Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 176

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Г.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох

Хашаа албадан буулгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн би аймгийн Засаг даргын 2011 оны 05 сарын 17-ны өдрийн а/209 тоот захирамжийн хавсралтаар иргэн Н-аас У ХХК-н хуучнаар 100 хүний гуанзны ард байрлах 756 мкв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр эзэмших эрхийг шилжүүлэн авч гэрчилгээ авсан билээ. Тэр үед өөрийн эзэмшлийн газрыг тусгаарлан хашаа барих гэтэл Улаанхас ХХК-ийн эзэн захирал Б дүү Г нар одоохондоо барилга барихгүй шил бол хашаагаар тусгаарлахгүй байвал зүгээр байна. Танай газар дээр миний 00 буюу бие засах газар байдаг учраас үүнийгээ хэрэглэж баймаар байна гэхээр нь зөвшөөрч тусгаарлахгүй орхисон юм. Гэтэл иргэн Г, Б нар 2015 оны 09 сараас эхлэн иргэний болон захиргааны хэрэгт уг газарт маргаан үүсгэж өнөөг хүргэснээр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны барилгыг барьж чадалгүй санхүүгийн болон сэтгэл санааны хямрал үзэж байна. 2015 оны 09 сард үүсгэсэн маргаан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан. Мөн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 08 тоот шийдвэрээрээ уг маргааныг бүхэлд нь үхэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн төдийгүй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 221/МА 20170314 тоот магадлалаараа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 2017 оны 05 сарын 17-ны өдрийн а/209 тоот захирамжийн Г.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр, магадлал гаргасан билээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар Улаан хас ХХК-н ард байрлах газар нь иргэн Одхүү миний газар болох нь нотлогдож байх тул миний эзэмшлийн газрыг хороолон барьсан Б-ын хашааг албадан буулгуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хангаж өгнө үү. Учир нь хашаагаар тусгаарлах гэхээр маргаан үүсгэж хориг тавьж эрх хязгаарлаад байгаа учраас газраа эзэмшиж чадахгүй байгаа билээ гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2015 оны 09 дүгээр сард иргэний шүүхэд өгсөн байсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Б-ын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгээд Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсан. Ингээд болж байгаа юм байх гэж бодсон чинь захиргааны хэргийн шүүхэд өгсөн байсан. Захиргааны хэргийн шүүх хуралдаан болох гэхээр хүсэлт тавьж хурал хойшлогдож явсаар байгаад өнөөдрийг хүрч байгаа. Давж заалдах шатны шийдвэр гарсны дараа би хашааг албадан буулгуулах хүсэлт гаргасан. Б Дээд шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас хашааг албадан буулгах асуудлыг түдгэлзүүлээд өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Дээд шатны шүүхийн шийдвэр гартал хүлээж байгаад дээд шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хэргийг сэргээлгэх хүсэлт тавьсан. 11 сарын 17-нд Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болох гэхэд Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Тэрийг нь гартал шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Б-ын нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн байсан. 2009 онд Б, Н-д  газрыг шилжүүлсэн. Н-аас би 2011 оны 05 дугаар сард газрыг шилжүүлэн авсан. Газрыг шилжүүлсэн нь хуулийн хүрээнд явагдсан гэдэг нь иргэний болон захиргааны хэргийн шүүхээр батлагдаж Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Анх надад газрыг өгөхөд “Ц  эгчээ энэ газрын доор 2 дугаар 10 жилийн бохир цооног байгаа. Танайх орон сууц барихад гүнзгий ухах байх аа. Доороо муу усны нүхтэй байсан. Одоо төвлөрсөн шугам ашиглахаар болсноос хойш энийг дарсан. Манайх танайхыг байр барих юм бол 3 өрөө байр авна” гэж байсан. Гэтэл гэнэтхэн заргалдаад унасан. Ямар байсан иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарахыг нэлээн тэвчээртэй хүлээсэн. Миний барих гэж байгаа барилга Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлэх 100 мянган айлын хөтөлбөрт орсон. Төрийн албан хаагч нар нь захиалгаа өгсөн байсан. Юм хийлгэхгүй маргаан үүсгэж байгаад бизнесийн утгаар болон сэтгэл санаагаар хохирч байна. Газар руу орж болохгүйгээр хашиж Б-т хашаа хатгаж барьсан байгаа. Би тэр хашааг нь буулгах гэхээр загнаж хараагаад зодох гээд байдаг.  Албадан буулгана гэхээр намайг арай элэг барихгүй байх гэж аргаа барахдаа ингэж явж байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Б.Б-д холбогдуулж хашааг албадан буулгуулахаар нэхэмжлэл гаргахдаа Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 05 сарын 17-ны өдрийн а/209 тоот захирамжаар Улаан хас ХХК-ны хуучнаар 100 хүний гуанзны ард байрлах 1756 мкв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг шилжүүлэн авч гэрчилгээ авсан, хариуцагч Б.Б уг газар дээр барьсан хашаагаа буулгахгүй байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. 

Нэхэмжлэгч, хариуцагч талууд “хариуцагч Б.Б хашаа барьсан байгаа” үйл баримтыг маргаагүй, хариуцагч 2017 оны 11 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд “хашаа албадан буулгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн болно. 

 

Нэхэмжлэгч Г.О-ийн уг газрыг эзэмших эрх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байна. Учир нь: 

1. Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” а/209 дүгээр захирамжийн хавсралтаар шилжсэн Г.О-д холбогдох 754 мкв талбайтай газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Тухайн нэхэмжлэлийг Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай шийдвэрээр “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.4, 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн  Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” а/209 дүгээр захирамжийн хавсралтаар шилжсэн Г.О-д холбогдох 754 мкв талбайтай газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Энэхүү шийдвэрийг Улаан хас ХХК давж заалдаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0314 дугаартай магадлалаар “Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Улаан хас ХХК-ий нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох “2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” а/209 дүгээр захирамжийн Г.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 сарын 18-ны өдрийн 294 дүгээр тогтоолоор давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0314 дугаартай магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгч Улаан хас ХХК-н гомдлыг хангахгүй орхисныг Монгол Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргажээ. Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын даргын 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 6/60 дугаартай албан бичгээр Ерөнхий шүүгч  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 сарын 18-ны өдрийн 294 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шийдвэрлэснийг мэдэгдсэн байна. 

 

Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасны дагуу нэхэмжлэгч Г.Одхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж түүний эзэмшлийн газар дээр баригдсан хариуцагч  Б.Б-ын хашааг буулгах нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ. 

 

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримттлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасныг баримтлан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ар баян бэрх ХХК-ий ард байрлах нэхэмжлэгч Г.О-н  эзэмшлийн талбайд барьсан хариуцагч Б.Б-ын  хашааг буулгаж, газрыг чөлөөлсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН