| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2017/00334/И |
| Дугаар | 184/ШШ2018/01039 |
| Огноо | 2018-04-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2018/01039
| 2018 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 184/ШШ2018/01039 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: … тоот хаягт байрлах, “П- ББСБ” ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... байранд байрлах “Н- газар”-т холбогдох
Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Г.Ганболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 15-ны өдрийн “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 184/ШШ2016/01707 дугаар захирамжаар хариуцагч Б.Б-ээс 40.333.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Тус захирамжийн дагуу Н- газарт гүйцэтгэх хуудсыг шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Б.Б- төлбөрөө төлөхгүй байсан тул барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 5-178 тоотод байрлах 450 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, тус хаягт байрлах 77 м2 талбай бүхий хувийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан дуудлага худалдаа явуулахын тулд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилсон. Н- газар “Х-” ХХК-ийг хөрөнгийн үнэлгээ гаргах компаниар томилж, үнэлгээ гаргуулсан байсан. Гэтэл тус үнэлгээ нь зах зээлийн бодит ханшид нийцээгүй, илтэд үндэслэлгүй буюу 80.962.400 төгрөг гэж үнэлгээ гарсан. Манай зүгээс төлбөр төлөгчөөс 40.333.333 төгрөг авах биш бүүр өрөнд орон хэмжээнд очсон. Манайх нэхэмжлэлийн шаардлагаа Н- газарт холбогдох албадан дуудлага худалдааг түдгэлзүүлж, 2017 оны 10 сарын 30-ны өдрийн “Х-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээ гэж үзэж хүсэлт гаргаснаар шүүхээс захирамж гарч ажиллагааг түдгэлзүүлсэн. Тиймээс одоо 2017 оны 10 сарын 30-ны өдрийн “Х-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 15-ны өдрийн захирамжаар хариуцагчаас 40.512.000 төгрөгийг гаргуулж олгох, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй бол хувийн орон сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхээс даалган шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир төлбөрийн барьцаа хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2017 оны 6 сарын 08-ны өдрийн 170/08 тоот тогтоолоор хөрөнгийг битүүмжилж, 2017оны 09 сарын 26-ны өдрийн 170/26 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцож чадаагүй тул 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 258 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээний компани 80.962.400 төгрөг гэсэн үнэлгээг гаргасан.Үүний дагуу талуудад мэдэгдэж, мэдэгдлийг гардуулсан. Шинжээч томилоход шинжээч нарт хууль сануулсан байгаа. Тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байна. Хураагдсан эд хөрөнгийн үнэлгээ бодитой гарсан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н- газарт ажиллагаа явагдсан. Энэ ажиллагаа хууль бус явагдсан эсэхэд маргаагүй. Шинжээч томилох эрхтэй байсныхаа дагуу шинжээчээ томилсон. “Х-” ХХК-ийн гаргасан үнэлгээг үндэслэлгүй гэж маргасан. Манайд 2017 оны 10 сарын 30-ны өдрийн үнэлгээг 10 сарын 31-ний өдөр танилцуулсан. Хуульд заасан 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэсний дагуу бид хүлээн зөвшөөрөхгүй байна гээд шийдвэр гүйцэтгэх газар хүсэлтээ өгсөн. Ингээд шүүхэд хандаад явж байтал анхны дуудлага худалдааг 2017 оны 11 сарын 24-ний өдөр 80.926.000 гэсэн үнийн дүнгээр явуулсан байсан. Үнэлгээний дүнг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь “...уг газар нь тэгш гадаргуутай, дулааны болон цэвэр, бохир усны шугамд холбогдох боломжтой...” гэж үзэн өндөр үнэлсэн байдаг. Манай зүгээс “Х-” ХХК-ийн үнэлгээ хэт өндөр гэдгийг нотлохын тулд шинжээч томилох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүхээс томилсон Х т- 30.679.000 төгрөг гэж үнэлсэн. 50.000.000 төгрөгийн зөрүүтэй үнэлгээ гарч байгаа нь анхны үнэлгээ хэр бодитой байсан бэ гэдгийг харуулж байна. Төлбөр төлөгч бол барьцаа хөрөнгөө өндөр үнэлээд зөрүү мөнгө авах гэсэн зорилготой. Хашаа байшин нь замаас алслагдсан. Баянхошууны Хөтөлийн уулан дээр байдаг газар байгаа. Би өөрөө биеэрээ очиж үзсэн. Гудамжны зүүн булангаас тогтмол үерийн ус урсдаг. Ойр хавийн айлуудтай уулзахад ямар нэг төвийн шугамд холбогдсон болон холбогдох зүйл байхгүй. Ойрын 2000 м дотор төвийн гэх шугам байгаагүй. Тэгээд үнэлгээ өндөр гарсан байсан. Үнэлгээний компани нь дүгнэлтдээ зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж объектыг үнэлсэн гэсэн. Объектыг үнэлэхдээ зориулалт, хийц, загварын хувьд ойролцоо, байршлын хувьд 500-1500 метрийн радиус дотор байгаа объектуудтай харьцуулаад, эзэдтэй нь уулзаад, утсаар яриад, фото зургийг нь харах зэргээр нэгжийн үнийг гаргаж тооцсон гэсэн байсан. Гэтэл бодит үнэлгээ, зах зээлийн ханшаар бус айлуудаас асуугаад үнэлгээ хийсэн. Ойр хавийн яг ижил төстэй газрын хэмжээ, байшингийн хэмжээ, хийцийн хувьд ойролцоо айлуудын хашаа байшин доод тал нь 13.000.000 төгрөг, дээд тал нь 25.000.000 төгрөг хүртэл үнэлгээтэй байсан. Тиймээс 80.926.000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй байсан. Үнэлгээний компани газар дээр нь очиж үзэхдээ эзнийг нь байлцуулж, өөрт хэрэгцээтэй анхан шатны мэдээллийг амаар асуух маягаар олж авсан байсан. Үнэлгээний талаар харилцан өөр өөр байр суурьтай, санал зөрүүтэй байхад зөвхөн төлбөр төлөгч талыг байлцуулаад үнэлгээ хийсэн. Төлбөр авагч тал байсан бол талууд маргах ёстой байсан. Тиймээс бидний эрх зөрчигдсөн учраас шүүхэд хандсан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х т-” гэдэг газраас барьцаа хөрөнгийг 30.679.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээтэй хариуцагч Н- газар маргаагүй. Тийм учраас хүчингүйд тооцуулах үнэлгээний дараа гарсан энэ үнэлгээг бодитой гэж үзэж байгаа учраас “Х-” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн 80.926.000 төгрөг гэж үнэлсэн хөрөнгө үнэлгээний тайланг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК нь Н- газар /цаашид “Н Г” гэх/-т холбогдуулан Х-” ХХК-ийн үнэлсэн 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 01/55 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 15-ны өдрийн “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 184/ШШ2016/01707 дугаар захирамжаар хариуцагч Б.Б- нэхэмжлэлийн шаардлага 40.333.000 төгрөгийг нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар, заасан хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...барьцаа хөрөнгийг хэт өндөр үнэлсэн, хөрөнгийн үнэлгээг гаргахдаа төлбөр авагчийг байлцуулалгүй, зөвхөн төлбөр төлөгчөөс амаар асуух байдлаар үндэслэлгүй үнэлгээ гаргасан” хэмээн тайлбарлав.
Хариуцагч “Н ГАЗАР” нь “...шинжээчид хууль сануулан дүгнэлт гаргуулсан. Дүгнэлт үндэслэлтэй” хэмээн маргав.
“Н Г” нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 184/ШЗ2017/01285 дугаар захирамж, мөн өдрийн 192 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн 2017 оны 3 сарын 30-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлжээ. /хх-30-35/
Төлбөр төлөгчид шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШШ2016/01707 дугаар захирамжийн дагуу барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201032539 дугаарт бүртгэлтэй, Б.Б-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоот 5 гудамж, 178 тоот хаягт 77 м2 талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2201020704 дугаарт бүртгэлтэй 450 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2017 оны 6 сарын 08-ны өдрийн 170/08 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 9 сарын 26-ны өдрийн 170/26 дугаар тогтоолоор хураасан байна. /хх-36-50/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгчөөс барьцаа хөрөнгийг 120.000.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах санал гаргасныг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэж эрх бүхий хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээг гаргуулах тухай хүсэлт ирүүлснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т зааснаар 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 258 дугаар тогтоолоор хувийн сууц болон газрын үнэлгээг хийлгэхээр Х-” ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх-50-52/
Шинжээч Х-” ХХК нь 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 01/55 дугаар хөрөнгө үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгийг 80.962.400 төгрөгөөр үнэлж, тайланг ирүүлжээ. /хх-63-72/
Нэхэмжлэгчээс “..хөрөнгийн үнэлгээ хэт өндөр гарсан” гэх тайлбараа нотлох үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийнхээ дагуу барьцаа хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж “Х т-” ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
“Х т-” ХХК-ийн 2018 оны 4 сарын 02-ны өдрийн дүгнэлтээр барьцаа хөрөнгийг 30.679.000 төгрөгөөр үнэлж, тайланг шүүхэд ирүүлжээ. /хх-98-127/
Хариуцагчаас “...шинжээчид хууль сануулан дүгнэлт гаргуулсан” талаар тайлбарлаж мэргэшсэн үнэлгээчин Р.М-д Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг танилцуулж, хууль сануулсан баримт, шинжээч Р.М-гийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, “Х-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар хэрэгт хавсаргажээ. /хх-76/
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээг хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий хүнийг урьж хийлгэх тухай заасан бөгөөд “тусгай мэдлэг бүхий хүн гэдгийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “шинжээч”, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан ”үнэлгээчин” буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж ойлгоно.
“Н Г”-аас ирүүлсэн шинжээч Р.М-гийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тусгай зөвшөөрлийн хугацаа 2012 оны 12 сарын 07-ны өдрөөс 3 жил өнгөрснөөр 2015 оны 12 сарын 07-ны өдрөөр дуусгавар болсон байх ба мөн шинжээч “Х-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны чиглэл тусгагдаагүй, Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны 4 сарын 10-ны өдөр олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд “даатгалын хохирлын үнэлэгчийн” үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч гэрчилгээ олгожээ. /хх-77-79/
Дээрх баримтаас үзвэл “Н Г”-аас томилсон “Х-” ХХК, шинжээч Р.М-г Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч “Н Г” нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй байна.
Тиймээс Х-” ХХК-ийн үнэлсэн 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 01/55 дугаар хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 15-ны өдрийн “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 184/ШШ2016/01707 дугаар захирамжийг биелүүлэхээр Н- газрын 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 285 дугаар тогтоолын дагуу үнэлсэн “Х-” ХХК-ийн 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 01/55 дугаар хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай .
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ