Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 171/2016/0074/э |
Дугаар | 85б |
Огноо | 2016-10-24 |
Зүйл хэсэг | 215.3., |
Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 85б
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0074А/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир, Хохирогч*****, Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Шүүгдэгч *****ын өмгөөлөгч П.Батжаргал, Шүүгдэгч *****гийн өмгөөлөгч Ө.Ганзориг, Шүүгдэгч *****, ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар шүүгдэгч*****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000735 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол Улсын иргэн, *****, 1989 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангид хянагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *****тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай. 2.Монгол Улсын иргэн,*****, 1991 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн ****** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай. Шүүгдэгч ***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, шүүгдэгч ***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч ***** нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед өөрийн эзэмшлийн *****улсын дугаартай Sonata-6 маркийн авто машинаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15-р бүлгийн 15.1 харанхуй буюу үзэгдэл хангалтгүй үед хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, 9-р бүлгийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна-т заасныг тус тус зөрчиж Дархан-Уул аймгийн***** дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн хойд талд эсрэг урсгалтай 4 эгнээ замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй битүү хучилттай асфальтан замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан талийгаач*****ийн дээгүүр дайран улмаар талийгаач*****ийг чирж хүндэвтэр гэмтэл учруулсан, Шүүгдэгч ***** нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед өөрийн эзэмшлийн 11-72 улсын дугаартай Frius-20 маркийн авто машинаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15-р бүлгийн 15.1 харанхуй буюу үзэгдэл хангалтгүй үед хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, 9-р бүлгийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 2-р бүлгийн 2.5.а зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавих үүрэг хүлээнэ-т заасныг тус тус зөрчиж Дархан-Уул аймгийн ***** дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талд эсрэг урсгалтай 4 эгнээ замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй битүү хучилттай асфальтан замын зорчих хэсэгт*****ийг авто машинаар мөргөн зам тээврийн осол гаргаж, улмаар***** нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь Шүүгдэгч *****гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний бие шинэ хорооллын арын замаар эцэг, эх хоёрыгоо авах гээд ахынх руугаа явж байсан. Тэгээд *****-р байрны тэр хавьд явж байтал нөгөө талын урсгалд явж байсан машины гэрэл тусаад надад урд талын зам харагдахгүй байсан. Тэгтэл байрны талаас хүн гарч ирээд би тоормос гишгэсэн боловч амжаагүй зогсож чадахгүй тэр хүнийг машиныхаа зүүн урд талаар тэр хүний хаашаа мөргөснийг нь сайн мэдэхгүй байна нэг мэдсэн миний машины хамар дээр унаад машины урд талын том шил хагарчихсан. Би сандраад тэр хүн миний машины зүүн тал руу даваад зам дээр уначихсан харин би чигээрээ нилээд явж байгаад замын урд талын хашлаганы тэнд зогссон. Би тухайн үед шоконд ороод цаашаа яваад байсан байна лээ. Би машинаа зогсоочхоод явган зорчигч руу очоод харсан чинь нэг талынх нь хацар, амнаас цус гарчихсан доошоо харчихсан хэвтэж байсан. Ахаа босоорой гэсэн чинь дуугарахгүй байхаар нь буцаж машин руугаа гүйгээд утсаар ярих гэж байтал зам дээр хэвтэж байсан нөгөө ахыг Sonota-6 маркийн авто машин ирээд шууд дээгүүр нь гараад чирээд явчихсан. Тэгээд миний машины ард ирээд зогссон. Тэгсэн чинь нөгөө явган зорчигч уг машины доор дөрвөн дугуйны голд байсан. Би тухайн үед аваараа асаасан байсан ослын гурвалжин тэмдэг тавиагүй байсан. Хохирогчид 11 902 500 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг, Шүүгдэгч *****ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2015 оны 10 дугаар 16-ны өдөр Олон улсын худалдааны төвийн хойд замаар оройн 23 цагийн орчим ******-р байрны ертөнцийн зүгээр хойд талд эсрэг урсгалтай 4 эгнээ замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй замын 2-р эгнээгээр өөрийн машин болох***** улсын дугаартай соната маркийн машинаар замын хөдөлгөөнд оролцож явсан. Тэгээд явж байтал эсрэг талын урсгалд явж байсан машины гэрэл тусаад надад юу ч харагдахгүй болохоор нь би машиныхаа тоормосоо хагас гишгээд хурдаа багасгаад гэрлээ ойр дээр нь тавьчихсан явж байсан чинь машины доогуур дугуйны голд түг гэх чимээ гараад нэг юм чирэгдэх шиг болсон. Тэгэхээр нь би тоормосоо бага багаар гишгэсээр байгаад зогссон. Тэгээд машинаасаа буугаад миний машины хажууд саарал өнгөтэй прусс маркийн машины урд талын шил хагарчихсан байхыг нь хараад ямар нэг юм мөргөснөө мэдсэн. Тэгсэн прусс маркийн машины жолооч бололтой нэг залуу жолооч талдаа машин дотроо хаалгаа онгойлгоод суучихсан аавтайгаа ярьж байгаа бололтой хүн мөргөчихлөө бараг үхсэн байхаа гээд яриад байхаар нь түргэн, цагдаа дуудаач гэж хэлсэн. Тэгээд би машиныхаа жолооч талаар тонгойж харсан чинь миний машины доор 4 дугуйны дунд доошоо харчихсан нэг эрэгтэй хүн хэвтэж байсан, толгой нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан машинтай харьцуулахад тууш чиглэлтэй байсан. Миний машинд 3 хүн сууж явсан. Тэгээд би сандраад утсандаа ярих дугаараа хийж чадахгүй, мөн цагдаа болон түргэний дугаарыг санахгүй байхаар нь хажуу талын машинуудыг зогсоогоод тусламж гуйсан. Цагдаа нар ирээд машиныг хойш нь түлхээд тухайн хүнийг машин доороос гаргахад тэр хүний хойд талын өмднийх нь бүс зүүдэг эмжээрний тэндээс гогдсон юм шиг мөр байсан. Миний машинд ямар нэг хагарсан цуурсан зүйл харагдаагүй. Хохирогчид 11 200 000 төгрөгийн хохирол төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг, Хохирогчийн*****ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие талийгаач*****ийн эхнэр нь. Бид хоёр дундаасаа 16 настай нэг охинтой. Гэр бүл болооод 18 жил болж байна. 2015 оны 10-р сарын 16-ны шөнө 02 цаг өнгөрөөгөөд над руу Дарханы цагдаагаас танай гэр бүлийн хүн осолд ороод сэхээн амьдруулах тасагт биеийн байдал муу байна, ирэх боломж байна уу гэж байсан. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан. Тэгээд удалгүй нас барчихлаа гэж хэлсэн. Талийгаач маань 2011 оноос эхлэн нас барах хүртлээ Улаанбаатар төмөр замын 6-р ангийн 3-р хэсэгт замчнаар ажиллаж байсан. 2 банкны зээл төлдөг байсан. Оршуулгын зардал 10 446 585 төгрөг, банкны зээл 11 700 195 төгрөг, үйлдвэрчний эвлэлээс талийгаачийн авсан зээл 218 000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч *****аас 11 200 000 төгрөг, *****гаас 11 902 500 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, Гэрч *****ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Осол болдог өдөр би харуултай байж таарсан, манай компани осол болсон замын ертөнцийн зүгээр хойд талд нь байдаг цэнхэр өнгийн төмөр хашаан дотор байдаг. Тэгээд би тухайн үед эргэн тойрноо ажиглаад манаачийн жижиг байшин дотроо байж байтал цагдаагийн машины гэрэл урд талын зам дээр гялалзаад байхаар нь би гараад харахад цагдаа, эмнэлгийн машин ирчихсэн байсан. Тэгээд осол гарсан юм болов уу гэж бодоод манаачийн жижиг байшин дээрээ гараад хэсэг харж байгаад буцаад осол болсон газар очоод харсан, тэгсэн нэг хүнийг эмнэлгийн машинд хийгээд аваад явж байсан, хажууд 2 машин байсан, зүүн тийшээ харчихсан зогсож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/, Гэрч *****ийн мөрдөн байцаалтад өгсөн: Тухайн осол гарсан газар очиход осол гаргасан гэх 2 машин 2-уулаа зэрэгцээд ойролцоо зогсчихсон ертөнцийн зүгээр зүүн тийш харчихсан байсан. Харин соната маркийн машины доор дайруулсан гэх явган зорчигч байсан тухайн үед машины доор байхад нь харсан чинь толгой нь зүүн тийшээ харсан, доошоо харчихсан байсан. Тэгээд би замын зохицуулагч цагдаа Дэлгэр болон Уламнэмэх нарын хамт соната маркийн машиныг урдаас нь бага зэрэг өргөж байгаад түлхээд явган зорчигчийг машин доороос гаргаж түргэний машинд өгч явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 302-р хуудас/, Гэрч Ш.Дэлгэр /хх-ийн 301-р хуудас/, Д.Уламнэмэх /хх-ийн 303-р хуудас/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шинжээч С.Бүрэнжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Талийгаач***** нь босоо байдалд явж байгаад машинд мөргүүлсэн. Машинд хүчтэй мөргүүлсний улмаас хүчтэй газар савж, тэр нь прусс маркийн авто машины салхины шил хагарсан нь талийгаачийн дээрх гэмтэлтэй тохирч байна. Талийгаачийн гавлын суурь яс нь чамархай хүртлээ цуурсан байдаг. Энэ гэмтэл нь тухайн хүнийг шокын байдалд оруулна. Ийм гэмтлийн 80-90 хувь нь шууд үхэлд нөлөөлнө. Цусанд 3.5 хүнд зэргийн согтолт илэрсэн. Ходоодноос авсан шинжилгээгээр хохирогч нь өмнөх өдөр нь архи уугаад архи нь гүйцэд гараагүй байхад дахин уусан гэж үзэхээр байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 61, 388-389-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Талийгаачийн биед дээрхи үндсэн оношид бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт,тархи дарагдал, бага тархины няцрал нь ГЗТЖ-ын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. 4.Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. 5.Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь ***** улсын дугаартай машины урд шилийг цээжин бие болон толгойн хэсгээр мөргөх үед үүссэн байх боломжтой. 6.Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь амьд ахуй үед шинээр үүссэн байх боломжтой. 7.Талийгаачид бөөрний хатангиршилт эмгэг өөрчлөлт илэрсэн бөгөөд энэ нь үхэлд нөлөөгүй болно. 8.Талийгаачийн цусанд 3,5 промиль спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолт болно. 9.Талийгаачийн цус нь А/3 бүлгийн харьяалалтай байна гэжээ /ххийн 84-86-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5-р сарын 19-ний өдрийн 651 тоот шинжээчийн дүгнэлт: 1.2015.11.26-ны өдрийн 111 тоот дүгнэлт үндэслэлтэй. 2016.01.21-ний өдрийн 111 дүгээр нэмэлт шинжилгээний дүгнэлтэд гадна үзлэгээр тогтоогдсон шарх, зулгаралт, цус хуралтыг гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн нь хэвлийн гадна доод хэсгийн зулгаралт, цус хуралт, ануснаас гадагшилсан цус алдалт, бүдүүн гэдэсний цус хуралт гэмтлүүдийг гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн нь үндэслэлгүй байна. 2.*****ийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дух, зулай, чамархай, дагз, суурь ясны ил хугарал, тархины няцрал, зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, зүүн эгэм, далны хүзүүний хугарал, сэмж, чамархай, бүдүүн гэдэсний ханан дахь цус хуралт, нүүр, их бие мөчдийн олон тооны шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдсон байх ба эдгээрээс дух, зулай, чамархай, дагз, суурь ясны ил хугарал, тархины няцрал, зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, Зүүн эгэм, далны хүзүүний хугарал гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, бусад гэмтлүүд нь уг журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр Тухайлбал: авто ослын улмаас, авто машинд мөргөгдөх, савагдах, шидэгдэх, чирэгдэх механизмаар үүсгэгдэнэ. Талийгаач***** нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байх бөгөөд уг гавал тархины гэмтэл нь авто машинд мөргөгдөх, савагдах, шидэгдэх үед үүсгэгдэнэ. Иймд уг гэмтлүүд нь Приус маркийн машинд мөргөгдөх үед үүсгэгдсэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь дээрх 2 машины аль, алины мөргөгдөх, дайрагдах үйлчлэлээр үүсч болох бөгөөд учирсан гэмтлүүдийн аль гэмтэл нь ямар машинд мөргөгдөж, дайрагдсан үед үүссэнийг ялган салгаж тогтоох боломжгүй гэжээ /хх-ийн 464-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 9448 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн*****ийн гэх цусанд 3,5 промилли, ходоодны шингэнд 7,2 промилли спиртийн алкоголь илэрч байна гэжээ /хх-ийн 87-р хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 9449 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.***** гэж хаягласан цус нь АВ/IV бүлгийн харьяалалтай байна гэжээ /хх-ийн 88-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5108 дугаартай шинээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрэм, бор өнгийн хантааз, хар цамц, цэнхэр цамц, хар өмдөнд хар гутланд ханзархай, уранхай, халцралт, зулгаралт, цоорхой, сэмэрсэн уранхай шинээр гарсан байна. Ногоон оймсонд гарсан цоорхойнууд хуучин эдэлгээний явцад гарсан байна. Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Цаг хугацааг тогтоохгүй. Цэнхэр оймс уранхайгүй гэжээ /хх-ийн 107-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 109-113-р хуудас/, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 87 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт: 1.Тоyota Frius маркийн ***** дугаарын тээврийн хэрэгслийг Автотээврийн үндэсний төвийн Дархан салбарын техникийн оношилгооны 2015 оны 9 дүгээр сарын 02-ний өдрийн 37 дугаартай техник хяналтын хуудас, автомашин дээр нь үзлэг хийхэд осол үйлдэгдэхээс өмнө Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага MNS 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлагыг хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №37 /12.2/ Зураг 01-03, 2.Автомашин нь техникийн хувьд бүрэн, ямар нэг эвдрэл гэмтэлгүй байсан байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №37 Зураг 01-02-03, 3.Техникийн хувьд бүрэн, осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №37 /12.2/, 4.***** дугаартай саарал өнгийн Тоyota Frius маркийн автомашинд уг ослын дараа салхины шил зүүн гар талдаа хагарсан зэрэг нь ослын дараахь гэмтэл байна. 5.Осол үйлдэгдэх үед дээрх автомашины ажлын тоормосны ялтас хэвийн, дугуйн хээ жигд эд ангиуд бүрэн ажиллагаатай байсан. Зураг 04-06, 6.Техникийн хувьд эвдрэл гэмтэлгүй байсан, осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Зураг 01, 7.Осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй байна. Зураг 06, 8.Дээрхи автомашины хурдыг тогтоох боломжгүй байна гэжээ /1-р хх-ийн 74-75-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 76-77-р хуудас/, Шинжээчийн 2015 оны 12-р сарын 15-ны өдрийн 62 дугаартай дүгнэлт: 1.Т/Frius маркийн ***** улсын дугаартай автомашины жолооч ***** нь МУ-ын ЗХД-ын 15-р бүлэг 15.1, 9-р бүлэг 9.2, 2-р бүлэг 2.5/А зэрэг заалтуудыг зөрчсөн нь 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сэжигтэн *****гийн өгсөн байцаалтаар тогтоогдож байна. 2.Х/Sonota-6 маркийн ***** улсын дугаартай автомашины жолооч ***** нь МУ-ын ЗХД-ийн 15-р бүлэг 15.1, 9-р бүлэг 9.2-д заасан заалтуудыг зөрчсөн нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн сэжигтэн *****ын өгсөн байцаалтаар тогтоогдож байна. 3.Талийгаач ***** нь МУ-ын ЗХД-ын 3-р бүлэг 3.9/Г, 3.9/А-д заасан заалтуудыг зөрчсөн нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт буюу фото зураг, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг, 2015.10.27-ны өдрийн 9448 тоот шинжээчийн дүгнэлт дээрээс тогтоогдож байна гэжээ /1-р хх-ийн 140-р хуудас/, Шинжээчийн 2015 оны 11-р сарын 23-ны өдрийн 88 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66-69-р хуудас/, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх-ийн 16-р хуудас/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 17-р хуудас/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 18-р хуудас/, хувцас эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-40-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 41-45-р хуудас/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 89-91-р хуудас/, өвчний түүх /хх-ийн 95-102-р хуудас/,*****ийн нас барсны ¹0000134818 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 92-р хуудас/, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5951 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг, шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч ***** нь замын хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс ослын улмаас зам дээр хэвтэж байсан*****ийг машинаараа чирсэн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ***** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 11 200 000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн болохыг дурдаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. Шүүгдэгч ***** анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогчид 11 902 500 төгрөг нөхөн төлсөн зэргээс дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *****гийн эзэмшлийн 10 500 000 төгрөгийн үнэ бүхий *****улсын дугаартай Frius-20 маркийн тээврийн хэрэгсэл болон *****ын эзэмшлийн 3 600 000 төгрөгийн үнэ бүхий***** улсын дугаартай Sonата-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг /хх-ийн 19, 21, 20, 22-р хуудас/ хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач*****ийн өмсөж явсан хар өнгийн савхин хүрэм 1 ширхэг, хар цамц 1 ширхэг, хар өмд 1 ширхэг, цэнхэр ноосон цамц 1 ширхэг, саарал хантааз 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал 1 ширхэг, ногоон өнгийн хос оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгийн утас 1 ширхэг, ногоон эрээн өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хар өнгийн хуванцар машины эд анги 1 ширхэг, улбар шар өнгийн гар утас 1 ширхэг зэргийг устгахаар, *****ын В ангиллын 945471 дугаартай жолооны үнэмлэх, 00807233 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг *****д буцаан олгохоор, *****гийн В ангиллын 738733 дугаартай жолооны үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 00848554 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг *****д буцаан олгохоор шийдвэрлэж, *****, шүүгдэгч ***** нар бусдад төлөх төлбөргүй, ***** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ***** нь 125 хоног /хх-ийн 396-406, 538-546, 572-577-р хуудас дахь шийтгэх тогтоол, магадлал, хх-ийн 463, 588-р хуудас дахь шүүгчийн захирамж/ цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Шүүгдэгч *****ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, Шүүгдэгч*****г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *****д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасныг баримтлан *****ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч *****гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *****д оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч *****д оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *****гийн эзэмшлийн ***** улсын дугаартай Frius-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн, *****ын эзэмшлийн ***** улсын дугаартай Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч *****д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач*****ийн өмсөж явсан хар өнгийн савхин хүрэм 1 ширхэг, хар цамц 1 ширхэг, хар өмд 1 ширхэг, цэнхэр ноосон цамц 1 ширхэг, саарал хантааз 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал 1 ширхэг, ногоон өнгийн хос оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгийн утас 1 ширхэг, ногоон эрээн өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хар өнгийн хуванцар машины эд анги 1 ширхэг, улбар шар өнгийн гар утас 1 ширхэг зэргийг устгаж, *****ын В ангиллын 945471 дугаартай жолооны үнэмлэх, 00807233 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг *****д буцаан олгож, шүүгдэгч *****гийн В ангиллын 738733 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 00848554 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *****д буцаан олгосугай.
9.*****, шүүгдэгч ***** нар нь бусдад төлөх төлбөргүй, ***** цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ***** 125 /нэг зуун хорин тав/ хоног цагдан хоридсон болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *****, шүүгдэгч ***** нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ