Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/468

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал /томилолтоор/,    

шүүгдэгч О.О өөрөө өөрийгөө өмгөөлж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:          

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ........................ овогт О.О-т холбогдох эрүүгийн 2210008730610 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, .......... оны ... дугаар сарын ....-ны өдөр .............. аймгийн ................ суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “........................” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт ................ дүүргийн ... дугаар хороо, ................ хороолол ... дүгээр байрны .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ..................... овогт О.О /РД:......................../.

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.О нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэр, Архивын ерөнхий газрын ойролцоо “Форд трансет” маркийн 80-15 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөн оролцож байхдаа  хохирогч Э.Б-г “машин шахлаа” гэх шалтгаанаар түүний эзэмшлийн “Киа Бонго” маркийн 42-12 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түлхүүрээр цохиж урд салхины шилийг хагалж, автомашинд сэв, зураас үүсгэх зэргээр устгаж, гэмтээсний улмаас 761.000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч О.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210008730610 дугаартай хавтаст хэргээс:

Цагдаагийн байгууллагын 102 дуудлагын утсанд ирүүлсэн дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/

2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-13 дахь тал/

Хохирогч Э.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 28-32 дахь тал/

Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/

Шүүгдэгч О.О-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 38 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 41 дэх тал/, оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 40 дэх тал/, “......................” ХХК-ийн ээлжийн жолоочоор ажилладаг гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 42 дахь тал/, дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 43-53 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.О-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

           Шүүгдэгч О.О нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэр, Архивын ерөнхий газрын орчимд “Форд трансет” маркийн 80- 15 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа хохирогч Э.Б-г “машин шахлаа” гэх шалтгаанаар түүний жолоодож явсан “Киа Бонго” маркийн 42-12 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг машины түлхүүрээр цохиж, урд салхины шилийг хагалж, хаалганы бариулыг хугалж устгасан, автомашинд сэв, зураас үүсгэх зэргээр гэмтээсний улмаас 761.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:   

 

Цагдаагийн байгууллагын 102 дуудлагын утсанд ирүүлсэн дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/

 

2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-13 дахь тал/

 

Хохирогч Э.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Төв аймаг руу өвс хүргэж өгөөд явж байсан. Тэгээд буцаж байтал “Форд трансит” загварын автомашин намайг замын хашлага руу шахаж яваад байсан. Тэгэхээр нь би зам тавьж өгөөд удаанаар явж байсан ч хойно дагаад яваад байсан. Дахин намайг шахаж байгаад Хан-Уул дүүрэг, Архивын ерөнхий газрын урд зам дээр миний машины урд гарчихаад хаагаад зогсчихсон. Тэгээд машинаас хоёр залуу гарч ирээд нэг залуу нь багажны түлхүүр гартаа барьчихаад миний унаж явсан машины урд шилийг цохиж хагалсан. Мөн тухайн барьж байсан багажны түлхүүрээрээ урд, копуд, тээшний хаалтуудыг маш хүчтэй цохисон. Мөн жолоочийн эсрэг талын хаалганы бариулыг татаж онгойлгох гэж байгаад хугалчихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Киа Бонго” маркийн 42-12 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил солих 200.000 төгрөг, баруун урд бариул солих 15000 төгрөг, засах эд анги: капуд 115000 төгрөг, урд нүүр 65000 төгрөг, хойд тээшний баруун порчиг 75000 төгрөг, хойд тээшний порчиг 95000 төгрөг, хойд зүүн порчиг 45000 төгрөг, баруун хаалганы никель 30000 төгрөг, эд анги солих зардал 20000 төгрөг, будаг лак 101000 төгрөг нийт 761.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ...” /хавтаст хэргийн 28-32 дахь тал/

 

Хохирол төлсөн баримт: шүүгдэгч О.О-аас хохирогч Э.Б-д дансаар 1.000.000 төгрөг төлсөн...” /хавтаст хэргийн 64-65 дахь тал/

 

Шүүгдэгч О.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймаг орчихоод хот руу буцаж байсан. Төв аймгийн товчооноос танихгүй залуу “хот орно” гэсэн учраас ханьтай гэж бодоод машиндаа суулгасан. Тухайн үед би “Форд транзит” маркийн 80-15 УАН улсын дугаартай тэврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байсан. Төв аймгийн товчооноос  цагаан өнгийн Бонго загварын машин миний хажуунаас шахаж орж ирээд гүйцэж түрүүлээд байсан. Би хажуугаар нь дохио өгөөд түүнийг гүйцэж түрүүлэх гэтэл дахин миний хажуунаас шахаж орж ирж байсан. Миний уур маш их хүрч, би түүний урдуур гүйцэж түрүүлээд урд нь замыг хааж зогсоод машинаасаа буусан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолоочтой уулзаж ярилцахаар жолоочийн эсрэг талын хаалганы бариулыг татаж онгойлгох гэтэл цоожтой байсан. Тэгэхээр нь хүчтэй таттал хаалганы бариул хугарсан. Тэгээд би машиндаа буцаж очоод багажны хайрцагнаас багажны түлхүүр аваад тухайн машин дээр буцаж очоод урд талын салхины шил рүү 3-4 удаа цохисон. Намайг цохих үед урд талын салхины шил цуурч хагарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/ мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэмт этгээд санаатай үйлдлээрээ бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулж, зориулалтаар нь ашиглах боломжгүй болгохыг “устгах” харин тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй боловч тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтойг “гэмтээх” гэсэн ойлголтод хамааруулна.

 

Бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол, хор уршиг учирснаар тухайн гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогдох материаллаг бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Шүүгдэгч О.О нь хохирогч Э.Б-г “машин шахлаа” гэх шалтгаанаар түүний эзэмшлийн “Киа Бонго” маркийн 42-12 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг автомашины түлхүүрээр цохисны улмаас урд салхины шилийг хагалж, мөн хаалганы бариулыг хугалж устгасан, мөн  автомашинд сэв, зураас үүсгэж гэмтээсэн байх бөгөөд тухайн эд зүйлийг сольж, засварлах талаар шинжээчийн дүгнэлт гарсан байна.  

         Иймд шүүгдэгч О.О-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч О.О нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

          2. Эрүүгийн хариуцлагын талаар:     

 

  Шүүгдэгч О.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээн байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/-аар тогтоогдож байна. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.О нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 165 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад О.О нь зөвшөөрсөн байна.       

Шүүгдэгч О.О нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч О.О-т ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.    

 

          3. Хохирол төлбөрийн талаар

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-гийн эд хөрөнгөнд 761.000 төгрөгийн хохирол учирсан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь хохирогч Э.Билгүүндалайд 1.000.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.   

 

Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

 

1. Хаад боржигин овогт О.О-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.          

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.О-т мэдэгдсүгэй.        

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь хохирогч Э.Билгүүндалайд 1.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.    

5. Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР