Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2018/01419

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Э.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Б.И-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Э.Б, Б.Ихоёр 2006 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Тэдний дундаас 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдөр охин Б.М төрсөн. Б.Иминий охин Э.Бд гар хүрдэг, хоорондын таарамж муу байснаас тэд гэрлэлтээ батлуулаагүй. Э.Б, Б.И нар гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2009 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Охин Б.М төрсөн цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл ээж, өвөө, эмээ нарын асрамжид байсан. Одоо 11 настай Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 5д ангийн сурагч. 2009 оноос хойш Б.Иохиноо харж хандаж байгаагүй, 3 удаа л уулзаж байсан. Б.И-ийн эцэг эх нь баяр ёслолын үеэр хааяа ирж ач охин Б.Маралхүслэнтэй уулздаг. Э.Б, Б.И нар олон жил тусдаа амьдарч, өөрсдийн амьдралтай болсон. Э.Б надад итгэмжлэл өгч, охины эцгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн. Иймд охин Б.М-д эцэг Б.И-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Б.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.И нь Э.Б-тэй 2006 онд танилцаж, 2007 онд охин М төрсөн. М нь миний охин болох нь үнэн. Сар болгоны хүүхдийн тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. Гэхдээ хүүхдийн тэтгэлгийг охиныхоо нэр дээр данс нээж ирээдүйд нь сурлагын төлбөр гэх мат шаардлагатай зүйлсэд нэмэр болгох үүднээс хуримтлуулж хадгаламж үүсгэх саналтай байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Б.И-ийг охин Б.М-ийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дор дурьдсан үйл баримт тогтоогдлоо.

 

Зохигчид 2006 онд танилцаж, хамтран амьдарч 2007 оны 8 дугаар сарын 21-ний өдөр охин Б.М-г төрүүлжээ. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул охиныг эхээр нь овоглож, төрсний бүртгэлд бүртгүүлж 0090684 Г-2323 дугаартай төрсний гэрчилгээ авсан байна.

 

Хариуцагч охиныг өөрийн хүүхэд биш гэж маргаагүй төрсөн эцэг нь болохоо хүлээн зөвшөөрсөн тул эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Зохигчид тэтгэлгийн хэмжээний талаар тохиролцоогүй, хариуцагч нь хүүхдийн тэтгэлгийг төлнө гэж тайлбарласан тул байх Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2007 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.М-г11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Мандал овогт Болдын Идэрээр  тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид /Үндэсний Статистикийн хорооноос 2018 оны шинэчлэн тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн Улаанбаатар хотын хэмжээнээс 12 сарын хугацаанд тооцоход 198.600:2=99.300, 99.300х12=1.191.600 төгрөг/ 1.191.600 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 33.148 төгрөг, нийт  103.384 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид 70.200 төгрөгийг олгож, 33.184 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.И-г 2007 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.М-ийн эцэг мөн болохыг тогтоосугай.

 

2.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.М-г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.И-р тэжээн тэтгүүлсүгэй.

 

 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.И-с улсын тэмдэгтийн хураамжид 103.384 төгрөг гаргуулж, 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 33.184 төгрөгийг улсын орлогод оруулсугай.          

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ