Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2017/00043/И |
Дугаар | 825 |
Огноо | 2018-04-11 |
Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 825
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч C.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: “П К ” ХХК-ийн хүсэлттэй, дампуурлын хэрэг үүсгэх тухай дампуурлын хэргийг,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж 5/1 тоотод байрлах, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс,
Хариуцагч: “П К ” ХХК-д холбогдох 15.271.534 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч /хариуцагч/ “П К ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажав, дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл, М.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч /хариуцагч/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Манай компани 2009 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийн үндсэн дээр гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бүртгүүлж, 9011205027 дугаар гэрчилгээг авсан.
Бид 2012 оны 09 дүгээр сарыг хүртэл үйл ажиллагаа хэвийн явуулж, сайн татвар төлөгч байж гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж ирсэн.
Бид Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт Терра энержи ХХК-тай гэрээ байгуулж ажил гүйцэтгэж байсан бөгөөд бидэнтэй ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллаж байсан иргэн Б.Алтангэрэл нь Өмнөговь аймгийн Хөх толгол гэх газар Х.Батмөнхийн эзэмшлийн 72-81 УНИ улсын дугаартай ланд ровер маркийн автомашиныг согтуугаар жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7а-д заасныг зөрчиж, иргэн н.Отгонтулгын гэрт байсан Б.Алтангэрэл, Д.Алимаа, Н.Бадамлянхуацэцэг, О.Бумбаяр нарыг дайрч амь насыг нь хохироосон, Ж.Цагаанцэцэг, Ч.Отгонбаатар, Г.Хүж нарын бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдэж, улмаар манай компаниас 23.170.548 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгохоор 2013 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 25а дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн.
Манай компани энэ үеэс эхлэн дампуурах нөхцөл бүрдэж, Терра энержи ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, бид ямар нэг орлогогүй болж эхэлсэн.
Бидний зүгээс шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирогч нарын төлбөрийг барагдуулахыг эрхэм зорилго болгож, уг төлбөрийг бүрэн барагдуулсан ба Сүхбаатар дүүргийн татварын албанд үйл ажиллагаа явуулах үеийн татварын өр 15.000.000 төгрөгийг цаашид төлөх боломжгүй болоод байна. Мөн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн П К ХХК-г дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Татвар төлөгчийн 5324807 дугаартай П К ХХК нь 2009 онд байгуулагдсан улсын бүртгэлийн 9011205027 тоот гэрчилгээтэй, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Тус компаний өр төлбөр нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны байдлаар 15.271.535 төгрөг байна. Дээрх өр төлбөр нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 11.255 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн ар 11.360.478 хөлс болон түүнтэй адилтгах орлогын өр 3.884.059 төгрөг байна.
Иймд Монгол улсын Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу тус компаниар 15.271.535 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна” гэв.
Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал шүүхэд гаргасан дүгнэлтэндээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“П К ХХК нь 2016 оны 12 сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дампуурсанд тооцон, татан буулгаж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Үүний дагуу 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр намайг томилсон. Би Поларис корпараци ХХК-ний үйл ажиллагаанд хувийн болон санхүү эдийн засгийн сонирхолгүй, энэ хэргийн хариуцагч, нэхэмжлэгчийн удирдлагад буюу төлөөлөн удирдах зөвлөлд байгаагүй, энэ хэргийн хариуцагч, нэхэмжлэгчийн түүний гэр бүлийн гишүүн биш бөгөөд хамаатан садангийн холбоогүй, энэ хэрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Хуулийн шаардлага хангасан.
181/ШЗ2017/12646 тоот шүүгчийн захирамжаар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2017/11220 тоот шүүгчийн захирамжаар хэрэг гүйцэтгэгчээс гаргасан хүсэлтийн дагуу Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Авто тээврийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсээс П К ХХК-ийн талаарх лавлагааг гаргуулах захирамж гаргасан.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн талаарх лавлагааг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн. Үүний дагуу хэрэг гүйцэтгэгч би байгаа баримт дээр тулгуурлан дүгнэлт гаргасан.
П К ХХК-ийн Санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, төлбөр хариуцах чадварын хувьд дүгнэвэл:
П К ХХК нь 2009 онд улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж эхлүүлсэн байна.
Хариуцагч нь өөрийн хүсэлтэд 2012 оны 09 дүгээр сар хүртэл үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан гэжээ. Өмнөговь аймагт Терра энержи ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байсан байна.
Хэрэг гүйцэтгэгч би П К ХХК-ний санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийхдээ хариуцагчийн шүүхэд хүсэлт гаргахдаа өгсөн санхүүгийн тайлан баланс, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн гаргаж өгсөн санхүүгийн баримтын хүрээнд хэрэг гүйцэтгэгч дүгнэлтийг авагдсан тайлан балансын хэмжээнд хийсэн. Тиймээс хэрэг гүйцэтгэгч би хариуцагчийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд дүгнэлт хийлээ.
Санхүүгийн тайлангаас харахад П К ХХК-д өөрийн хөрөнгө байхгүй, бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах хөрөнгөгүй учир энэ компани төлбөрийн чадваргүй байна.
Орлого, үр дүнгийн тайлангаас харахад 2014 онд 47.485.400 төгрөгийн ашиг олсон гэж тайлан баланс дээр байгаа.
Орлого, зарлагын хувьд 2013 оноос зарлага гаргаад явсан. Орлогын хувьд 2014, 2016 онд орлого орж ирээгүй юм байна лээ. Ярьж буй нөхөн төлбөрийн асуудлыг Сүхбаатар дүүргийн нэхэмжлэгчдээс 2014 оны нөхөн төлбөрийн гэрээ авсан. 2013 оны хувьд бараа, дотоод үйлчилгээний НӨАТ 8.708.562 төгрөгийг ногдуулсан байна. Үүнээс үйл ажиллагаа явуулсан, үүнд 4 сая гаруй төгрөгийн татвар ногдож, 630.000 төгрөгийн буцаан олголт хийгдсэн байна. 967.600 төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Санхүүгийн тайланг авч үзэхэд энэ компани нь төлбөрийн чадваргүй нь харагдаж байна.
П К ХХК нь 2013 оноос эхлэн үйл ажиллагаа нь доголдон 2015 оны 1 дүгээр улирал хүртэлх санхүүгийн тайланг тайлагнаж, түүнээс хойших тайланг Х тайлагнасан байна.
Тус компани нь 2013 оноос хойш алдагдалтай ажиллаж байсан байна. 2013 онд тус компани Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаад компанийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллаж байсан иргэн Б.Алтангэрэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөр бусдын амь нас хохироон компанид 23.170.548 төгрөгийн гэм хорыг төлүүлснээс хойш үйл ажиллагаагаа явуулаагүй байна. Хариуцагч үүнийгээ энэ үеэс эхлэн дампуурах нөхцөл бүрдэж, Терра энержи ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдаж орлогогүй болсон гэж тайлбарласан байна.
Үүнээс дүгнэхэд Поларис ХХК нь 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй болох нь санхүүгийн баримтаар нотлогдож байгаа бөгөөд санхүү болон эдийн засгийн байдал төлбөрийн чадваргүй болсон байна.
П К ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь П К ХХК нь тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд 2013 онд Терра энержи ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байгаад компани бусдад гэм хор учруулсан нь өр төлбөрт орж үйл ажиллагаа зогссон байна. Үүнээс хойш хариуцагч өөр гэрээ хэлэлцээр байгуулж үйл ажиллагаа явуулсан нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хувьцаа эзэмшигч компанид хөрөнгө оруулалт хийгээгүйгээс санхүүгийн эх үүсвэр байхгүй болсноор цаашид үйл ажиллагаа явуулахгүй зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндэс болсон байна.
П К ХХК нь тогтвор суурьшилтай нягтлан бодогч авч ажиллуулдаггүй байсны улмаас нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартыг мөрдөж ажиллуулдаггүй, санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлээгүй байжээ.
Дээрх шалтгаан болон компаний удирдлагын үйл ажиллагаанаас компанийн төлбөрийн чадваргүй болсон байна гэж хэрэг гүйцэтгэгч би дүгнэж байна.
П К ХХК-ийн удирдлагын болон үйл ажиллагааны хувьд
Поларис корпараци ХХК-нийг 2009 онд Самбуудоржийн Доржнамжин үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл удирдаж байсан байна.
Компанийн удирдлагын хувьд удирдлагын менежмент зохион байгуулалт муу, ур чадвар дутсан, компанийг ашигтай ажиллуулах талаар санал, санаачлага гаргаагүй байна. Үүнээс харахад компанийн удирдлага санхүү, эдийн засгийн болон хууль зүйн мэдлэг байхгүйгээс үзвэл удирдлага нь хангалтгүй ажиллаж байсан байна гэдэг дүгнэлт гаргахад хүргэж байна.
Санхүүгийн болон бусад П К ХХК-д холбогдолтой баримт материалыг хөтлөх, анхан шатны баримтыг бүрдүүлэх зэрэг нягтлан бодох бүртгэл, бүртгэлийн тухай хуулийг мөрдөж ажилладаггүй байсан байна. Тус компанид тогтвор суурьшилтай нягтлан бодогч авч ажиллуулдаггүй байсны улмаас нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартыг мөрдөж ажиллуулдаггүй санхүүгийн сахилга бат хариуцлагагүй зөвхөн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр явуулж байсан байна. Үүнээс үүдэн орлого, зарлага, бүтээгдэхүүний өөрийн өртөг, цэвэр ашиг гэх мэт зүйлийг нарийн тооцоолдоггүй байсан нь дампуурах нэг хүчин зүйл болсон гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар П К ХХК нь ганц хөрөнгө оруулагчтай бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт хийх ямар ч боломжгүй, өмнөх өр төлбөр нь дуусаагүй буюу шүүхэд дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүй байна.
Дээрх нөхцөл байдлын улмаас П К ХХК нь төлбөрийн чадваргүй болж цаашид үйл ажиллагаа ямар ч боломжгүй бөгөөд бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон тул татан буулгах ажиллагааг явуулах зүйтэй гэж хэрэг гүйцэтгэгч би үзэж байна.
П К ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэлийн талаар
П К ХХК-д холбогдох дампуурлын хэрэгт Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс Дампуурлын хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй боловч нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэн нэхэмжлэгчээр орж ирсэн байна. Тухайн дампуурлын хэрэгт Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс дан ганц нэхэмжлэгч юм.
Дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал товлосон хугацаандаа болоогүй боловч Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нэхэмжлэгчдийн саналын эрх 100 хувь байна.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 15.271.535 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 11.255 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 11.360.478 төгрөг, Хувь хүнээс суутгасан орлогын албан татварын өр 15.743 төгрөг, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын өр 3.884.059 төгрөг байна.
Тухайн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч П К ХХК нь маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.
Хариуцагчид өөрийн хөрөнгө гэж байхгүй гэдэг нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд хөрөнгө байхгүй гэсэн албан тоот, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгсэл байхгүй гэх албан тоотоос нотлогдож байна.
Хариуцагч шүүхэд хүсэлт гаргахдаа эд хөрөнгө байхгүйг дурдсан бөгөөд санхүүгийн бусад баримтаар тогтоогдож байгаа тул хэрэг гүйцэтгэгч би хөрөнгө хураах болон битүүмжлэх ажиллагаа явуулаагүй.
Иймээс шүүхээс П К ХХК-ийг татан буулгах шийдвэр гарвал Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэлийг барагдуулах боломжгүй бөгөөд Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу татан буулгах ажиллагаа дуусгавар болгож хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөнө.
Хэрэг гүйцэтгэгч би П К ХХК-ийн дампуурлын хэрэгт ажиллахдаа компанийн тайлан, бусад мэдээлэл болон шүүхээр гаргуулсан нотлох баримтыг цуглуулан түүн дээрээ түшиглэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргасан.
П К ХХК-ийн дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал би тус компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй байна гэж үзлээ. Учир нь хариуцагч болон нэхэмжлэгчээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй. Хэрэг гүйцэтгэгчийн хувьд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх бололцоогүй юм байна гэж дүгнэж байна. Иймээс компанийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр шүүхээс гаргаж Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Хэрэг гүйцэтгэгч би тухайн дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчийн цалин хөлс, зардлыг нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргуулаагүй болно. Шүүхээс хэрэг гүйцэтгэгчийн цалин хөлс, зардлыг нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргуулаагүй болно. Шүүхээс хэрэг гүйцэтгэгчийн зардал цалин хөлс 2.000.000 төгрөгийг хариуцагч П К ХХК-иас гаргуулан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг дурдаж байна” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“П К ” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргажээ. /1 дүгээр х.х-ийн 1 тал/
Хүсэлт гаргагч “П К ” ХХК /РД:5324807 регистрийн дугаартай/ нь нэг гишүүнтэй хуулийн этгээд байх бөгөөд “П К ” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагджээ.
“П К ” ХХК үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нар С.Доржнамжин байх бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшдэг, 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэн, 1.000.000 төгрөгийн дүрмийн сантай болох нь зохигчдын тайлбар, компанийн дүрэм зэрэг бусад баримтаар нотлогдож байна. / х.х-ийн 2-4 дэх тал/
Шүүх хариуцагч “П К ” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 14ны өдрийн 84 дугаартай захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13646 дугаар захирамжаар мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-дзааснаар түр гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилж, хариуцагч “П К ” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны талаар баримтын шалгалт хийх ажлыг зохион байгуулж, холбогдох тайлан, дүгнэлтээ 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд ирүүлэхийг даалгасан болно.
Дампуурлын хэргийн түр хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлж, хариуцагч “П К ” ХХК-ийн тамга тэмдэг, холбогдох баримт бичгийг хамгаалалтанд авч, эд хөрөнгийг битүүмжлэн тооллого явуулж, үйл ажиллагааны баримтад шалгаж хийж шаардлагатай мэдээ баримтыг хариуцагчаас гаргуулж авах зэрэг ажиллагааг явуулсан тухай тайлан холбогдох бусад баримтуудыг шүүхэд ирүүлсэн болно.
Хариуцагч “П К ” ХХК нь 2013 оны 7 дугаар сараас үйл ажиллагаа нь доройтож, Өмнөговь аймагт гарсан ослын улмаас хохирогч нарын ар гэрт нийт 23.170.548 төгрөгийн хохирол барагдуулсан, мөн уул уурхайн Тера энержи ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан болох зохигчдын тайлбар, хариуцагчийн хүсэлт, тус компанийн 2012-2017 оны санхүүгийн тайлан, хэрэг гүйцэтгэгчийн тайлан зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдсон байна
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3185 дугаар захирамжаар “П К ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, өдөр тутмын сонин болох “Өнөөдөр” 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №046/6039/ дугаарт хэвлүүлж, нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1000 цагт тус шүүхийн танхимд хийх тов, нэхэмжлэгчдээс нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагавар зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, зарласан.
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана” гэж заасан байх бөгөөд хуулийн хугацаанд
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргасны дагуу шүүх Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8 “Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хугацаанаас хожимдож гаргасан нэхэмжлэлийг шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн бол уг нэхэмжлэлийн шаардлагыг энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-тзаасан дарааллыг баримтлан хангана” гэсэн заалтыг үндэслэж, дээрх нэхэмжлэгчдийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь 15.271.535 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.
Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1.4-д “түр хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулна” гэж тус тус заажээ.
Дампуурлын тухай хуулийн 13.1-д “Хэрэг гүйцэтгэгч нь шүүхээр батлагдсанаасаа хойш 20 хоногийн дотор хариуцагчийн үйл ажиллаанд дүгнэлт, энэ тухайгаа шүүх, хариуцагч, нэхэмжлэгчид танилцуулна” гэж заажээ.
Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлттэй нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар танилцсан нь Дампуурлын тухай хуулийн 13 дүгээр зүйлийн 13.1, 13 дугаар зүйлийн 13.3-т заасантай нийцжээ.
Хэрэг гүйцэтгэгч нь нэхэмжлэгчдийн хурлыг 2017 оны 03 дүгээр сарын 24-ны өдөр зарлан хуралдуулж, нэхэмжлэгчдийн анхны хурлаас хойш нэхэмжлэгч нэмэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчдийн хурал, хэрэг гүйцэтгэгч, нэхэмжлэгч нараас “П К ” ХХК-ийг татан буулгах тухай дүгнэлт, хүсэлтийг шүүхэд ирүүлсэн нь Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д зааснаар хариуцагч “П К ” ХХК-ийг татан буулгах үндэслэл болно.
Харин хариуцагч “П К ” ХХК нь 2014 оноос төлбөрийн чадваргүй болж, өр төлбөрөө төлөх чадваргүй болсон гэж үзэхээр байна.
Хариуцагч “П К ” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст 15.271.534 төгрөгийн төлбөртэй болох нь шүүх хуралдаанд талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд тогтоогдож байна.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу хариуцагч “П К ” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт талуудаас гаргаагүй тул хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргах үндэстэй.
Хариуцагч ““П К ” ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй байна.
Мөн Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “П К ” ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор
Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн өр болох 15.271.534 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурьдаж байна.
Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал нь Дампуурлын тухай хуулийн 34, 35, 36 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагчийг татан буулгах ажиллагааг явуулах нь зүйтэй.
Хэрэг гүйцэтгэгч дүгнэлтэнд ... хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгө байхгүй, дахин дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг дампуурлын хэргийн оролцогчид гаргаагүй, мөн дампуурлын хэрэг гүйцэтэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд гомдол, хүсэлтийг гаргаж байгаагүй болохыг тэмдэглэж байна.
Иймд “П К ” ХХК-ийг татан буулгах ажиллагааг дуусгавар болгохдоо хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, холбогдох тайлангаа ирүүлсний дараа бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.3-т зааснаар “П К ” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9011205027, регистрийн дугаар 5324807/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар “П К ” ХХК-ийн өмчлөлд захиран зарцуулах хөрөнгө байхгүй болохыг дурдсугай.
3. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч “П К ” ХХК-ийн татан буулгах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгасугай.
4. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “П К ” ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор төлөх үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурьдсугай.
5. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д зааснаар хариуцагч “П К ” ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах Т.Золзаяа, хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал нарт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, “П К ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч этгээдүүд шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХБАЯР