Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2023/0725/3 |
Дугаар | 221/МА2024/0060 |
Огноо | 2024-01-23 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2024/0060
О.П-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч О.П
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2** дугаар албан бичгийг хүчингүй болгож, хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэврийг нөхөн гаргуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0846 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.П
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, Б.З
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2023/0725/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. О.П нь Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулж “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2** дугаар алан бичгийг хүчингүй болгож, хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэврийг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0846 дугаар шийдвэрээр: “Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 6 дахь хэсэг, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.П-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П давж заалдах гомдолдоо:
“Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2** дугаар албан бичгийг хүчингүй болгож, хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэврийг нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, зарцуулах болон нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасан.
Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заажээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд прокурорын ажилтны тэтгэвэр тогтоолгох тухай нас заасан зохицуулалт байхгүй тул дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч тэтгэвэр тэтгэмж тогтоолгох эрх үүсэхгүй. Иргэний хуулийн 442 дугаар зүйлийн 442.1-д нийгмийн даатгалын төрөл, хэлбэрийг хуулиар зохицуулна, 442.2-т нийгмийн даатгалтай холбогдон үүсэх харилцааг хуулиар зохицуулна гэж тус бүр заасан.
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2** тоот албан бичиг нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон холбогдох журамд үндэслэн гаргасан баримт юм.
Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 6 дахь хэсэг, 6 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч О.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2** дугаар албан бичгийг хүчингүй болгож, өргөдөл өгсөн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч О.П-ийн тэтгэврийг тогтоон олгохыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0846 тоот Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.П-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд прокурорын ажилтны тэтгэвэр тогтоолгох тухай нас заасан зохицуулалт байхгүй тул нэхэмжлэгчид тэтгэвэр тэтгэмж тогтоолгох эрх үүсэхгүй” гэж марган давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
3. Монгол Улсын Ерөнхий прокурорын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/514 дүгээр “Прокурорыг ажлаас чөлөөлж, буцалтгүй тусламж олгох тухай” тушаалаар “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Осоржамаагийн Пүрэвсүрэн нь тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг харгалзан 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, ... О.П-ийн төрийн алба хаасан хугацаа 32 жил 9 сараар тогтоогдсон тул түүнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д заасны дагуу тооцогдсон 56,225,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгож” шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч О.П нь 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргасныг, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2** дугаар албан бичгээр “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасны дагуу эмэгтэй 55 нас хүрсэн тохиолдолд өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгон авч болох юм. Таны хувьд 55 нас хүрээгүй учир Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу шимтгэл төлсөн хугацаагаар тэтгэвэр тогтоон олгох боломжгүй юм” гэдэг хариу өгсөн байна.
5. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 06/*** дүгээр албан бичгээр “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд прокурорын ажилтны өндөр насны тэтгэвэрт гарах талаарх тусгайлан зохицуулсан заалт байхгүй тул танд дээрх хуулийн заалтын дагуу нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж тогтоон олгох боломжгүй байна” гэжээ.
6. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан.
7. Анхан шатны шүүх “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгуулагчийн нас нь Прокурорын тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгуулагчийн нас нь Прокурорын тухай хуульд зааснаас өөрөөр буюу хуулийн эдгээр зохицуулалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Прокурорын тухай хуулийг хэрэглэхээр байна” гэж зөв дүгнэжээ.
8. Өөрөөр хэлбэл Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасны дагуу 50 насанд хүрсэн эмэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор зохицуулсан байх бөгөөд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан зайлшгүй 55 насанд хүрсэн эмэгтэй даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэх үндэслэлээр нэхэмжлэгч О.П-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдэл нь хууль бус байна.
9. Энэхүү тохиолдолд илүү нарийвчилсан зохицуулалт буюу Прокурорын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу өндөр насны тэтгэврийг тогтоох нь хууль тогтоомжид нийцэх бөгөөд ийнхүү хариуцагчийн эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
10. Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 6 дахь хэсэг нь тус хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй байх тул хассан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0846 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 6 дахь хэсэг, 6 дугаар зүйлд...” гэснийг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 он/ хуулийн 6 дугаар зүйлд...” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА