Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/497

 

 

 


 

 

 

   2022          06          17                                       2022/ШЦТ/497

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч П.Отгонбаатар /томилолтоор/,

шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ А-д холбогдох эрүүгийн 1805017941666 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******************* тоотод оршин суух үндсэн хаягтай боловч одоо ********************** тоотод түр оршин суух,

- урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,    

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/623 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял, 

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/667 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, урьд эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 9 хоногийн хугацаагаар тогтоосон ба Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 7 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, *******************.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор” худалдааны төвийн оёдлын газраас иргэн Д.Бын эзэмшлийн “Самсунг Жи 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Б-ын:

“...Би 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Өргөөгийн баруун талд байдаг “Төрийн банк” руу орж гүйлгээ хийсэн. Тэндээсээ гараад баруун тийш алхаад “Хаймарт” дэлгүүр рүү ороод эгч Чимэдтэй холбоо барих гээд цүнхнээсээ гар утсаа гаргах гэхэд миний “Самсунг галакси Жи 7” загварын гар утас алга болсон байсан. ...Би хулгайд утсаа алдахаасаа өмнө гэрийнхээ хажуу талд байрлах “Шонхор” худалдааны төвд байрлах оёдолчин руу хувцас хасуулах гээд орсноо санаж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44, 111 дэх тал/,

2. Гэрч Д.Би:

“...2018 оны 03 дугаар сарын дундуур 3, 4 дүгээр хороололд явж байхад А гэдэг халаасны хулгайчтай тааралдсан. А “Самсунг Жи 7” загварын гар утас барьчихсан “зарна” гээд явж байхаар нь “надад зээлээр өгчих” гээд би авсан. Эхнэр Алтанчимэгт төрсөн өдрийн бэлэг болгон өгсөн. ...2014 онд ...таньдаг болсон. ...Тэгж байхдаа Анхлхагвыг халаасны хулгай хийдэг гэдгийг мэддэг болсон. ...Гар утсыг 200.000 орчим төгрөгөөр авч байсан санагдаж байна. 2-3 хоногийн дараа би гэртээ унтаж байхад А орж ирээд миний утсыг аваад гараад явчихсан юм байна лээ. Тухайн үед миний том хүү Энххүслэн надад хэлэхдээ “танд утас зарсан ах чинь орж ирээд гараад явчихлаа” гэж хэлэхээр нь би босоод утсаа хартал сим картыг нь үлдээхгүй аваад явчихсан байсан. Араас нь залгаад мессеж бичсэн боловч хариу өгөхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

3. “Дамно” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн БГ2-18-208 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 57-58 дэх тал/,

4. “Юнител” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05-01/2043 дугаартай албан бичиг, /хавтаст хэргийн 74 дэх тал/,

5. Шүүгдэгч Н.А:

“... “Шонхор” худалдааны төв рүү ороод интернэт кафед суучхаад гарч ирээд нойлын өрөө рүү нь орчхоод гарч ирэхэд оёдлын газрын үүдэнд үйлчлүүлж байсан хүн лангуун дээр гар утсаа тавиад цаашаагаа харсан байдалтай байж байхад нь би утсыг нь хулгайлаад гараад явчихсан. Би уг гар утсыг хулгайлж авч гараад шууд Дамдиндоржийн Билгүүнтэй уулзсан. Д.Билгүүн бид 2 нэг нэгийгээ архины шаг зардаг байхдаа таньдаг байсан юм. Би Д.Билгүүнтэй уулзаад мөнгө асуухад байхгүй гэсэн. Д.Билгүүн надаас “түр бариулах утас байна уу” гэхээр нь би хулгайлсан гар утсаа өгчихсөн. ...Үүнээс 5-6 хоногийн дараа шиг санагдаж байна, ...Билгүүнээс “гар утсаа авлаа шүү” гэхэд “ав ав” гэхээр нь авч гараад “Монтел” дээр ...ченжид 190.000 төгрөгөөр зарсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Н.А нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Д.Бд 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 190.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болох” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Н.А нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.А холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Н.А нь:

2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор” худалдааны төвийн оёдлын газраас иргэн Д.Бын эзэмшлийн “Самсунг Жи 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн БГ2-18-208 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, “Юнител ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05-01/2043 дугаартай албан бичиг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Н.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Анхлхагвыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б нь “Самсунг Жи 7” загварын гар утсаа хулгайд алдаж түүнд 700.000 төгрөгийн хохирол учирсан. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байх үед хохирогч Д.Б нь “Хуа вэй Пи” смарт загварын гар утсыг 2019 оны 05 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, “гомдол саналгүй, хохирлоо бүрэн барагдуулж авлаа” /хх-45/ гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 3 удаагийн ял шийтгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч Н.А-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн эд зүйлийг буцаан өгсөн, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6  сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ял шийтгэв.

 

Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 667 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Ад оногдуулсан 3 жил 7 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 7 хоногийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт зорчих эрх хязгаарлах ялыг 2 жил 6 сар 11 хоногийн хугацаагаар тогтоов.

 

Шүүгдэгч Н.А 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 36 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

 

-Бусад асуудлаар:

Эрүүгийн 1805017941666 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.А нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Түүнчлэн шүүгдэгч Н.А гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 190.000 төгрөгийг шүүгдэгчээс зохих журмын дагуу гаргуулж улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***************Н.А-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-г 6 /зургаан/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.А-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр эдлээгүй үлдсэн 2 жил 11 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт зорчих эрх хязгаарлах ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаан/ сар, 11 /арван нэгэн/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 36 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 190.000 төгрөгийг шүүгдэгчээс зохих журмын дагуу гаргуулж улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          М.ДАЛАЙХҮҮ