Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 160

 

 

                                                           

            .

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч С.Энхтуул,

Шүүгдэгч Б.Энхболд, түүний өмгөөлөгч С.Батжаргал /ҮД:0922/,

Шүүгдэгч Я.Батцэнгэл, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ҮД:1954/,

Хохирогч Н.Цэрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Энхболд, Я.Батцэнгэл нарт холбогдох эрүүгийн 201625031515 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Галынхан овогт Янжингийн Батцэнгэл: Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Да хүрээ” зах дээр автомашин худалдаалдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18-р хороо, Бэлхийн 46 гудамж 80а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай /РД:ЗП87040710/

 

Шүүгдэгч Төгрөг овогт Баатарын Энхболд: Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Аялал жуулчлалын менежер, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамж 264а тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай /РД:ЗЮ87042830/

 

Шүүгдэгч Я.Батцэнгэл, Б.Энхболд /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, 2016 оны 07 сарын 29-ний өдрөөс 30-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Соёл урлагийн их сургуулийн баруун урд талын зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлан танхайрах явцдаа иргэн Н.Цэрэнтогтохыг зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулж мөн түүний эзэмшлийн 97-69 УНЧ улсын дугаартай Соната-5 маркийн автомашины салхины шил зэргийг эвдэж 140.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Энхболдоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..бид 3 хамтдаа караокегаас гараад такси барих гээд явж байсан юм. Энхбаяр нилээд согтолттой байсан болохоор явж өгөхгүй байсан юм. Энхбаярыг дагуулаад Батцэнгэлийн араас явж байтал Батцэнгэл зам дээр таксины жолоочтой заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгасан юм. Тэгсэн таксины жолооч машиндаа суугаад хөдлөөд явчихаар нь Энхбаяр, Батцэнгэл бид 2 такси бариад зурагт руу Энхбаярын гэр рүү явж байтал араас нөгөө таксины жолооч чинь цагдаа дагуулж ирээд бид нарыг барьж өгсөн юм. Тухайн өдөр манай 10 жилийн ангийн уулзалт болсон юм. Тэгээд караокед сууж байгаад шөнө явахаар болоод Энхбаяр, Батцэнгэл нарын хамт гарсан юм. Ингээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төв зам дагуу такси барих гээд зогсож байсан. Тэгтэл Батцэнгэл нь танихгүй хүнтэй нэг машины хажууд барьцалдаад зогсож байхаар нь би Энхбаярыг орхиод гүйж очоод Батцэнгэлийг салгах гэтэл Батцэнгэлийн нүүр цус болсон харагдаж байсан тэгтэл тэр хүн Батцэнгэлээс салахгүй байхаар нь нэг уда нүүр хэсэгт нь цохиод авсан юм. Тэгээд ч тэр залуу машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн юм. Миний бие тээврийн хэрэгсэлд гар хүрээгүй. Хэн түүний машинд гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна сүүлд Батцэнгэлээс сонсоход дугуй хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн гэж сонссон... гэх мэдүүлэг /хх 42-43/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Я.Батцэнгэлээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Тухайн өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр төв зам дагуу такси барих гээд зогсож байсан юм тэгтэл таксинууд зогсохгүй байхаар нь бага зэрэг уусан халуундаа нэг машины урдуур ороод зогсчихсон тэгтэл одоо нэрийг нь мэдэх болсон Цэрэнтогтох нь гарч ирээд надтай маргалдаад шууд намайг зуураад цохиод авсан юм тэгтэл араас нь манай найз Энхболд ирээд Цэрэнтогтохыг надаас холдуулах гээд  зуураад салахгүй байхаар нь цохисон юм шиг байна лээ. Тэгээд би уурандаа жолооч талын дугуйхэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн юм. гэх мэдүүлэг /хх 49-50/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Н.Цэрэнтогтохоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр манай эхнэрийн ажлын газрын хүмүүс нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглээд Доргио бааранд сууж байна гэсэн. 2016 оны 07дугаар сарын 30-ны шөнө 03 цаг 35 минутын үед өөрийнхөө 97-69 УНЯ улсын дугаартай Соната-5 маркийн машинтайгаа явж Доргио баарнаас эхнэрээ аваад гэртээ харихаар явсан. Манай гэр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1-32 тоотод байдаг. Би Доргио баарнаас хөдлөөд Улаанбаатар хотын шилэн банкны 4 замын уулзвараар хойшоо гараад явж байсан юм. 5 дугаар сургууль дөнгөж өнгөрөөд СУИС-ийн баруун урд хэсэгт явж байтал замын гол хэсэгт нэг залуу 2 гараа алдлаад зогсож байсан. Тэр залуугийн хажууд 2 залуу байсан ба тэр 2 залуу нь замын голд гараа өргөөд зогсож байгаа залуугийн хажууд зам дээр зогсож байсан. Би замын голд зогсож байсан залуугийн хажуугаар нь машинтайгаа зөрөөд зүүн гар талаар нь гарах гэтэл замын голд зогсож байсан залуу /нэрийг нь Батцэнгэл гэдэг байсныг сүүлд цагдаа дээр гомдол гаргасаны дараа мэдэж авсан/ миний машины жолооч талын урд талын крило хэсэг рүү өшиглөхөөр нь машинаа зогсоогоод цонхоо нээгээд чи яаж байгаа юм бэ, зам дээр ингэж зогсож байж болохгүй шүү дээ, машин тэргэнд дайрууллаа, наанаасаа холдооч, яагаад миний машиныг өшиглөж байгаа юм бэ гэхэд чи юу юм бэ, “чамайг ална гэж дайраад чи муу машинаасаа буугаад ир” гээд миний машины цонхоор гараа оруулаад миний өмсөж явсан фудволкноос татаад миний өмсөж явсан фудволкийг урчихсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэхэд машинаасаа буухад Батцэнгэл намайг ганц нэг удаа өшиглөсөн ба нүүр рүү гараараа цохих гэхээр нь би бултаад цохиулахгүй байсан, Батцэнгэл надтай зууралдаж авчихаад тавихгүй болохоор манай эхнэр бууж ирээд та нар больцгоо гэсэн. Энэ үед замын хажууд зогсож байсан 2 залуугийн нэг нь болох Энхболд хажуунас хүрч ирээд /Энхболдын нэрийг нь сүүлд мэдэж  авсан/ чи салаад явах юм уу үгүй юу гэхээр нь би одоо явлаа гэж хэлэхэд Энхболд надруу гараа далайлгаад миний нүүр рүү цохих гэхэд нь би бултчихсан. Тэр үед манай эхнэр салгасан юм. Би тэгээд салаад машин руугаа алхаж байтал Энхболд дахиад чи явахгүй юм уу, үгүй юу /Энхболдын надад хэлсэн үгний утга нь амьд дээрээ салаад явахгүй юм уу гэсэн утгаар хэлж байсан юм/ гэхээр би явах гэж байна гэж хэлээд машиндаа сууж байтал Энхболд хүрч ирээд миний баруун талын нүдрүү цохичихсан юм. Би яаж байгаа юм бэ гэхэд Батцэнгэл тухайн үед урт оосортой  цүнх шиг юм үүрчихсэн явж байсан ба тэрүүгээрээ намайг боох гэж оролдоход нь би боолгоогүй юм. Батцэнгэл намайг боож чадахгүй болохоороо цохих гэхээр нь би гарыг нь барьж авах, бултах зэргээр цохиулаагүй юм. Би тэгээд эхнэрээ машиндаа суулгаад хөдлөх гэхэд Батцэнгэл, Энхболд 2 миний машин руу өшиглөөд үлдлсэн юм... гэсэн мэдүүлэг /хх 18-19/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тухайн өдрийн орой манай эхнэр ажлынхаа хүмүүстэй хамт Доргио бааранд байсан. Манай эхнэр намайг 03.30 цагт ирээд аваарай гэж хэлсэн. Би тухайн үед нь очиж эхнэрээ аваад Улаанбаатар банкны хажуу талын гэрлэн дохио гараад явж байтал зам дээр нэг залуу гараа алдлаад, хажууд нь хоёр согтуу залуу байсан. Гараа алдлаад зогсож байсан залуугийн зүүн талаар тойроод гарах гэхэд миний машин руу өшиглөсөн. Би зогсоод “хөөе чи яаж байна, ингэж болохгүй” гэхэд намайг янз янзын үгээр хэлээд байсан. Тухайн үед Батцэнгэл гэдэг хүн миний машин руу өшиглөсөн байсан. Маргаан үүссэн гол шалтгаан нь энэ юм. Батцэнгэлийн согтолт их байсан. Намайг цохих гэж оролдсон боловч би оногдоогүй. Энхболдын согтолт арай гайгүй байсан. Гэтэл Энхболд намайг машиндаа суух гэхэд намайг цохисон. Тэгээд эд нар таксинд суугаад явсан. Би цагдаад дуудлага өгөөд араас нь дагасан. Одоогоор миний бие эрүүл, машин зүгээр ямар ч асуудалгүй байна, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Д.Насантогтохоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр ажлын газрынхаа хүмүүстэй Доргио бааранд орцгоосон юм. Доргиод байж байгаад нөхөр Цэрэнтогтохыг дуудаж шөнө 03 цаг30 минутын үед баарнаас гарсан юм. Манай нөхөр машинтайгаа ирж намайг авсан бид 2 баарнаас хөдлөөд 5 дугаар сургуулиас хойшоо чиглээд СУИС-ийн зүг явж байтал зам дээр 3 согтуу залуу зогсож байсан ба нэг нь замын голд 2 гараа алдлаад зогсож байсан юм. Бид 2-н урд явж байсан машин эсрэг урсгал руу ороод тэр залууг тойроод гарсан юм. Манай нөхөр бид 2 хажуугаар нь тойроод  гарах гэсэн юм. Мэдээж согтуу хүний хажуугаар зөөлхөн гарна шүү дээ, тэгтэл тэр согтуу миний нөхрийн машины зүүн урд талын крело руу өшиглөсөн. Тэгсэн манай нөхөр машинаа зогсоогоод чи болиочээ, согтуу байж замын голд юу хийгээд байгаа юм бэ гэхэд урдаас хэл амаар доромжлоод дайраад байсан, Тэр согтуу залуу манай нөхрийг “чи явах юм уу” гэхээр нь манай нөхөр таксинд явахгүй гэхэд чамайг тэгвэл явуулахгүй гэсэн юм. Тэгсэнээ тэр залуу /нэрийг нь мэдэхгүй тул 1 дэх залуу гэж нэрлье/ ирээд машины цонхоор татаад манай нөхрийн фудволкийг урчихсан юм. Тэгээд манай нөхөр машинаасаа буугаад түүнтэй зууралдаад авсан. Тэр залуу тэгэж зууралдаж байхдаа манай нөхрийг цохиход манай нөхөр бултаад оногдохгүй байсан юм. Тэгтэл тэр 3 залуугийн арай гайгүй эрүүл нь ирээд манай нөхөртэй зууралдсан залууг салгасан юм. Тэгтэл үлдсэн нэг нь /нэрийг нь мэдэхгүй тул 2 дахь залуу гэж нэрлье/ хүрч ирээд чи одоо ингээд бид 3-аас салаад явахгүй юм уу, үгүй бол энд бид 3 чамайг зодоод алчихна шүү гээд дайраад байсан. Тэр үед нь арай эрүүл залууд нь чи энэнайзыгаа аваач гэхэд тэр залуу 1 залуугаа тавьчихаад нөгөө 2 дахь залууг бариад авсан юм. Тэр хооронд нь манай нөхөр машиндаа сууж байтал 2 дахь залуу нь ирээд манай нөхрийн нүүр рүү нь гараараа цохичихсон юм. Тэгтэл нэг дэх залуу нь ирээд манай нөхрийг машинаас нь татаж буулгах гээд зууралдаад байсан ба би энэ үед машины гадна зогсож байсан юм. Тэр 2 залуу хоёулаа ээлжлээд манай манай машины хаалгыг онгойлгож байгаад манай нөхөртэй ноцолдоод байсан юм. Би арай эрүүл найзад нь энэ хоёрыгоо аваач гэхэд тэр залуу миний үгэнд ороод 2 найзыгаа нэг нэгээр нь татаад салгах гээд оролдож байсан юм. Тэгэж байтал манай нөхөр тэд нараас салаад машинаа хөдөлгөөд холдуулахаар нь би машинаа суух гээд гүйхэд 1 дэх залуу нь миний урдаас ирээд зам хаагаад зогсох үед арай эрүүл найз нь ирээд түүнийгээ авахаар нь би машиндаа суугаад явсан юм. Энэ үед нөгөө хоёр согтуу араас нь ирээд машин өшиглөөд байсан.. гэсэн мэдүүлэг /хх 25-56/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10766 дугаартай дүгнэлтэнд Н.Цэрэнтогтохын биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн зүйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэхь хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой гэсэн дүгнэлт /хх 31/

 

Шүүгдэгч Б.Энхболдын иргэний үнэмлэхний хуулбар /хх 53/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54/, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны тодорхойлолт /хх 55/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 57-61/, шүүгдэгч Я.Батцэнгэлийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 51/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 52/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 63/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 64-68/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-23/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 сарын 02-ны өдрийн ¹10766 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Я.Батцэнгэл, Б.Энхболд нар 2016 оны 07 сарын 29-ний өдрөөс 30-ны шилжих шөнө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Соёл урлагийн их сургуулийн баруун урд талын зам дээр авто машинтай явж байсан Н.Цэрэнтогтохыг “таксинд явахуу, явахгүй бол чамайг явуулахгүй, чамайг ална, чи муу машинаасаа буугаад ир” гэх зэргээр илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж хувцаснаас нь зуурч машинаас нь гаргаж цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Я.Батцэнгэл, Б.Энхболд нарыг танхайрах явцдаа хохирогчийн унаж явсан 97-69 УНЧ улсын дугаартай Соната-5 маркийн автомашины салхины шил зэргийг эвдсэн гэж прокуророос яллах дүгнэлт ирүүлсэн бөгөөд энэ үйлдэлд нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэсэн Эрүүгийн хуульд заасан зүйл ангиар тэдэнд нэмж ял сонсгоогүй нь үндэслэлтэй байна. Учир нь догшин авирлаж танхайрах гэдгийг Улсын дээд шүүхээс гаргасан тайлбарт “танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн зэргийг догшин авирлсан гэнэ” гэжээ.

 

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон гэж үзээд шүүгдэгч Я.Батцэнгэл, Б.Энхболд нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгэл оногдуудлах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Я.Батцэнгэл, Б.Энхболд нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөрөө төлсөн, гэм хорыг арилгасан, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Я.Батцэнгэл, Б.Энхболд нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Галынхан овогт Янжингийн Батцэнгэл, Төгрөг овогт Баатарын Энхболд нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Батцэнгэл, Б.Энхболд нарыг тус тус 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Батцэнгэл, Б.Энхболд нарт тус тус оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Батцэнгэл, Б.Энхболд нарт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч,  нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР