| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/03555/И |
| Дугаар | 102/ШШ2018/01646 |
| Огноо | 2018-05-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2018/01646
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ж.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Ц-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч С.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч С.Цаас 2015 оны 11 сард зээлсэн 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Ж.Б2015 оны 11 сард С.Цд 4.000.000 төгрөг өгч, С.Цын өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 3 дугаар байрны 31 тоот 1 өрөө орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлсэн. Хариуцагч С.Ц чөлөөлүүлсэн орон сууцаа өөр банкны барьцаанд тавьж зээл авч, нэхэмжлэгчээс зээлсэн 4.000.000 төгрөг төлнө гэж харилцсан тохирсон боловч төлөөгүй. Тухайн үед энэ байдлыг мэдэх гэрч Л.С, н.Хэрлэнчимэг нар хамт байсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх тул зээлийн төлбөр 4.000.000 төгрөгийг хариуцагч С.Цаас гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч С.Ц шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Бнамайг 2015 оны 11 сард 4.000.000 төгрөг авсан гэж бичиж өгөөч, өртэй болохоор Шүүхийн шийдвэрээс хайгаад байна. Хэрвээ намайг хүнээс авлагатай гэвэл хайх нь гайгүй болох байх гэж Ж.Б хэлсэн. Би Ж.Б-ыг танихгүй, тухайн үед Л.С, Ж.Б-тай хамт ирсэн. Л.С ч гэсэн намайг Ж.Б-д тодорхойлолт бичээд өгөөч, би ч гэсэн түүнд бичиж өгсөн гэж хэлсэн. Би Ж.Б-г 1 л удаа харсан, бид 2 нэг нэгэндээ мөнгө өгөх хэмжээний бие биенээ танихгүй. Надаас гуйгаад байхаар нь 4.000.000 төгрөг харилцан тохиролцсоны үндсэн дээр төлнө гэж бичсэн. Би 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тодорхойлолт бичиж өгөөд Ж.Б-аас ямар ч мөнгө аваагүй. 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Л.Снадтай зээлийн гэрээ байгуулж, 5.000.000 төгрөг зээлсэн. Л.Снадаас мөнгө зээлэхдээ Ж.Бгэх найз минь будааны компанитай. Урдаас вагоноор будаа оруулж ирэх гээд гаалийн татвар төлөх шаардлагатай байна гэж хэлсэн. Л.С, Ж.Б 2 надаас зээлсэн 5.000.000 төгрөгөө төлөхгүй явсаар 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Л.С надад 3.877.000 төгрөг өгч, би “*** банк”-ны зээлээ хаасан. Би 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ж.Б-д тодорхойлолт бичиж өгөөд нэг ч төгрөг аваагүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.С, С.Цаас зээлсэн 5.000.000 төгрөгөөс 3.877.000 төгрөг төлөхөд Ж.Бхамт байсан. Тийм ч учраас хариуцагч Л.С, Ж.Бнарыг хамтран хариуцагчаар татаж, 5.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг тэнцүү хэмжээгээр гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ж.Баяржаргалын будааны гаалийн татвар төлөхөөр Л.С, С.Цаас 5.000.000 төгрөг зээлсэн. Энэ хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шийдэх ямар ч боломж байхгүй. Учир нь талуудын хооронд зээлийн гэрээ байхгүй, мөнгө өгч, авалцсан баримт байхгүй. Ж.Б Шүүхийн шийдвэр дээр өртэй байж яаж хүнд 4.000.000 төгрөг зээлэх юм бэ. Нэхэмжлэгч өөрт нь 4.000.000 төгрөг байсан гэх эх үүсвэрээ нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгчийн хариуцагчаар хийлгэсэн баримт хариуцагчийн мөнгө авсан гэсэн баримт биш. Нэхэмжлэлд хариуцагчийг нэхэмжлэгчээс 2015 оны 11 дүгээр сард зээл авч, банкны барьцааны төлбөр төлсөн гэдэг. Гэтэл “***” банкны баримтаар зээл 2015 оны 12 дугаар сард төлсөн болох нь нотлогдож байна. Зээлийн гэрээ байхгүй, хариуцагчийн бичсэн гэх тодорхойлолт огноо, гарын үсэг байхгүй баримтаар хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шийдэх боломжгүй. Нэхэмжлэгч, хариуцагчид мөнгө шилжүүлээгүй байхад яаж хариуцагч төлбөр төлөх юм бэ. Л.Сгийн С.Цд төлсөн төлбөрийг нэхэмжлэгч хариуцагчаас далимдуулан нэхэмжилж байна. 2015 оны 11 сард хариуцагч нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн гэдэг ч 12 дугаар сард банкны барьцааны зээл төлөгдсөн. Нэхэмжлэгч, хариуцагчид 4.000.000 төгрөг зээлсэн юм бол яагаад мөнгө зээлсэн өдрөө мэддэггүй, гэрээ байгуулдаггүй, мөнгө өгсөн, авсан гэсэн баримт үйлддэггүй юм бэ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хариуцагчид мөнгө зээлсэн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бнь хариуцагч С.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь “Уг мөнгийг зээлээгүй, надаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хэрэг болоод байна гэж гуйж, мөнгө зээлсэн мэтээр бичиг хийлгэж авсан” гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Бнь С.Цд 2015 оны 11 дүгээр сард 4.000.000 төгрөгийг зээлдүүлсэн гэж шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, хариуцагч С.Цын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өөрийн гараар бичсэн гэх “Б-аас 2015 оны 11 сард 4.000.000 төгрөг авсан. Бид харилцан тохиролцсоны үндсэн дээр эргүүлэн төлнө” гэсэн баримтыг гаргаж өгснийг хариуцагч энэ баримтыг өөрөө үйлдсэн талаар маргаагүй болно.
Харин хариуцагч нь татгалзахдаа “дээрх мөнгө авсан гэх баримтыг нэхэмжлэгч Ж.Б, түүний найз Л.Снарын гуйлтаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт төлбөртэй хэцүү байгаа гэхээр нь бичиж өгсөн. Ер Ж.Б-ыг сайн танихгүй, мөнгө огт зээлээгүй” гэж тайлбарлаж байх боловч хариуцагч нь мөнгө хүлээн авсан баримтыг нотлох баримтаар няцаагаагүй, надаас гаалийн татвар төлнө гээд мөнгө зээлсэн байсан гэх боловч хэрэгт өгсөн зээлийн гэрээ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ биш хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээг байгуулсанд тооцон гэж заасан бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж зааснаар зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй бөгөөд мөнгийг шилжүүлснээр байгуулсанд тооцдог. Мөн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж зааснаар хариуцагчийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн мөнгө хүлээн авсан гэх баримтаар 2015 оны 11 дүгээр сард зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүхээс дүгнэлээ. Зохигчид зээлийн гэрээг хугацаагүй байгуулсан байх бөгөөд хариуцагчийн би төлөхгүй гэсэн тайлбараар зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Цаас 4.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч С.Цаас 4.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 78.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ