Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/499

 

 

 

 

 

 

 

   2022           06          17                                    2022/ШЦТ/499

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

хохирогч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Золзаяа, М.Идэрхангай,

шүүгдэгч Ц.И, түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************************* холбогдох эрүүгийн 2205006591354 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, явган цэрэг байлдааны наводчик мэргэжилтэй,  ам бүл 2 эхнэрийн хамт Баянгол дүүргийн 6-р хороо, 70-р байрны 02 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.И нь Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АОС 70-1 амны орон сууцад 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Атой үл ялих зүйлээс болж маргалдан биед нь халдан өшиглөж, түүний биед баруун дунд чөмөгт ясны хүзүүний хугарал гэмтэл бүхий бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.И мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.А мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр намайг утсаар дуудаад байхаар нь очсон. И архи авсан бөгөөд тэнд байсан хүмүүс Иы авсан архины мөнгийг хувааж өгөхөөр ярьсан. Улмаар И нь Болдбаатартай муудалцаад байхаар нь салгах гэхэд И миний биед халдаж надад гэмтэл учруулсан. Одоо гомдолтой байна. Эмчилгээний зардал болон бусад хохирол төлбөрт нийт 17.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.А-ын:

“...Гэрт нь ороход 9 хүн архи уугаад сууж байсан. Би тэд нарт “ахыгаа уучлаарай” гээд хамт 1 шил архи хувааж уусан. Удалгүй Залуухай Итай маргалдаад байхаар нь би дундуур нь ороход И миний нүүр рүү 1 удаа мөргөж толгой манарч хамраас цус гарсан. Тэгээд явах гээд хувцсаа авах гэж байхад Идрээ хүрч ирээд миний баруун хөлийн гуяны дээд хэсэг /дунд чөмгөний толгой/ руу 1 удаа өшиглөөд би газарт унахад дахин өшиглөсөн гуя руу 2-3 удаа дэвссэн. Удалгүй цагдаа нар орж ирээд Иыг гэрээс нь авч гарсан. Бусад нь цагдаа нарыг ирэхээс өмнө гарч явсан юм. Тэгээд би Иы эхнэр Отгонцагаантай үлдсэн. Отгонцагаан надад хандаж “балайр муухай бузар юм, манай гэрээс гар” гээд 2 гараараа миний 2 гараас татаад гэрээсээ чирч гаргасан. Тэгээд шатны довжоон дээр намайг үлдээгээд гэр рүүгээ ороод хаалгаа хаасан. Би босож чадахгүй шатан дээр түргэний машин хүлээж сууж байхад Идрээ гаднаас гэр рүүгээ орчхоод буцаж гарч ирээд миний нуруу руу 1 удаа өшиглөөд би шатны уруу өнхөрч унасан. Удалгүй түргэний машин ирж намайг гэмтэл рүү авч явсан. Би Иаас өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй. И миний нүүр рүү 1 удаа мөргөсөн, 2 удаа нүүр рүү чичсэн, баруун гуяны хажуу тал руу 1 удаа өшиглөхөд хөл тас гээд дугарсан, тэгээд газар унаж хэвтэж байхад өмнө өшиглөсөн хөл рүү 2-3 удаа дэвссэн, шатан дээр сууж байхад нуруу руу 1 удаа өшиглөж шатнаас унагаасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

2. Гэрч Ц.Бя-ийн: “...Гэрт нь ороод хоорондоо юм ярьж суунгаа архи ууж суусан. Би нэг шил архи ууж байгаад тасраад газарт унтаж байгаад сэрсэн. Босоод хартал Болдбаатар И 2 хоорондоо орлилдож, маргалдаж байхад А тэр хоёрын голоор орж салгаж байсан. Болдбаатар Иыхаас гарч явсны дараа А И 2 нэгнийгээ өмөөрлөө гэж маргалдах болсон. Тэгээд ариун цэврийн өрөө орчхоод гарч ирэхэд том өрөөнийх нь голд А сууж байхаар нь “явъя” гэхэд И хөл рүү өшиглөөд хөл хугалчихлаа гэхээр нь би гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/, 

3. Гэрч Т.П-ын:

“...Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орой 19 цаг 00 минутад эргүүлийн ээлж хүлээлцэж 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл Бугат 116 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө үүрээр 6 цаг 35 минутад “Амины орон сууцны 70-01 тоот энэ айлд хүмүүс шөнөжин архидаад одоо зодолдоод байна” гэх дуудлагын а/а Т.Энхболдын хамт явж очиход тус байрны гадаа хэсэг хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоорондоо талцсан маягтай маргалдаад бие биеийгээ пиздагаар нь харааж байсан. Би тухайн хүмүүс дээр очоод маргааныг салгачхаад тухайн хүмүүсийг эхнэрт нь хүлээлгэж өгөөд харьцгаа гэсэн. Тэгээд хэрүүл маргаан болоод байгаа айл руу орох гээд 3 давхарт гарахад шатан 1 залуу пиво ууцан зогсож байсан. Гэр рүү нь ороход хаалганы баруун талд 50 орчим насны эрэгтэй хүн хөлөө жийсэн, 1 хөлөө нугалж сууж байхаар нь “та яасан юм бэ” гэж асуухад “би согтуу өөрөө унаад хөлөө эвгүй болгочихлоо, ах нь гэр рүүгээ харьчихна” гэхээр нь надтай явж байсан цагдаа а/а Т.Энхболд “та эхний ээлжид 103 дугаар руу залгаж хөлөө үзүүл” гэсэн. Тэгээд хөл нь эвгүй болсон гэх залуутай маргалдсан гэх Иыг аваад эрүүлжүүлэхэд аваачсан боловч эрүүлжүүлэх дүүрсэн, өөрөө “цэргийн ангид ажилладаг, одоо ажилтай” гээд гуйгаад, уусан архи нь гарч байсан болохоор торгоод явуулсан. Хөл нь гэмтсэн гэдэг хүн /Ц.А/ Т.Энхболд бид хоёрт надаа гомдол санал байхгүй гэж тухайн үед хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

4. Гэрч Ш.О:

“...Тухайн үед А ах манай нөхөртэй маргалдсан. Өөр хэн нэгэнтэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Манай нөхөр А ахын хөл рүү 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

5. Гэрч Л.У:

“...Тухайн үед дээд айлд байсан хүмүүсийн эрэгтэйчүүд нь бие биеийгээ “ална шүү” гэж орлилдоод, хоорондоо зодолдоод эмэгтэйчүүд нь “болиоч ээ” гэж салгах гэж үзээд байгаа юм шиг, манай паарыг түжигнүүлж, юмаар цохиод байхаар нь паар хагалчих байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн:

“...2022 оны 02 дугаар сарын 21-ний 3019 дугаартай “Ц.Алтан- Одын биед баруун дунд чөмөгт ясны хүзүүний хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

7. Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 80-81 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ц.И нь хохирогч Ц.А-той үл ялих зүйлээс болж маргалдан биед нь халдан өшиглөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөрт 3.090.686 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч нар “Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрийг төлсөн гэх боловч бодит байдал дээр төлөгдөөгүй. Мөн И гэм буруу дээр маргахгүй гэж байгаа боловч түүнд гэмшсэн шинж алга. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжилж байгаа 6.554.686 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож өгнө үү. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Ц.И гэм буруу дээр маргахгүй. Баримтуудын хүрээнд хохирогчид учирсан хохирлын төлж барагдуулсан. Хохирогч Ц.А-ын эмчилгээний зардлыг Алтай гэдэг хүнээр дамжуулж төлсөн. Уг төлбөрийг авсан даруйдаа хохирогч эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон байдаг. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.  

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.И-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.И нь:

Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АОС 70-1 амны орон сууцад 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.А-той үл ялих зүйлээс болж маргалдан биед нь халдан өшиглөж түүний биед баруун дунд чөмөгт ясны хүзүүний хугарал гэмтэл бүхий бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.А, гэрч Ц.Бя, Ш.Отгонцагаан, Л.Уранчимэг нарын нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ц.И нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Иыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан байх бөгөөд хохирогч Ц.А-оос хохирол төлбөрт нийт 17.000.000 төгрөгийг нэхэмжилснээс баримтаар тогтоогдож байгаа 3.090.686 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч Ц.И нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд 3.464.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул уг хохирлыг хохирогчийн нэхэмжлэлээс хасаж, үлдэх 13.909.314 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхив.

Харин хохирогч Ц.А нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ц.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.И болон түүний өмгөөлөгч нар уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ц.И нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.И-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 150 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205006591354 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.И нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **************И-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И-ыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 150 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И-аас 3.090.686 /гурван сая ерэн мянга зургаан зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.А-од олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.А-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.909.314 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.А нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.И нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.ДАЛАЙХҮҮ