Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/544

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтөлж,  

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал,         

шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:           

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ................. овогт С.О-т холбогдох эрүүгийн 2210000000733 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ........ оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ......................... мэргэжилтэй, “........................” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамтаар ................... дүүргийн ... дугаар хороо ......................... гудамж .... тоотод оршин суух, урьд ....................... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/787 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, ................. овогт С.О /РД: ..................../

 

Холбогдсон хэргийн талаар  

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.О нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн төрсөн эхийн найз болох хохирогч Ч.Т-ийн Хаан банк дахь .................... дугаарын дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг түүний зөвшөөрөлгүй өөрчилж улмаар 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Ч.Т-ийн данснаас 500.000 төгрөг авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 Нэг. Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв. 

 

Хоёр. Эрүүгийн 2210000000733 дугаартай хавтаст хэргээс:

Хохирогч Ч.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  9 дэх тал/

Гэрч С.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/

Хохирогч Ч.Т-ийн Хаан банк дахь................. дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

Шүүгдэгч С.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/      

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 30 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтаст хэргийн 32 дахь тал/ , эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 19 дэх тал, 21-22 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.О гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

 

Шүүгдэгч Шүүгдэгч С.О нь хохирогч Ч.Т-ийн Хаан банкны .............. дугаарын дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг түүний зөвшөөрөлгүй өөрчилж улмаар 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Ч.Т-ийн данснаас 500.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан болох нь:           

 

Хохирогч Ч.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2019 оноос хойш Хаан банканд  ...................... тоот данс нээлгэж интернэт банк нээлгэж байсан юм. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкны ........... тоот өөрийн дансаар гүйлгээ хийх гэтэл миний дансанд байсан 500.000 төгрөг байхгүй болсон байсан. Би тэр даруйд нь өөрийн дансны хуулгаа шалгаж үзэхэд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 23 цаг 31 минутын Хаан банкны ...................... тоот данс руу 500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байсан. Би тухайн гүйлгээг өөрөө хийгээгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  9 дэх тал/

 

Гэрч С.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...2022 оны 4 дүгээр сарын 20-ны үед санагдаж байна яг өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Тухайн өдөр манай гэрт найз Ч.Т ирсэн. Бид хоёр нийлээд 1 шил виски хувааж уусан юм. Тухайн үед вискигээ ууж дуусаад Ч.Т “дахин архи авъя” гээд утсаараа интернет банкаар мөнгө шилжүүлнэ гээд тэгээд согтуу байсан болохоор интернет банкаа блоколчихлоо гээд манай хүү С.О-т утсаа өгч байсан. Тэгээд манай хүү С.О, Ч.Т-ийн утсыг нь оролдоод байгаа бололтой байсан юм. Тухайн өдрөөс хэд хоногийн дараа манай хүү С.О надаас “утас авмаар байна та мөнгө өгөөч” гээд байхаар нь “цалин буухаар ав” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа манай найз Ч.Т над руу залгаад “танай хүүхэд С.О миний данснаас мөнгө авчихсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/  

 

Хохирогч Ч.Т-ийн Хаан банк дахь................. дугаартай дансны хуулга: 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийн зарлага гарсан /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

Хаан банк дахь С.О-ийн ********** дугаартай дансны хуулга: 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ч.Т-ийн ...............тоот данс руу 500.000 төгрөг буцаан шилжүүлсэн  /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

 

Шүүгдэгч С.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “..2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ээжийн найз Ч.Т эгч манай гэрт ирээд архи хувааж уусан. Тэр хоёр намайг архинд явуулна гээд миний данс руу мөнгө шилжүүлэх гэж байгаад нууц үгээ буруу хийгээд блоклоод намайг гаргаад өгөөч гэсэн. Би блокыг нь гаргаж өгөөд нууц үгийг нь мэддэг болсон. 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би гар утас хүнээс худалдаж авахаар болоод мөнгөгүй байсан болохоор Ч.Т эгчийн данснаас 500.000 төгрөг авч Самсунг А-52 маркийн гар утас худалдаж авсан. Хэд хоногийн дараа Ч.Т эгч над руу залгаад “чи данснаас мөнгө авсан байна” гэхээр би үнэнээ хэлсэн. Гэм буруу болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа.. .” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 41-42 дахь тал/   болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч С.О нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

 

         Шүүгдэгч С.О нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Ч.Т-ийн Хаан банк дахь................. дугаарын данснаас 500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.  

 

         Шүүгдэгч С.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            2. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас: шүүгдэгч С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооноос 16 дугаар хорооны хооронд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч С.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, Азийн топ” ХХК-д хамгаалагч ажилтай хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч С.О-ийг оршин суух газар, ажлаа өөрчилсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.О-т мэдэгдэж шийдвэрлэсэн болно. 

 

Шүүгдэгч С.О-т холбогдох хэргийг хэлэлцэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

 

          3.Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.О нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Ч.Т-д 500.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж шийдвэрлэсэн болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хатагин овогт С.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч С.О-ийг оршин суух газар, ажлаа өөрчилсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.О-т мэдэгдсүгэй.    

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.О нь хохирогч Ч.Т-д 500.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.   

 

6. Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ОДБАЯР