Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/498

 


 

 

 

 

 

 

    2022        06           17                                      2022/ШЦТ/498

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч С.Эрдэнэбаяр, 

шүүгдэгч Л.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *************** холбогдох эрүүгийн 2105024581467 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тото” ресторанд зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт **************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *****************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Л.И нь 2021 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тото” зочид буудлын үүдэнд хохирогч Б.Гоыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.И мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Го-ын:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед найзууд Цацралтуяа, Цацралтуяагийн найзууд гэх нэрийг нь мэдэхгүй 2 эрэгтэй 1 эмэгтэй хүнтэй нийт тавуулаа Баянгол дүүргийн 4-р хороо “Тото” зочид буудлын 504 тоот өрөөг авсан. Тэгээд Цацралтуяагийн 2 эрэгтэй найз /хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна/ түрүүлээд явсан. Би тухайн 2 залуутай маргалдаж зодолдоогүй зугтааж буудал руу орсон. Тэгээд буудал дотор орж угтагч гэх залууд “танай буудал үүдэндээ бариатай юм уу” гэж хэлсэн. Тэгээд би тухайн угтагч залуутай маргалдаж эхэлсэн, маргалдаад зогсож байхад буудлын зөөгч гэх залуу ирж бид хоёрыг салгах гэж оролдсон. Гэтэл угтагч гэх залуу миний шанаа, нүүр хэсэгт олон удаа цохиж өшиглөсөн, ...тухайн залуу намайг унагааж байгаад дахин нүүр толгой хэсэгт хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Намайг угтагч гэх нэг залуу зодож өшиглөж миний нүүрэнд гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

2. Гэрч Ч.Дө:

“... “Тото” зочид буудал руу орж иртэл согтуу үйлчлүүлэгч манай угтагч залуу руу уурлаад дайраад байсан “танай буудал гадаанаа бариатай юм уу” гэж уурлаж байсан. Тэгээд манай буудалд орж ирчхээд агсам тавиад угтагч И бид 2 “өрөөндөө орж амар” гэж тайвшруулж хэлсэн. Гэтэл Иыг толгойгоороо мөргөөд бид хоёр луу дайраад байсан. Захирал Батзориг камераар хараад буудал дээр гаднаас ирсэн. Гэтэл манай захирал руу бас дайраад уурлаад байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

3. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №11290 дугаартай шинжээчийн:

“...Б.Го-ын биед дух, шанаа, хамар, хоёр зовхи, хэл, хүзүү, цээж, баруун тохой, сарвуунд цус хуралт, хоёр тохой, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, шанаа, хамар, хоёр зовхины цус хуралт гэмтэл хөнгөн зэрэгт, бусад цус хуралт зулгаралт гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Л.И нь хохирогч Б.Го-ыг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Л.И нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.И-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Л.И нь:

2021 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тото” зочид буудлын үүдэнд хохирогч Б.Го-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  Л.И нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Иыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Го-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөрт баримтаар 130.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч Л.И нь хохирогч Б.Год 130.000 төгрөгийн хохирол төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Л.И-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Л.И нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.И нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 158 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Л.Иын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Л.И-ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105024581467 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Л.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************* И-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.И-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.И-ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Л.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Л.И урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.И-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ДАЛАЙХҮҮ