| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0200/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/423 |
| Огноо | 2022-06-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Бхөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ........овогт Д.Б-т холбогдох эрүүгийн 2210000000536 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ....оны .... сарын ...-ны өдөр Увс аймгийн .... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , ..................... хамт Увс аймаг, .................. сум, ......................................... оршин хаягтай, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-т зааснаар 3 сар баривчлах, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж хөнгөн ялыг хүндэд багтаан 1 жилийн хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 13.550 төгрөг хурааж, 10 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 260 дугаартай шүүгчийн захирамжаар суллагдсан, ............ овогт Д.Б /РД:......................../.
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн амны Хан Төгөл хотхоны 7-2 дугаар байранд барилгын заслын ажил хийж байхдаа хохирогч Ж.Ш-ийн эзэмшлийн Самсунг А51 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 400 000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Хоёр. Эрүүгийн 2210000000536 дугаартай хэргээс:
2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ирүүлсэн дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр тал/
Хохирогч Ж.Ш-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/
Гэрч Н.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/
Д.Б-ын ................. дугаарын Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 23 дахь тал/
Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 18-19 дэх тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргйин 33-55 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 46-55 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн амны “Хан Төгөл” хотхоны 7-2 дугаар байранд барилгын заслын ажил хийж байхдаа хохирогч Ж.Ш-ийн эзэмшлийн Самсунг А51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 400 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ирүүлсэн дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр тал/
Хохирогч Ж.Ш-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 18-ний 09 цагт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн амны “Хан төгөл” хотхоны барилгын 7-2 дугаар хаус байрны дотор заслын ажил хийх гээд манай бригад зургуулаа очсон. Барилга дээр шал шахаж байсан 4 хүн байсан ба нийт тэр байшинд 10 хүн байсан. Орой 17 цаг 35 минутын үед би өөрийн утсаар хүнтэй яриад ариун цэврийн өрөөнд үлдээсэн. Би 18 цагийн үед ажлаасаа буугаад утсаа авах гээд гарахад миний гар утас алга болсон байсан. Тэгээд би тэнд байсан хүмүүсээс гар утсаа асуухад паркетан шал шахаж байсан нэг ах дээшээ паркетан шал авах гээд гарахад ариун цэврийн өрөөнд байсан гэсэн. Бас паркетан шал шахаж байсан нэг хүн нь хог шүүрдээд явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/
Гэрч Н.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07 цагийн орчимд Тэди худалдааны төвийн гадна талд “гар утас авна, зарна” гээд зогссон. Өдөр 11 цагийн орчимд хамт ажилладаг Т гэх найзын хамт зогсож байтал А гэдэг эрэгтэй хүн бид хоёрыг Тэди төвийн хойд талын хаалганаас дуудахаар нь бид хоёр очтол .... орчим настай бор царайтай эрэгтэй хүний хамтаар “ Самсунг А51” маркийн гар утас барьчихсан энэ утасны ажиллагааг нь үзээд үнэ тохироод авчих гэж хэлсэн. Т бид хоёр тухайн “Самсунг А51” маркийн гар утасны ажиллагааг нь шалгаж үзээд 150 000 төгрөгөөр худалдаж авч болох юм байна гэж саналаа хэлтэл тухайн эрэгтэй хүн “тэгье заръя” гэж хэлэхээр нь бид хоёрт мөнгө байхгүй шүү дээ гэж А-д хэлтэл “зүгээрээ би шилжүүлчихнэ” гэж хэлсэн. Тэгээд Т бид хоёр тухайн гар утасны ажиллагааг дахин шалгаад зогсож байтал А тухайн залууд мөнгийг нь шилжүүлээд явуулчихлаа гээд хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/
Шүүгдэгч Д.Б-ын ................. дугаарын Хаан банкны дансны хуулганд: 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 150.000 төгрөгийн орлого орсон. /хавтаст хэргийн 23 дахь тал/
Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг А51” маркийн 400.000 төгрөгөөр үнэлэгджээ....” /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Шүүгдэгч Д.Б нь шунахай сэдэлтээр хохирогч Ж.Ш-ийн эзэмшлийн Самсунг А-51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 400.00 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Б-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Д.Б нь урьд ..... аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар, ..... аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-т зааснаар 3 сар баривчлах, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж хөнгөн ялыг хүндэд багтаан 1 жилийн хорих ялаар, .... аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 13.550 төгрөг хурааж, 10 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж, ...... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 260 дугаартай шүүгчийн захирамжаар суллагдсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 46-55 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дахь тал/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 151 дугаар тогтоолоор шийдвэрлэж, шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Б-ыг оршин суух газар, ажлаа өөрчилсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад шүүгдэгч Д.Б нь зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Д.Б-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүхээс шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Б-ыг оршин суух газар, ажлаа өөрчилсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Б-т мэдэгдэж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Б-ыг энэ хэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан, нийт 20 хоног цагдан хоригдсон байна.
3.Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Хохирогч Ж.Ш-ийн “Самсунг А51” маркийн гар утасыг Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: 400.000 төгрөгөөр үнэлэгджээ....” /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ Иймд гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ш-т 400.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ. Хохирогч Ж.Ш нь мөрдөн байцаалтад “Миний бие Д.Б-аас хохирлоо бүрэн авсан. Гомдол саналгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд санал хүсэлт байхгүй” гэсэн хүсэлтээ бичгээр гаргажээ. /хавтаст хэргийн 88 дахь тал/ Иймд шүүгдэгч Д.Б-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ................ овогт Д.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Б-ыг оршин суух газар, ажлаа өөрчилсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Б-т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт нийт 20 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь хохирогч Ж.Ш-т 400.000 төгрөг нөхөн төлснийг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР