Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/503

 

 

 

 

 

 

 

 

    2022         06           21                                     2022/ШЦТ/503

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч В.Батдэлгэр,

шүүгдэгч Д.Ба, түүний өмгөөлөгч Б.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* Ба-од холбогдох эрүүгийн 2205012301358 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “************* ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******************* тоотод оршин суух,

- урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 339 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, *********************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ба нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 25-р хороо “Голден парк” хотхоны тоглоомын талбай дээр бага насны хүүхэд буюу Б.Х /13 настай/-г “хүүхдийн нүүрэнд бөмбөгөөр цохиж унагаасан” гэх шалтгаанаар гэдэс, нүүр хэсэг рүү нь өвдөглөх, дагз хэсэг рүү нь цохих зэргээр зодож, улмаар түүний биед хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ба мэдүүлэхдээ: “...Хэрэг гарснаас хойш хохирогч хүүхдийн аавтай нь уулзаж хүүхдийг эмнэлгээр авч явъя, эмчлүүлье гэж хэлсэн бөгөөд баримтгүйгээр эмчилгээний төлбөрт 1.320.000 төгрөгийг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Насанд хүрээгүй хохирогч Б.Х-гийн:

“...“Би 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байгаад 20 цаг 20 минутын үед тоглох гэж гэрээсээ гадагшаа байрныхаа тоглоомын талбай руу гарсан. Тоглоомын талбайд найзуудтайгаа хөл бөмбөг тоглосон. Манай найз над руу бөмбөг өшиглөхөөр нь би буцааж өшиглөхөд сандлын ирмэг оногдож бөмбөг буцаж ойхдоо саравчны хажууд гүйж явж байсан 3-4 насны охиныг оночихсон. Тухайн хүүхэд газар унахаар нь би босгох гээд очиход аав нь “хөөе чи нааш ир дээ” гэсэн. Би аав руу нь очоод “уучлаарай ахаа” гээд 2 алгаа хавсарч гуйхад миний гэдэс хэсэг рүү 2-3 удаа өвдөглөөд миний төмсөг хэсэг рүү өвдөглөөд доошоо тонгойх үед дагз хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Дараа нь хамар хэсэг рүү 3 удаа өвдөглөхөд миний хамраас гэнэт маш цус гарсан. Тухайн үед миний толгой эргэсэн байсан. Тэнд байсан хүмүүс тэр ахыг салгаад 1 хүн ирээд “аавынхаа дугаарыг өгөөдөх” гээд аавыг маань дуудаж өгсөн. Миний толгой гэнэт, гэнэт хатгуулж өвдөж байгаа. Унтаж байхад мөн адил гэнэт хатгаж өвдөж цочиж сэрж байгаа. Хамар битүүрээд хамрын цацлага түрхэхээр харшлаад хамраар юм гараад, зүрх хааяа, хааяа хатгуулж өвдөөд тухайн үед цохиулсны улмаас баруун талын буйл шархалж юм идэхээр хөндүүрлэж байгаа. Хамгийн их өвдөж байгаа нь толгойн ард тал буюу дагз эсгээр өвдөж байгаа. ...Миний биед Д.Ба ахаас өөр халдаж цохисон хүн айхгүй. ... Би аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Манай ээж элэгний циррозтой бие нь өвдөөд хэвтэрт босож чадахгүй байгаа юм. Манай аав хэвлэлийн газар ажилладаг. Манай гэрээс аав ганц ажил хийдэг. Дүү маань 6 настай, эмэгтэй, гэртээ байдаг юм. Би хамрын таславчны самархайн хагалгаанд насанд хүрэхээр орох болсон. Миний хамрын таславч энгийн хамрын яснаас хамаагүй зөрүүтэй, “ЭЭС /S/ үсэг шиг болсон, цусжилт их байна гэж эмч хэлсэн. Одоо хагалгаанд орох юм бол өсвөр насны хүүхэд учир том болох тусам хамар томрохгүй жижиг хэвээр үлдэнэ гэсэн. 2022 оны 03 дугаар сарын байдлаар хагалгаанд ороход 4 сая орчим өгрөг болно гэж эмч хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 118 дахь тал/,

2. Гэрч М.З-гийн:

“...Баянгол дүүргийн 25-р хороо “Голден парк” хотхоны тоглоомын талбайд хүүхдээ салхилуулж байхад үл таних 170-172 см өндөртэй, бор залуу тоглоомын талбайд тоглож байсан том биетэй 14-15 насны хүүхдийн толгой руу 2-3 удаа цохиж, гэдэс рүү нь гараараа мөн адил элэгдэж цохисон. Хөл хэсэг рүү нь хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дахь тал/,

3. Гэрч Г.Б-ын:

“... “Х-гийн эмчилгээний зардлыг нь бүрэн барагдуулж өгнө, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй шийдүүлье” гэж гуйсан. Удаа дараа гуйгаад байхаар нь би хүүгээ шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Манай хүүг эмнэлэгт үзүүлэх үед Д.Ба гэх залуу байнга хамт явж хүүхдийг маань үзүүлдэг байсан. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Эх нялхаст хамрын хагалгаанд орсноос хойш Д.Ба гар утсаа авахаа больж холбоо барихаа больсон. Д.Ба нь хүүгийн маань эмчилгээний зардалд 1.060.000 төгрөгийг манай эхнэрийн болон миний данс руу шилжүүлсэн мөн 1 удаа 100.000 төгрөг бэлнээр, томографын мөнгийг эмнэлгийн данс руу 260.000 төгрөг шилжүүлж байсан. Одоо хагалгаанд 3-4 сая төгрөг болно гэсэн. Би Ба-той байрны гадна уулзаад “чи надад 5.000.000 төгрөг өгчих хоёулаа салъя” гэхэд “мөнгө өгнөө” гэж байгаад алга болчихоор нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдсан. Шүүх хурал болсны дараа хүүгийн биед халдсан зөрчлийг хүчингүй болгосон. Тэрнээс хойш Д.Ба-той дахин холбогдохгүй болохоор нь хуулийн дагуу анх үзүүлж байсан бичгээр нь шүүх эмнэлэгт үзүүлж шийдэхээр болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 120 дахь тал/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Ганцацралын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5181 дугаартай:

“...Б.Х-гийн биед хамрын ясны хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 131-132 дахь тал/,

5. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Г.Бын гаргасан гомдол, хүсэлт, түүнд хавсаргасан өвчний түүх түүнтэй холбоотой баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн шийдвэр, /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,  

6. Шүүгдэгч Д.Ба-ын:

“...Би өөрийн гэм буруугаа хүлээж бүх төлбөр тооцоог төлж, өөрөө цуг эмнэлгээр явж байсан. Тэгэхэд аав нь хүүхдийн хагалгаа дууссан гэх боловч надаас ямар ч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэж өгөхгүй бол цагдаа шүүхээр явж, явах газарт нь явуулна гэсэн...” гэсэн мэдүүлэг,

7. Шүүгдэгч Д.Ба-ын хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Д.Ба нь насанд хүрээгүй хохирогч Б.Хг “хүүхдийн нүүрэнд бөмбөгөөр цохиж унагаасан” гэх шалтгаанаар зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Д.Ба болон түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Ба-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Ба нь:

2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 25-р хороо “Голден парк” хотхоны тоглоомын талбай дээр бага насны хүүхэд буюу Б.Х /13 настай/-г “хүүхдийн нүүрэнд бөмбөгөөр цохиж унагаасан” гэх шалтгаанаар гэдэс, нүүр хэсэг рүү нь өвдөглөх, дагз хэсэг рүү нь цохих зэргээр зодож, улмаар түүний биед хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Х, гэрч М.З, Г.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Ганцацралын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5181 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Ба нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Баыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч Д.Ба төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Харин насанд хүрээгүй хохирогч Б.Х нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.Ба-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Д.Ба гэм буруу дээр маргаагүй. Мөн хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.Ба нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Ба-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205012301358 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************** Ба-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ба-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ба-од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ба нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.Х нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Ба-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ба-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                М.ДАЛАЙХҮҮ