Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/449

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,        

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .................... овогт ................. ...................-д холбогдох эрүүгийн 2210000000666 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, .......... оны ... дугаар сарын ...-ний өдөр ............. ........ төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ................ мэргэжилтэй, “............” ХХК-д ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар ................. дүүрэг, ..... дугаар хороо, .......... ..... байрны ........ тоотод оршин суух, .................. овогт .............. ............. –д /РД:................./  

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 4 дүгээр сарын *******-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй караокед хохирогч *******-ын толгой руу шилэн аягаар цохиж, гарнаас нь татаж, гарын бугалга хэсэгт цохиж биед зулайд шарх, баруун бугалга, өвдөг, зүүн сарвуу гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

 

Эрүүгийн 2210000000666 дугаартай хавтаст хэргээс: 

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/

Хохирогч *******-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 27, 29 дэх тал/

2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-17 дахь тал/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 18 дахь тал/

Гэрч *******-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

Гэрч *******-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 5913 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/

Шүүгдэгч *******-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дахь тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-гийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 4 дүгээр сарын *******-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй караокед хохирогч *******-ын толгой руу шилэн аягаар цохиж, гарнаас нь татаж, гарын бугалга хэсэгт цохиж биед зулайд шарх, баруун бугалга, өвдөг, зүүн сарвуу гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

 

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... ******* бид хоёр үлдээд юм яриад дуулаад зогсож байхад намайг тэврэх гээд байхаар нь цаашаа түлхээд хоорондоо тоглосон байдалтай зогсож байхад миний зүүн гарнаас  бариад авсан юм. Тэгэхээр нь гараа татсан чинь гарнаас өчөөд намайг доош суулгахаар нь би гэдэс хэсэгт нэг удаа тохойлдсон. Тэгээд дээшээ татаад миний уруул дээр үнсэхээр нь уруулнаас нь хазсан чинь миний баруун гарын бугалга хэсэгт цохисон. Тэгээд миний толгой руу виски юм уу пивоны шилээр цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27, 29 дэх тал/ 

 

2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-17 дахь тал/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 18 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 5913 дугаартай шинжээчийн дүгнэлт :

1. *******-ын биед зулайд шарх, баруун бугалга, өвдөг, зүүн сарвуу гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хавтаст хэргийн 45-46 дахь тал/

 

Гэрч *******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өрөөнд сууж байгаад Батхуягийн хамт гараад тамхи татчихаад 5 минут орчмын дараа ирэхэд хаалга түгжсэн байсан. Хэсэг хугацааны дараа онгойход *******-ын толгойноос цус гарсан байдалтай гарч ирээд Ц намайг шилэн аягаар цохьчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

 

Гэрч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар мото сургалт дуусаад сүүлийн өдөр байсан тул ангиараа нэг газар сууя гэж ярилцаад явсан. Тэгээд эхлээд нэг газар суугаад хоол идээд пиво уугаад тэндээсээ би дөрөв гараад караоке орсон. Караоке дотор бид дөрөв нэг шил виски, ундаа, ус аваад дуулаад бүжиглээд суусан. Намайг байхад муудалцсан зодолдсон зүйл болоогүй, хэвийн харилцаатай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ 

 

Шүүгдэгч *******-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...холбогдсон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа...” мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг. 

Шүүгдэгч ******* хохирогч ******* нар нь мото сургалтад хамрагдаж байхдаа танилцан улмаар хамт суралцаж байсан *******, *******нарын хамт 2022 оны 4 дүгээр сарын *******-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй караокед орсон байна. Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогч *******-ын гарнаас барих, уруул дээр үнсэх зэрэг үйлдлийг эсэргүүцэхэд хохирогчийн толгой руу шилэн аягаар цохиж, гарнаас нь татаж, гарын бугалга хэсэгт цохиж биед нь зулайд шарх, баруун бугалга, өвдөг, зүүн сарвуу гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хохирол төлбөрийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 Хохирогч ******* нь баримтаар нэхэмжилсэн зардал төлбөргүй тул шүүгдэгч *******--г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******-г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн *******9 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад ******* нь зөвшөөрсөн байна. 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.

 

           Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдъя.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

 

1. ......... овогт *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.     

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

           5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР