Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/500

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Уянга /ҮД:1620/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .................. овогт ................... .....................-д холбогдох эрүүгийн 2210012290759 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ......... оны ....... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, .... настай, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. ам бүл-5, эмээ, дүү, эгч нарын хамт ............... дүүргийн ...... дугаар хороо, ....... ........ дугаар гудамж, ......... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .............. овогт ................... ................. /РД:......................../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* 2022 оны 05 дугаар сарын 06-ны шөнө согтуурсан үедээ Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* ******* цогцолборын үүдэнд тодорхойгүй шалтгаанаар хохирогч *******-ийг түлхэж унагаан, нүүрэн тус газар нь хөлөөрөө дэвсэж эрүү ясны зөрүүтэй хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *******-гийн шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

 

Хоёр. Эрүүгийн 2210012290759 дугаартай хэргээс:

 

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/

 

Хохирогч *******-ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-13 дахь тал/ 

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 6992 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/

 

Шүүгдэгч *******-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 51 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ******* 2022 оны 05 дугаар сарын 06-ны шөнө согтуурсан үедээ Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* ******* цогцолборын үүдэнд хохирогч *******-ийг шалтгаангүйгээр түлхэж унагаан, нүүрэн тус газар нь хөлөөрөө дэвсэж эрүү ясны зөрүүтэй хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/

 

Хохирогч *******-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Дөлгөөн нуур” гэх газарт найзуудтайгаа баарнаас гараад “******* Хилл” цогцолборын “*******” баар руу орохоор хамт явсан...”*******” бааранд байхад манай найзууд яваад өгсөн байсан ба би нэг эмэгтэйтэй юм яриад байж байтал нэг залуу ирээд намайг цохиод дээрээс дэвссэн. Тэгээд би ухаан алдсан байсан...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-13 дахь тал/ 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 6992 дугаартай шинжээчийн  дүгнэлт: 1. *******-ий биед эрүү ясны зөрүүтэй хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ 

 

Шүүгдэгч *******-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн өдөр ******* Хилл цогцолборт *******ын төрсөн өдрийг тэмдэглэчихээд согтсон хүмүүсийг эхнээс нь таксинд суулгаад *******ын эгчийг таксинд суулгах гэхэд нэг залуу ирээд салахгүй юм яриад байсан. Тэгээд намайг цохих гээд байгаа юм шиг байхаар нь би түрүүлээд цохьчихсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч ******* хохирогч *******-ийг түлхэж унагаан, нүүрэн тус газар нь хөлөөрөө дэвсэж эрүү ясны зөрүүтэй хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

          Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Уянга нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулахыг ******* нь зөвшөөрсөн байна. 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.     

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэх нь зүйтэй.  

 

3. Хохирол, төлбөр болон бусад асуудлын талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

Гэмт хэргийн улмаас хохирогч *******-ий эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба шүүгдэгч ******* нь хохирогч *******-ий эмчилгээний зардалд 5.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч *******-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.  

 

           Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. ................... овогт .................... ...................-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.     

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******-ий эмчилгээний зардалд 5.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

           6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОДБАЯР