Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0056

 

 

 

 

 

 

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “К” ХХК

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, З.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн НА-252200000** дугаар нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0788 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0974/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “К” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, З.Ц нарт холбогдуулж “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн НА-252200000** дугаар нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0788 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М давж заалдах гомдолдоо:

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч З.Ц, Д.А нарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0788 дугаар шийдвэрийг 2023 оны 12 сарын 06-ны өдөр гардан авч нэхэмжлэгч талын зүгээс дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

3.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “.... К ХХК-ийн зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” 14.6.3-д энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ .... заасанд нийцсэн” гэж дүгнэжээ. /Шүүхийн шийдвэрийн 10-р хуудасны 9/. Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч нарын ногдуулсан маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 2019 оны зөрчил гэж үзэж 77,904,0633.86 төгрөгийн нөхөн татвар, 23,371,390.16 төгрөгийн торгууль нийт 101,276,024.02 төгрөг ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т “Албан татвар суутган төлөгч нь энэ хуулийн 13.1.3-т заасан этгээдэд бараа борлуулж, ажил үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд энэ хуулийн 14.6.3 дахь заалт хамаарахгүй” гэсэн хэсгийг үндэслэж байгаа болно. Учир нь нэхэмжлэгчийн хувьд 2019 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан этгээд байгаагүй юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан этгээд гэдэгт ямар этгээд хамаарах талаар тодорхой зохицуулалт байхгүй бөгөөд тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэгт “Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан байдаг ба Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам” гаргасан.

3.2 Уг журмын 2-д 2.1.2. “төсөл хэрэгжүүлэгч” Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасныг 2.1.3. “төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага” олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан албан татварын чөлөөлөлт эдлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай харилцах эрх бүхий төсвийн ерөнхийлөн захирагч эсхүл төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжуулах боломжгүй төсөл, арга хэмжээний хувьд уг зээл, тусламжийг олгож буй хандивлагч олон улсын байгууллагыг, 2.1.4. “жагсаалт” гэж хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтыг, 2.1.7. “бэлтгэн нийлүүлэгч” гэж төсөл хэрэгжүүлэгч, түүний туслан гүйцэтгэгчид хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бараа, ажил, үйлчилгээг борлуулж буй худалдаа эрхлэгч этгээдийг, 2.1.8. “туслан гүйцэтгэгч” гэж олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээг гүйцэтгэгч төсөл хэрэгжүүлэгчтэй төслийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ туслан гүйцэтгэхээр гэрээ байгуулсан жагсаалтад хамрагдсан этгээдийг тус тус ойлгоно гэж тодорхойлжээ.

Журмын дээрх ойлголтуудаас харахад Сангийн сайдын тушаалаар батлагдсан жагсаалтад багтсан этгээдийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан этгээд гэж ойлгохоор байна. Гэтэл манай компанийн хувьд хэрэгт цугларсан нотлох баримт болох Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтад багтаагүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан этгээд биш тул тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т зааснаар хасалт хийснийг зөрчил гэж үзэх үндэслэлгүй юм.

3.3 Мөн олон улсын татварын эрх зүйд “тунгалаг шилний зарчим” гэдэг ойлголт байдаг бөгөөд энэ нь анхны бараа, ажил, үйлчилгээний орлого буюу борлуулалт нь татвараас чөлөөлөгдсөн бол үүнтэй холбоотой дараа дараачийн борлуулалт нь татвараас чөлөөлөгдөнө гэсэн зарчим юм. Манай улсын хувьд уг тунгалаг шилний зарчим хэрэгждэггүй бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсэг нь зөвхөн жагсаалтад багтсан этгээд НӨАТ-аас чөлөөлөгдөнө, харин жагсаалтад багтсан этгээдэд бараа борлуулж, ажил үйлчилгээ үзүүлсэн этгээд НӨАТ-аас чөлөөлөгдөхгүй гэсэн зохицуулалт юм. Нэхэмжлэгч компанийн хувьд Сангийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтад багтаагүй тул жагсаалтад багтсан этгээдэд ажил, үйлчилгээ үзүүлсэн этгээд гэж ойлгоно.

Аливаа шүүх нь хэрэг маргааныг шийдвэрлэх замаар хуулийг хэрэглэх, хуулийн зүйл, хэсэг, заалтуудыг юу гэж ойлгохыг тайлбарлах эрхтэй ганц субъект байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч бидний үндэслэл болгоод байгаа дээрх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсгийг хэрхэн ойлгох, яагаад энэ хуулийн зохицуулалт нэхэмжлэгчид хамаарахгүй гэж үзсэн, мөн 2019 онд нэхэмжлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан этгээд мөн байсан эсэхэд ямар ч дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтад заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0788 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “К” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, З.Ц нар нь “К” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 25222003** тоот томилолт, Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Иж бүрэн шалгалтыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд хийж, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн НА-252200000** дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалтыг тус тус үндэслэн 123,043,803.09 төгрөгийн нөхөн татвар, 38,933,392.41 төгрөгийн торгууль, 1,360,543.86 төгрөгийн алданги, нийт 163,337,739.36 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

          3.  Дээрх актыг эс зөвшөөрч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-оос гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор хянаад маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн НА-252200000** дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

          4. Нэхэмжлэгч “К” ХХК нь “улсын байцаагч нарын 2022 оны НА-252200000** дугаар Нөхөн ногдуулалтын актын 2019 оны дотоодын бараа, үйлчилгээнээс суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилд 77.907.633 төгрөгийн нөхөн татвар, 23.371.390 төгрөгийн торгууль, 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрчилд 7.480.996 төгрөгийн торгууль, 1.360.543 төгрөгийн алданги ногдуулсныг хүчингүй болгуулахаар” шүүхэд нэхэмжлэл гарган, актын үлдэх хэсэгтэй маргаагүй байна.

          5. Нөхөн ногдуулалтын актын “2019 оны дотоодын бараа, үйлчилгээнээс суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилд 77.907.633 төгрөгийн нөхөн татвар, 23.371.390 төгрөгийн торгууль төлүүлэхээр тогтоосон” тухайд:     

          5.1. Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай “Жагсаалт батлах тухай” тушаалаар “..Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалт”-ыг баталж, хавсралтаар Ногоон хэрэм төслийн нэгж 857,587.95 ам.доллар, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дүгээр тушаалаар “К” ХХК /“М” ХХК 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хуулийн этгээдийн нэрээ өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн/ 854,764.99 ам.долларын дотоодын худалдан авалтын дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татварын болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төсөл хэрэгжүүлж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн.

          5.2. Нэхэмжлэгч “К” ХХК нь Сангийн сайдын 2019 оны 43 дугаартай тушаалын жагсаалтад нэр ороогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан этгээд биш хэмээн маргаж, давж заалдах гомдол гаргасан хэдий ч тухайн Ногоон хэрэм төслийг хэрэгжүүлэгч хуулийн этгээд бөгөөд, санхүүжилт хүлээн авч тайлагнаснаар Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа” гэж заасныг зөрчөөгүй байна.    

          5.3. Актаар 2019 онд 779.046.338,32 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтын орлогод ногдох худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд төсөвт төлөх албан татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.3-т заасныг зөрчсөн тул нөхөн татвар, торгууль ногдуулсан нь үндэслэлтэй байна.

          5.4. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2019 онд Ногоон хэрэм төслөөс 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, үүнээс 1.7 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлоготой, нийт нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт 1.605.547.856,12 төгрөг үүнээс чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалт 826.501.517,50 төгрөг гэж тайлагнасан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайлан, дансны хуулга зэргээр тогтоогджээ.

          5.5. Иймд татварын улсын байцаагч нар чөлөөлөгдөх борлуулалтын орлогод ногдох худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан суутган төлөгчийн тайланд албан татварыг бууруулсан 779.046.338,32 төгрөгийн зөрчилд нөхөн татвар, торгууль ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.3-т заасантай нийцсэн байна.          

          6. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Татварын өмнөх жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл энэ хуулийн 29.1-д заасны дагуу татварын албанд бүртгүүлээгүй албан татвар төлөгч тухайн татварын жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлнэ” гэж заасан.

          6.1. Анхан шатны шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2021 оны 4 дүгээр улирлын тайланг татварын албанд илгээгээгүй, илгээх үйлдэл хийгээгүй, тайлангаа хадгалсан төлөвтэй байсан нь маргааны явцад татварын нэгдсэн удирдлагын систем дээрх мэдээллээр нотлогдсон тул Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасны дагуу торгууль ногдуулсан нь үндэслэлтэй гэж зөв дүгнэжээ.

      7. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулж Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                              Г.БИЛГҮҮН

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА