийдвэр гаргажээ.

Сумын Засаг даргад Газрын тухай хуулиар олгосон газар эзэмшүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргах эрх нь улсын тусгай хэрэгцээний газарт үйлчлэхгүй тул хуулийн холбогдох зохицуулалтыг газар эзэмшүүлэх, эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр нь газар зохион байгуулалтад хамаарахгүй гэж явцуу агуулгаар тайлбарлахгүй.

Учир нь Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Газар зохион байгуулалт хийх журам-ын 6 дугаар зүйлийн 3, 8 дугаар зүйлийн 3, 11 дүгээр зүйлийн 4 болон 28 дугаар зүйлд заасан зохицуулалтаас үзвэл газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх тухай Засаг даргын шийдвэр нь газар зохион байгуулалтын нэг үе шат буюу бүрдэл хэсэг болдог байна.

Ж.Ширчиндоржийн хувьд, нэхэмжлэгчээс Сүмбэр сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар түүнд газар эзэмших эрх олгосон гэх үндэслэлээр, захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт цуглуулсан А/41 дүгээр захирамж, түүний 2 дугаар хавсралтад заасан газар эзэмшигчдийн нэрс дотор Ж.Ширчиндорж гэж байдаггүй.

Хэдийгээр дээрх захирамжийг үндэслэн Сүмбэр сумын 6 дугаар баг, Үетийн бууц гэх газарт өвөлжөөний зориулалтаар, 15 жилийн хугацаагаар, 700 кв.м газар эзэмшүүлэх-ээр 0270524 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Сүмбэр сумын газрын даамал 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдөр бичиж, Жамбалын Ширчиндоржид олгосон байх боловч энэ гэрчилгээ нь газар эзэмших эрх олгосон шийдвэр бишээс гадна газар эзэмших эрхийг дангаар тодорхойлохгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс Ж.Ширчиндоржид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй бус, газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын захирамжид холбогдуулж шаардлага гаргасан, маргаан бүхий А/41 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгосон гэх үйл баримт дээрх байдлаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагын түүнд холбогдох хэсгийг хангах боломжгүй гэж үзлээ.

Харин эрх бүхий этгээдээс газар эзэмших эрх олгосон шийдвэр гараагүй тохиолдолд, түүнийг газрын даамлаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ орлохгүй, төлөөлөхгүй болохыг тэмдэглэв.

Ц.Отгончимэгийн хувьд, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан, Г.Цэвээндоржийн эзэмшиж байсан газрын эзэмших эрхийг үлдэх хугацаагаар Ц.Отгончимэгт шилжүүлсэн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/95 дугаар захирамжийг Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/105 дугаар захирамжаар хүчингүй болсонд тооцсон байх тул Ц.Отгончимэгт газар эзэмших эрх олгосон анхны акт болох 2019 оны А/95 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болжээ.

Маргаж буй захиргааны акт нь эрх зүйн үйлчлэлтэй буюу хандсан этгээдийн хувьд эрх зүйн үр дагавар /эерэг болон сөрөг/ үүсгэж байх нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад тавигдах урьдчилсан нөхцөл байдаг. Өөрөөр хэлбэл, эрх зүйн үйлчлэлгүй /эрх бүхий этгээдээс цуцалсан, хүчингүй болгосон, эсхүл тухайн акт өөр бусад байдлаар хэрэгжиж дууссан/ актыг илт хууль бус болохыг тогтоох боломжгүй.

Энэ талаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан нэгэнт хүчингүй болсон А/95 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн ямар нэг эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ц.Отгончимэгт газар эзэмших эрхийг шилжүүлсэн Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны А/95 дугаар захирамж нь Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолыг зөрчсөн гэж үзэж байгаа, харин А/105 дугаар захирамжид холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй гэж тайлбарласныг тэмдэглэн, гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, дээрх үндэслэлээр Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны А/95 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг нэгтгэн дүгнэвэл, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргаагүй, Ц.Отгончимэгт газар эзэмших эрх олгосон Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны А/95 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болсон бол 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар Ж.Ширчиндоржид газар эзэмших эрх олгоогүй тул эдгээр тогтоол, захирамжид холбогдох илт хууль бус болохыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Харин сумын Засаг дарга бусад нэр бүхий 22 иргэнд улсын тусгай хэрэгцээний газрын хилийн цэс дотор, байршлын хувьд давхцуулж газар эзэмшүүлэх буюу шилжүүлэх шийдвэр гаргасан, нэр бүхий иргэнд засаг захиргааны өөр нэгжид газар эзэмшүүлсэн зэрэг нь Газрын тухай хуулиар эрх олгоогүй асуудлаар, хориглосон байршилд эзэмших эрх олгосон гэж дүгнэх үндэслэл болох тул 2010 оны А/41, 2011 оны А/30, 2012 оны А/146, 2013 оны А/67, 2014 оны А/243, 2016 оны А/63 дугаар захирамжуудын нэр бүхий гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д, 2018 оны А/178, 2019 оны А/245 дугаар захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д тус тус заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулах учир нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан болно.

*******,*******,*******г Газрын тухай хуульд заасны дагуу шүүхэд маргах эрхтэй гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр[4] байгаа тул хариуцагчийн өмгөөлөгчийн захиргааны байгуулагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.9-д зааснаар захиргааны актыг илт хууль болохыг тогтоолгох шаардлага гаргах эрхгүй гэх тайлбарыг зөвтгөх боломжгүй.

II. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоос өмнө тухайн газарт газар эзэмшүүлэхээр эрх олгосон захирамжуудаа Газрын тухай хуульд нийцүүлэн газар ашиглах эрхийн захирамж болгож өөрчлөхийг Сүмбэр сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Засгийн газрын 2003 оны 28, 2017 оны 287 дугаар тогтоолуулаар баталсан журамд заасан ... улсын тусгай хэрэгцээнд авсан тухайн газрын өмчлөх, эзэмших эрхийг дуусгавар болгох үүргээ Засаг дарга хэрэгжүүлээгүй гэж, хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч сумын Засаг дарга ямар эс үйлдэхүй гаргасан нь тодорхойгүй, тусгай хэрэгцээний газарт газар ашиглуулах эрх сумын Засаг даргад олгогдоогүй гэж тайлбарлана.

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам[5]-ын 13-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авсан тохиолдолд тэдэнтэй байгуулсан гэрээг үндэслэн уг газрыг эзэмших эрхийг дуусгавар болгох тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана, 2017 оны 287 дугаар тогтоолоор баталсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам-ын 3.13.1-д аймаг, нийслэлийн Засаг дарга нөлөөлөлд өртөж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай Улсын тусгай хэрэгцээнд газар эгүүлэн авах, солих гэрээ байгуулж, тухайн газрын өмчлөх эзэмших эрхийг дуусгавар болгох гэж тус тус зааснаас үзвэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн зохицуулалтаар, улсын тусгай хэрэгцээнд авсан тухайн газрын өмчлөх, эзэмших эрхийг дуусгавар болгох чиг үүрэг аймгийн Засаг даргад хамаарч байна.

Нэхэмжлэгчээс энэхүү шаардлагынхаа үндэслэл болгон тайлбарлах, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан дээрх журам нь хүчингүй болсноос гадна газрыг улсын тусгай хэрэгцээнд авах /хүртэлх хугацаа/-тай холбоотой зохицуулалт байсан тул тусгай хэрэгцээний газар дээр нэгэнт эзэмшүүлсэн шийдвэрийг өөрчлөхийг даалгах шаардлагын үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан даалгах нэхэмжлэлийн зорилго нь захиргааны акт гаргуулахад чиглэдэг тул дээд шатны байгууллагаас тогтоосон журмаар хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл нь захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй-д хамаарахгүй.

Мөн Газрын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газрын эзэмших эрхийг дуусгавар болгох, ашиглах болгож өөрчлөх эрхийг сумын Засаг даргад олгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

III. Говьсүмбэр аймаг дахь Малахын аймаг дундын отрын бүс нутагт дахин газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар захирамж гаргахгүй байхыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар Сүмбэр сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь анх гаргасан нэхэмжлэлийн өргөдөлд тодорхойлсон дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хүргүүлсэн 2020 оны 01/144 дүгээр албан бичгийн дагуу нэхэмжлэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 23, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрүүдэд тодруулж ирүүлэхдээ[6] Говьсүмбэр аймаг болон*******нар нь хуульд заасан хугацаанд хүсэлт, гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй буюу шийдвэрлээгүй орхигдуулсан нь эс үйлдэхүй гээд хууль, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс улсын тусгай хэрэгцээний газарт ямар нэг захиргааны акт гаргахгүй байхыг сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна гээд захиргааны хэргийн шүүхэд хандан гаргаж болох нэхэмжлэлийн шаардлагын төрлүүдийг; мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана гээд шүүх 52 дугаар зүйлийн 52.5-д заасан хүрээнд тодорхойлж гаргасан нэхэмжлэлийн хүрээнд ямар шийдвэр гаргаж болохыг хууль тогтоогч тусгайлан заасан; нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс өөр нэхэмжлэл гаргах эрхгүй, шүүх хуульд зааснаас өөр шийдвэр гаргах нь хуульд нийцэхгүй учир мөн хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар хүлээн авахаас татгалзах учиртай.

Тухайлбал, Захиргааны байгууллагын (1) захиргааны акт гаргахаас татгалзсан /бичгээр гарсан/ шийдвэр, эсхүл (2) захиргааны акт /бичгээр/ гаргахгүй байгаа тохиолдолд эс үйлдэхүй гэж үзэж хууль бусад тооцох, улмаар хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу захиргааны акт гаргахыг даалгах шийдвэрийг гаргана.

Гэтэл нэхэмжлэлийн шаардлага, түүнд хамаарах эс үйлдэхүй нь дээрх хуулийн заалтаар тодорхойлсон нэхэмжлэгчид чиглэсэн захиргааны акт гаргахгүй байгаа, гаргахаас татгалзсан эс үйлдэхүйд хамаарахгүй тул захиргааны акт гэж үзэхгүй, хариуцагч Сүмбэр сумын Засаг даргын хувьд дээрх эс үйлдэхүй тогтоогдохгүй бөгөөд тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага нь шүүхээс гарах шийдвэрийн төрөлд хамаарахгүй болохыг ч дурдах нь зүйтэй.

Учир нь нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, Газрын тухай хуулиар олгосон аймаг дундын отын бэлчээрийг хамгаалах эрхийн дагуу Сүмбэр сумын Засаг даргад гомдол гаргаагүй ба албан бичгийн хариу өгөөгүй[7], холбогдох арга хэмжээ аваагүй Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг Сүмбэр сумын Засаг даргад хамаатуулах боломжгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул өмгөөлөгч нарын гаргасан нэхэмжлэгч даалгах шаардлагыг гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлд холбогдуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэл бүрдсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй.

IV. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлын тухайд;

*******,*******,******* нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу гуравдагч этгээд Т.Амгалан, Ч.Баянбилэг, Б.Басан, Д.Баяржавхлан, Л.Нэргүй, Г.Одсүрэн, Ж.Түмэнбаяр, Ж.Хүрэлбаатар нарын 8 иргэнд холбогдох Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, сумын Засаг даргын захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох хэсгийг хасч багасгасан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт эрх зүйн дүгнэлт хийж, шийдвэрлээгүй болохыг дурдав.

Нэхэмжлэгчээс анх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, тодруулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувийг шүүх Малахын талын аймаг дундын отрын бүс нутагт нүүдэллэн ажиллах, адил шатны шүүхэд даалгавар явуулах зэргээр нэр бүхий гуравдагч этгээдүүдэд хоёр удаа гардуулж, тайлбар авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх үүргийг тайлбарлаж, хэргийн материал танилцуулж, энэ талаар баримтжуулсан[8].

Шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудас, утсаар мэдэгдэж, баримтжуулсан[9] бөгөөд С.Бадамжунайгаас бусад гуравдагч этгээд шүүх хуралдаанд ирээгүй, ийнхүү /удаа дараа/ хүрэлцэн ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримт, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д заасны дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримт, бичгээр гаргасан тайлбаруудыг үндэслэн гуравдагч этгээд нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.6, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг тус тус баримтлан *******,*******,*******ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн Ц.Батзул, Ц.Батсүх, 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаар захирамжийн С.Нансалмаа, Б.Дагвадорж, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/146 дугаар захирамжийн Н.Уламбаяр, Г.Отгонбаяр, 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/46 дугаар захирамжийн Ж.Ганхуяг, Ж.Наранцэцэг, 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/67 дугаар захирамжийн Б.Мөнхжаргал, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/243 дугаар захирамжаар Ж.Түмэннасан, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/63 дугаар захирамжийн Б.Сүхбаатар, М.Бат-Эрдэнэ, Г.Давгадорж, Б.Буянтөр, Ж.Отгонбаатар, Ц.Ерөөлт, Б.Цэрэндорж, Б.Энх-Амгалан, Д.Цэрэндорж, С.Бадамжунай нарт холбогдох хэсэг, М.Ундармаад газар эзэмших эрх шилжүүлэн олгох тухай 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамж, Б.Гансүхэд газар эзэмших эрх шилжүүлэн олгох тухай 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, үлдсэн хэсэг болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоол, 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоол, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоол, 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоол, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоол, Сүмбэр сумын Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн Ж.Ширчиндоржид холбогдох хэсэг, Ц.Отгончимэгт газар эзэмших эрх шилжүүлэн олгосон Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/95 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоос өмнө тухайн газарт газар эзэмшүүлэхээр эрх олгосон захирамжуудаа Газрын тухай хуульд нийцүүлэн газар ашиглах эрхийн захирамж болгож өөрчлөхийг Сүмбэр сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Говьсүмбэр аймаг дахь Малахын аймаг дундын отрын бүс нутагт дахин газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар захирамж гаргахгүй байхыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу *******,*******,******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ


[1] Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг 2020.09.03-ны өдөр газар эзэмшигч Г.Цэвээндоржийг Ц.Отгончимэг, Ц.Даваасүрэнг Б.Гансүх болгон өөрчилж, 2020.11.23-ны өдөр Ж.Хүрэлбаатар, З.Ерөөлт, Б.Цэрэндорж, Л.Нэргүй, Б.Энх-Амгалан, Д.Цэрэндорж, С.Бадамжунай нарт газар эзэмшүүлсэнтэй холбоотой Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамжийг илт хууль бусад тооцуулах-аар нэмж тодруулсан бол 2020.12.30-ны өдөр газар эзэмшигч Л.Нэргүйг М.Ундармаа гэж өөрчилсөн, 2021.01.22-ны өдөр Т.Амгалан, Д.Баяржавхлан, Ч.Баянбилэг, Б.Басан, Л.Нэргүй, Г.Түмэнбаяр, Г.Одсүрэн, Ж.Хүрэлбаатар нарт холбогдох нэхэмжлэлийг шаардлага-ыг хасч багасгасан болно. Хэргийн I хавтасны 230-232, II хавтасны 92-94, 174, III хавтасны 25-29 дэх талд

[2] Хэргийн I хавтасны 55-78, 83-86, 95-98, II хавтасны 187-197 дахь талд Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий тогтоолууд авагдсан.

[3] Хэргийн I хавтасны 237-246, II хавтасны 110-115, III хавтасны 80-82 дахь талд

[4] Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2019/0252 дугаар тогтоол

[5] Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

[6] Хэргийн III хавтасны 83-84, 92-94, 200, 239-240

[7] Хэргийн I хавтасны 10-11 дэх талд Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандсан албан бичгүүд авагдсан.

[8] Хэргийн I хавтасны 115-119, 164-167,170-184, 187, 190, 199-202, 216-218, 223-228, 233-234, II хавтасны 124, 131, 157-164, 167-169, 215, III хавтасны 19-21, 23-24, 30-45, 58-75, 90, 92-93 дахь талд нэр бүхий 24 гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувь гардуулсан, эрх үүрэг тайлбарласан, хэргийн материал танилцуулсан баримт, тэдгээрийн бичгээр гаргасан хариу тайлбарууд авагдсан.

[9] Хэргийн III хавтасны 85-90 дэх талд 2021.02.26-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтууд бий.