Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0551

 

 

2020 оны 9 сарын 02-ны өдөр                    Дугаар                               Улаанбаатар хот

     128/ШШ2020/0551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан

Нэхэмжлэгч: “Ш” ХХКомпани

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: “МV-*******А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлээс чөлөөлөгдсөн талбайн хэмжээгээр тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийж, сэргээж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг хариуцагчид даалгах, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн ШХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... 2015 онд гарсан хуулийн өөрчлөлтөөр цуцлагдсан тусгай зөвшөөрлөө буцаан сэргээлгэх боломж нээгдсэн ба энэ хүрээнд холбогдох өргөдлүүдийг захиргааны байгууллагад гаргасаар ирсэн. “Ш" ХХК-ын тухайн уед тусгай зөвшөөрөл цуцалсан үндэслэл нь одоо арилсан, өргөдөл хүсэлтээ гаргаад цуцлуулсан тусгай зөвшөөрлөө сэргээх боломж хуулиар бүрдсэн тул энэ боломжийг ашиглахыг хүсэж, өргөдөл, хүсэлтээ гаргасан боловч хариуцагч уг өргөдөл, хүсэлтийг шийдвэрлээгүй өдий хүрсэн. Энэхүү хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь үргэлжилсэн шинжтэй байгаа юм. Дээд шатанд нь энэ талаар хандахад Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/7872 дугаар албан бичгээр “Танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу гаргасан манай хүсэлтийг шийдвэрлэхгүй хэвээр байгаа. “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-ийн 7-р зүйлийн 7.3-д “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх” гэж заасан байдаг. Иймд хариуцагч өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа хэрэг гэж үзэж байна. Өргөдөл хүсэлтийг хангах, хангахгүй нь өөр хэрэг ч хуулийн үндэслэлтэйгээр шийдвэрлэж өгөх нь захиргааны байгууллагын үүрэг. Харин өргөдөл хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь өөрөө хууль бус. Өргөдөл бол төрийн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээнд найдан түүнд гаргаж буй хүсэлт, “гуйлт" байдгаараа гомдлоос ялгаатай. Үүнийг захиргааны байгууллага хүлээж аваад татгалзсан хариу өгсөн бол түүнийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллагад нь хандах зохицуулалттай. Харин өргөдлийг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байгаа учраас түүний дээд шатны байгууллагад хандсан ба дээд шатны захиргааны байгууллагын хариуг авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга нь 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр ******* дугаар шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан учраас илт хууль бусад тооцуулах шаардлага гаргасан. Захиргааны акт нь иргэн, хуулийн этгээд руу чиглэсэн эрх зүйн үр дагавар бий болгох тул түүнийг гаргах үндэслэлийг хуулиар нэг бүрчлэн тогтоож өгсөн байх шаардлага заавал тавигдана. Эрх зүйн үндэслэл нь захиргааны байгууллага, албан тушаалтны тухайн актыг гаргах боломж юм. Аль ч тусгай зөвшөөрлийг төрөөс тодорхой шалгуур, болзолтойгоор хууль, дүрэм журамд үндэслэн олгодог. Олгосон зөвшөөрлийг цуцлах тохиолдол үүсэж болох ч тэр нь хуульд заасан үндэслэлээр байх ёстой. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцлах боломжтой байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагаас цуцлахаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн талбай нь “урт нэртэй хуулийн” үйлчлэлд хамаарагдсан бол нөхөн олговрыг төлснөөр тусгай зөвшөөрөл цуцалж болохыг шууд, тодорхой заасан. Тусгай зөвшөөрөл анх олгоход тийм хууль байгаагүй учраас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд түүнд хөрөнгө оруулалт зардал гаргасан байгаа, тэгэхээр төр хуулийн этгээдийг нэг талаар хамгаалж, төрөөс шалтгаалан эрсдэлд оруулахгүй гэсэн агуулгаар нөхөн төлбөр олгож байж цуцлах талаар хуульчилсан нь тодорхой.

Тэгэхээр нөхөн олговрыг олгоогүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах эрх үүсэхгүй, тусгай зөвшөөрлийг цуцалсан акт гаргах боломжгүй байна. Аливаа субъектив эрхийг захиргааны байгууллага зөвхөн хуульд заасны дагуу, хуулиар олгосон боломжийн хүрээнд хязгаарлаж түүнд халдаж болно. Хариуцагчид өөрт нь эрх олгогдоогүй, тусгай зөвшөөрөл цуцлах хуульд заасан үндэслэл нь бүрдээгүй байхад ийнхүү ******* дугаар шийдвэр гарсан нь илт хууль бус юм. Иймд “МV-*******А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн урт нэртэй хуулийн үйлчлэлээс чөлөөлөгдсөн талбайн хэмжээгээр сэргээж тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг хариуцагчид даалгаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн ШХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, Уул Уурхайн Кадастрын Алба /хуучин нэрээр/-ны даргын 1999 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутаг Их тохойрол нэртэй 68 га талбайд ашигт малтмалын ашиглалтын Ш 00******* дугаартай тусгай зөвшөөрлийг “И” ХХК-нд олгож Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, Уул Уурхайн Кадастрын Албаны даргын 2009 оны 469 дүгээр шийдвэрээр “Ш" ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний

урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт

ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг баталсан. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон.

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутаг Их тохойрол нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн 68 га талбайн зарим хэсэг буюу 52.85 га талбай нь Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор тогтоосон газрын хилийн заагт хэсэгчлэн хамрагдсан байна.

Ийнхүү хуулиар ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайд тухайн талбай хамаарагдсан тул Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын  бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг баталсан. Уг журмын 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах хүсэлт гаргаагүй” бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй” гэж заасан. Энэ заалтын дагуу Ашигт малтмалын газар /хуучнаар/-ын Уул уурхай, судалгааны хэлтсийн даргын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7308 тоот албан бичгээр дээрх хуулийн хилийн заагт давхцалтай хэсэгтээ нөхөх олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны дотор ирүүлэхийг “Ш” ХХК-д мэдэгдсэн боловч заасан хугацаанд ашигт малтмалын ашиглалтын М\/-00******* дугаартай тусгай зөвшөөрөл дээрээ нөхөн олговор авах тухай хүсэлтээ гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нөхөн олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй тул Ашигт малтмалын газраас хүсэлт гаргаагүй аж ахуйн  нэрсийн хамт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид “0” төгрөгөөр олгосонд тооцуулах тухай мэдэгдлийг Сангийн яаманд хүргүүлснийг хянан үзээд 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 дугаар албан бичгээр хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй болохыг Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ мэдэгдсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цуцлагдах үндэслэлийг үгүйсгэсэн нотлох баримтыг дээр заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул дээр дурдсан хууль, Засгийн газрын тогтоолын хүрээнд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль ёсны захиргааны акт болно.

“Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/ буюу төрийн захиргааны байгууллага өөрөө батлаагүй бөгөөд Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан эрх зүйн акт юм. Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/ нь хэрэгжүүлэгч агентлаг болохынхоо хувьд Улсын Их Хурлаас баталсан хууль, уг хуулийн хүрээнд гарсан Засгийн газрын тогтоолыг нэг мөр дагаж биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй ажиллаж байсан. Тиймээс нэхэмжлэгч Засгийн газрын тогтоолтой маргаагүй хэр нь түүнийг биелүүлсэн төрийн захиргааны байгууллагыг буруутгаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хэргийн оролцогчдоос гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсанаар шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж, “MV-*******А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль”-ийн үйлчлэлээс чөлөөлөгдсөн талбайн хэмжээгээр тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийж, сэргээж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг хариуцагчид даалгах, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “Ш” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэл арилсан, цуцлуулсан тусгай зөвшөөрлөө сэргээлгэх боломж хуулиар бүрдсэн тул өргөдөл хүсэлтээ хариуцагч байгууллагад гаргасан боловч шийдвэрлээгүй...тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцлах үндэслэлгүй байхад ******* дугаар шийдвэр гаргасан нь илт хууль бус ...” гэж тодорхойлсныг хариуцагч “...нөхөн олговор авах талаар хууль журамд заасан хугацаанд хүсэлтээ ирүүлээгүй, Ашигт малтмалын газраас хүсэлт гаргаагүй аж ахуйн нэгжийн нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид “0” төгрөгөөр олгосонд тооцуулах тухай мэдэгдлийг Сангийн яаманд хүргүүлснийг хянан үзээд 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 дугаар албан бичгээр нөхөн олговор олгох үндэслэлгүй болохыг мэдэгдсэн... тул цуцалсан шийдвэр үндэслэлтэй” гэж маргаж байна. 

Нэг. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологийн, Уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 1999 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумдын нутагт орших “Туулын их тохойрол” нэртэй 68 га талбайд ашиглалтын МҮ-00******* дугаар тусгай зөвшөөрлийг “И” ХХК-д олгож, улмаар тус газрын даргын 2009 оны 469 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “Ш” ХХК-д бүхэлд нь шилжүүлжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлан гаргасан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсэгт Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглож, уг газрын хилийн заагийг Засгийн газраас тогтоохоор, мөн зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус  заасны дагуу Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 68 га талбайн зарим хэсэг буюу 52,85 га талбай нь хамрагдсан, нэхэмжлэгчээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөхөх олговор авах хүсэлтээ хариуцагч захиргааны байгууллагад гаргаагүй нь тус тус тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар бүхий “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрээр, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын 5.2-т заасан болон “Тодорхойлолтыг баталгаажуулсан тухай” Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1457 дугаар албан бичгийн дагуу...аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор “Ш” ХХК-ийн МҮ-00******* ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхэлдээ багтсан байна.

Нэхэмжлэгч уг захиргааны актыг илт хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “... манай компанид нөхөх олговор олгоогүй атлаа тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус, талбайн зарим хэсэг хамаараагүй байхад бүхэлд нь цуцалсан нь үндэслэлгүй” гэж тодорхойлсныг хариуцагч “...нөхөх олговор авах хүсэлтээ хугацаанд нь ирүүлээгүй тул цуцалсан, талбайн зарим хэсэг нь хамаараагүй нөхцөлд эхлээд талбайгаа хүлээлгэж өгөөд үлдэх хэсгээ авах буцааж авах хүсэлтээ гаргах ёстой байтал ийм хүсэлт гаргаж байгаагүй...” гэж тайлбарлан маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална, 56.1.3-д хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд цуцална гэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй...тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гэж тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу гарсан Засгийн газрын 2011 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий нийт 68 га талбайн зарим хэсэг буюу 52,85 га талбай нь хамрагдсан байхад уг хязгаарласан талбайд хамаараагүй талбайг оруулан тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрэн бүрдээгүй, тухайлбал уг зүйлийн 56.1.3-д “...нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” тохиолдолд цуцлахаар заасан, нэхэмжлэгч нөхөх олговроо аваагүй нь тогтоогдсон, нөгөө талаар нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг нь хязгаарлалтад орсон, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхэд халдах хуульд заасан үндэслэлгүй байхад тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцалсан нь илт хууль бус.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдолд уг захиргааны актыг илт хууль бус болохоор заасан бөгөөд уг илт хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар бүхий “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийг, нэхэмжлэгчийн ашиглаж байсан нийт 68 га талбайгаас хуулийн үйлчлэлээс чөлөөлөгдсөн 31,75 га талбай буюу давхцалгүй хэсгээр нь илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөлт орсноор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана.гэж, мөн хуулийн 2.1-д ...Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-т заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 мeтрээр тогтооно гэж тус тус заажээ.

Дээрх хуулийг үндэслэн гарсан Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор өмнө тогтоосон хилийн зааг өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгч компанийн өмнө нь хориглогдсон байсан  52,85 га талбай нь өөрчлөгдөн усан сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй 37,01 га талбайгаар хэсэгчлэн давхцаж, үлдэх 31,75 га талбай нь давхцалгүй болсон нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн тайлбар, хавсралт кадастрын зураг, солбицлын хэмжээс болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Иймд  Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийг, зөвхөн хуулиар хориглосон талбайтай давхцалгүй 31,75 га талбайн хэсгээр нь илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

Хоёр. MV-*******А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлээс чөлөөлөгдсөн талбайн хэмжээгээр тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийж, сэргээж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Ашигт малтмалын газрын 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 6-2818 дугаар шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдэгдсэн,

Ашигт малтмалын газрын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7292 дугаар “Нөхөх олговор авах хүсэлт ирүүлэх тухай” албан бичгээр нөхөх олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны дотор Ашигт малтмалын газарт ирүүлэхийг мэдэгдсэн,

Сангийн Яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 3-2/1458 дугаар “Тодорхойлолт буцаах тухай” албан бичгээр тогтоосон хугацаанд хүсэлтээ гаргаагүй хавсралтад заасан нэр бүхий 69 тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох үндэслэлгүйг мэдэгдсэн,

 “Ш” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газрын дарга Д.Ү, Кадастрын хэлтсийн дарга Н.Ч нарт хандан “...”Ш” ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр *******А тоот тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг хүссэн тухай албан тоотыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар манай компанид ямар нэгэн хариу ирүүлээгүй байна” гэсний хариуд Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6/10117 дугаар албан бичгээр “...Геологийн, Уул уурхайн кадастрын албаны даргын 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр хүчингүй болгосон нь эрх зүйн үндэслэлтэй” гэсэн хариуг өгсөн нь тус тус тогтоогдов.

Нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлээ “...хариуцагч захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг давхцаагүй хэсгээр нь сэргээх ёстой байсан, талбайг бүхэлд нь буцааж өгөөд дараа нь давхцаагүй хэсгээ өргөдөл хүсэлт гаргаж авах зохицуулалт хуулинд байхгүй” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “хүсэлт гаргаагүй тул сэргээх боломжгүй, эс үйлдэхүй гаргаагүй...” гэж маргаж байна.

Шүүх энэ шийдвэрээр, нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 68 га талбайн 52,85 га талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хилийн заагт хамаарагдсан байхад Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцалсан нь үндэслэлгүй, нөгөө талаар хариуцагчийн илт хууль бус ******* дугаар шийдвэр гарснаас хойш Засгийн газраас тогтоосон хилийн заагт өөрчлөлт орсноор нэхэмжлэгч компанийн нийт 31,75 га талбай нь хориглосон хилийн заагаас чөлөөлөгдсөн тул ийнхүү чөлөөлөгдсөн 31,75 га талбайд хамаарах хэсгээр нь илт хууль бус болохыг тогтоосон.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаар  Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн Ш ХХК-д холбогдох хэсгийн 31,75 га-д хамаарах хэсэг нь гарсан цагаасаа буюу 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн эрх зүйн хувьд хүчин төгөлдөрт тооцогдохгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “...тогтоох хэсэгт...шийдвэр гүйцэтгүүлэх арга журам, хугацааг заана” гэснийг баримтлан, хариуцагч захиргааны байгууллага нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар тогтоосон хилийн заагаас чөлөөлөгдсөн 31,75 га талбайн хэмжээгээр нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийж энэ шийдвэрийг биелүүлэхийг зааж өгөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч компаниас 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газрын дарга Д.Ү, Кадастрын хэлтсийн дарга Н.Ч нарт хандаж “...тусгай зөвшөөрлөө сэргээлгэхээр гаргасан” өргөдлийн хариуд Ашигт малтмалын газрын даргын, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6/10117 дугаар албан бичгээр хариу өгсөн байх тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2,  Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш ХХК-иас гаргасан, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг шийдвэрийг нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хориглосон хилийн заагт ороогүй 31,75 га талбайн хэсгээр нь илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “MV-*******А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлээс чөлөөлөгдсөн талбайн хэмжээгээр тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийж, сэргээж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч захиргааны байгууллага нь бусад этгээдийн хууль ёсны эрхийг хөндөхгүйгээр, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар тогтоосон хилийн заагаас чөлөөлөгдсөн 31,75 га талбайн хэмжээгээр нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийж энэ шийдвэрийг биелүүлбэл зохино.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ДУЛАМСҮРЭН