Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/458

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэг,         

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:            

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ овогт *******-д холбогдох эрүүгийн 2210003410513 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, .......... оны .... дүгээр сарын ....-ний өдөр ................ аймгийн ................ суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ............................ мэргэжилтэй, “...................” эмнэлэгт .................. ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамтаар, .................. дүүргийн ... дугаар хороо, ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ................. овогт ******* /РД: ................................/

 

Холбогдсон хэргийн талаар  

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь хохирогч *******-оос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаар 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 26.000 юаниас 21.000 юанийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 9.337.440 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.   

 

Хоёр. Эрүүгийн 2210003410513 дугаартай хавтаст хэргээс:

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 16 дахь тал/

Гэрч Б.А мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 24 дэх тал/

Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37, 41 дэх тал/

Гэрч Л.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45, 47-48 дахь тал/

Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хавтаст хэргийн 55-56 дахь тал/

Wechat-аар харилцаж байсан тухай баримт /хавтаст хэргийн 61-107 дахь тал/

Мөнгө шилжүүлсэн гэх баримтууд /хавтаст хэргийн 146-151 дэх тал/

Шүүгдэгч *******-ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 116 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 126 дахь тал/, Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хавтаст хэргийн 133-134/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 136-137/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 143 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ыг хохирогч *******-оос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаар шилжүүлсэн 26.000 юаниас 21.000 юанийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 9.337.440 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлжээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан баримтаар: Шүүгдэгч ******* нь хохирогч *******-ыг “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамруулж өгнө” гэж 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 26.000 юань бусдаар дамжуулан авч, хохирогчид тэтгэлэгт хамрагдах боломжгүйг мэдэгдэхгүй, багшаас мөнгө буцааж ирээгүй байна хэмээн хуурч, 21.000 юань буюу 9.337.440 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:

 

           Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б.А-аас “намайг тэтгэлэгт хамруулж чадах уу” гэхэд “чадна бүх бичиг баримтаа бэлдээд нийт 13.000 юань болно” гэж хэлсэн. Би эхнэрийн хамт тэтгэлэгт хамрагдахаар болсон. Манай эхнэр ******* бид хоёр нийт 26.000 юанийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хятадын Тариалан банкнаас Б.А өгсөн Хятадын Тариалан банкны ******************* дугаартай Л.Э гэх хүний данс руу  шилжүүлсэн. Б.А хэлэхдээ мөнгийг цааш шилжүүлсэн гэсэн. Б.А надад хэлэхдээ “О багшид өгөөд тэнцэхгүй бол мөнгийг буцааж өгнө” гэсэн. Нийт 11.674.000 төгрөг болсон...”БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Засгийн газрын тэтгэлэгт хамрагдуулж өгнө” гэсэн хүн бол Б.А юм. Б.А сүүлд надад 5000 юань буцаагаад өгсөн. Надад 21.000 юаны хохирол учирсан байгаа. 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэг юань 444.64 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд 11.560.640 төгрөг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 16 дахь тал/  

 

Гэрч Б.А мөрдөн байцаалтад өгсөн: “...БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг 1 сард зарлагдаад 2-5 сарын хооронд элсэлт явагддаг. ******* өөрөө энэ талаар мэдэж байгаа. ...******* намайг гуйсан. ******* эхнэрийн хамт тэнцээгүй... ******* ямар хүнд мөнгө өгсөн талаараа надад хэлээгүй. Ц.Г-ийн wechat-аар ******* нь надтай харилцаад Л.Э-ийн дансыг өгсөн. ******* 26.000 юань шилжүүлчихлээ гэж хэлсэн. Надад зуучлалын хөлс гэж тус мөнгөнөөс 5000 юань шилжүүлсэн. *******-ыг тэнцээгүй гэхээр нь би зуучлалын хөлс гэж авсан 5000 юанийг *******-д буцаагаад өгсөн...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 24 дэх тал/ 

 

Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Л.Э-ийн wechat-аар мөнгө авсан зүйл байхгүй. Харин нөхөр маань *******-оос шилжүүлсэн тэтгэлгийн мөнгийг Л.Э-ийн дансаар шилжүүлэн авсан юм байна лээ. Сүүлд нөхрөөс асуухад 2100 юаниар БНХАУ-аас бараа захиалсан юм байна лээ...”  гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37, 41 дэх тал/

 

Гэрч Л.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Хятадын Тариалан банкны ******************* дансаа Ц.Г-д өгсөн. Тэр дансаар 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 26.000 юань орсон. Тус мөнгийг Аlipay данс руу шилжүүлж урдаас бараа захих гэж байгаа гэж хэлсэн”  гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45, 47-48 дахь тал/

 

Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа: 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн  байдлаар нэг юань 444.64 төгрөгтэй тэнцэнэ. /хавтаст хэргийн 55-56 дахь тал/

 

Wechat-аар харилцаж байсан тухай баримт /хавтаст хэргийн 61-107 дахь тал/

 

Мөнгө шилжүүлсэн гэх баримтууд /хавтаст хэргийн 146-151 дэх тал/

 

Шүүгдэгч *******-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...******* түүний эхнэр С-ын хамт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаар зуучлуулсан. Нийт 26.000 юань өгсөн. Би Б.А-д 5000 юань өгсөн. Би 1000 юанийг хэрэглэсэн. 20.000 юанийг БНХАУ-д сургуульд оруулж өгнө гэж хэлсэн хүн рүү явуулсан. Гэтэл *******, түүний эхнэр нар тэнцээгүй болохоор мөнгө нь  2021 оны 10 дугаар сарын эхээр буцаж орж ирсэн. Би мөнгийг нь эргэлтэд оруулж урдаас бараа захиалсан боловч  бараа Эрээн дээр гацсан. Би хохирлыг барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* болон түүний эхнэрийг “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамруулж өгнө” хэмээн бусдаар дамжуулан 21.000 юань авч, тэтгэлэгт хамрагдах боломжгүйг хохирогчид хэлэлгүйгээр нууж, “БНХАУ-ын тэтгэлэгт хамруулж өгөхөөр хөөцөлдөж байгаа багшаас мөнгийг буцааж өгөөгүй байна” хэмээн хохирогчийг хуурч, мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулан 9.337.440 хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл: шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар мөнгө олох  зорилгоор “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамруулж өгнө” гэх нэрийдлээр мөнгийг өгөхгүй хохирогчийг төөрөгдөлд оруулан, хуурч буй үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шунахайн сэдэлттэй байна. Энэ гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх ба шүүгдэгч *******-ы залилах гэмт хэргийн улмаас хохирогч *******-д 9.337.440 төгрөгийн хохирол учирчээ.

Иймд шүүгдэгч *******-ыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

           Шүүгдэгч ******* нь бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 143 дахь тал/-аар тогтоогдож байна.

 

          Улсын яллагчаас: Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлт гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай боловч хохирлоо төлж барагдуулаагүй байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******-ыг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглож шийдвэрлэсэн болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

3. Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас 9.337.440 төгрөг гаргуулж хохирогч *******-д олгохоор шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон      

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******-д холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.  

 

2. Шүүгдэгч Хамба овогт *******-ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.      

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******-ыг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглосугай.    

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.

 

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******-аас 9.337.440 төгрөг гаргуулж хохирогч *******-д олгосугай.    

 

7. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.    

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.         

  

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОДБАЯР