Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/438

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,

шүүгдэгч Д.Э өөрөө өөрийгөө өмгөөлж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......................... овогт Д.Э-д холбогдох эрүүгийн 2210000000476 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ............ оны .... дугаар сарын ....-ны өдөр ...................... төрсөн, эрэгтэй, ..... настай, дээд боловсролтой, ......................, ................... мэргэжилтэй, ам бүл 1, ................... дүүргийн ..... дугаар хороо, .............. ....... гудамжны ............. тоотод оршин суух, .............. тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, .............. овогт Д.Э /РД: ........................./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/-

Шүүгдэгч Д.Э 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Лавай худалдааны төвийн 2 давхарт байрлах цайны газрын лангуунаас хохирогч Л.Б-ын “Самсунг А71” загварын гар утсыг хулгайлж, 526.000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

           Нэг. Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...4 дүгээр сарын 8-ны өдөр таксинд явахаар гэрээсээ гарсан. 1 цагийн үед гэр рүү буцаад явж байхдаа “Эрэл”-ийн ойролцоо цайны газар очоод мантуун бууз идье гээд орсон. 2 давхарт цайны газар ороод эхний лангуунаас мантуун бууз асуухад байхгүй гэсэн. Дараагийнх нь дээр нь очиход гар утас лангуун дээр нь байсан. Тэгээд авахад кассчин хараад зогсож байсан. Надад миний утас гэж хэлээгүй. Лангуун дээрээс утас авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч гомдол, саналгүй гэсэн өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирол бүрэн барагдуулсан. Лангуунаас утас аваад гэртээ харих хооронд 40 минут болсон нэг ч дуудлага ирээгүй. Дуудлагын лавлагааг нь авахад гарч ирнэ. Ер нь өмнө цагдаагийн байгууллагад гэмт хэрэг үйлдэж очиж байгаагүй. 4 дүгээр сарын 8-нд хагас сайн өдөр байсан. Дараагийн долоо хоногийг 2 дахь өдөр нь цагдаа ирэхээр нь утсыг нь өгсөн. Энэ талаар Сэргэлэн мөрдөгчид хэлсэн. “Лавай” худалдааны төвд хоол идэх гэж орохдоо утас байгаа гэдгийг мэдээгүй, мэдэх боломж байгаагүй. Халаасны хулгай санаатай үйлдэл байдаг. Эрүүгийн хуулийн өөрт холбогдох хэсгийг уншиж судалсан. Лангуун дээр очиход ямар сэдэл төрсөн вэ гэхээр Б-ын утас биш байна гэж бодсон. Тэгээд утас авснаа хүлээн зөвшөөрч байна. Эхний өдөр мэдүүлэхдээ хэлсэн. Мэдүүлэг авч байхдаа хуулийн заалт үзүүлсэн. Алдуул мал гээгдэл эд хөрөнгө завшвал ийм зүйлээр явна гэж хэлсэн. Хамгийн сүүлд танилцуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Алдуул мал гэж үзэх үндэслэлгүй байна гэж прокурорт шилжүүлсэн. Ямар ч хуульчтай уулзсангүй, өмгөөлөгчгүй орж ирсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн 3 дугаар давхарт мэдүүлэг авч байхад нь сонирхоод гар утас хулгайлсан үед ямар ял авах вэ гэж асуусан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болно гэж хэлсэн. Прокурорт шилжүүлсэн очоорой гэсэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэдгийг мэдэхгүй учраас прокурорт хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хэлсэн. Зорчих эрхийг хязгаарлах тохиролцоно гэсэн. Би Баянхошуунд байшинтай, баруун салаанд дутуу байшин байгаа зэргийг гүйцээж барих тул зорчих эрх хязгаарлах ял боломжгүй гээд шүүх хуралдаанд орж ирсэн. Би хууль мэдэхгүй учраас 3 дахь өдөр нь ир гэсэн дараагийн нэгдэх болтол хойшилсон. Ийм хуультай юм байна лээ. Легал инфо.мн сайтаас хууль уншсан гэв...” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210000000476 дугаартай хавтаст хэргээс:

Дуудлагын лавлагааны утас /хавтаст хэргийн 1 дэх тал/

Хохирогч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-13 дахь тал/

Дамно ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ХУ-22-20-с дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 25-29 дэх тал/

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дэх тал/

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-8 дахь тал/

Шүүгдэгч Д.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/, гэрч Д.Бадамсүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/, оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 43 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Э-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

   Шүүгдэгч Д.Э 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Лавай худалдааны төвд байрлах цайны газрын лангуунаас хохирогч Л.Б-ын “Самсунг А71” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 526.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим ажлаа хийгээд байж байхад тосны борлуулагч ирээд тооцоо хийгээд байж байхад үйлчлүүлэгч гээд 40 гаран насны залуу мантуун бууз авъя гэхээр нь авч өгөх гээд гал тогоо руу ороод гараад ирэх хооронд лангуун дээр байсан гар утас аваад явсан байсан...Самсунг А71 маркийн гар утас байсан...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 9-13 дахь тал/

 

Дуудлагын лавлагааны утас /хавтаст хэргийн 1 дэх тал/

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг А71” загварын гар утсыг 526.000 төгрөгөөр үнэлсэн /хавтаст хэргийн 25-29 дэх тал/

 

 Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Лавай худалдааны төвийн цайны газар доторхи хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 13.20 минутанд сэжигтэй этгээд текен дээр очиж зогсож 13.22 минутанд гар утсыг авч байгаа бичлэг буусан байв...” /хавтаст хэргийн 3-4 дэх тал/

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: 358680102010680 кодтой “Самсунг А71” загварын гар утсыг Д.Э-гаас хураан авч, хохирогч Л.Б-д хүлээлгэн өгсөн тухай  /хавтаст хэргийн 5-8 дахь тал/

 

Шүүгдэгч Д.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч Д.Э нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

         Шүүгдэгч Д.Э нь шунахай сэдэлтээр хохирогч Л.Б-ын эзэмшлийн Самсунг А-71 маркийн гар утсыг цайны газрын лангуун дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 526.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

         Шүүгдэгч Д.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Д.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийг хэлэлцэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Д.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн /биет байдлаар/, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Э-г оршин суух газар, ажлаа өөрчилсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Э-д мэдэгдэв.

 

            3.Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь Самсунг А71 загварын гар утсыг хохирогч Л.Б-д биет байдлаар төлсөн тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .................... овогт Д.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Э-г оршин суух газар, ажлаа өөрчилсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Э-д мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь Самсунг А71 загварын гар утсыг хохирогч Л.Б-д биет байдлаар төлсөн тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.     

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ОДБАЯР