| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0520/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/510 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/510
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал,
хохирогч *******,
шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........................ овогт *******-д холбогдох эрүүгийн 2210000000685 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ............ оны .... дугаар сарын ....-ний өдөр .................... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......................................... ажилтан ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ......................... дүүргийн .... дугаар хороо .................. хорооллын ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ................ овогт ******* /РД:......................./
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний шилжих шөнө Хан- Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр ******* 1 хорооллын ******* дугаар байрны гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр *******-г “чамтай согтуу бол уулзахгүй” гэж хэллээ гэх шалтгаанаар машины хаалгаар хавсарч, үснээс нь зулгааж, нүүрэн тус газарт нь цохиж, өшиглөх зэрэг аргаар зодож, эрүүл мэндэд нь баруун хацар чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн эрхий хуруу, нуруунд цус хуралт, дух, зүүн чамархай, баруун зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хоёр хүүхдүүдээ тоглуулаад явж байсан. Тэгээд эхнэртэйгээ уулзъя гээд дуудсан. Бага охин юм авна гээд уурлахад эхнэр бид гурвыг орхиод явсан. Би хоёр хүүхэдтэйгээ гэртээ хариад эхнэртэйгээ уулзъя гээд дуудсан Би найзынхаа хамт 2 лааз пиво уусан. Эхнэр ирээд пиво уусан. Машин дотор охин бид гурав юм яриад сууж байхад эхнэр миний нүүр рүү цохиход би машин хаалга савж буухад толь нь эвхэгдсэн. Тэгэхэд эхнэр араас гүйж ирээд жийхээр нь эргэж хараад эхнэртээ гар хүрсэн. Энэ бүх зүйл шөнийн 3 цаг өнгөрч байхад болсон гэв.
Хохирогч *******-г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр маань уулзъя гээд байхаар нь очиж уулзсан. Хүүхэд нь уйлаад энэ гурав буцаад явсан. Нөхөр маань “гадагшаа явах гэж байгаа гээд намайг хүрээд ир” гээд байхаар нь явж очоод ийм зүйл болсон. ******* машины толь өшиглөөд явахаар нь “чи яаж байгаа юм” гээд араас нь очоод зодуулсан. *******-д зодуулснаас хойш байнга толгой өвддөг болсон. Одоо эмнэлэгт хэвтэж байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэх юм бол гомдол санал байхгүй. Миний бие өвдөггүй байсан. Сүүлийн үед эм тариа байнга хэрэглэж байна. Энэ асуудлаас болж ийм зүйл болсон учраас эмчилгээний зардал нэхэмжилнэ гэж бодож байна. Эхний ээлжид үзүүлсэн томограф, эм тарианы баримтыг гаргаж өгсөн. Одоогоор 1.800.000 төгрөгийн эмчилгээ хийгдсэн байгаа. Цаашид яахыг мэдэхгүй байна. 1 удаа толгойны, 2 удаа бүтэн биеийн томограф харуулсан гэв.
Хоёр. Эрүүгийн 2210000000685 дугаартай хэргээс:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/
Хохирогч *******-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/
Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 33-34 дэх тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/
2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 6527 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/
Шүүгдэгч *******-ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тухай лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 48-50 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ыг гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт
Шүүгдэгч ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 01-ний шилжих шөнө Хан- Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр ******* 1 хорооллын ******* дугаар байрны гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр *******-г “чамтай согтуу бол уулзахгүй” гэж хэллээ гэх шалтгаанаар машины хаалгаар хавсарч, үснээс нь зулгааж, нүүрэн тус газарт нь цохиж, өшиглөх зэрэг аргаар зодож, эрүүл мэндэд нь баруун хацар чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн эрхий хуруу, нуруунд цус хуралт, дух, зүүн чамархай, баруун зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/
Хохирогч *******-гийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...******* бид хоёр таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон. Тухайн үед шүүхээр гэрлэлт цуцлуулахаас өмнө эвлэрүүлэн зуучлахаар орсон байсан. Манай хоёр хүүхэд надтай хамт амьдарч байгаад саяхнаас аав дээрээ амьдарч эхэлсэн...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ ээжтэйгээ хамт байж байхад манай нөхөр ******* миний гар утас руу залгаад “би гадагшаа явах гэж байгаа өнөөдөр хүүхдүүдтэйгээ хамт бүгдээрээ уулзъя” гэсэн. ******* нь хүүхдүүдтэйгээ хамт Зайсан Хиллд байна гэхээр нь очсон юм. ... миний автомашинд *******-ы сууж байгаа хаалган дээр очоод “буу” гэсэн чинь “хамт орж хононо” гээд бид хоёр маргалдсан. Тэгээд ******* миний үснээс зулгаагаад газар унагаад толгой дээрээс өшиглөсөн. Миний хаана хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна. Тэгээд намайг үстээд урагш нь чирээд явсан байсан...намайг зодох үед манай охин Н зугтаагаад гэр рүүгээ орчихсон байсан... ер нь бол намайг цохиж зоддог байсан. Цагдаагийн байгууллагад ханддаггүй байсан. Ер нь бол бид хоёрын салах шалтгаан нь иймэрхүү асуудлаас болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/
Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 33-34 дэх тал/
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа: 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөо *******, ******* нар гэрлэснийг бүртгэсэн /хавтаст хэргийн 53 дахь тал/
2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 6527 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...*******-гийн биед баруун хацар чихэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн эрхийн хуруу, нуруунд цус хуралт, дух, зүүн чамархай, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 21-22 дахь тал/
Шүүгдэгч *******-ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ”...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.
Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь албан ёсны гэрлэлтийн баталгаатай ба дундаасаа хоёр хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /гэрлэсний бүртгэлийн лавлагаа хавтаст хэргийн 53 дахь тал/,
Шүүгдэгч ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 01-ний шилжих шөнө Хан- Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр ******* 1 хорооллын ******* дугаар байрны гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр *******-г “чамтай согтуу бол уулзахгүй” гэж хэллээ гэх шалтгаанаар машины хаалгаар хавсарч, үснээс нь зулгааж, нүүрэн тус газарт нь цохиж, өшиглөх зэрэг аргаар зодож, түүнд баруун хацар чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн эрхий хуруу, нуруунд цус хуралт, дух, зүүн чамархай, баруун зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дахь тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас: шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.
Шүүхээс шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Хохирогч ******* нь толгойны КТГ хийлгэсэн 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 8.000 төгрөгийн баримт гаргаж өгчээ. /хэргийн 26 дугаар тал/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч *******-гаас гаргаж өгсөн баримтаар нотлогдож байгаа зардал болох 128.000 төгрөгийг шүүгдэгч *******-аас 128.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******-аас нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ........................ овогт *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******-аас 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******-д олгосугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР