Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1349

 

МАГАДЛАЛ

 

2017.06.09                                               Дугаар 1349                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Б.Болдбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/01116 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Болдбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Нямдоржид холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 67 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Болдбаатар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:С.Нэргүй,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Ж.Нямдоржтой 2015 оны 9 дүгээр сард түүний хүсэлтээр тоёота тундра маркийн автомашиныг 45 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож түүний компани "Девелопмент брейн" ХХК-ийн нэр дээр бичиг баримтыг шилжүүлсэн, үүнээс хойш төлбөр хийгдээгүй байсаар 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлбөр хийгдээгүй тус үндсэн төлбөр 45 000 000 төгрөг уг гэрээний 5 дугаар зүйлд заагдсаны дагуу алданги 22 500 000 төгрөг, нийт 67 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 09 дүгээр сарын үед 2 500 ам.доллар төгрөгийг гэрээ байгуулалгүйгээр Б.Болдбаатарт сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн байсан ба Б.Болдбаатар мөнгөний боломжгүй гээд надад нэг удаа хүү төлснөөс өөрөөр төлбөрөө төлөөгүй явж байсан. Тухайн үед манай "Девелопмент брайн" ХХК-д тусгай зөвшөөрөл авах гэж хөөцөлдөж байсан учраас 9331 УНЯ дугаартай тоёота тундра маркийн машиныг түр өөрийн компанийн нэр дээр шилжүүлж авсан байсан. Б.Болдбаатар миний өрийг төлж чадахгүй бас өөр газарт өглөгтэй гээд машинаа зарах гэж байгаагаа надад хэлж байсан. Энэ үед миний танил Г.Төгөлдөр машин худалдан авах гэж байгаа гэсэн. Тэр хоёрыг хооронд нь уулзуулсан. Би Г.Төгөлдөрийг таньж мэдэхгүй таныг таньдаг учраас тантай гэрээ байгуулна, Г.Төгөлдөр ч гэсэн би машиныг чинь 45 000 000 авья гэсэн учраас төлбөр барагдуулах гэрээг хийсэн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулсны дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр машиныг жинхэнэ худалдаж авсан хүн болох Г.Төгөлдөрт 9331 УНЯ дугаартай тоёота тундра маркийн автомашиныг нь шилжүүлж өгсөн. Би хэдийгээр машиныг нь худалдаж аваагүй ч гэсэн Болдбаатарыг таних найз нөхөд учраас мөнгө төгрөгийг нь гаргаад өгчихье гэсэн үүднээс Г.Төгөлдөрийн араас хөөцөлдөж машины үнэ болох 45 000 000 төгрөгийг нэхэн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гомдол өгсөн ба тус хэлтсийн хошууч н.Энхбат уг хэргийн мөрдөн байцаах ажиллагааг хийж байгаа. Хариуцагч нь Г.Төгөлдөр тул уг хүнээс машиныхаа мөнгийг нэхэж авах нь зүйд нийцнэ гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Нямдоржоос 67 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Болдбаатарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Нямдоржоос 495 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Болдбаатарт олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн     495 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа Б.Болдбаатараас маргаж буй машин “Девелопмент брейн” ХХК-д шилжсэн, дараа нь уг компаниас Г.Төгөлдөрт авто машины өмчлөл шилжсэн учир иргэн Ж.Нямдоржийн өөрийнх нь эзэмшилд хэзээ ч байгаагүй, өмчлөлд шилжиж ирээгүй учир машины үнийг төлөх үндэслэлгүй гэж маргасан. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184 тоот магадлалаар нэхэмжлэгчийн гэрч асуулгах болон авто машины шилжилт хөдөлгөөний бүртгэлийг гаргуулах хүсэлтийг хангаагүй хэмээн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Маргааны зүйл болох 9331 УНЯ дугаартай автомашины талаар талуудын хооронд хийгдсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дараах байдлаар тогтоогддог. Авто машин өмчлөл нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Б.Болдбаатараас “Девелопмент брейн” ХХК -иас шилжсэн Зам тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалаар баталсан "Тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх тухай" журмын 3.3 дахь хэсэгт худалдагч тал заавал биеэр ирж тээврийн хэрэгсэлээ шилжүүлснээ нотлох ба гэрээгээ заавал нотариатаар батлуулсан байхыг шаарддаг байдаг ба ингэхдээ талуудын хүсэл машиныг худалдах бус “Девелопмент брейн” ХХК тусгай зөвшөөрөл авахад энэ төрлийн машин компанид байх ёстой гэсэн учир түр Ж.Нямдоржийн хүсэлтээр хугацаагаар зөвшөөрөл гартал шилжүүлсэн болохыг нэхэмжлэгч тал удаа дараа хүлээн зөвшөөрдөг, мөн Б.Болдбаатарын зүгээс ийнхүү зөвшөөрөх болсон шалтгаан нь энэ хүмүүс хоорондоо найз нөхдийн холбоотойгоос гадна 5 000 000 төгрөг зээлсэн байсан бөгөөд хүү болон зээлээ төлж чадаагүй байсан гэдгийг мөн талууд хэлдэг. Ингээд машины өмчлөл “Девелопмент брейн” ХХК-ийн нэр дээр шилжсэн ч уг компани нь хэзээ ч ашиглаж эзэмшсэн зүйл байдаггүй ба сүүлд 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр машиныг Г.Төгөлдөрт зарах хүртэл Б.Болбаатарын ажлын газар буюу Гадаад явдлын яамны хашаанд байсан гэдгийг нэхэмжлэгч мөн л хүлээн зевшөөрдөг. Төлбөр барагдуулах гэрээ нь талуудын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл байсан ба энэ талаар бид шүүхийн мэтгэлцээний шатанд удаа дараа тайлбарласан. Мөн Г.Төгөлдөр нь автомашиныг худалдаж авсны дараа барьцаалан зээлдүүлэх газар тавьж 2 000 000 төгрөг Ж.Нямдоржид өгсөн гэдэг нь худлаа зүйл баримтаар нотлогдоогүй юм. Төлбөр барагдуулах гэрээнд тээврийн хэрэгслийг худалдан авагчийн нэр дээр 2015 оын 9 сард худалдан авагчийн нэр дээр шилжүүлсэн талаар тодорхой заасан ба нотлох баримтаар дээрх огноонд Ж.Нямдоржийн бус “Девелопмент брейн” ХХК-ийн нэр шилжсэн нь маш тодорхой байгаа. Авто тээврийн хэрэгслийн эзэмшил өмчлөлийн эрх хззээд шилжих талаар нарийвилсан зохицуулсан хууль тогтоомж болох "Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай" хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна гэж заасан ба нутаг дэвсгэрт авто тээврийн хэрэгслийн эзэмшил, өмчлөлийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан журмаар нарийвчлан зохицуулсан. Уг журмын 3 дугаар зүйлийн 3.1.1-т "авто тээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь авто тээврийн хэрэгслээ худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн" бол өмчлөлийн шилжилт хөдөлгөөний өмчлөгч нь хоногийн дотор заавал бүртгүүлэх ёстой мөн журмын 3.21 гэж зохицуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Болдбаатар нь хариуцагч Ж.Нямдоржид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 67 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Төлбөр барагдуулах тухай гэрээ”-нд үндэслэсэн байна.

Дээрх гэрээгээр “Девелопмент брейн” ХХК-ийн захирал Ж.Нямдорж нь Тоёото Тундра маркийн, 93-31 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 45 000 000 төгрөгөөр тохиролцон, 20 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сард, үлдэх 25 000 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сард багтаан төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох, тэмдэглэл үйлдэн гэрээний хугацааг 3 сараар сунгаж болохоор талууд тохиролцжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...гэрээний зүйлийг шилжүүлэн аваагүй, Г.Төгөлдөр уг машиныг худалдан авсан, нэхэмжлэгч нь түүнийг танихгүй гэсэн тул гэрээнд би гарын үсэг зурсан...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд байгуулагдсан дээрх хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг хариуцагч Ж.Нямдоржийн “Девелопмент брейн” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нь машиныг Г.Төгөлдөрийн эзэмшилд шилжүүлсэн, одоо машин нь 12 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэх тул хариуцагч Ж.Нямдорж нь мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйлийн үнийг төлөх үүрэгтэй.

Хариуцагч Ж.Нямдоржийн заасан этгээд буюу “Девелопмент брейн” ХХК-ийн нэр дээр автомашины эзэмшлийг нэхэмжлэгч шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй, гэрч Г.Төгөлдөр нь шүүх хуралдаанд “...гэрээний зорилго нь Ж.Нямдорж машины үнийг төлнө, би мөнгөө Ж.Нямдоржид төлөх байсан...” гэж мэдүүлсэн тул гэрээний үүргийн гүйцэтгэл болох машины үнэ 45 000 000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон алдангийн хамт нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/01116 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 495 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЭНХТӨР

                                    

                                         ШҮҮГЧИД                           Ш.ОЮУНХАНД                                                  

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ