Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 586

 

186/2019/0185/Э

 

 

 

 

2019       6        13                           2019/ДШМ/586                        

 

                          Н.Э-т холбогдох эрүүгийн

                                   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Нямсүрэн,

хохирогч А.Тамир,

шүүгдэгч Н.Э  /цахимаар/,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Э ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1911001890054 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Н-ийн Э, ..........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................../;

 

Н.Э  нь А.Тамирт “Гааль дээр бууж байгаа машин авах уу” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11,500,000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Э ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Н.Э ээс 11,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Тамир /РД:ЧЛ75010519/-т олгохоор, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Н.Э  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Э-т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Э  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Э  би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их туйлын эхээр харамсан гэмшиж байна. Н.Э  би ам бүл 5, өрх толгойлсон эмэгтэй. Миний том хүүхэд 8 настай, дунд хүүхдүүд 5, 3 настай, бага хүүхэд 1 нас 4 сартай 4 хүүхдүүдийн хамт амьдардаг. Одоо би 5 сартай жирэмсэн, хорих ангийн эмнэлгийн хяналтад байгаа. Миний 4 хүүхдүүдийн асран хамгаалан, харж хандах хүнгүй миний амьдрал хүнд үлдсэн. Хохирол төлбөрийг цаашид бүрэн төлж барагдуулж, гэм хорыг арилгах болно. Миний ар гэрийн байдал болон бага насны 8 наснаас 1 нас 4 сартай 4 хүүхдүүдийн нөхцөл зэргийг харгалзан, мөн хохирол төлбөр төлөх боломж олгон надад оногдуулсан 1 жилийн ялыг хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч А.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөр аваагүй. Урьд нь шүүгдэгч Н.Э ээс 2 удаа автомашин авч байсан. Уг автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн, Дундговь аймгийн улсын дугаартай автомашин авч байсан. ...” гэв.

 

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Э ийн 4 хүүхдийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоохоор хүүхдүүдийн төрсний гэрчилгээг мөрдөгч болон прокуророос удаа дараа шаардсан боловч хөдөө байгаа гээд өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарч хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад түүний жирэмсэн эсэх нь тогтоогдоогүй нөхцөл байдал байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учир шүүгдэгч Н.Э ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Н.Э  нь А.Тамирт “гааль дээр бууж байгаа машин авах уу” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11,500,000 төгрөг залилан мэхэлж авсан болох нь:

хохирогч А.Тамирын “...2018 оны 12 сарын 5-ны өдөр миний танил Энхцэцэг нь над руу яриад та машин авах уу, гааль дээр бууж байгаа, бэлэн мөнгө хэрэгтэй байна гэсэн. ...би авъя, үзье гэсэн. Тэгээд би “Да хүрээ” зах руу явж байтал Энхцэцэг залгаад Баянбүрдийн урд талын автобусны буудалд дээр уулзъя” гэхэд нь би за гэсэн. Тэгтэл Энхцэцэг нь дүү Чинбатын хамт надтай автобусны буудал дээр уулзаад “гааль дээр машин буугаад байгаа болохоор, гаалиас мөнгө нэхээд байна яаралтай манай дүү Чинбатын данс руу мөнгөө хийчих, тэгээд “зах руу одоо очоод машинаа авчих” гэхээр нь би итгээд зүс мэдэх хүмүүс худлаа ярихгүй байх гэж бодоод Энхцэцэгийн хэлснээр 11,500,000 төгрөгийг түүний дүү Чинбатын 5077073257 гэсэн данс руу нь Баянбүрдийн урд талын автобусны буудлын урд байх “Хаан” банкны АТМ-ээс шилжүүлсэн. Тэгээд Энхцэцэгийн хамт зах дээр тэр дороо яваад очтол Энхцэцэг нь таны авах гэж байсан машин зарагдсан байна гэсэн. Тэгээд өөр машин өгнө гэснээ мөнгөлөг саарал өнгийн “Приус 20” машин үзүүлсэн ба гаалийн бичиг байхгүй маргааш хүрээд ир гэсэн. Маргааш нь очтол Энхцэцэг танд өгч болохгүй байна, 7 хоногийн дараа дахин машин бууна тэгэхээр нь авчих гэсэн. Би итгээд хүлээсэн. Тэгээд Энхцэцэгийн хэлснээр бол 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гааль дээр машин нь буугаад надад өгнө гэсэн ч тэр өдрөө бүтээгүй ба ...“Да хүрээ” зах дээрээс өөр машин олж өгнө гээд зах руу дагуулж очоод хар өнгийн “Приус 20” маркийн машин үзүүлснээ үүнийг авчих гэхээр нь би за гэсэн. Тэгтэл тэр чигтээ алга болчихсон. ...” /хх 10/,

гэрч Х.Чинбатын “...Энхцэцэг нь машиныг аваад хэд хоног мөнгө өгөлгүй таг болсон ба 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Энхцэцэгийн хамтаар мөнгөө авахаар гэр орноор очиж, тэр өдөр хамт явсан. Тэгээд тэр өдрөө бүтээгүй ба маргааш өглөө нь болох 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Энхцэцэг нь надтай Баянбүрдийн автобусны буудал орчимд уулзаад “Румион” маркийн машины мөнгийг өгөх ёстой юм гэснээ 11,500,000 төгрөг байна эхлээд үүнийг авчих гэснээ хамт явсан нэг эрэгтэй хүнээс миний 5077073257 дугаарын данс руу төгрөгийг АТМ-ээр шилжүүлсэн. ...Нөхрийг нь би хараагүй ба гэрт нь очиход 4 хүүхэд нь хамт байсан. Хэцүүхэн амьдралтай хүн байна лээ. ...” /хх 11/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Э ийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э ийг хохирогч А.Тамирыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 11,500,000 төгрөг залилан мэхэлж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч Н.Э  “...1 нас 4 сараас 8 насны 4 хүүхэдтэй, 5 сартай жирэмсэн. Надад оногдуулсан 1 жилийн ялыг хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт буй баримтыг үзэхэд Н.Э ийн хувийн байдал болон хүүхдүүдийн нас, шүүгдэгчээс өөр асран хамгаалагч байгаа эсэх талаарх нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, анхан шатны шүүхийн шатанд тогтоогоогүй, зохих ажиллагааг хийгээгүй байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдийг хянахад, Н.Э  нь:

27-28 долоо хоногтой жирэмсэн /Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолтоор нотлогдсон./,

2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Э.Буяннэмэх, 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Э.Хүслэн, 2015 оны 11 сарын 17-ны өдөр төрсөн хүү Э.Даваадорж, 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Д.Дагвадорж гэсэн 4 хүүхдүүдтэй /төрсний гэрчилгээнүүдээр нь нотлогдсон./ байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар ...заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ...” гэж зааснаар Н.Э ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж зааснаас үзэхэд “залилах” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд орно.

 

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...” гэсэн заалтыг шүүгдэгч Н.Э-т хэрэглэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын шатанд Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй албан тушаалтан хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэр тусмаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүний бага насны хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авах үүрэг бий.

 

Энэ нь “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална...” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах...-д оршино...” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, Эрүүгийн хуулийн “...Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэсэн шударга ёсны зарчим, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенцэд нийцнэ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй ажиллагаа гэж үзэхгүйгээр яллагдагчийн асран халамжилж, харгалзан дэмждэг хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байдлаар яллагдагчийн хувийн байдлыг бүрэн тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг хийж хэргийг нь шүүхэд шилжүүлж байхыг анхааруулан тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т хорих ял оногдуулсан энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил /хоёр жил/ -ийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгосугай...”,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулж болохыг тус тус Н.Э-т мэдэгдсүгэй...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Н.Э ийг нэн даруй сулласугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ