Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0077

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн  

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

          Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

          Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч “Т” ХХК

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч “Т” ХХК

          Хариуцагч “Э” ТӨҮГ

          Нэхэмжлэлийн шаардлага: “Э” ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/62** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/20230611** дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  12 дугаар сарын 22-ны өдрийн 119/ШШ2024/0001 дүгээр шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, З.С

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

          Хэргийн индекс:119/2023/0039/3

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь “Э” ТӨҮГ-т холбогдуулан “Э ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/62** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/20230611** дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

          2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  12 дугаар сарын 22-ны өдрийн 119/ШШ2024/0001 дүгээр шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Титас хас фүүд” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч “Т” ХХК давж заалдах гомдолдоо:

3.1 Шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 119/ШШ2024/0001 тоот шийдвэрийг гаргахдаа доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

3.1 Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4.13-д “хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасны дагуу тендерийн баримт бичигтэй холбогдуулан “Т” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрх нь нээлттэй байсан ба гомдол гаргаагүй байна”, 4.14-д “тендерийн баримт бичиг алдаатай боловсруулагдаж, алдаатай тендерийн баримт бичгээр тендерийг нээж, шалгаруулалт явуулсан нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарууд, Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 тоот албан бичгээр нотлогдож байх тул “Э” ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны ТБ-134-12/62** тоот шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж тус тус дүгнэсэн нь ойлгомжгүй.

3.2 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Тендерийн баримт бичиг, тэдгээртэй холбоотой мэдээллийг олох талаарх 22 дугаар зүйлийн 22.3-т “Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно” гэж заасан байдаг. Түүнчлэн Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3 дугаар зүйлийн 3.2.4-т “Тендерт оролцогчоос тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлт гаргасан бол ... шаардлагатай бол тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж заасан. Эдгээрээс үзэхэд тендерийн баримт бичигт ойлгомжгүй буюу тодорхойгүй мэдээлэл байх тохиолдолд түүнийг залруулах, улмаар тендерийн үйл ажиллагааг алдаа, мадаггүй, нэг мөр явуулах зорилго бүхий оролцогчоос захиалагч талд гаргах хүсэлтийг тендерийн тодруулга гэх,

Харин шүүхийн дурдсанчлан хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д дурдсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хянан шийдвэрлэх маргааны харьяалал нь Захиалагч тендерийн баримт бичгийг боловсруулахдаа тендерт оролцох сонирхолтой аль нэг талаас нөгөө талын өрсөлдөөнийг хязгаарлах талаарх зөвлөгөө авсан эсхүл ийнхүү оролцогчдыг тэгш шударга бусаар өрсөлдүүлэх зорилго бүхий нөхцөлийг тендерийн баримт бичигт санаатайгаар тусгасан байх явдал юм.

Гэвч Техникийн даалгаврын 16-д тусгагдсан “гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулах” гэх шаардлага нь Захиалагчийн зүгээс оролцогч аль нэг талд давуу байдал олох, цаашилбал нөгөө талын шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарласан явдал огт биш бөгөөд зөвхөн техникийн шинжтэй алдаа байсан болох нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр болон 10 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлыг хянасан Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 тоот бичиг, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, мэдүүлгээр тус тус нотлогддог.

Гэтэл шүүхээс техникийн шинжтэй дээрх алдааг захиалагчийн зүгээс оролцогчдын өрсөлдөөнийг хязгаарласан чиглэсэн буюу нэг талд давуу, нөгөө талд тэгш бус байдал үүсгэх зорилготой нөхцөл гэж үзээд нэхэмжлэгч тал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны ТБ-134-12/62** тоот шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруугаар тайлбарлаж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн явдал болоод байна

3.3 Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4.15-д “ ... тендерт оролцогчийн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа үнэлгээний хорооноос дахин үнэлгээ хийх зэргээс шалтгаалан тендерийн хүчинтэй хугацаа 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан болох нь нотлогдож байна”, 4.17-д “Тендерт оролцогчоос гомдлыг хянан шийдвэрлэх журмын 1.3-д “... төсвийн асуудал эрхэлсэн төв байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх ба гаргасан шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-д заасны дагуу заавал биелүүлнэ гэж журамласан ба Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн 03/8009 дугаартай бичигт “тус тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болж, тухайн тендер хүчингүй болсон байна. Иймд тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг үндэслэн мэдэгдье” гэсний дагуу захиалагч дахин тендер зарласныг буруутгах үндэслэлгүй байна”, 4.18- д “... тендерийг хянах, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах зэрэг тендерийн тодорхой шат дараалсан ажиллагаанууд хийгдээгүй, тендерийн хүчинтэй хугацаа дууссан байхад шүүхээс захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцож даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна” гэж дүгнээд 4.19-д “нэхэмжлэгчийн гаргасан нийт 4 шаардлагыг хангах үндэслэлгүй талаар” дурдсан.

Өмнө дурдсанчлан үйлдвэрийн ажилчдад нийт 9 цэгт гагцхүү заалаар болон хүргэлтээр халуун хоолоор үйлчлэх тендерийн баримт бичиг дэх Техникийн даалгаврыг 16-д “гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулах” гэх техникийн шаардлага бичигдсэн байсан тул энэхүү шаардлага нь алдаа мөн эсэх /техникийн шинжтэй алдаа байсан нь Сангийн яамнаас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 тоот бичиг, Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 11 -ний өдрийн 03 тоот хурлын тэмдэглэл, шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, мэдүүлгээр нотлогдсон/, эсхүл үнэхээр тендерийн хүрээнд хийгдэх үйлчилгээ мөн эсэхийг лавлахаар манай компани 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр энэ талаарх цахим тодруулгыг явуулсан.

Гэтэл хариуцагч уг тодруулгын дагуу ямар нэгэн арга хэмжээ авч энэ талаар хариу өгөлгүйгээр 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр /хүсэлт гаргаснаас 14 хоногийн дараа/ Тендерийг нээсэн. Ийнхүү тодруулгад хариу өгөөгүй эс үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Захиалагч энэ хуулийн 22.3-т заасан хүсэлтийн хуулбарыг түүнд өгсөн хариу тодруулга, нэмэлт мэдээллийн хамт тендерийн баримт бичиг худалдан авсан бүх сонирхогчдод нэгэн зэрэг бичгээр илгээх бөгөөд уг бичгийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгснөөр, эсхүл худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлснээр хариу тодруулга, нэмэлт мэдээллийг хүргүүлсэнд тооцно”, “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.2.4 “Тендерт оролцогчоос тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлт гаргасан бол хариу албан бичгийг гарсан өдөр нь цахим системд нийтлэх, шаардлагатай бол тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах”, 3.9-д Захиалагч тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийн хариуг хүсэлт гаргагчийн нэрийг дурдалгүйгээр албан бичгээр гаргаж, түүний хуулбарыг цахим систем дэх тендерийн баримт бичгийн “тодруулга” хэсэгт нийтэлнэ. Ийнхүү нийтэлсэн даруйд тус тодруулга, нэмэлт мэдээллийг бүх тендерт оролцогчдод нэгэн зэрэг хүргүүлсэнд тооцно, мөн “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 3.7.7-д “Тендерт оролцогч тендерийн баримт бичгийн талаар тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлт албан бичгийг эх хувиар эсхүл цахим системээр гаргасан бол энэ хүсэлтийг тендер шалгаруулалтын хавтаст хэрэгт хадгалж, захиалагчийн хариу албан бичгийг тендерт оролцогчдод хүргүүлэх, цахим системд байршуулах арга хэмжээ авах” гэж заасныг тус тус зөрчсөн талаар Сангийн яам 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 дугаартай бичгээр нотлогддог.

Түүнчлэн “О” ХХК-иас гаргасан гомдлын дагуу Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/7375 тоот албан бичгээр “Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн” мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Үнэлгээний хороо тендерийг үнэлэхээр дахин хуралдаж нийт 6 асуудлаар санал хураалт явуулсан. Ингэхдээ гэр кемп гэх үйлчилгээ тендерт байхгүй алдаа гэдгийг нийт 2 удаагийн хурлаар хэлэлцсэн ч манай ирүүлсэн баримт бичгийг дээрх алдаатай шаардлагын дагуу үнэлж, шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь хууль бус. Тодруулбал 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хурлын тэмдэглэлд “Үнэлгээний хорооны гишүүн Ц.О “өмнөх хурал /2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Үнэлгээний хорооны хурал/ дээр техникийн даалгаварт үйлчилгээ байхгүй талаар дурдаж байсан, техникийн даалгаварт алдаа гарсан байна. Нэгэнт алдаа гарсан тул ... Сангийн яамны дүгнэлтийн дагуу “Т ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлага хангаагүй гэж үзэж байна. Гэхдээ гэр кемп гэх үйлчилгээ тендерт байхгүй тул дахин зарлахаар бол уг асуудлыг тендерийн баримт бичигт тодруулж өгөх нь зүйтэй байх” Д Э “Уг тендерт гэр кемп гэх үйлчилгээ байхгүй байгаа тул миний санал өмнөх саналтай нэг буюу ... тендерийн материалыг шаардлага хангасан гэж үзэж байна” гэж тус тус хэлсэн болон шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогддог.

Баримтаас үзэхэд тендерийн хүчинтэй хугацаа 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан ба 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тодруулга явуулахад болон 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр, 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд Үнэлгээний хороо хуралдахад тендер хүчинтэй байсан. Ийнхүү тендерийн хүчинтэй хугацаанд тодруулгад хариу өгч, шаардлагатай бол тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулаагүй эс үйлдэхүй болон Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/73** тоог албан бичгийн дагуу Тендер шалгаруулалтын дахин үнэлэхдээ санаатайгаар алдаатай баримт бичигт үндэслэн тендерийг үнэлж, “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь хууль бус болохыг шүүхийн зүгээс ямар нэгэн байдлаар дүгнэлгүйгээр шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй.

Түүнчлэн шүүхээс даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзахдаа “Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/80** дугаартай бичигт “тус тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болж, тухайн тендер хүчингүй болсон байна. Иймд тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг үндэслэн мэдэгдье” гэсний дагуу захиалагч дахин тендер зарласныг буруутгах үндэслэлгүй байна” гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно гэж заасан. Эндээс үзэхэд энд дурдсан тендер шалгаруулалтын процесс нь үнэлгээнээс эхлэх бөгөөд гэрээ байгуулах эрх олгосноор дуусгавар болдог байна. Өөрөөр хэлбэл тендер шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар бүлгийн 19-26 дугаар зүйлд заагдсан Тендерийн баримт бичиг бэлдэх, бататгаа гаргах, урилга нийтэд мэдээлэх, тодруулга гаргах буюу мэдээлэл олгох, тендер ирүүлэх, нээх бодон хянан үзэх зэрэг процессын аль нь ч багтадгүй бөгөөд гагцхүү 28 болон 29 дүгээр зүйлд заагдсан үнэлгээ хийх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах зэрэг процесс л багтана.

Тодруулбал Сангийн яамнаас хариуцагчийг гаргасан алдаа, зөрчлийг арилгасны үндсэн дээр үнэлгээг дахин хийхийг шаардсан байтал ирүүлсэн албан бичгийг буруугаар тайлбарлаж, бүтэн тендерийн үйл ажиллагааг шинээр зарлаж байгааг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй.

/Жич: Нэхэмжлэгчийн зүгээс “Э” ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны ТБ-134-12/62** тоот мэдэгдэлд дурдсан үнэлгээний хорооны дүгнэлт, 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн ЭҮТӨҮГ/20230611** тоот тендер сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/20230611** дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгуулах зэрэг нийт 4 нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн шүүхэд гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ингэхдээ тодорхойлох хэсгийн 4.12-4.14-д хариуцагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны ТБ-134-12/62** тоот шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзах үндэслэл, 4.15-4.18-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах үндэслэлүүдийг л тус тус дурдсан. 4.19-д нийт 4 нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар дурдсан ч 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ЭҮТӨҮГ/20230611** тоот тендер сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгох болон “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/20230611** дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан тухай ямар нэгэн үндэслэлийг шүүхийн шийдвэрт дурдаагүй. Өөрөөр хэлбэл энэхүү 2 шаардлагыг ямар ч үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан Иймд 119/ШШ2024/0001 тоот шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй болно./

Ийнхүү захиалагчийн удаа дараагийн санаатай бодон хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс бид бүхний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасан “шударгаар хувийн аж ахуй эрхлэх” үндсэн эрх цаашилбал тендерт шударгаар оролцож, шалгарах, ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх зөрчигдөөд байна. Гэтэл шүүхээс манай компанийн дээрх эрх тендерийн хүчинтэй хугацааны явцад /тендер нээхээс 14 хоногийн өмнө ирүүлсэн тодруулгын дагуу ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр, техникийн даалгаврыг алдаатай боловсруулсныг мэдсээр байж 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тендерийг нээсэн, Сангийн яамнаас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн албан шаардлагын дагуу тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх ёстой байтал 2 удаагийн хурлаар хэлэлцсэн алдаатай баримтыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Т” ХХК- ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4-д заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн/ зөрчигдсөн талаар огт дүгнэлт өгөөгүй атлаа шүүх хуралдааны өдрийн байдлаар тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг буруутгах үндэслэлгүй, шүүхээс захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох үндэслэлгүй гэх байдлаар 2 нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн 2 шаардлагыг ямар ч үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан нь Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг аль ч талаар хангаагүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-д “... шүүх хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.2-д заасан шийдвэрийг гаргана” гэж заасны дагуу “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын ... бүхэлд нь хангах” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх “Т” ХХК-ийн “Э” ТӨҮГ-т холбогдуулан “Э ТӨҮГазрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/62** дугаар шийдвэрийг хүчингүй болгох, Т ХХК-ийг ЭҮТӨҮГ/20230611** дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, Э ТӨҮГазарт “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин зарласан ЭҮТӨҮГ/20230611** тоот тендер сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. “Э” ТӨҮГ-аас 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээг үзүүлэх тухай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20230611** дугаар нээлттэй тендерийг зарлаж, Тендерийн үнэлгээний хороо 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Т” ХХК нь тендер шалгаруулалтад оролцон шалгарч “Э” ТӨҮГ-аас 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ТБ-134-12/54** дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн.

3. Уг шийдвэрийг эс зөвшөөрч “О” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаж “...Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхээр шийдвэрлэсэн...” талаар 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/73** дугаар албан бичгээр мэдэгдсэний дагуу  Тендерийн үнэлгээний хороо 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдан, тендерт үнэлгээ дахин хийж, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй учраас нээлттэй тендер шалгаруулалт дахин явуулах дүгнэлтийг Захиалагчид мэдэгдэхээр шийдвэрлэсэн байна.

4. “Э” ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/62** дугаар албан бичгээр “Т” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулж ирүүлээгүй тул шаардлага хангаагүй” гэж Үнэлгээний хороо дүгнэснийг мэдэгджээ.

5. Улмаар Үнэлгээний хорооны шийдвэрийг “Т” ХХК эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/80** дугаар албан бичгээр “Т” ХХК нь 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр цахим системээр тодруулга авах хүсэлт хүргүүлсэн байх боловч хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасан ... захиалагч тодруулгад хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль зөрчсөн байна.... тус тендер шалгаруулалтын тендер хүчинтэй байх хугацаа 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болж, тухайн тендер нь хүчингүй болсон байна. Иймд тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдэж” шийдвэрлэсний дагуу захиалагч “Э” ТӨҮГ нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин тендер зарласан байна.

6.  Нэхэмжлэгч “Т” ХХК 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “тендерийн баримт бичгийн “Ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерийн техникийн даалгаврын 16-д ... гэр кемп-ийн талаарх тодруулга хийлгэхээр” захиалагчид хүсэлт гаргасан боловч захиалагч хариу өгөлгүйгээр тендерийг нээж, шалгаруулсан талаар анхан шатны шүүх “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаагүй...” гэх үндэслэлгүй дүгнэлт хийж,   Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид Хуулийн гэх/ 11 дүгээр зүйлийн 11.2, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг буруу тайлбарлан хэргийг хянан шийдвэрлэжээ.

7. Хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4-т заасан тодруулга хүссэн “Т” ХХК-ийн албан бичиг, хүсэлт хэрэгт авагдаагүй, ийнхүү тодруулгад хариу өгөөгүй, тендер шалгаруулалт явуулан Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шийдвэр, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар шийдвэрүүд хууль тогтоомжид нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

8. Мөн хавтаст хэрэгт хавсарган ирүүлсэн CD /сиди/ /анхан шатны шүүхийн хэргийг ирүүлсэн албан бичигт дурдаагүй/ уншигдахгүй, гэмтэлтэй, tender.gov.mn цахим хуудсаар нэвтрэн ороход тендерт оролцогчдын баримт бичиг хадгалагдаагүй, байхгүй зэргээс энэхүү маргааны үйл баримтад дүгнэлт өгч давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлгүй болно.       

9. Нэхэмжлэгч “Т” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Э” ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдэлд дурдсан Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байхад анхан шатны шүүх “Э ТӨҮГазрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/62** дугаар шийдвэрийг хүчингүй болгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.  

10. Өөрөөр хэлбэл “Э ТӨҮГазрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/62** дугаар албан бичиг тендерт шалгараагүй тухай мэдэгдсэн мэдэгдлийн шинжтэй, нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар шууд үүсгээгүй байх бөгөөд ийнхүү Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан.    

11. Анхан шатны шүүх “Э ТӨҮГазрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/62** дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн боловч нэхэмжлэгчийн хувьд үр дагавар үүсгэж буй гэх Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд маргасныг тодруулаагүй,  “...алдаатай тендерийн бичиг баримт боловсруулсан, гэр кемпийн талаарх шаардлагыг хасах нь зүйтэй, ийнхүү ирүүлсэн бүх тендер шаардлага хангаагүй” талаар шийдвэрлэсэн Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэх нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. 

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримттай холбогдуулан нотлох баримт дээр тулгуурлан маргаан бүхий акт тус бүрийн хууль зүйн үндэслэлд тайлбар дүгнэлт өгөх, хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.5-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  12 дугаар сарын 22-ны өдрийн 119/ШШ2024/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

              ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА