Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, 

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:    

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... овогт ............... ................-д холбогдох эрүүгийн 2210009190640 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ............ оны ... дугаар сарын ...-ний өдөр .............. .......... төрсөн, эмэгтэй, ........ настай, дээд боловсролтой, ............ мэргэжилтэй, .............. ажилтай, ам бүл-4, нөхөр, хүүхэд, ээжийн хамт ............... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ..... дугаар байрны .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ................. овогт ........................ .................... /РД:...................../

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ******* ******* төвийн 4 давхарт хохирогч *******-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний биед халдаж баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт: Д нь манай 10 жилийн нөгөө ангийн хүүхэд. Сүүлийн үед Д-гийн талаар гаргасан зан авирт би үнэхээр залхаж, жигшиж байсан. Би уулзалт цуглаанд хэзээ ч очиж байгаагүй, Д уулзалт цуглааныг өөрөө зохион байгуулдаг, хүн харахад маш гоё хувцасласан, өндөр боловсролтой юм шиг харагддаг хүн, Д өөрийгөө ч мөн тэгж хэлдэг. Д-гийн хувьд олон гадаад хэлтэй, олон компанид ажиллаж байсан. Д-г хүмүүс маш их харгис хүн гэж хүмүүс хэлдэг энэ нь чихэнд сонсогддог. Эрээ, цээргүй, завхай явдалтай өөрийнхөө хүссэн зүйлийг дуртай газартаа хийдэг гэж хүмүүс ярьдаг. Дгийн нүүрэн дээр энэ бүхнийг хэлсэн бол зүгээр байлаа, даанч Д ирсэнгүй. Д бид хоёр тэс ондоо хүмүүс, 20-30 жилийн явцад Д-гийн бузар булай зүйл чихэнд байнга сонсогддог. 2019 оны 12 сард 10 жилийнхээ Б гэх хүнийд очъё гээд ажил тарахад хүлээж байгаад надтай хамт явсан. Тэр хүүхэн гэрээ маш гоё тохижуулсан хүн байсан. Зурагтаар гарч байгаа олон улсын тоймчийг заагаад, хурандааг заагаад үүнийг цагдаагийн хурандаагаар авхуулсан, үүнийг өнжөөд өнжөөд авчирдаг гэж хэлсэн. Миний дотор муухайраад Д танай найз чинь биеэ үнэлэгч юм байна, чи яаж энэ хүнтэй найзалдаг юм бэ, би чамайг одоо хүртэл таниагүй байсан юм уу, хүмүүс чамайг янз бүрээр хэлдэг юм байна лээ гэхэд би ямар тэрний биеэр амьдарч байгаа биш, энэ хүн маш их зовсон гэж хэлэхээр нь зовсон хүн биеэ үнэлэгч болдог юм уу гэж хэлээд энэ цагаас эхлэн Д-гаас зай барьсан. Д надаас салахгүй байсан, ажил дээр байнга ирнэ, аймаар хүн. Д-ийн ярьдаг зүйл нь би ямар ч хүнийг хайрладаггүй, надад хайрлах, өрөвдөх сэтгэл гэж байдаггүй, би шууд мартдаг гэж хэлээд нүүрний хувирал гаргаж байгаа царайг хараад үнэхээр Д-гаас жигшиж байсан. Д намайг нөхрийнхөө байрыг ав, эмэгтэй хүн эрэгтэй хүнийхээ байрыг авах ёстой гэж хэлсэн. Д-гийн ингэж хэлж байгаа яриа, үйл хөдөлгөөнийг жигшсэн. Би төгс хүн биш болохоор тэвчээгүй, би Д-д чи хүн биш, мөн Монгол хүн биш, чиний амнаас гарч байгаа үг үйлдэл үнэхээр жигшмээр байна, жигшиж байна, чи надаас зайлаад өг гэж хэлэхэд чи намайг Монгол хүн биш гэж хэллээ гээд байхаар нь Монгол хүн ийм байдаггүй юмаа, чиний амнаас гарч байгаа бүхэн тэр ашигтай, энэ ашигтай гэж хэлдэг, чи яагаад энэ хүмүүсээс болиод зайлж болдоггүй юм бэ гэж хэлэхэд МSC-ийн Урнаа тэр надад тэгэхэд хэрэгтэй гэдэг. Би тэрүүгээр үнэгүй цемент асгуулж, зам гүүр тавиулна, машин авхуулна гэж хэлэхээр нь Д чи бид хоёрын зам салсан, чи бол үнэхээр миний ой тоонд байшгүй бузрын хүн, аман дээр ярьдаг чинь өөр амьдрал дээр биеэ авч явдаг байдал нь чиний хэлбэр юм байна. Чи хүн бус бузар хүн байна, надаас зайл гэж хэлсэн. Д манай ажил дээр компьютерээ барьж ирсэн. Чи яах гэж манай ажил дээр ирж байгаа юм бэ гэж хэлсэн, тэр үед би утсыг нь блоклосон байсан. Яах гэж байгаа юм бэ гэхэд чамд зарах гэсэн юм гэж хэлэхээр нь чиний хог шаарыг авдаг хүн би биш, чи бид хоёр үнэхээр тэс ондоо хүмүүс байна. Би хаях гэж байгаа юмаа хэрэгтэй хүнд нь өгчихдөг, чиний хог шаарыг авдаг хүн би биш, чи Монгол хүн биш гэж хэлсэн. Тэр хүн үнэхээр Монгол хүн биш, тэрний гаргаж байгаа үйл хөдөлгөөн дандаа ашиг хардаг, бүх зүйлийг ашиг гэж хардаг, тэрэнтэй уулзаж ийм юм идэж ууна, тэрүүгээр үнэгүй даалгана гэдэг. Чи 50 нас хүрсэн байж ичиж амьдардаггүй юм уу гэж хэлдэг, би үнэхээр жигшдэг. Д надад нэг хүнийг мөрдмөөр байна, чи хамт машинтай яваад өг гэж хэлсэн. Чи байтугай чамаас цаадхад ийм юм хийж яваагүй, чи зайлаад өг би ийм юм хийдэг хүн биш гэж хэлсэн. Үнэхээр Дгаас жигшсэн. Д надад чи Бгийн 2 өрөө байрыг аваач гэж хэлэхэд миний тэвчээрийн хүлээс алдарсан. Д муухай явдалтай гэрээ зочид буудал болгочхоод долоо хоногийн 1 дэх, 3 дахь, 5 дахь хүмүүсийг хүлээж аваад 2 өдөр биеэ амраадаг Б гэх хүүхэнтэй манай нөхрийг танилцуулсан байхаар нь би Д-д 2 жилийн дараа дуудаж хэлсэн. Чи ийм явдлаасаа ичдэггүй юм уу гэж хэлсэн. Манай нөхөр нэг ч удаа амьдралдаа бааранд орж үзээгүй, нэг ч удаа архи ууж үзээгүй, тамхи татаж үзээгүй, Монголд тийм хүн байдаг. Миний нөхөр Монголд байхгүй нарийн мэргэжилтэй хүн, маш сайн бэлдмэл гаргадаг. Монголд байтугай дэлхийд тэр судалгааг ховор хийдэг. Тэр судалгаанд биологийн судалгаа гэх мэтчилэн чансаатай 5 судалгааг хийгээд маш гоё бэлдмэлийг гаргаж гадаадад гаргадаг. Тэгсэн Д 2 жилийн дараа гуйсан. Юу ч болоогүй юм шиг, хүний амьдралыг сүйрүүлчхээд 2 жилийн дараа бэлдмэлийг гуйхаар нь өрөөндөө дуудаж уулзсан. Чи Б, Б хоёрыг ингэчхээд чи ичдэггүй юм уу гэхэд хохь чинь ш дээ, тэд нарын буруу ш дээ гэж хэлэхээр нь үнэхээр өмнөөс ичсэн. Би чиний оронд хүний нөхрийг тийм явдалтай хүүхэнтэй танилцуулаад бузар булай явдалд орооцолдуулсан бол ичиж үхнэ, хаалгыг тогшоод Б чи яах гэж ийм юм хийсэн юм бэ, одоо уучлалт гуй гэж хэлсэн. Миний нойр хэзээ ч хүрэхгүй яаж ингэж амьдардаг юм бэ, миний үстэй толгой цайрна, яаж ингэж амьдардаг юм бэ Д гэж хэлсэн. Д их муухай үг хэлээд ер нь эцсийн эцэст хохь чинь ш дээ гэж заваан үг хэлээд байхаар нь би зайл гэж хэлээд 2 гараараа үснээс нь зулгаагаад зайл гэж хэлсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа миний хавирга руу өвдөөд шөнө унтахад эргэж хөдөлж чадахгүй байсан. 4 сарын 06-нд Оросуудыг дэмжих цуглаанд үг хэлэх гэсэн чинь үг гарахгүй байсан. Хавиргаа барьж үзэхэд арай ч нэг үзүүртэй, ёзоортой зүйл байгаагүй, Д бид хоёр ийм л ялгаатай, би хуульч хүн, 20 жил өмгөөлөгч хийж байна. Яг тэр шалтаг дээр шүүх эмнэлэгт үзүүлээд өнөөдөр хоёулаа ингээд зогсох байсан. Д бид 2 ийм ялгаатай хүмүүс, Дгийн ээж нас барахад утсаар дуудсан, наадахыг чинь гадуур нотариатаар баталгаажуулах юм бол 600.000 болно, чи над дээр хүрээд ир гэж хэлээд үнэгүй хийж байсан. Би Дгийн маш олон зүйлийг үнэгүй хийж байсан, бид 2 үнэхээр газар тэнгэр шиг ялгаатай, Д өөрөө намайг 10 жилийнхэнд ярьж байсан гэж сонссон. Д намайг миний таньдаг, мэддэг хүмүүсээс хамгийн хоншоортой, үнэхээр хүн чанартай хүн бол Н гэж хэлж байсан гэж хэлсэн байна лээ. Тэгэхэд би өнөөдөр бузар хүүхнээс болж гараа бузарласан, би тэр хүүхнийг зогсоох хэрэггүй байсан байна лээ, тэр тэгээд бузар аргаараа явж байх байсан. 4 сарын 06-нд итгэл үнэмшлийнхээ төлөө явж байхад Д зодуулсан гэж хэлээд Шүүх эмнэлэгт үзүүлээд явж байсан байна. Өнөөдөр хар цагаан 2 ийм л байна, шүүхийн танхимд би тэр хүнийг цохисон, тэр хүн бол нийгмийг бузарлаад явж байгаа, тэр хүнийг би хэлэхдээ чи нийгмийн хорт хавдар, хоёрдугаарт чи Монгол хүн биш, Монгол хүний амнаас үргэлж ашиг гэж гарахгүй, тэрийг яаж ашиглах вэ, ашиг гэж хэлдэггүй. Тэвчээгүй болохоор Д-г цохиод өнөөдөр би энд байна, тэрний өмнөөс би ичиж байна, миний хавирга өвдөөд 3 долоо хоног тонгойгоод явж байхдаа Д-г шүүх эмнэлэгт үзүүлээд явж байна гэж бодоогүй, би өнөөдөр шүүхийн танхимд сууж байна, хүн насны эцэст янз бүрийн юм үздэг юм байна, би ялагдаж үзье, Д байсан бол би ялагдъя гэж хэлмээр байсан. Д үнэхээр бузар хүүхэн, нийгмийн хорт хавдар болоод нийгмийг бузарлаж байна. Миний амнаас тэр үгийг хэлэх юм бол та нар намайг жигшинэ, хамгийн анхны үйлдэл бол би 1997 онд өмгөөлөгч болоод удаагүй байсан. 2-3 жил болоод 5, 10 цаас олдог болоход манай дүү Германд сурч байхад би 50 доллар олоод дүүдээ өмд өгөх гээд Д-гийнд очсон. Тэр үед Д Германд сурна гэж байсан. Би өмд авсан байсан тул гурилын элдүүр шиг юм болгоод 19 цагт гэрт нь очиход тэрийг ч хийгээд өг, энийг ч хийгээд өг гэхээр нь би хийж өгчхөөд шөнийн 23 цаг хүртэл юмыг нь янзалж өгөөд нөгөө өмдөө өгөхөд би юу ч авч явж чадахгүй гэж хэлсэн. Би тэр үед таниагүй, зүгээр зайлах ёстой байсан байна. Тэр үед автобус унаа байдаггүй, таксины мөнгө байхгүй 23 цаг өнгөрч байхад Дгийн хотын төв дэх гэрээс алхаад хороолол руу явж байсан. Энэ талаар 2 удаа хэлж байсан. Д чамд хүнд баймгүй хатуу сэтгэл байна. Чиний хажууд ямар ч эрэгтэй хүн тогтохгүй гэж хэлсэн, энэ бол үнэхээр үнэн, Д ийм аймаар хатуу сэтгэлтэй хүн, тэр талаар 2-3 удаа хэлж байхад Д надад ер нь эцсийн эцэст мартахаар гоё байдаг байхгүй юу, би хэнийг ч хайрладаггүй, хэнийг ч өрөвддөггүй, хэнд ч гомддоггүй, мартдаг гэж хэлсэн. Яаж ингэж орчлон хорвоо дээр хүн амьдардгийг ойлгохгүй байна. Чи нэг талдаа бурхан шиг байдаг, бясалгал хийдэг гээд байдаг, чи амьдрал дээр ийм байгаач гэж хэлсэн. Хэзээ ч Д тийм хүн биш, хүн харахад маш гоё хүүхэн, хүн харахад нүүр амаа будсан, гоё хувцастай, боловсролтой хүн, ийм л байдаг юм байна. Өнөөдөр хагарах гэж байсан эдээ бээрийг нь би хагалсан. Д өөрийнхөө замаар явах байсан юм байна. Өөрийн замаараа явж байсан хүний өмнөөс орох ямар ч шаардлагагүй байж. Би хуульч хүн, хуулийг хүндэтгэнэ, тэр хүнийг хөхрөөсөн бол хуулийн хариуцлага хүлээх нь ойлгомжтой. Хөдөлмөрийн чадварыг алдагдуулаагүй ч гэсэн өнөөдөр би түүнийг цохисон. Хүний биед хүрэхгүй байх байсан. Өөрөөр хэлэх зүйлгүй, гуйх зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210009190640 дугаартай хэргээс:  

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дахь тал/

Хохирогч *******-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-24 дэх тал/

Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5171 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6062 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42 дахь тал/

Шүүгдэгч *******-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/, оршин суух газрын лавлагаа /хавтаст хэргийн 59 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ******* 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ******* ******* төвийн 4 давхарт хохирогч *******-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний биед халдаж “баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:       

 

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дахь тал/

 

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...******* хэл ам хийгээд хэрүүл хийж доромжлоод байхаар нь би “за за явлаа” гээд цахилгаан шатны үүдэнд зогсож байхад хүрч ирээд намайг өшиглөж үснээс зулгааж, газар унагаагаад толгойгоор газар мөргүүлж, үснээс зулгааж зүүн нүд рүү цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-24 дэх тал/

 

Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...4 давхрын шатны хажууд нотариатч ******* нэг эмэгтэйн дээр суугаад үснээс нь зулгааж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5171 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.*******-гийн биед баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/    

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6062 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. *******ын биед хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

           3. Дээрх гэмтэл үүссэн цаг хугацаа нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш болсон байх боломжтой.

           4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй /хавтаст хэргийн 42 дахь тал/    

 

Шүүгдэгч *******-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “... ******* бид хоёрын дунд маргаан үүссэн бөгөөд намайг “хүний адагтай суусан” гэхээр нь биеэ барьж дийлэлгүй маргалдаж цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

Шүүгдэгч ******* нь хохирогч *******-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний биед халдан цохиж “баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.  

 

          Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дахь тал/-аар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч  ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэж шийдвэрлэсэн болно.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

 Гэмт хэргийн улмаас хохирогч *******-гийн биед “баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт “ бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч хохирогч нь *******-аас нэхэмжлэх зүйл байхгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлжээ.  /хавтаст хэргийн 24 дэх тал/

Иймд шүүгдэгч *******-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэхээр байна.  

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Ц овогт Г-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР