Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/510

 

 

 


 

 

 

 

   2022          06           22                                     2022/ШЦТ/510

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баасандорж,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч А.Э түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ Э-эд холбогдох эрүүгийн 2205007621114 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын **************** тоотод оршин суух,

- урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1054 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ****************.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.Э нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бурхант” төв дотор байх нийтийн караокед үйлчлүүлж байсан хохирогч Ц.О биед халдан хүч хэрэглэж, улмаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүний эзэмшлийн ТСL-20L загварын гар утсыг илээр дээрэмдэн авч 799.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.О:

 “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 23 цаг 10 минутын орчим хамт ажилдаг 2 хүн болох Болорцэцэг, Оюунцэцэг нарын хамт Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бурхант” төв нэртэй караокед суугаад 6 шил пиво ууж байгаад манай 2 найз “бүжиглэнэ” гэж хэлээд босоод явахаар нь үл таних залуу хүрч ирээд “эгчээ гар утсаараа нэг яриулаач” гэж хэлэхээр нь “үгүй аваад зугтааж магадгүй би яриулахгүй” гэж хэлсэн чинь тэр залуу яваад өгсөн. Тэгээд манай 2 найз бүжиглэж дуусаад ширээн дээрээ хүрч ирсэн чинь нөгөө үл таних залуу бас хажууд нь хүрч ирж суугаад Болорцэцэгээс “та утсаа өгч байгаач” гэж хэлэхээр нь Болорцэцэг гар утсаа өгсөн чинь “таны утас хэрэггүй та утсаа өгчих” гэж надаас асуухаар нь би “өгөхгүй” гэж хэлсэн чинь хар куртиктэй залуу намайг миний куртикний юүдэнгээр боож байгаад намайг ухаан балартаад байж байх хооронд тэр залуу миний энгэрийн халаасанд байсан ТСL-20L маркийн утсыг булааж аваад зугтаахаар нь Болорцэцэг хойноос нь гүйгээд гүйцээгүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон хар өнгийн богино куртиктэй цайвар царайтай хацар дээрээ түлэгдсэн юм шиг сорвитой махлагдуу царайтай 160-165 см орчим өндөртэй залуу байсан. Би одоо харвал хар куртиктэй залууг нь танина. Би гар утсаныхаа имей кодыг мэднэ 357390320509874, 357390320509882...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

2. Хохирогч Ц.О дахин өгсөн:

“...Би алдсан ТСL-20L загварын гар утсаа хүлээж авлаа. Би өмнө нь таньж олуулах ажиллагаагаар зааж өгсөн нэг залуу байгаа. Уг нь гурвуулаа явж байсан ч нөгөө 2 хүн нь ямар нэгэн үйлдэл хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

3. Гэрч Л.Б:

“...Би 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бурхант” төвийн нийтийн караокед ганцаараа орсон юм. Би тухайн караокед ороод сууж байхад миний танил Э, Батмөнх 2 орж ирээд миний ширээн дээр суугаад ...Э надаас “пивоноос чинь уучих уу” гэж асуухад нь би зөвшөөрөөд бид 3 нэг ширхэг шилтэй пиво хувааж уусан. Ингээд би кассан дээр очоод авсан пивоныхоо тооцоог хийгээд тус караокены гадна Батмөнхтэй хамт тамхи татаад зогсож байгаад тамхиа татаж дуусчхаад Энхболдын замын уулзвар дээр байрлах микроны буудлаас дээшээ явдаг таксинд суугаад гэр лүүгээ харьсан. Үүнээс хойш би дахин Э болон Батмөнх нартай уулзалдаагүй юу болсон талаар өнөөдөр мэдэж байна. Би тухайн өдөр тус караокед болсон асуудлын талаар өнөөдөр мэдсэн бөгөөд ямар нэгэн байдлаар тус асуудалд оролцсон болон олсон мөнгийг үрэлцсэн, хувь авсан зэрэг асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

4. Гэрч Б.У:

“... Би 2022 оны 02 дугаар сарын сүүлээр өөрийн ажиллуулдаг дэлгүүр болох Баянгол дүүрэг 22-р хороо, Зүүн нарангийн 8-11 “Анхил” дэлгүүрт байж байтал 21 цагийн орчимд гаднаас үл таних масктай 20-25 орчим настай архи согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр хэрэглэсэн байдалтай согтуу эрэгтэй орж ирээд ТСL-20L загварын гар утсыг надад өгөөд “та надад энэ гар утсыг цэнэглээд өгөөч, цэнэггүй болчихлоо” гэж хэлэхээр нь би тухайн гар утсыг аваад цэнэглэж өгөөд байж байтал ирэхгүй байсан. Тухайн хүн нь гар утсаа надад өгөөд тэр өдрөөс хойш ирээгүй тэгээд би тухайн гар утсыг хэрвээ эзэн нь орж ирвэл өгнө гэж бодоод хадгалж байсан. Манай дэлгүүрт олон хүмүүс үйлчлүүлдэг би яг сайн тухайн хүнийг анзаарч хараагүй, одоо харвал танихгүй байх. Тухайн үед манай дэлгүүрийн камер ажиллахгүй байсан. Тухайн гар утас нь хар өнгөтэй, өнгөгүй кэйстэй 4 камертай 357390320509874, 357390320509882 имей кодтой байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

5. Гэрч Г.Бо:

“... Би 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн орчим ажлын газрын эгч Оюунчимэг нарын хамт Баянгол дүүргийн 22-р хороо, “Бурхант” караокед орж дуулцгаасан юм. Тухайн үед бид нар 6 шил пиво гурвуулаа хувааж ууцгааж байсан бөгөөд удалгүй 3 эрэгтэй хүн тухайн караокед үйлчлүүлж байгаад нэг хар куртиктэй хүн Оюунчимэг эгчийн хажуу талд очиж суучхаад “гар утсаа өгч байгаач” гэсэн. Тэгтэл Оюунчимэг “өгөхгүй” гэхэд дахин дахин шалгаагаад байсан. Тэгээд нэг харахад Оюунчимэгийг тэр хар куртиктэй залуу нь куртикээр нь боож байх шиг харагдсан тэгээд яах ийхийн завдалгүй тэр хар куртиктэй залуу нэг бүдэрч унаад гарч зугтаасан. Тэгтэл Оюунчимэг “хүүе миний гар утсыг аваад зугтчихлаа” гэсэн. О гар утсыг дээрэмддэг залуу хар куртиктэй байсан. Тэр хар куртиктэй боож байгаад утсыг нь дээрэмддэг залуу ганцаараа дээрэмдсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

6. Камерын бичлэгийг хуулбарласан дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-06 дэх тал/,

7. Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-16 дэх тал/,

8. Иргэн Б.Ууганбаяраас “ТСL-20L” маркийн 357390320509874, 357390320509882 имей кодтой гар утсыг түр хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дахь тал/,

9. “ТСL-20L” маркийн 357390320509874, 357390320509882 имей кодтой гар утсыг хохирогч Ц.Оюунчимэгт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/,

10. Эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай “Ашид Билгүүн” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 46-47 дэх тал/,

11. Шүүгдэгч А.Эийн:

 “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. ...би ганцаараа тухайн ширээнд 1 шил пиво ууж дуусаад хажуудаа сууж байсан эгчийн гар утсыг булааж аваад зугтаагаад гараад явсан. ... би тухайн үед их согтсон байсан болохоор сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,

12. Шүүгдэгч А.Эийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч А.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хохирогч Ц.Оюунчимэгт 799.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэргийн зүйлчлэл тохироогүй, камерын бичлэгээр шүүгдэгч А.Э нь хохирогчийг боож унгаасан үйл баримт тогтоогдоогүй. Харин гар утсыг нь булааж авч байгаа нь харагддаг. Иймд прокурор хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Э-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч А.Э нь:

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бурхант” төв дотор байх нийтийн караокед үйлчлүүлж байсан хохирогч Ц.О биед халдан хүч хэрэглэж түүний эзэмшлийн ТСL-20L загварын гар утсыг дээрэмдэн авч 799.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Оюунчимэг, гэрч Л.Баярмагнай, Б.Ууганбаяр, Г.Болорцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, камерын бичлэгийг хуулбарласан дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэн Б.Ууганбаяраас “ТСL-20L” маркийн 357390320509874, 357390320509882 имей кодтой гар утсыг түр хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай “Ашид Билгүүн” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нь “хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй” гэж хэргийн зүйлчлэл дээр маргасан.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч А.Э нь хохирогч Ц.О гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн авсан болох нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч Ц.О “хар куртиктэй залуу миний куртикний юүдэнгээр боож байгаад намайг ухаан балартаад байж байх хооронд миний энгэрийн халаасанд байсан ТСL-20L маркийн утсыг авсан”, гэрч Г.Бо “Оюунчимэгийг тэр хар куртиктэй залуу нь куртикээр нь боож байх шиг харагдсан” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг хүч хэрэглэж бие махбодод нь хохирол учруулах байдлаар дарах, няцаах зорилготой халдсан, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтлон авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч А.Э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгоогоор төгсдөг.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Эийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

 

Шүүгдэгч А.Э нь хохирогч Ц.О “TCL-20L” загварын гар утсыг дээрэмдэн авсан ба энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 799.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч А.Э-ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч А.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх” эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба  шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн зэргийг харгалзаж “хорих ялыг хөнгөрүүлэх” нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Иймд эрүүгийн хариуцлагыг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 40 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205007621114 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** Э-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ээд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 40 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Ээд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ДАЛАЙХҮҮ