Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 164

 

                                                         

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.С-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Ц.Г-д холбогдох

  3200000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч С.С,

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, 

  Хариуцагч: Ц.Г, 

  Хариуцагчийн өмгөөлөгч: Б.А, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.А нар оролцов.

                                                             

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нөхөр М бид хоёр Архангай аймгийн Цэнхэр сумын иргэн Ц.Г-аас 2014 оны 05 дугаар сарын үед цагаан цэнхэр өнгөтэй Бонго жи-2 маркийн 62-67 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэлэлцэн тохиролцож Ц.Г-д цоо шинэ Хайрхан нэртэй Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклоо 1 500 000 төгрөгөөр тооцож, хоёр нас нийлсэн тарган сувиа үнээг нэгийг нь 850 000 төгрөгөөр тооцож машины үнэнд нийт 3 200 000 төгрөгийн эд зүйл өгсөн. Тухайн үед Ц.Г машины бичиг баримт манай ахад байгаа ч үлдэгдэл 800000 төгрөгөө өгөхөөр чинь нэр дээр чинь шилжүүлнэ гэж хэлээд машинаа ямар ч бичиг баримтгүй манайд орхиод явсан. Тэгээд удалгүй нэг сар гарангийн дараа Ц.Г нь манайд ирээд надаас машинаар чинь айл нүүлгэчихээд аваад ирье гэж хэлээд зарсан машинаа аваад явсан. Дараа нь би болон манай нөхөр бид хоёр хойноос нь удаа дараа залгасан боловч утсаа авахаараа машины бичиг баримтыг ахаасаа аваагүй байна нэг мөсөн хамт аваачиж өгье гэж хэлдэг байсан. Ц.Г-ын Архангай аймгийн Цэнхэр суманд байдаг гэрт нь би болон манай нөхөр Н.М, дүү С.М  нартай удаа дараа очихоор удахгүй өгнө, мал зарах гэж байгаа гэж хэлдэг байсан. Сүүлдээ Цэнхэр суманд байдаг хаягтаа байхгүй оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болчихсон учраас шүүхэд хандаж чадахгүй өдийг хүрлээ. Саяхан Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Ихзам хорооллын 515 тоотод оршин сууж байгааг нь мэдлээ. Иймд хариуцагч Ц.Г-аас  нийт 3200000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ц.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ц.Г би нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Н.М-тэй наймаа хийсэн. Өөрийнхөө Бонго Жи-2 маркийн 62-67 АРА улсын дугаартай машинаа зарахаар зар өгсний дагуу М надтай уулзаж би машинаа 4500000 төгрөгөөр худалдахаар тохирч наймаалцсан. М надад эхний удаа 2 үнээ нэгийг нь 600000 төгрөгөөр буюу 1200000 төгрөг, 2010 оны Хайрхан нэртэй хятад мотоциклийг 900000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 2100000 төгрөгийг эдгээрийг эхэлж өгөөд үлдэгдэл 2400000 төгрөгийг 2015 оны 01 сар гаргаад малчны зээл авч өгнө гэж тохироод 2014 оны 12 сарын 17-нд М өөрөө миний машиныг авч явсан. Удалгүй 2014 оны 12 сарын 20-ны үеэр 2 үнээ, мотоциклоо дүү М-тай хамт миний машинаар авчирч өгөөд явсан. Тэрнээс хойш он ч гарсан, 1-2 сар ч дууссан, нөгөө малчны зээлээ авч нэг сард өгнө гэсэн нь худлаа болсон. Би 2015 оны 07 дугаар сарын 20-ны үеэр М-гийнд ирсэн.  М, С нар гэртээ байсан. Би мөнгөө авъя гэсэн чинь мөнгийг чинь өгч чадахгүй машинаа аваад яв гэсэн. Гэтэл миний машин бөгсийг эвдлээд өөр микроны бөгс тавьчихсан, машин чинь явахгүй байна гэсэн. Би машинаа асаах гээд чадахгүй өөрсдөө ч түрэлцээд асахгүй байсан. Тэгээд би Бортолгойгоос Ч-г фругон машинтай нь дуудаж машинаа чирүүлээд Цэнхэр суманд аваачсан. М надаас зүгээр явж байсан машин авч 7 сар орчим хэрэглэж байгаад бөгсийг нь эвдчихсэн хамар нь цөмөрсөн урд талаараа юм мөргөчихсөн байдалтай болгосон байсан. Би машиндаа шинэ 4 дугуй, мотор,бөгс зэрэг засвар хийх гээд Мөнхтүвшинг чи ирж үз гэж хэд хэдэн удаа дуудсан би завгүй байна гээд нэг удаа ирж үзсэн. Би жил шахуу машинаа хөдөлгөөгүй, үзүүлж харуулах  гээд байлгаж байсан. Тэгээд 2016 оны хавар 04 дүгээр сард бөгс, мотор, дугуй, цөмөрсөн хэсэг зэргийг засуулах шинээр тавиулах ажлын хөлс зэрэг нийт 3400000 төгрөгийг зарцуулсан. Энэ гарсан зардлаа Мөнхтүвшинд хэлэхэд би машинаа авахаа болъё, урд нь өгсөн 2 үнээ, мотоциклоо эдгээр засвартаа авчих гэж хэлээд бид хоёр тохиролцон аваа, өгөөгүй болсон байтал гэнэт олон сарын дараа эхнэр нь 3200000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 3200000 төгрөгийг төлөхгүй гэв. 

Нэхэмжлэгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Г-д 2 үнээ, шинэ мотоцикл өгсөн. Манай нөхөр машин барьдаггүй учраас дүү маань л мотоциклыг ганц, хоёр удаа унаж таксинд явж байсан гэв. 

Хариуцагч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр М-тэй наймаа хийсэн. М надад мотоцикл, 2 сувай үнээ ав гэж хэлээд нэг үнээг 600.000 төгрөгөөр, мотоциклыг 900.000 төгрөгөөр тохиролцсон. Надад он гаргаад малчны зээл аваад мөнгийг чинь өгнө гэж байсан. Тэгээд 2015 оны 07 дугаар сарын 27-нд зарсан машинаа буцаан авсан. Өмнө нь М рүү утсаар ярихад морь уяад явсан, нэг бол машинаа ирээд ав гэдэг байсан. Тэгэхээр нь би аргаа бараад Ч-ээр машинаа чирүүлж гэр рүүгээ харьсан. М “Машины чинь бөгсийг эвдсэн болохоор микроны бөгс тавьсан” гэж хэлэхээр нь шинээр бонго жи-2-ын бөгсийг сольж тавьсан. Бас машины мотор нь болохгүй болохоор нь М рүү 2015 оноос хойш утсаар ярьсан. Надтай ирж уулзахгүй байхаар нь 2016 онд Д гуайгаас машиндаа мотор авч тавьсан. Хавар М-д машиндаа засвар хийсэн гэхэд машинд авсан сэлбэг миний өгсөн мөнгөнд таарч байгаа бол яахав, наа мөнгөө засвартаа ав гэж хоорондоо зөвшилцсөн. Гэрчээр оролцож байгаа Б тэр үед надтай хамт сууж байсан. Надтай уулзахаар манайд ирж, удаа дараа утсаар ярьж байгаагүй. Би 2017 оны 08 дугаар сарын 25-нд фондын өвс хадахаар явж 2017 оны 12 сард ирсэн. Би 200.000 төгрөг оршуулгын зардалд өгнө гэж яриагүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.С-ийн нөхөр Н.М агсан нь хариуцагч Ц.Г-аас Бонго ЖИ 2 автомашиныг худалдан авч машины үнэнд 2 сувай үнээ, мотоцикль өгч үлдэгдэл төлбөрийг дараа өгөхөөр тохирч Н.М, Ц.Г нарын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулагджээ. 

 

Н.М үлдэгдэл төлбөрийг өгөөгүй учир хариуцагч Ц.Г гэрээнээс татгалзаж 2015 оны 07 сарын 20-ны өдөр машиныг буцаан авсан, машины төлбөрт авсан 2 үхэр, мотоциклийг Н.М-д буцаан өгөөгүй болохыг талууд маргаагүй болно. 2015 оны 07 сарын 20-ны өдрөөс тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Н.М 2017 оны 12 сарын 03-ны өдөр нас барсан, нэхэмжлэгч С.С  2017 оны 12 сарын 15-ны өдөр 51 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг авсан байх бөгөөд С.С Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхтэй байна. 

Нэхэмжлэгч тал машиныг худалдан авахад 2 сувай үнээ нэг бүрийг нь 850 000 төгрөгөөр, нэг мотоцикль 1 500 000 төгрөгөөр үнэлж өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч талуудыг байлцуулан авсан гэрч С.М-ын “ Би хамт байсан, мөнгөн дүнгээр мотоциклийг 1 500 000 төгрөг, үнээг нэг бүрийг нь 800 гаруй мянган төгрөгөөр ярилцаж тохиролцсон” гэсэн мэдүүлгээр 2 сувай үнээ нэг бүрийг нь 850 000 төгрөгөөр, нэг мотоцикль 1 500 000 төгрөгөөр үнэлж тохиролцсон нь нотлогдож байна. 

Хариуцагч Ц.Г анжарга шүүх хуралдааны шатанд гэрч С.М  худлаа мэдүүлэг өгсөн, үнээ болон мотоциклийн үнэлгээ зах зээлийн үнээс өндөр байгаагаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй нь тодорхой гэсэн тайлбар гаргаж өөрийн байр суурийг илэрхийлжээ. Гэвч машиныг арилжин авах үедээ үнээ, мотоциклийн үнэлгээг хэрхэн тохирох нь гэрээний чөлөөт байдлын зарчимаар тодорхойлогдох талуудын эрхийн асуудал бөгөөд хариуцагч нь гэрч С.М-аас мэдүүлэг авах үед байлцахдаа мэдүүлгийг няцаагаагүй, хариуцагчийн тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримт болохгүй юм.

 

Хариуцагч Ц.Г “Н.М-с машиныг буцаан авахад эвдэрсэн байсан. Эвдэрлийг зассаныг Н.М үзээд 2 үнээ, мотоциклийг эвдэрлийн төлбөрт өгч  байна гээд тооцоо дуусч бид хоорондоо маргаангүй болсон байсан” гэж маргаж байгаа боловч Н.М-тэй тохиролцсон гэдгээ баримтаар нотлосонгүй.  Хариуцагч тал шүүх хуралдааны шатанд машины сэлбэг худалдан авсан тухай зарлагын баримт өгсөн боловч Н.М-тэй  машины эвдрэлийн талаар тохиролцсон гэдгээ нотлоогүй, машины эвдэрсэн эд ангийн хохирлыг нэхэмжлээгүй учир хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно. Мөн хариуцагчийн хүсэлтээр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Ц.Б нь маргаан бүхий үйл баримтыг өөрөө биечилж оролцоогүй, дам сонссон зүйлээ дүгнэн мэдүүлж байгаа учир түүний мэдүүлгийг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн нотлох баримтаар үнэлээгүй болно. 

Хариуцагч Ц.Г-аас Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-т заасныг баримтлан 3 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийнд төлсөн 66150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын  тэмдэгтийн хураамж 66150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд маргааныг шийдвэрлэх эрх шүүхэд олгогдсон байдаг ба нэхэмжлэгч С.С нь хариуцагч Ц.Г-д холбогдуулан зөвхөн автомашин арилжин авах гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагаварыг шаардсан. Хариуцагч Ц.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул зөвхөн үндсэн нэхэмжлэлийн хэмжээнд маргааныг шийдсэн болно. Иймд Ц.Г нь автомашин арилжих гэрээний улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл учирсан хохирлоо жич нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Г-аас 3 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.С-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г-аас 66 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.С-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН