Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 216

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо ******* /РД:*******/-ны

Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо *******од оршин суух, *******нууд *******гийн ******* /РД:*******/-т холбогдох 

Орон сууцны нийтийн эзэмшлийн талбайн хэвийн байдлыг хангахад зарцуулах ашиглалтын төлбөр нийт 304.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-ны гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ойр орчны талбай, тохижилт үйлчилгээ, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу айл бүртэй гэрээ байгуулан ажилладаг. Гэрээний үндсэн дээр подваль, дээвэр, орц, үүд хаалганы байнгын засвар үйлчилгээнд 5.000 төгрөгийг хураан авч хэрэглэдэг. Өнөөдрийн Сууц өмчлөгчдийн холбоонуудын үндсэн тарифт манай тариф 70 хувьд хүрч байгаа. Метр квадрат нь 300 төгрөгөөр шинэчлэгдсэн. Өнөөдөр энэ тарифаар үйлчлээгүй харин 2018 оны 06 дугаар сараас хэрэгжүүлнэ гэдгийг Удирдах зөвлөлдөө мэдэгдсэн байгаа. Манайх сар бүр хураадаг 5.000 төгрөгийг хариуцагч С.*******аас нэхэмжилсэн. Би энэ сууц өмчлөгчдийн хорооны ажлыг 2 жилийн хугацаанд хийж байна. Хорооны мэдээлэлд С.******* өөрөө энэ хаягтаа бүртгэлтэй амьдардаг гэсэн утгаар нь би нэхэмжлэл гаргасан. Харин С.*******ын эцэг, эх нь Бадралын хороонд оршин суух бүртгэлтэй байдаг. Би 2016 онд нам өөрчлөгдсөний улмаас мөн айлууд мөнгөө төлдөггүйн улмаас хороог сууц өмчлөгчдийн холбоотой хамтарч ажилла гэж Засаг даргаас санал ирсэн учраас 48-53 дугаар байрыг хариуцаж хорооны ажил хийж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2 дугаар хорооны Засаг даргын иргэдээс санал хураахгүйгээр камерын мөнгө хураасан гэдэг шалтгаанаар би цагдаагийн байгууллагад байцаагдсан. Би энэ талаар хариу тайлбараа өгсөн. Энэ дээр нэг ч төгрөгийн зөрүү байхгүй. Камер тавьсан компани дутуу мөнгө нэхэмжилсэн асуудал надад үүссэн. Үүнийг 1 удаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр цагдаа байцаасан. Би тухайн компанийн дансанд хийсэн баримтаа цагдаагийн байгууллагад өгсөн байгаа. Харин надад сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг хувьдаа ашигласан явдал байхгүй. Би 56 дугаар байрны С.*******ын гэрт ороход энэ хүн өөрөө байдаг байсан. Намайг хараагүй, үзээгүй гэж үндэслэлгүй зүйл ярьмааргүй юм. Тухайн үед би сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг нэхээд ороход энэ хүн намайг загнадаг байсан. Байрны урд талбайд 50 метр дотор машинаа угаадаг. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн 50 метр талбай дотор ямарч зөвшөөрөлгүйгээр граш бариад машинаа агуулдаг. Энэ хүний аав нь гадаа иргэдэд сууц өмчлөгчдийн холбоо гэж пизда юу хийдэг юм бэ? тэрэнд битгий мөнгө өг гээд иргэдийг турхирдаг. Би 1 орцыг сайхан засаад өгье гээд 2016 оны 09 дүгээр сараас 1 айлаас 85.500 төгрөгийг хураасан. Гэтэл дүүргийн Засаг даргаас хүйтний улирлаас өмнө цонх яаралтай тавиарай гэхээр энэ хүний ээж мөнгө өгөхгүй орц хүйтэрч 11 дүгээр сараас хүйтэн алдагдаад байсан. Тус байранд дулааны шугам сүлжээ тавьсан байсан. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр энэ хүний гэрээс цонхоороо 50.000 төгрөг шидэж байсан. Одоо надад 50.000 төгрөгийн нотлох баримт нь байна. Би өөрөө санхүүгийн ажил хийж байсан хүн. Намайг үндэслэлгүйгээр хууль бус ажил хийсэн мэт ярьж миний нэр төрд халдаж байгаад гомдолтой байна. Мөн одоо шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сууц өмчлөгчдийн холбоо нь надтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Сууц өмчлөгчдийн холбооноос надад ямар нэгэн хурал, цуглаан болох талаар амаар болон мэдэгдэх хуудас, бичгээр нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Ийм сууц өмчлөгчдийн холбоо байдаг талаар би огт мэдэхгүй. 2012 оноос 2018 он буюу өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд надад Ирээдүй-4 Сууц өмчлөгчдийн холбоо гэж байгаа, мөн энэ холбооны мөнгийг төлөөрэй, манай сууц өмчлөгчдийн холбооноос ийм ажил явагдаж байгаа гэж огт ярьж байгаагүй. Ирээдүй-4 сууц өмчлөгчдийн холбоо хэзээ, хаана хуралдаад энэ холбоог сонгож байгуулаад дэмжээд явсан талаар мэдэх зүйл надад байхгүй. Хэргийн материалтай танилцахад 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр миний аав н.*******д сууц өмчлөгчдийн холбооноос мөнгөө төл гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байна. Үүнийг би сая мэдэж байна. Үүнээс өмнө сууц өмчлөгчдийн холбооны хурлаа хэзээ хийж, тайлангаа иргэдэд яаж тавьж байсныг мэдэхгүй. Манай байранд сууц өмчлөгчдийн холбоо ажилладаг талаар нүдэнд харагдахуйц болон бусад байдлаар хийгдсэн ажил байхгүй. Иймээс надад энэ талаар мэдэх зүйл байхгүй учраас гаргаж өгөх баримт байхгүй. Энэ ******* гэж хүн Сууц өмчлөгчдийн мөнгийг хувьдаа завшсан гэдэг шалтгаанаар цагдаагийн байгууллагад шаглагдаж байгаа. Энэ хүн мөнгийг хувьдаа бэлнээр болон дансаар авдаг гэдэг асуудлаар шалгагдаж байгаа. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан этгээд нь Ирээдүй-4 сууц өмчлөгчдийн холбоо өөрөө байдаг. Тэгэхээр энэ хүн хувьдаа өөртөө мөнгө аваад яваад байгаа юм биш үү гэсэн хардалт байна. Миний хэлээд байгаа зүйл бол сууц өмчлөгчдийн холбоо нь надтай огт гэрээ байгуулаагүй. Сууц өмчлөгчдийн холбоо гээд нэрээс нь үзэхэд бид өөрсдөө оролцоод хуралдаж байж энэ сууц өмчлөгчдийн холбоог сонгосон байх ёстой гэж бодож байна. Би энэ хүнийг танихгүй, мэдэхгүй гэж хэлээгүй. Сууц өмчлөгчдийн холбооны хурал цуглаан болон яаж сонгогдсон талаар, мөн ийм иргэд оролцлоо, ийм ирцтэй байлаа. Танайх оролцох уу? гэдэг асуудал огт байгаагүй. Сүүлд гаргасан нэмэлт тайлбар дээр сууц өмчлөгчдийн холбоо өөрсдөө хуралдаад 5.000 төгрөгийн хураамжийг баталсан байна. Энэ дээр яг ямар иргэд оролцсон юм. Хэн яаж оролцсон эсэх нь мэдэгдэхгүй сайн дураар хуралдаад өөрөө өөрсдийгөө байгуулдаг. Дахиад сайн дураар хуралдаад үнэ тарифаа тогтоогоод байгаа юм биш үү. Би одоогийн байдлаар Налайх дүүргийн 2 дугаар хороо 56 дугаар байр 11 тоот хаягт оршин суудаг. Манай байранд сууц өмчлөгчдийн холбоог байдаг гэдгийг мэдэж байгаа гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч С.*******т холбогдуулан орон сууцны нийтийн эзэмшлийн талбайн хэвийн байдлыг хангахад зарцуулах ашиглалтын төлбөр нийт 304.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба СӨХ-ны гүйцэтгэх захирал ******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргана.

*******-ны удирдах зөвлөл 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр *******г гүйцэтгэх захирлаар томилж, түүнтэй ажлын гэрээг байгуулсан байна.

Хариуцагч С.******* Налайх дүүргийн 2 дугаар хороо 56 дугаар байр 11 тоот хаягт байрлах орон сууцанд оршин суудаг уг байрыг өмчилж, эзэмшдэг талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа зөвшөөрч, үгүйсгээгүй ба дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, үйлчилгээнд зарцуулагдах СӨХ-ны хураамжийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2., Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3.-д зааснаар төлөх үүрэгтэй.

*******-ны Удирдах зөвлөл 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, гишүүдийн 100 хувийн саналаар 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн *******-ны засвар, үйлчилгээний төлбөрийг сард 5.000 төгрөгөөр хурааж байхаар шийдвэрлэсэн нь *******-ны Удирдах зөвлөлийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тэмдэглэлээр нотлогдож байх тул нэхэмжлэгч Налайх дүүргийн 2 дугаар хороо 56 дугаар байрны 11 тоотод оршин суугч С.*******аас 2012-2018 оны 02 дугаар сар хүртэл хугацааны орон сууцны нийтийн эзэмшлийн талбайн хэвийн байдлыг хангахад зарцуулах ашиглалтын төлбөрт нийт 304.400 төгрөгийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ******* С.*******ын засвар үйлчилгээний төлөгдөөгүй төлбөр тооцооны баримт болон 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар мэдэгдлийг ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангасан.

Хариуцагч С.******* Сууц өмчлөгчдийн холбоо надтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, Сууц өмчлөгчдийн холбооноос надад хурал, цуглаан болох талаар амаар болон мэдэгдэх хуудас, бичгээр нэг ч удаа мэдэгдэж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа ч тайлбараа нотлож ямар нэг баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” заасан үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Иймд хариуцагч С.*******аас орон сууцны нийтийн эзэмшлийн талбайн хэвийн байдлыг хангахад зарцуулах ашиглалтын төлбөрт нийт 304.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.782 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 9.782 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д зааснаар хариуцагч С.*******аас орон сууцны нийтийн эзэмшлийн талбайн хэвийн байдлыг хангахад зарцуулах ашиглалтын төлбөрт нийт 304.400 /гурван зуун дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.782 /есөн мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 9.782 /есөн мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигчид шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                 ДАРГАЛАГЧ                                       Н.БАЯРСҮРЭН