Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/526

 

 

 

 

 

 

2022            06           24                                         2022/ШЦТ/526

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** Т-д холбогдох эрүүгийн 2205001161373 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хархорин 4-р баг, нарийн хүр гэх газар бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 2-р хорооны 9-4 тоотод түр оршин суух*****************.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т зарын дагуу очиж 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди-2” төвийн 38 тоот гар утас зардаг лангуун дээр “худалдагчийн ажилд орно” гэж итгүүлэн, иргэн А.Баясахжаргалд өөрийн овог нэрийг Дамбихүүгийн Түмэнжаргал гэж өөрчлөн танилцуулан хуурч, улмаар бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж, тухайн лангууны эзэн буюу хохирогч А.Б эзэмшлийн “Самсунг галакси А9 про”, “Самсунг галакси эсю”, “Самсунг галакси А30” маркийн нийт 1.260.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг гар утсыг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хохирогч А.Б:

 “... “Үнэгүй.мн” дээр 2021 оны 12 дугаар сарын эхээр өөрийн түрээсэлдэг Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди-2” төвийн 38 тоот лангуун дээр худалдагч ажилд авна гэж зар байршуулсан тэгээд над руу 88436988 дугаарын утаснаас нэг эмэгтэй залгаад “лангуун дээр худалдагч авна гэсэн байна очиж уулзаж болох уу” гэсэн тэгээд би ажил дээрээ дуудаад уулзсан. ... тэгээд би ажилд авъя гээд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажиллуулахаар болоод өглөө 09 цагт ирээд би 23 ширхэг гар утас заруулахаар хүлээлгэн өгөөд гар утасны үнэ бичсэн дэвтрээ өгөөд би ажил руугаа явсан тэгээд өдөр би уг охин руу залгахад “онц сонин зүйлгүй” гэсэн тэгээд орой 18 цагаас “Тэди-2” төв хаадаг учир би 18 цаг өнгөрч байхад уг охины дугаар луу залгаад “би ажилтай болоод очиж чадсангүй гайгүй юу” гэхэд “өнөөдөр ганц кейс зарлаа мөнгө үлдээсэн маргаашийн орлоготой хамт нийлүүлье” гэхээр нь “за за” гээд яриад тэгээд маргааш нь 10 цагийн орчим би өөрийнхөө ажил дээр очоод уг эмэгтэйг ажил дээрээ очсон юм болов уу гэж бодоод залгахад утсаа аваагүй дараа нь 11 цагийн үед залгахад холбогдох боломжгүй байсан тэгээд 15 цаг өнгөрч байхад танихгүй дугаараас над руу залгаад “танай лангуунаас гар утас худалдаж авсан юм шиг байна болохгүй байна танай лангуунаас 310.000 төгрөгөөр Самсунг А30 маркийн гар утас авсан гээд хүн залгасан” тэгээд би “тухайн гар утас болохгүй байна” гэхээр нь би сольж өгсөн. Тэгээд “лангуун дээр хүн байна уу” гэж “Тэди-2” төвийн ажилчдаас асуухад “манай лангуу өглөөнөөс хойш ажиллаагүй” гэсэн тэгээд уг лангуун дээр ажиллуулсан охин зарсан гар утасны 310.000 төгрөг авч явсан байна гэж бодоод “Тэди-2” төвийн ажилчнаас “манай лангуун дээр очоод үзчих гар утаснууд бүгд байна уу” гээд харуулахад “Самсунг галакси А9 про” маркийн гар утас 1 ширхэг, “Самсунг галакси эс 10 5ж” маркийн гар утас 1 ширхэг байхгүй бусад гар утас байсан. Тэгээд уг лангуун дээр ажиллуулсан охин 2 ширхэг гар утас нэг ширхэг “Самсунг галакси А30” маркийн гар утас зараад мөнгийг нь аваад явсан байна гэж мэдээд цагдаад өргөдөл гаргасан. Манай лангуун дээр ажиллаж байсан эмэгтэй “Самсунг галакси эс 10”, “Самсунг галакси А9 про” маркийн гар утас авч явсан. Мөн “Самсунг галакси А30” маркийн гар утас 310.000 төгрөгөөр худалдан борлуулж уг 310.000 төгрөг авч явсан байна. Надад өөрийгөө Түмэнжаргал гэж хэлсэн би анкет бөглүүлэхэд Боржигон овогтой Дамбихүүгийн Түмэнжаргал гэсэн ээжийгээ Нарангэрэл гэж бичсэн байсан 88436988 гэсэн дугаараас над руу ярж байсан өөрийгөө “Өвөрхангай аймаг Хархорин, Орхон багт амьдардаг, одоо БЗД-ийн сансарт байр түрээсэлдэг” гэж байсан өөр мэдэх зүйл байхгүй. ... би уг зургийг харлаа манай лангуун дээр ажилласан эмэгтэй мөн байна. Би тухайн үед надтай уулзаж байхад маскийг нь авхуулаад царайг нь харсан тэгэхэд бага зэрэг шаймийдуу царайтай байсан бөгөөд уг нүд, хөмсөгний хэлбэр нь мөн байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

2. Гар утаснуудад үнэлгээ тогтоосон тухай “Кости-Эстимэйт” ХХК-нийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

3. Шүүгдэгч Д.Тийн:

“... “Самсунг эс 10”, “Самсунг А-51” загварын гар утаснуудыг лангуунаас ажил тарахдаа авч явсан. Харин “Самсунг А-32” гар утсыг 350.000 төгрөгөөр зараад мөнгийг нь би өөрөө авсан. Би өртэй байсан тухайн өдөр өр нэхээд байхаар нь уг зарсан гар утасны мөнгийг нь аваад дээр нь 2 гар утас аваад барьцаалаад өрөө өгөх гээд явсан. Ийм хэрэг хийсэн болохоор ирэх гэхээр хэцүү байсан тэгээд ирж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.Т нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Д.Т нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Тийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Д.Т нь:

2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди-2” төвийн 38 тоот гар утас зардаг лангуун дээр “худалдагчийн ажилд орно” гэж итгүүлэн, иргэн А.Баясахжаргалд өөрийн овог нэрийг Дамбихүүгийн Түмэнжаргал гэж өөрчлөн танилцуулан хуурч, улмаар бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж, тухайн лангууны эзэн буюу хохирогч А.Б эзэмшлийн “Самсунг галакси А9 про”, “Самсунг галакси эсю”, “Самсунг галакси А30” маркийн нийт 1.260.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг гар утсыг залилсан болох нь хохирогчийн мэдүүлэг, “Кости-Эстимэйт” ХХК-нийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

“Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг ойлгоно.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Т нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

       

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Тийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Баясахжаргалд 1.260.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Т нь хохирогчид учируулсан хохирлыг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Д.Ттэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн, мөн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Д.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Т нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 166 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Д.Тийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205001161373 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *************** Т-ийг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ