Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/486

 

 

 


 

 

 

 

    2022         06          16                                    2022/ШЦТ/486

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч С.Энхтуул /томилолтоор/,

шүүгдэгч Я.Мө түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************** холбогдох эрүүгийн 2205005200684 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, цаг засдаг ажилтай, ам бүл 1, ******************тоотод оршин суух,

- урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 779 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 351 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, ***********************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Я.Мө нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди-2” төвийн 2-р давхрын 28 дугаар лангуун дээрээс хохирогч Ш.Цын эзэмшлийн “айфоне икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Мө мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр цагны зай зарах гэж тэр газар луу орсон боловч цэнэглэж байсан гар утас байсан тул аваад гарсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ш.Ц-ын:

 “...2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цагийн орчим “Өргөө-1” кино театрын урд байрлах гар утас худалдааны төвөөс цагаан өнгийн “айфоне икс” загварын гар утас 750.000 төгрөгөөр худалдаж авсан. ...“Теди-2” гар утас худалдааны төвийн 2 дугаар давхарт орж хуучин утасныхаа сүлжээг янзлуулах гээд нэлээн удсан. Засуулж байгаа утсаа хүлээж байгаад цэнэг дуусах гээд байхаар нь засварын өөдөөс харсан лангуунд утсаа цэнэглүүлээд тавьсан. Би утасныхаа яг урд сандал дээр сууж байтал архи үнэртүүлсэн хүн хажууд сууж яриа өдөөд байхаар нь утас засвар луу очиж засуулж байгаа утсаа дууссан эсэхийг асуугаад эргээд иртэл нөгөө архи үнэртүүлсэн хүн байхгүй болчихсон байсан. Тэгтэл гар утсаа цэнэглүүлж байсан лангууны худалдагч “цэнэглэгчээ ав” гэсэн “би утсаа аваагүй” гэхэд “таныг утсаа авчихсан гэж бодсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

2. “Кости эстимэйт” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Айфоне икс загварын гар утас 750.000 төгрөгөөр үнэлнэ” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

4. Шүүгдэгч Я.Мө-ын:

“...2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Бөмбөгөр” дээр ганцаараа явж байгаад 200 грамм архи уусан тэгээд цагны зай зарах гээд явж байгаад Баянгол дүүргийн хорооллын “Тэди-2” гар утас худалдааны төв рүү ороод цагны зай зарчхаад сууж байхад лангуун дээр цэнэглэж байсан “айфоне икс” загварын гар утас байхаар нь хулгайлж аваад гарч яваад “Хархорин” худалдааны төв дээр очиход хаасан байхаар нь би “Барс-2” зах дээр очиход танихгүй хүн явж байхаар нь “гар утас худалдаж авах уу” гэхэд “20.000 төгрөг л байна” гэсэн тэгээд уг хулгайлж авсан гар утсаа тэр залууд 20.000 төгрөгөөр зараад мөнгөөрөө архи авч уусан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Я.Мө нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ш.Ц-т 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогч Ш.Цт 750.000 төгрөгийн хохирлыг гаргуулж олгох” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Я.Мө болон түүний өмгөөлөгч нар “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Я.Мөын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Я.Мө нь:

2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди-2” төвийн 2-р давхрын 28 дугаар лангуун дээрээс хохирогч Ш.Цын эзэмшлийн “айфоне икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Цын мэдүүлэг, “Кости эстимэйт” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Я.Мө нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Я.Мөыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Цт 750.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Я.Мө нь хохирол төлбөр төлөөгүй байх тул шүүгдэгч Я.Мө-аас 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Цт олгохоор шийдвэрлэв.  

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Я.Мө-т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Я.Мө нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хүнийг заавал хорьж шийтгэхээс илүү нийгэмшүүлэх нь чухал юм. Я.Мөын тухайд цагны зай зардаг. Энэ хүнээр тэр ажлыг нь хийлгэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Я.Мө нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 4 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Я.Мө-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, урьд удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч Я.Мө-ын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 4 хоног, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 13 хоног, нийт цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205005200684 дугаартай хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********** Мө-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Мөыг 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Мө-т оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Мө-ын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 4 хоног, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 13 хоног, нийт цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Мө-аас 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Ц-т олгосугай.

6. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Я.Мө-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Мө-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         М.ДАЛАЙХҮҮ