Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2022/0763/З |
Дугаар | 221/МА2024/0045 |
Огноо | 2024-01-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2024/0045
“С” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “С” ГХОХХК
Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн сайд
Хариуцагч “М” ТӨХК
Гуравдагч этгээд “Э” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны А/** дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, “М” ТӨХК-иас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А-Н-Ш, Ч-Х-Б чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилан сонгон шалгаруулалтад оруулах саналын урилгыг гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зарласан А-Н-Ш, Ч-Х-Б чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилан сонгон шалгаруулалт зохих журмын дагуу үргэлжлүүлэн явуулахыг “М” ТӨХК-д даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2023/0802 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н
Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О
Хариуцагч “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, З.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0763/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “С” ГХОХХК Зам, тээврийн хөгжлийн сайд, “М” ТӨХК нарт холбогдуулж “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны А/** дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, “М” ТӨХК-иас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А-Н-Ш, Ч-Х-Б чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилан сонгон шалгаруулалтад оруулах саналын урилгыг гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зарласан А-Н-Ш, Ч-Х-Б чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилан сонгон шалгаруулалт зохих журмын дагуу үргэлжлүүлэн явуулахыг “М” ТӨХК-д даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2023/0802 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6, 2007 оны Төмөр замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ГХОХХК-ийн гаргасан “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны А/** дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах болон 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зарласан А-Н-Ш, Ч-Х-Б чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилан сонгон шалгаруулалт зохих журмын дагуу үргэлжлүүлэн явуулахыг “М” ТӨХК-д даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ГХОХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ““М” ТӨХК-иас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А-Н-Ш, Ч-Х-Б чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилан сонгон шалгаруулалтад оруулах саналын урилгыг гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б давж заалдах гомдолдоо:
3.1 Зам, тээвэр хөгжлийн сайдын 2020 оны А/** дугаар тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зарласан уръдчилсан сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:
Шүүхээс “...сонгох урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичгийг шинэчлэн баталснаас эхлэн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай зөвлөмжийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болжээ”, “...01 дугаартай зөвлөмж нь үргэлжилсэн шинжтэй захиргаан акт биш, харин тодорхой эрх зүйн харилцааг дуусгавар болгосон шинжтэй захиргааны акт байх тул түүнээс хойших эрх зүйн үр дагаварт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Сонгон шалгаруулалт нь “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхурэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонгох” ажиллагаа юм. Энэ нь сонгон шалгаруулалт зарлаад шаардлага хангасан хуулийн этгээдийг урьдчилан сонгох хүртэл процесс ажиллагаа хийгдээд шалгарсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан тохиолдолд тухайн сонгон шалгаруулалт дуусгавар болсонд тооцох учиртай.
Маргаан бүхий 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар зөвлөмж нь агуулгын хувьд 2 асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд 1-т “саналаа ирүүлсэн бүх хуулийн этгээд нь шаардлага хангаагүй гэж үзсэн”, 2-т “дахин олон нийтэд нээлттэй зарлах”-ыг М ХК-д байрлах дэд ажлын хэсэгт даалгасан байдаг.
Үүний дагуу М ХК-иас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд зарласан байдаг буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар зөвлөмжийн үр дагавраар дараагийн сонгон шалгаруулалт үргэлжилсэн тул шууд сонгон шалгаруулалтын эрх зүйн харилцааг дуусгавар болгосон гэж дүгнэх боломжгүй юм.
Мөн шүүгчийн үзэж байгааг 01 дугаар зөвлөмж хэрэгжээд дуусгавар болсон гэж үзэх тохиолдолд тухайн захиргааны актыг хүчингүй болгосноороо дараагийн эрх зүйн үр дагаварт нөлөөлөх буюу 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зарласан сонгон шалгаруулалт явагдах эрх зүйн үндэслэлгүй болохоор байгааг анхаараагүй, энэ тохиолдолд шүүхээс хүчингүй болгох шаардлагын хүрээнд шийдвэрлэх боломжтой.
Түүнчлэн хэрэв шүүхээс нэхэмжлэгчийн маргаж байгаа захиргааны акт хэрэгжээд дууссан гэж үзэж хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байгаа тохиолдолд Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолоор “Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь түүний сонгосон нэхэмжлэлийн шаардлагатай илтэд тохирохгүй, эсхүл энэ нь бичгээр гаргасан нэхэмжлэлээс шууд тодорхойлогдох боломжгүй бол хуулийн 53.3-т зааснаар бүрдүүлбэр хангуулах замаар тодруулж, ийнхүү нэхэмжлэгчийн хүсэл зоригийг бүрэн тодорхойлсны үндсэн дээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үүрэгтэй. Хугацааны хувьд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах хүсэлт нь тухайн шатны шүүх хуралдаан хүртэл хийгдэж болно. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь захиргааны хэргийн шүүхийн “нотлох зарчим”-ын агуулгад хамаарна, энэ үүрэг зөвхөн анхан шатны шүүхээр хязгаарлагдахгүй” гэж тайлбарласны дагуу ажиллагааг огт хийгээгүй.
3.2 “М” ХК-иас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А-Н-Ш, Ч-Х-Б чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонголтод оролцох саналын урилга гаргасан шийдвэрийг хүчингүй болгох” шаардлагыг “захиргааны акт биш” үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тухайд:
Нэхэмжлэгчээс “урьдчилсан сонголтод оролцох саналын урилга гаргасан шийдвэрийг хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос биш 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн нийтэд зарласан урилгыг гэж огт тодорхойлоогүй.
Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/** тушаалын хавсралтаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар зөвлөмжийн дагуу М ХК-д байрлах дэд ажлын хэсгээс дараагийн сонгон шалгаруулалтыг зарлах шийдвэр гаргаж, үүний дагуу 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн сонгон шалгаруулалтын урилга гаргасан гэж үзэж М ХК-д байрлах дэд ажлын хэсгээс гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.
Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаагаа хийхгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагын утга, санаа, агуулгын илтэд гуйвуулан, өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг “урилга” гэж тодорхойлсноо нэхэмжлэгч тодорхойлсон гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шүүхэд М ХК-иас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/235 дугаар албан бичгээр1 “... тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 9 удаа хуралдсан\ гэж ирүүлсэн атлаа шүүхэд 3 удаагийн хуралдааны тэмдэглэлийг л ирүүлсэн, мөн Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 3 дугаар сарын 01-ний 08/894 дүгээр албан бичгээр 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр сонгон шалгаруулалтын баримт бичгийг баталсан, уг асуудлыг хуралдааны тэмдэглэлээс өөр аливаа шийдвэр гаргаж шийдвэрлээгүй болно” гэж ирүүлсэн байдаг.
Тодруулбал, хариуцагч нар нь сонгон шалгаруулалттай холбоотой ганцхан 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар зөвлөмж гаргасан бусад асуудлыг дандаа хуралдааны тэмдэглэлээр шийдвэрлэсэн байх бөгөөд 9 хуралдааны тэмдэглэлээс 3 тэмдэглэлийг л шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох шийдвэрүүд тодорхой болсны дараагаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахаа илэрхийлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
Нэхэмжлэгчээс хариуцагчийн гаргасан шийдвэрүүдээ шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлэхгүй байсан тул 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалттай холбоотой бүхий л баримтыг гаргуулах (сонгон шалгаруулалтын шийдвэрийн хувийн хэрэг) хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хэрэгт авагдсан баримт хангалттай, шүүх хуралдаан дээр тодруулах боломжтой гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, шүүхээс хэрэгт нэг зөвлөмж, гурван тэмдэглэлээс өөр захиргааны шийдвэр гаргасан баримт байхгүй, шийдвэр гаргасан ажиллагааны баримт дутуу байхад нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрхэн хариуцагчийн аль шийдвэр үйл ажиллагаанд хамаарч байгаа нь тодорхойгүй, гуравдагч этгээдийг сонгон шалгаруулсан баримт нь шаардлага хангаагүй, хариуцагч нь сонгон шалгаруулалтын баримт бичгийг илтэд зөрчсөн, маргаантай байхад зөвхөн нэхэмжлэлийн шаардлага дээр нэхэмжлэгчийг буруутгах замаар хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтад дүгнэлт хийхээс илтэд зайлсхийсэн шийдвэрийг гаргасан байна.
Мөн шүүх шийдвэрийн “1.17-1.19 дэх хэсэгт хариуцагчийн хууль зөрчсөн үйл баримтууд байгаа болохыг тогтоосон атлаа “энэхүү үйл баримтууд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохооргүй байна” гэж дүгнэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэг зорилго бол захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянах бөгөөд шүүхээс хариуцагчийн үйл ажиллагаа хууль зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа тэрхүү хууль бус шийдвэрийг хүчингүй болгохоос зайлсхийж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх”, 4.1.3 “хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх” гэж заасан зорилгод нийцэхгүйн дээр “шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах” зарчмыг зөрчсөн шийдвэр байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2023/0802 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “С” ГХОХХК-ийн гаргасан “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны А/** дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах болон 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зарласан А-Н-Ш, Ч-Х-Б чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилан сонгон шалгаруулалт зохих журмын дагуу үргэлжлүүлэн явуулахыг “М” ТӨХК-д даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ГХОХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ““М” ТӨХК-иас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А-Н-Ш, Ч-Х-Б чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилан сонгон шалгаруулалтад оруулах саналын урилгыг гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Концессын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэжээ.
3. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар “А-Н-Ш, Х-Ч, Х-Б чиглэлийн төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1 дэх заалтаар ““М” ТӨХК-ийн оролцоотой А-Н-Ш чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын “А-Н-Ш төмөр зам” ХХК, Х-Ч, Х-Б чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын “Ч-Х-Б төмөр зам” ХХК-ийг тус тус байгуулж”, тогтоолын 3 дахь заалтаар “Концессын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр А-Н-Ш, Х-Ч, Х-Б чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх компанид хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, сонгох ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, “М” ТӨХК-д даалгаж”, тогтоолын 4 дэх заалтаар “Энэ тогтоолын 1-д заасан компанитай холбогдох хууль тогтоомжийн дагуу шууд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт, төмөр замын төслийн ажлыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Х, “М” ТӨХК-д тус тус даалгаж” шийдвэрлэжээ.
4. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/** дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар “...Ч-Х-Б, А-Н-Ш чиглэлийн төмөр замын суурь бүтцийн төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг сонгох, хэлэлцээ хийх ажлыг зохион байгуулах, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан” байна.
5. Улмаар “Ч-Х-Б, А-Н-Ш чиглэлийн төмөр замын төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж “...Эхний сонгон шалгаруулалтад шаардлага хангасан оролцогч байхгүй тул компаниудад хариу мэдэгдэхээр” шийдвэрлсэний дагуу “М” ТӨХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/718 дугаар албан бичгээр “Г” ХХК-д /2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хуулийн этгээдийн нэр “С” ГХОХХК болж өөрчлөгдсөн/ “...баримт бичигт үнэлгээ хийж Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулсан Ажлын хэсэгт танилцуулсан бөгөөд оролцсон нийт компаниудын санал УСШҮББ-ийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн тул ажлын хэсгээс дахин сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэснийг үүгээр мэдэгдэж байна” гэх албан бичгийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргүүлжээ.
6. “М” ТӨХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01/817 дугаар албан бичгээр “Г” ХХК-д “...Танай компанийн хувьд Баруун чиглэлийн төмөр замын төслийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр саналаа ирүүлсэн. Үүнд: Эхний шатанд З-Ш-Ш чиглэлийн 520 орчим км төмөр замыг барих ба хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа ирүүлсэн бол дараагийн шат буюу А-З чиглэлийн төмөр замыг барих хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх талаар саналаа ирүүлээгүй болно.” гэх хариуг өгсөн байна.
7. “Урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичиг”-ээс үзвэл Маягт 7: Санхүүгийн чадавхи хэсэгт “...Төсөлд өөрийн хөрөнгөөр оруулах хөрөнгө нь одоо бүрдээгүй, санхүүгийн тайлан тэнцлээр баталгаажаагүй тохиолдолд тус хөрөнгө хэрхэн бий болж, бүрдэх талаар тайлбар хавсаргана. Бусад эх үүсвэрээс бүрдүүлэх хөрөнгийн хувьд эдгээр эх үүсвэртэй байгуулсан гэрээ хэлцэл, санхүүжилтийн амлалт, санхүүжилтийн нөхцөл зэргийг дурдсан албан ёсны баримт бичгийг эх хувиар хавсаргах”-ыг шаарджээ.
8. “Г” ХХК-ийн ирүүлсэн саналын Санхүүгийн чадавхи хэсэгт Өөрийн хөрөнгөөр 40% 400.648.600 /ам.доллар/ Концессын гэрээ зурагдсанаас хойш 6 сарын дотор, Бусад эх үүсвэрээр 60% 600.972.899 /ам.доллар/ гэж санал болгож, “У” ҮЦК ХХК-ийн “... 600.000 /зургаан зуун сая/ ам.долларын эх үүсвэрийг гадаад эх үүсвэрээс бүрдүүлж, хамтран ажиллах” тухай албан бичгийг хавсарган ирүүлсэн байх бөгөөд баримт бичгээр шаардсан “...Бусад эх үүсвэрээс бүрдүүлэх хөрөнгийн хувьд эдгээр эх үүсвэртэй байгуулсан гэрээ хэлцэл, санхүүжилтийн амлалт, санхүүжилтийн нөхцөл зэргийг дурдсан албан ёсны баримт бичгийг эх хувиар хавсаргана” гэж шаардсан шаардлагыг биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
9. Ийнхүү Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны А/** дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжөөр урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичгийн дагуу саналаа ирүүлсэн бүх хуулийн этгээд нь шаардлага хангаагүй гэж үзэж, дахин олон нийтэд нээлттэй зарлахыг зөвлөсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
10. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6-д “төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эд хөрөнгөөс бусад өмчийн этгээдтэй хамтран хуулийн этгээд байгуулах, хөрөнгө оруулах, оруулсан хувь хөрөнгөө татан авах талаар тухайн хуулийн этгээдээс гаргасан саналыг хэлэлцэж шийдвэрлэх” гэж заасны дагуу Засгийн газрын 116 дугаар тогтоолыг үндэслэн хариуцагч нар сонгох ажлыг зохион байгуулсан нь хуульд нийцжээ.
11. Анхан шатны шүүх “...Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны А/** дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай зөвлөмж нь үргэлжилсэн шинжтэй захиргааны акт биш, харин тодорхой эрх зүйн харилцааг дуусгавар болгосон шинжтэй захиргааны акт байх тул түүнээс хойших эрх зүйн үр дагаварт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй” гэж зөв дүгнэжээ.
12. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
13. А-Н-Ш, Ч-Х-Б чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонголтод оролцох саналын урилга нь захиргааны актын эрх зүйн шууд үр дагавар бий болгох буюу зохицуулалт агуулсан байх шинжийг хангахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч “С” ГХОХХК анх 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тус тус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөн байх бөгөөд “шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, 1 зөвлөмж, 3 тэмдэглэл авагдсан тул нотлох баримт цуглуулах үүргээ шүүх хэрэгжүүлээгүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
14. Анхан шатны шүүх Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны А/** дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаас дахин зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч хуулийн этгээд оролцоогүй бөгөөд “2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зарласан А-Н-Ш, Ч-Х-Б чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилан сонгон шалгаруулалт зохих журмын дагуу үргэлжлүүлэн явуулахыг “М” ТӨХК-д даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2023/0802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА