| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0400/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/394 |
| Огноо | 2022-05-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...................... овогт Э.Т-т холбогдох эрүүгийн 2210000000361 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ........ оны ... дүгээр сарын ...-ны өдөр ....... аймгийн ................. суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, .................... ХХК-нд засал чимэглэлч ажилтай, ам бүл 7, эцэг, дүү, хүүхдүүдийн хамт ........................... дүүргийн ... дугаар хороо, ............. дугаар гудамжны ..... тоотод оршин суудаг, урьд .............. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............. оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,
...................... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............ оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, нийт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял,
...................... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ................. оны 06 дугаар сарын 20-ны өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
........................... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .............. оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/............ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, нийт 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, .................... дүүргийн анхан шатны шүүхийн .............. оны 7 дугаар сарын 09 өдрийн 427 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, .................. овогт Э.Т /РД:...................../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 120 мянгатын гүүрэн гарцан дээр хохирогч Ж.С-ийн халааснаас “Ай фон икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 690,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2210000000361 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч Ж.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 27-28 дахь тал/
Шүүгдэгч Э.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 47 дахь тал/, Тавст хайрхан ХХК-ийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 49 дэх тал, 66-99 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Т-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт
Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 120 мянгатын гүүрэн гарцан дээр хохирогч Ж.С-ийн халааснаас “Ай фон икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 690.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ж.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажлаа тараад 19 цаг 10 минутын үед Их хуралдайгаас гараад Хан-Уул дүүргийн 120 мянгатын гүүрэн гарцаар шатаар явах үед нэг залуу хажуугаар явах гэж байснаа хажуугаар тойроод зөрөх шиг болохоор нь харахад явсан байсан. Тэгээд цаашаа гараад автобусны буудал дээр ирээд халаасандаа гар утсаа үзэхэд байхгүй алга болсон болохоор нь буцаж гүүрэн гарцны үүдэнд ирэхэд хоёр залуу зогсож байхаар нь та хоёр миний гар утсыг өг. цагдаа дуудлаа шүү гэхэд хоёр тийшээ салаад яваад өгсөн. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхээр сэжиглэж байсан тус хоёр залуугийн явсан газрыг зааж өгөөд араас нь хамт явахад Наадам центрийн ар талын хаалга орчмоос 3 залууг бариад ирэхээр нь харахад надтай гүүрэн гарцан дээр таарсан 2 хүнээс өөр хүмүүс анх гүүрэн гарцаар гарахад хажуугаар зөрсөн өндөр залуу байсан бөгөөд хамт явж байсан 2 хүнийх нь нэг намхан нүдний шилтэй залуугийн халааснаас миний гар утас гарч ирсэн. Тэгээд цагдаа нар хэлтэс рүү авч явсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/
"Дамно" ХХК-ийн эд зүйлийн үнэлгээгээр “Ай фон икс” загварын гар утас 690.000 төгрөгөөр үнэлэгдсэн /хавтаст хэргийн 27-28 дахь тал/
Шүүгдэгч Э.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Шүүгдэгч Э.Т нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Ж.С-ийн халааснаас Ай фон икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 690,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяраас шүүгдэгч Э.Т нь гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Тэрээр барилгын ажил эрхэлдэг, өрх толгойлсон бага насны 2 хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Э.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, бага насны 2 хүүхэдтэй, хөлсөөр ажиллах гэрээгээр барилгын ажил гүйцэтгэж орлого олдог зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Тийг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.Т-т мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Т-т холбогдох хэргийг хэлэлцэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Т-ийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцов.
3.Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Э.Т нь “Ай фон икс” загварын гар утсыг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ж.С-т биет байдлаар буцааж өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................. овогт Э.Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Т-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг бүсээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглож, хязгаарлалтыг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.Т-т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Т-ийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцож, биечлэн эдлэх ялыг 11 сар 28 хоногийн хугацаагаар тогтоосугай.
6. Шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР