Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/511

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,   

шүүгдэгч Ц.Э өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:     

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт Ц.Э-т холбогдох эрүүгийн 2210000000479 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ......... оны ... дугаар сарын ....-ны өдөр ................... аймгийн ..................... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................................... хийдэг, ам бүл 3, эхнэр, охины хамт ............. дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар байрны ...... тоотод оршин суух, урьд ................. дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ............. овогт Ц.Э /РД:....................../  

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 120 мянгатын Тэмээтэй хөшөөний орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.А-ийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, хамрын цус хуралт, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.        

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210000000479 дугаартай хэргээс:    

Хохирогч Х.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 15-16 дахь тал/

Аюулгүйн зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 7-8 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4628 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ 

Гэрч Б.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

Шүүгдэгч Ц.Э-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн  39 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 40 дахь тал/,  оршин суух газрын лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 45 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Э-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.    

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 120 мянгатын Тэмээтэй хөшөөний орчимд автомашин дотроо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.А-ийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, хамрын цус хуралт, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:       

 

Хохирогч Х.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Э, 3 настай охин С-ын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 120 мянгатын орчимд нөхөр Э дуудлагаар хөргөгч засах ажил хийхээр явж байсан. Охин С-ыг бие засуулах зорилгоор Хан-Уул дүүрэгт байрлах тэмээтэй хөшөөний хойд талд би автомашинаас бууж охиноо бие засуулчихаад буцаж машинд орж ирэхэд нөхөр Э “яасан хол явдаг тэнэг мал вэ” гэж хэлээд миний зүүн нүд орчимд гараараа 2 удаа цохиж зүүн гарын бугалга хэсэг 1 удаа цохисон. Тэгээд бид 3 машинтайгаа Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад эмнэлгийн тойрогт байх гэрт ирсэн. Тэгээд гэрт ирснийхээ дараа би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 15-16 дахь тал/   

 

Аюулгүйн зэргийн үнэлгээ: “...дунд...” /хавтаст хэргийн 7-8 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4628 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Х.А-ийн биед зүүн нүдний доод зовхи, хамрын цус хуралт, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтэл учирсан дэс дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 26-27 дахь тал/    

 

Гэрч Б.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.А нь 2017 оноос хойш F70 буюу оюуны хөнгөн хомсдол гэсэн оноштойгоор миний өөрийн хяналтад байдаг...Хааяа өвчин хөдлөхөөрөө унаж татдаг, ярьж байгаа зүйлээ асуудалгүй илэрхийлдэг. Харин зарим зүйлийг мартаж санах тохиолдол байдаг. Бусдаар эд эрхтэн эрүүл саруул асуудалгүй, ажилдаа эрүүл саруул...” мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

 

Шүүгдэгч Ц.Э-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...хэргийн зүйлчлэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Х.А-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний биед халдан цохиж “зүүн нүдний доод зовхи, хамрын цус хуралт, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.    

 

          Иймд шүүгдэгч Ц.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Ц.Э нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар  тэнсэж хянан харгалзсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 45 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/-аар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч  Ц.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Ц.Э-ын орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Э-т мэдэгдэж шийдвэрлэсэн болно.

 

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

 Гэмт хэргийн улмаас хохирогч Х.А-ийн биед “зүүн нүдний доод зовхи, хамрын цус хуралт, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал“ бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч хохирогч нь Х.А-аас нэхэмжлэх зүйл байхгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлжээ.  /хавтаст хэргийн 53 дахь тал/

 

Иймд шүүгдэгч Ц.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэхээр байна.

 

Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдъя. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. .................. овгийн Ц.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Э-т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

  

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР