Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/522

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,    

хохирогч *******,     

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт *******-д холбогдох эрүүгийн 2210009070630 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ......... оны ... дугаар сарын ....-ны өдөр ............... аймгийн ................... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, "Би Эн Эс Гэрэл" ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 1, .............. дүүргийн .... дугаар хороо, ............ хотхоны ..... дугаар байрны ...... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, .................... овогт ******* /РД: *******/      

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* хорооллын ******* дугаар байрны ******* тоотод хохирогч *******-г зодож зүүн хоёр хавирганы хугарал, цээж, зүүн хөх, баруун шуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.         

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв. 

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт:  2022 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн өглөө манай гэрт ******* найзынхаа хамт орж ирээд бид хоёр муудалцсан. Хэн хэн нь буруу үйлдэл гаргасан. Одоо миний бие зүгээр байгаа гомдол саналгүй гэв.   

 

Хоёр. Эрүүгийн 2210009070630 дугаартай хэргээс:

Хохирогч *******-аас Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8 дахь тал/ 

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-15 дахь тал/   

Хохирогч *******-ийн Лазер мед эмнэлэгт үзүүлсэн компьютерт томографикийн шинжилгээний хариу /хавтаст хэргийн 35-38 дахь тал/

Гэрч Т.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/ 

Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/ 

Гэрч А.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/ 

Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4906 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/

Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 83 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 82 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний үүрээр согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* хорооллын ******* дугаар байрны ******* тоотод хохирогч *******-тай үл ялих зүйлээр маргалдан зодож зүүн хоёр хавирганы хугарал, цээж, зүүн хөх, баруун шуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:  

 

Хохирогч *******-аас Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8 дахь тал/ 

 

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн орчимд би өөрийн амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хорооллын ******* дугаар байрны ******* тоот гэртээ ганцаараа байж байсан чинь гэрийн хаалга чанга хүчтэй балбаад байхаар нь би дурангаар харсан чинь хуучин үерхэж найзалж байсан ******* үл таних залуугийн хамтаар зогсож байхаар нь би хоёулаа юм чинь гэж бодоод хаалгаа тайлсан чинь ******* гэрт орж ирэхдээ нилээн согтуу орж ирсэн. Гэрт байхдаа дуудлагын виски захиалж авчирч уугаад найзынхаа хамтаар ууж байгаад найзыгаа яв гэж хэлээд такси дуудаад тэр найз нь явсан. Би тэр үед “хоёулаа одоо салсан нь дээр” гээд хэлсэн чинь “үгүй” гээд миний үснээс зулгаагаад газар хэвтүүлж байгаад миний цээж хэвлий хэсэг рүү өшиглөөд гар хөл рүү минь цохиж өшиглөөд зодоод байхаар нь би “хөөе үхлээ” гээд чанга дуугаар орилсон чинь гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-15 дахь тал/   

 

Хохирогч *******-ийн Лазер мед эмнэлэгт үзүүлсэн компьютерт томографикийн шинжилгээний хариу /хавтаст хэргийн 35-38 дахь тал/

 

Гэрч Т.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн орчимд үеэл дүү ******* нь өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны ******* тоотод гэртээ ганцаараа байж байхад нь урьд өмнө үерхэж найзалж байсан ******* гэдэг залуу согтуу найзынхаа хамтаар очиж хаалга нүдээд байхаар нь хаалгаа тайлсан чинь гар утсаараа нэг шил архи захиалж авчруулаад хамт явж байгаа залуудаа өгч уулгасан басан. ******* дүүгийн маань гэрт үлдээд “хоёулаа буцаж нийлмээр байна” гэж хэлэхээр нь дүү “чамтай нийлэхгүй хоёулаа салснаараа салцгаая” гэж хэлэхээр нь “чи яагаад надтай нийлдэггүй юм” гээд ******* дүүг маань зодохоор нь дүү орилоод гэрээсээ гарах гээд хаалга руу зугтаасан чинь ******* гэрээс нь гараад зугтаасан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/    

 

Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн:  “...би *******-ийн хамт *******-ийн гэр рүү нь орсон чинь *******-д хандаж “чи гадуур хүүхэнтэй ууж байгаад ирсэн биз” гээд хардаад байсан. ******* тухайн үед “хүний хажууд хэрүүл хийгээд яах вэ дээ” гэж хэлж байсан. Өөр ямар нэг хэрүүл маргаан болоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/ 

 

Гэрч А.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн:  “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 07-08 цагийн хооронд үеэл эгч ******* миний фейсбүүк мессенжер рүү залгасан байхаар нь юу болсон юм бол гэж бодоод буцаад залгасан чинь “би гэртээ хүнд зодуулчихлаа, толгой тархи өвдөөд байна” гэхээр нь “ямар хүн юм бэ, юун хүнд зодуулчихсан юм” гэж асуухад өмнө нь үерхэж байсан залуу байгаа юм гэж хэлсэн...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/ 

 

Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн:  “... 2022 оны 03 дугаар сарын 20-ны өглөө миний үеэл дүү ******* над руу гар утсаар залгаад “би өмнө өдрийн үүрээр ******* гэх залууд зодуулчихлаа, одоо гэмтэлд очоод үзүүлэх гэж байна хамт явъя” гэж хэлсэн. *******-г харахад дух, гар, хөл, баруун цээж нь бүгд хөхөрчихсөн их хэцүү харагдаж байсан...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/   

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4906 дугаартай шинжээчийн  дүгнэлт:

*******-д зүүн хоёр хавирганы хугарал, цээж, зүүн хөх, баруун шуунд цус хуралт тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоов.

Дээрх гэмтэл нь 7-8 хоногийн өмнө үүссэн байна.

Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй /хавтаст хэргийн 54-55 дахь тал/

 

Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...Зүйл анги гэм буруугийн талаар маргаан байхгүй...Би энэ үйлдэлдээ гэмшиж байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.   

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний үүрээр 06 цагийн орчимд согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* хорооллын ******* дугаар байрны ******* тоотод хохирогч *******г үл ялих зүйлээр шалтаглан зодож зүүн хоёр хавирганы хугарал, цээж, зүүн хөх, баруун шуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

          Иймд шүүгдэгч *******-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлт гаргав. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь батлагдаж байна /хавтаст хэргийн 74 дэх тал/

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдолгүй гэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэж шийдвэрлэсэн болно.

 

3. Хохирол, төлбөр болон бусад асуудлын талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.   

Гэмт хэргийн улмаас хохирогч *******-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

1. .................... овогт *******и-йг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.   

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.       

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР