Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/530

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа,       

шүүгдэгч О.Г түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:           

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ажнай овогт О.Гд холбогдох эрүүгийн 2210007400613 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ........ оны ... дугаар сарын .... өдөр ............. аймгийн ............. суманд төрсөн. .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ................................................... ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .............. дүүргийн ... дүгээр хороо ............................... тоотод оршин суух, урьд өмнө ................ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............ оны 10 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ............. овогт О.Г /РД: .........................../  

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.Г нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны орой Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Бэст буйдан” ХХК-ийн үйлдвэрийн ойролцоо гудамжинд хохирогч Э.Ү-г “... настай охин хүүхэдтэй гар утсаар харилцлаа” гэх шалтгаанаар баруун гарын тохойгоор түүний баруун шанаанд нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

                  

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

 

Эрүүгийн 2210007400613 дугаартай хавтаст хэргээс:  

Хохирогч Э.Ү-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 58 дахь тал/

Гэрч Ц.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/

Гэрч Н.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

Гэрч А.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/

Насанд хүрээгүй гэрч М.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/

 Гэрч Р.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

Гэрч Ө.О-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 3249 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

Шүүгдэгч О.Г-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/, Зам сервис ХХК-ийн дугуй засварыг түрээслэн ажилладаг нь үнэн гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 75 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дахь тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч О.Г нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны орой Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Бэст буйдан” ХХК-ийн үйлдвэрийн ойролцоо гудамжинд хохирогч Э.Ү-г “өөрийн найз М.М, Ц.Ц нарын 7 настай охин М.Н-тэй гар утсаар харилцлаа” гэх шалтгаанаар баруун гарын тохойгоор түүний баруун шанаанд нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:         

 

Хохирогч Э.Ү-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Эмэгтэй буусан даруйд нь үл таних 2 эрэгтэй хүн миний машины ар талын хаалгыг онгойлгож миний 2 талд суусан. махлаг эмэгтэй хүн урд талын суудал дээр суусан. Миний зүүн гар талд суусан бүдүүн махлаг эрэгтэй хутга гаргаж ирээд чамайг ална гэж хэлсэн ..манай аав ээж 2-т танай хүүхэд 7 настай хүүхэдтэй чатлаад өөрийн бэлэг эрхтний зургийг явуулсан гэж хэлээд миний утсан дээр байсан бэлэг эрхтний зургийг үзүүлсэн миний жолооны үнэмлэхний зургийг дарж аваад ээжид нөгөө махлаг эмэгтэй 1 сая төгрөг өгчих тэгвэл зүгээр өнгөрөөнө гэж хэлсэн. Манай ээж би хорт хавдартай, ээж хэлээд эмнэлгийн бичиг баримтаа үзүүлэхэд нөгөө махлаг эмэгтэй за тэгвэл 500.000 төгрөг өгчих гэхээр нь манай ээж хэд хоногийн дараа өгье гэж хэлтэл нөгөө хүмүүс за таньд итгэлээ гэж хэлээд Хаан банкны ********** тоот данс үлдээгээд гараад явсан... Би фэйсбүүк хаягаар 7 настай хүүхэдтэй чаталсан асуудал байхгүй. Мөн садар самуунтай холбоотой дүрс бичлэг зураг явуулаагүй, Мөн өөрийн бэлэг эрхтэнгийн зургийг явуулаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 58 дахь тал/

 

Гэрч Ц.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “…Ү-ийн гэрт нь очсноос 2 өдрийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд С, Ч бид гурав гэрт нь очиж Ү-ийн ээжийнх нь өгсөн 450.000 төгрөгийг бэлнээр мөнгөөр авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/

 

Гэрч Н.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд би нөгөө залуугийн ээж рүү залгаж холбогдоход орой 16 цагийн орчимд хүрээд ирээд надад 450.000 төгрөг байна гэж хэлэхээр нь нөгөө миний үлдээсэн данс руу явуулчих гэж хэлэхэд эгч нь явуулж чадахгүй бэлнээр авчих гэж хэлсэн. Орой 22 цагийн орчимд Ц бид 2 Ч-оор машин бариулж Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа 17 дугаар гудамжинд очиж нөгөө залуугийн ээжтэй нь уулзсан. Тэгээд нөгөө залуугийн ээж нь надад бэлнээр 450.000 төгрөг өгсөн...”  мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

 

Гэрч А.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Машинд Ч бид хоёр хамт явсан. Тэгээд нөгөө залууг суулгаад Нисэхийн гудамжаар явж байхад нөгөө залуу миний гуяыг элээд байхаар нь Ч-оо энэ хүн миний гуяыг илээд байна гэхэд нэг газар зогсоод араас машинтай ирж байсан миний нөхөр Г, Ц, С нар байсан. Тэгээд би машинаасаа буугаад өөрийнхөө машинд суусан. Г надтай солигдож суугаад би өөр машинд суусан...”  мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/

 

Насанд хүрээгүй гэрч М.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…надтай фэйсбүүкээр танилцсан Ү гэх хаягтай хүн надад зургаа үзүүлээгүй, надаас ямар нэгэн зүйл шаардаагүй, мөн зураг үзүүлээгүй...”  мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/  

 

 Гэрч Р.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “… Ц зогсоорой энэ хүн гуя илээд байна гэхээр нь би тэр даруйд нь зогссон. Намайг зогссон даруйд Ц машинаас бууж манай найз Г, Ц хоёр нөгөө үл таних залуугийн 2 талд сууж мөн манай эхнэр С урд талын суудал дээр суусан. Би юу болоод байгаа талаар тодруулж асуухад манай найз Э.Г манай 7 настай охин хүүхэд рүү фейсбүүкээр чат бичээд янз бүрийн садар самуун сурталчилсан воёс бичлэг явуулаад байна гэж хэлсэн. Тэгээд манай найз Э.Г нөгөө залууг чи яагаад жаахан хүүхэдтэй чатлаад янз бүрийн юм яриад байгаа юм гэж хэлтэл нөгөө залуу би тэгээгүй гэж хэлсэн. Гэтэл Э.Г нөгөө үл таних хүний нүүр хэсэг рүү гарын алгаар хэсгээр 1 цохиж харагдсан...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд манай эхнэр С над руу залгаад Нисэх орчоод ирье гэж хэлсэн. Би С, Ц нарыг аваад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 17 дугаар гудамжинд очтол нөгөө Э, Г гээд охинтой чаталсан гэх эрэгтэйн ээж нь гарч ирээд Ц гэх эмэгтэйд бэлэн мөнгө өгсөн. Би ямар учиртай мөнгө байсан талаар би мэдэхгүй, би тэр мөнгөнөөс аваагүй...” мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

 

Гэрч Ө.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “…Г нөгөө үл таних залуугийн нүүр хэсэг рүү гарын алга хэсгээр нэг удаа цохиж харагдсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 3249 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Э.Ү-ийн биед баруун чих. чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

 

Шүүгдэгч О.Г-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай найз Ц, М нарын охин Н .... настай гэх хүүхдийн утас руу “ Ү Ү гэх фэйсбүүк хаягнаас манай охин руу өөрийгөө .... настай гэж **-** настай гаж хоолойтой хүн юм бичээд байна. Манай хүүхэд рүү мессеж бичээд байна. Энэ нөхрийг барьж авах гэсэн юм гэж Ц надад хандан хэлсэн...Тэгээд би Ү Ү гэсэн хуурамч фэйсбүүк хаяг нээгээд тухайн Ү Ү гэх фэйсбүүк хаяг руу эхнэр Ц бичээд 2022 оны 05 дугаар сарын 15-ны орой Нисэх дээр уулзахаар болсон юм. Тэгээд бид нар аргаа бараад танай хүүхдийг цагдаад өгөх гээд явж байхгүй юу гэж хэлтэл ээж нь манай хүүхдийг битгий цагдаад өгөөч гэж хэлээд хэдүүлээ хоорондоо зохицож болно гэж хэлэхэд ээж нь 1 сая төгрөг эгч нь олоод өгнө гэж хэлэхээр нь та бие муутай юм чинь бид нар таниас ийм их мөнгө авахгүй зүгээр 500.000 төгрөг өгчихнө биз гэж хэлээд хохирлын талаар бид тохиролцсон юм. Тухайн үед би Ү-ийн зүүн хацар хэсэг рүү нь 2-3 удаа баруун гараараа зөөлөн алгадаад хараалын үг хэлсэн...” мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.   

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг. 

 

Шүүгдэгч О.Г нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны орой Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Бэст буйдан” ХХК-ийн үйлдвэрийн ойролцоо гудамжинд хохирогч Э.Ү-г өөрийн найз М.М, Ц.Ц нарын ... настай охин М.Н-тэй гар утсаар харилцлаа” гэх шалтгаанаар баруун гарын тохойгоор түүний баруун шанаанд нь 2 удаа цохиж, түүний биед баруун чих, чамархайд цус хуралт бүхий бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

           Иймд шүүгдэгч О.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 119 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад О.Г нь зөвшөөрсөн байна.    

Шүүгдэгч О.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч О.Г-д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.   

 

 

Хохирол төлбөрийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Хохирогч Э.Ү нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 71 дэх тал/ мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч О.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

 

1. ................ овогт О.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.          

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Г-д мэдэгдсүгэй.     

 

           4. Шүүгдэгч О.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.   

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР