Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 623

 

105/2019/0625/Э

 

 

 

 

 

2019           6             20                                            2019/ДШМ/623                                                

 

Н.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ю.Батсүх,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 639 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ю.Батсүхийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Х-т холбогдох эрүүгийн 1806007850977 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О овгийн Н-ийн Х , ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............/;

 

Н.Х  нь 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөгийн 7-75 тоотод эхнэр Г.Энхчимэгийн зүүн дал хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Х ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Х ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Н.Х-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Х  нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25.5 см урттай, хар иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ю.Батсүх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ...Шүүгдэгч Н.Х ыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, буюу яллагдагч Н.Х-т холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад яллагдагчаар татсан. Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ гэж үзэж байна.

Түүнчлэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь хэрэг авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан байна. Иймээс шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар буюу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байсан.

Шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 639 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Н.Х  нь 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөгийн 7-75 тоотод эхнэр Г.Энхчимэгийн зүүн дал хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Н.Х ын “...манай охин миний үгийг тоохгүй урдаас хэрэлдээд байсан ба энэ үед эхнэр хажуу талаас орж ирээд намайг “далд ор” гэж гэрээс хөөгөөд байхаар нь би уур их хүрч, гэрт ширээн дээр байсан хутгыг эхнэрийнхээ зүүн дал орчим газарт нэг удаа хатгасан. Би тухайн үед уур их хүрээд ухаан балартаад ийм үйлдэл гаргачихсан байсан. ...” /хх 34-36, 78-79, 126-127/,

хохирогч Г.Энхчимэгийн “...нөхөр маань охинд хандаж “ажил төрөл хийхгүй юм, манай хүүхдүүд арчаагүй” гэтэл охин маань “би 14 настай, надаар ямар ажил хийлгэх гээд байгаа юм, тэнэг юм яриад” гэж охин дургүйцтэл Х  шууд надад хандаж “чи хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлсэн, надаас огт үг сонсохгүй байна, чиний буруу” гэж уурлаад байсан ба би түүнд хандаж “Х минь юм л бол над руу уурлах юм больж үз” гэж нээх ойшоохгүй сууж байтал гэнэт араас миний зүүн дал хэсэг газар луу нэг удаа хутгаар хатгаад, намайг газар унагаад дээш харуулж байгаад “одоо хоолойг чинь хэрчинэ” гэж чичигнээд байхаар нь би түүнд хандаж “болохгүй шүү” гэж аргадаад гуйж байтал гаднаас манай хүү орж иртэл Х  шууд хутгаа өөр тийшээ шийдээд буйдан дээр очоод суусан...” /хх 18-20, 92-93/,

гэрч Х.Одгэрэлийн “...2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр манай хашаанд байдаг айлын гэрт байж байгаад 22 цагт гэртээ орж ирэхэд манай эцэг болох Н.Х  нь манай ээж Г.Энхчимэгийн дээр нь орилоод байж байсан, манай ээж Г.Энхчимэгийн баруун далнаас цус гарч байсан ба би аавыгаа тэвэрч аваад гэрийн баруун буланд байдаг ногоон сандал дээр дараад байж байхад дүү Соёл-Эрдэнэ ээжийг авч гараад цагдаа болон түргэн тусламж дуудсан...” /хх 23-24/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 1567 дугаартай “...Г.Энхчимэгийн биед зүүн даланд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 28/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 303 дугаартай “...Н.Х  нь “Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр. Дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Н.Х  нь болсон хэргийн талаар бүрэн ухамсарлан ойлгох чадваргүй байна. Н.Х  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Н.Х  нь хэрэг хариуцах чадваргүй байна. Н.Х  нь хэрэг болох үед Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр. Дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 60-64/,

шинжээч эмч Я.Ганхүүгийн “...Ийм хам шинж өвчтэй хүн нь өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийнэ. Мөн өвчин нь сэдэрсэн тохиолдолд бусдад болон өөртөө, нийгэмд аюултай үйлдэл хийнэ. Хэрэг гарсан өдөр бол тухайн өвчин нь хөдөлсөн байсан. Энэ өвчтөн нь манай эмнэлэгт 3 удаа хэвтэн эмчлүүлсэн. Н.Х  нь эмнэлгийн хяналтанд эмчилгээ хийлгэхгүй бол нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй хүн гэж ойлгож болно...” гэх /хх 94-96/ мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Х ын 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөгийн 7-75 тоотод эхнэр Г.Энхчимэгийн зүүн дал хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжтэй байх ба Н.Х ын үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1621 дугаар яллах дүгнэлт үйлдэж /хх 110/, яллагдагч Н.Х-т яллах дүгнэлтийг гардуулах үед тэрээр оргон зайлж, Н.Х ыг оргон зайлсан үндэслэлээр тус яллах дүгнэлтийг хүчингүй болгож, 2019 оны 3 дугаар сарын 28-ний өдөр хүртэл хугацаанд яллагдагч Н.Х ыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн прокурорын газрын “Прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол /хх 121/, эрэн сурвалжлах ажиллагааны явцын талаарх тэмдэглэлүүд /хх113-120/, яллагдагч Н.Х ын “...Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд мал маллаад ирээгүй...”  гэх мэдүүлэг /хх127/ зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс сэргээн тоолно...” гэж зааснаар Н.Х-т холбогдох эрүүгийн 18060007850977 дугаартай хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 12 дугаар сарын 11-ээс 2019 оны 3 дугаар сарын 28-ны хугацаанд зогссон байхад анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан...” гэсэн заалтаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь, эрүүгийн хэрэг үүсгэж, Н.Х ыг яллагдагчаар татсан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр /хх 83/ тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;...” гэж зааснаар Н.Х ын 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх цаг хугацаанд өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулсан тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно...” гэж зааснаар Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан;” үндэслэлээр 18060007850977 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Прокурор мөн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар буюу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байсан...” гэсэн эсэргүүцлийг бичжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Н.Х  нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнийхээ дараа “...Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр. Дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэг...” өвчинтэй, хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 303 дугаар Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 60-64/ ээр тогтоогдсон байх бөгөөд мөн тус дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Я.Ганхүү “...Ийм хам шинж өвчтэй хүн нь өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийнэ. Мөн өвчин нь сэдэрсэн тохиолдолд бусдад болон өөртөө, нийгэмд аюултай үйлдэл хийнэ. Хэрэг гарсан өдөр бол тухайн өвчин нь хөдөлсөн байсан. Энэ өвчтөн нь манай эмнэлэгт 3 удаа хэвтэн эмчлүүлсэн. Н.Х  нь эмнэлгийн хяналтанд эмчилгээ хийлгэхгүй бол нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй хүн гэж ойлгож болно...” /хх 94-96/ гэж мэдүүлж байсан байхад мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Н.Х-т хэрэглээгүй нь буруу байна.

 

 Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид нь шилжүүлж болно...” гэж зааснаас үзэхэд яллагдагч Н.Х  нь нийгэмд аюултай үйлдэл хийж болохуйц яллагдагч байхад түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэглээгүй нь буруу байна.  

 

Гэтэл түүнд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх цаг хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон тул Н.Х-т дээрхи үндэслэлээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглүүлэхээр эсэргүүцэл бичиж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн, хэрэг үйлдсэнээс хойш тодорхой цаг хугацаа өнгөрсөн учир  Н.Х ын сэтгэцийн байдал одоог хүртэл сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэхээр хэмжээнд байгаа эсэхийг ч шүүхээс тогтоох боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бичсэн прокурорын:

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ...” гэсэн,

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар буюу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэсэн үндэслэлүүдийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 639  дугаар шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 2 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Н.Х-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  Н.Х-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ