Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/513

 

 

 

 

 

 

 

  2022           06           22                                          2022/ШЦТ/513

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* Т-т холбогдох эрүүгийн 2205002871254 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт ****************тоотод оршин суух,

- урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, *************.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.Т нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ar Marko” ХХК-ийн хашаанд нэвтэрч зөөврийн компьютер, вино зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 4.635.900 төгрөгийн хохирол,

- 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо, “Эрин” хорооллын 55-р байрны 10 давхраас хохирогч Б.Ба эзэмшлийн “Cannondale” брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Бат-Эрдэнэд 2.496.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт үргэлжилсэн үйлдлээр 7.131.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д:

 “...Миний бие “Аг марко” ХХК-д борлуулалтын албаны даргаар 2014 оноос хойш ажиллаж байгаа. 2021 оны 12 дугаар сарын 24-нд манай байгууллага оройн 19 цагийн үед тараад ажлын газрын түгээлтийн бараагаа ажлын байрны коридорт оруулсан юм. Миний бие гэртээ амарч байхад манай байгууллагын харуул Намхайдорж гэх хүн надад хэлэхдээ “манай оффист хулгайч орсон байна” гэж хэлсэн. Бид ирээд харахад манай байгууллагын түгээлтийн бараа болох олон тооны оргилуун дарс болон вино ажлын шугамаар ашигладаг зөөврийн компьютер зэрэг эд зүйл алдагдаж, хаалга гэмтсэн байснаас гадна авч гараад гадаа хүйтэнд хөлдөөсөн дарс, оргилуун дарс зэрэг эд зүйл цаашид ашиглах боломжгүй болсон байсан. Бид хэрэг гарсны дараа ажил дээрээ хохирлоо тооцоолоод албан ёсоор хохирол гомдлоо гаргаж өгсөн. Манай кампани уг хэрэг маргаанд намайг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон тул би энэ хэрэгт хохирогчоо оролцож байна. ...Хохирол барагдуулсан зүйл байхгүй. Тухайн үедээ цагдаагийн алба хаагч нар манай байгууллагаас алдсан гэх 2 ширхэг зөөврийн компьютерыг надад хүлээлгэн өгсөн, мөн харуул хамгаалалтын газар маань өөрсдөө ажлын хариуцлага алдсан гэдгээ хүлээж хагарсан болон хөлдсөн дарс оргилуун дарс нөхөн төлсөн. Манай байгууллагад одоо учирсан байгаа хохирол болох “Dell” маркийн дэлгэц нөхөн төлөөгүй байгаа хаалга эвдэрсэн байсныг бид өөрсдөө засаад янзалж авсан тул гэм буруутай хүнээр нь эвдэрсэн эд зүйл болох дэлгэцээ төлүүлмээр байна. Өөр надад ямар нэг гомдол санал байхгүй. ...Манай байгууллагад орсон хүн нь хохирол барагдуулах чадваргүй гэдийг бид мэдэх тул ямар нэг зүйл нэхэмжлээд хэрэггүй гэж бодож байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

2. Гэрч Ц.На:

“...Би Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байдаг “Аг марко” ХХК харуулаар ажилдаг юм. Орой ажил тараад би байгууллага дээрээ харуулаар үлдсэн бөгөөд манай гэрт хүргэн болох Болдоо “ирсэн байна” гэхээр нь би ажлаа орхиод гэртээ харьж хэсэг зуур хууч хөөрөөд юм ярьж байгаад ажил дээр ирсэн бөгөөд намайг ажлын хаалгаар орж ирэх үед манай хашаан дээгүүр 1 хүн юм бариад давж байгаа харагдсан. Би араас нь хараад “юун хүн бэ” гээд асуусан чинь “мод авах гэсэн юм” гэж хэлсэн. Би араас нь “юу мод” гээд асуугаад дөхөөд очих гэтэл нөгөө залуу цаашаа зугтаагаад явсан. Би буцаад ажлын байраа тойрох гээд байгууллагын хаалга дээр ирэх үед хаалга нь онгойсон эвдэрсэн байсан. Би хаалгаар шагайгаад харахад манай үүдний хэсэгт хураасан байсан хайрцагтай юмнууд хөдөлсөн хажууд нь компьютерын дэлгэц унасан байхаар нь хулгайч орсон байна гээд хамт ажилладаг Гансүхэд нярав Энхтайван нар утсаар хэлээд цагдаа дуудсан. ...Би тухайн хүнийг яг сайн харж чадаагүй. Миний анзаарснаар манай энэ хавьд байдаг Т гээд нэлээд сахилгагүй залуу байдаг юм, тэр байсан байх гэж бодож байна. Би яг өмссөн хувцастайн таарах юм бол танина...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

3. Гэрч Ө.Эн:

“...Би тухайн үед байгууллагын камер үзсэн бөгөөд энэ үед манай хашаан дотор Т гээд манай ойр орчим байдаг залуу ганцаараа орж ирсэн бичлэг байсан. ...Бид нар тухайн өдөр үзлэг дуусахаар нь гэртээ харьсан бөгөөд маргааш нөгөөдөр нь би гадаа камер харсан чинь Т гэх залуу ганцаараа хайрцагтай эд зүйл буюу вино, оргилуун дарс зөөж байгаад манай камерыг тасалсан байсан. Би тэр хүнийг хашаан дотор өөр хүнтэй хамт байгаа бичлэг олж хараагүй. Тухайн үед манай компанийн байрны хаалга эвдэж онгойлгосон, мөн олон тооны бараа бүтээгдэхүүн авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

4. Гэрч Э.Эр:

“...Манай эхнэрийн ахын хүү болох Т манай гэрт 2 шил вино, дарс бариад орж ирсэн бөгөөд надад хэлэхдээ “...“Аг марко” ХХК дотор манаач нь надад өгсөн” гэж хэлсэн. Тэгээд бид 2 тэрийг нь хуваагаад уусан бөгөөд дуусаад байж байхад надад “...“Аг марко” ХХК-ийн хашаанаас түлш авмаар байна” гэж хэлсэн бөгөөд манаач нар нь “подон буюу барааны эвүүр мод өгнө” гэсэн гэхээр нь хамт гарсан чинь гадаа нь баахан цагдаагийн хүмүүс ирсэн байсан бөгөөд гэнэт Т байхгүй болсон. Тэгээд би манаач дээр очоод “түлэх мод өгөөч” гэсэн чинь “үгүй” гэхээр нь би маргаан хийсэн юм. ...Би Ттэй хамт “Аг марко” ХХК руу ороогүй. Надад хэлэхдээ “...“Аг марко” дотроос авсан” гэж хэлсэн бөгөөд яаж авсан талаараа хэлээгүй, хугацаа нь дууссан дарс гээд хөлдүү юм оруулж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

5. “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн БГ2-22-43 дугаартай хөрөнгийн үнэлгээний:  

“...алдагдсан гэх эд зүйлсийг нийт 4.635.900 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 49-52 дахь тал/,

6. Хохирогч Б.Ба:

“...2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн оройн 20 цагийн үед өөрийн эзэмшлийн унадаг дугуйг байрны доод талын гариад угаачхаад тухайн байрныхаа 10 давхарт хатаах зорилготой дугуй, рам хоёрыг тросоор холбож орхиод гэрийн хаалганы гадна орцонд үлдээсэн байсан. Тэгээд би ажилтай байсан учраас ажил руу явчихсан байсан ба ажил дээр байхдаа 22 цаг өнгөрч байхад дүү Нандин-Эрдэнэ рүү “дугуй оруулчхаарай” гэж хэлсэн чинь Нандин-Эрдэнэ 22 цаг 40 минутын үед “унадаг дугуй байхгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед би ажилтай байсан учраас ямар нэг арга хэмжээ авч чадаагүй. Түүний маргааш нь ажлаас бууж ирээд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хяналтын камерыг шүүж үзэхэд 22 цагт хар өнгийн куртиктэй шар царайтай, жордан 1 пүүз өмссөн, хар саравчтай малгайтай, мөрөн дээрээ пүүз тохсон 18-20 орчим настай залуу аваад гарч байгаа бичлэг байсан. Тухайн залуу “СU” худалдааны төвөөр орж миний унадаг дугуйг авсан байсан. ...Би тухайн залууг харвал танина. ...Би алдсан дугуйгаа 3.500.000 төгрөгөөр авч байсан. Миний дугуй уралдааны зориулалтын тоноглолтой дугуй байсан. Би одоо 8.500.000 төгрөгөөр үнэлнэ. ...Би унадаг дугуйгаа 2015 онд “Cannondale Mongolia” гэх дэлгүүрээс 3.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/,

7. “Дамно” ХХК-н 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн БГ2-22-432 дугаар хөрөнгийн үнэлгээний:

“...2016 онд албан ёсны дэлгүүрээс худалдаж авсан “Cannondale” брэндийн Trail 329 загварын унадаг дугуйг 2.496.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

8. Шүүгдэгч О.Тийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч О.Т нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ar Marko” ХХК-ийн хашаанд нэвтэрч зөөврийн компьютер, вино зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 4.635.900 төгрөгийн хохирол, мөн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо, “Эрин” хорооллын 55-р байрны 10 давхраас хохирогч Б.Ба эзэмшлийн “Cannondale” брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.496.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт үргэлжилсэн үйлдлээр 7.131.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч О.Т нь гэм буруу дээр маргахгүй байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Дамдинсүрэн нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, харин хохирогч Б.Бат-Эрдэнэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна....” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Тийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч О.Т нь:

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ar Marko” ХХК-ийн хашаанд нэвтэрч зөөврийн компьютер, вино зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 4.635.900 төгрөгийн хохирол,

- 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо, “Эрин” хорооллын 55-р байрны 10 давхраас хохирогч Б.Ба эзэмшлийн “Cannondale” брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Бат-Эрдэнэд 2.496.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт үргэлжилсэн үйлдлээр 7.131.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Дамдинсүрэн, хохирогч Б.Бат-Эрдэнэ, гэрч Ц.Намхайдорж, Ө.Энхтайван, Э.Эрдэнэчулуун нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Харин хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.  

 

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив нөхцөл байдлын үндэслэл болно. /Улсын Дээд шүүхийн 2019.10.30-ны өдрийн 570 дугаар тогтоол/.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч О.Т нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Тийг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас “Ar Marko” ХХК-нд 4.635.900 төгрөгийн, хохирогч Б.Бат-Эрдэнэд 2.496.000 төгрөгийн, нийт 7.131.900 төгрөгийн хохирол учирсан бөгөөд “Ar Marko” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Дамдинсүрэн “хулгай хийсэн хүн хохирол барагдуулах чадваргүй гэдийг бид мэдэх тул ямар нэг зүйл нэхэмжлээд хэрэггүй гэж бодож байна” гэсэн байх тул шүүгдэгч О.Тээс 2.496.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Б.Бат-Эрдэнэд олгохоор шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч О.Т-ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч О.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдал буюу насны байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүхээс шүүгдэгч О.Т-ийг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205002871254 дугаар хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** Т-ийг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Т-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ээс 2.496.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бат-Эрдэнэд олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 70 /далан/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ