| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 101/2018/01182/И |
| Дугаар | 184/ШШ2018/01037 |
| Огноо | 2018-04-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2018/01037
| 2018 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 184/ШШ2018/01037 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ....... хаягт байрлах, “Ө” ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоот хаягт оршин суух, ...овогт ..-ын Д- /РД:...../-д холбогдох
16.754.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба-, хариуцагчийн өмгөөлөгч Т.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Ө” ХХК нь Монгол улсад үргүйдлийн оношилгоо, эмчилгээ, үйлчлүүлэгчид үр шилжүүлэн суулгах (IVF) технологийг нэвтрүүлэх зорилгоор 2015 онд байгуулагдсан. Иргэн Х.Д-тэй 2015 оны 3 сарын 02-ны өдөр №04 тоот гэрээ байгуулан, гүйцэтгэх захирлын 2015 оны 3 сарын 02-ны өдрийн №78 тоот тушаалаар эмбриологчоор томилон ажиллуулж эхэлсэн. Боловсон хүчин бэлтгэх зорилгоор Япон улсын Като Лэйдис клиниктэй хамтран 2014 оны 9 сарын 15-ны өдрөөс 2014 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 90 хоног, 2014 оны 12 сарын 22-ны өдрөөс 2015 оны 01 сарын 19-ний өдрийг хүртэл нийт 28 хоног, бүгд 118 хоног ажилтан Х.Д-ийг сургалтанд хамруулан дадлагажуулсан ба дараах зардлыг компаниас гаргасан. Үүнд: визний мөнгө 64.000 төгрөг, онгоцны тийз 2.487.400 төгрөг, унааны мөнгө 196.740 төгрөг, байрны мөнгө 8.046.200 төгрөг, хоолны мөнгө 5.960.460 төгрөг, нийт 16.754.800 төгрөгийн зардал гарган суралцуулсан. Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 сарын 01-ний өдрийн №18/05 тоот тушаалаар Х.Д- ажлаас чөлөөлөгдсөн ба сургалтын болон дадлагын ажлын зардлыг гаргуулахаар уулзахад 16.754.800 төгрөгийн мөнгөн төлбөрийг төлөхөөс татгалзсан. Иргэн Х.Д- нь манай байгууллагатай 2014 оны 9 сарын 13-ны өдөр “Сургалтын гэрээ”-г байгуулсан ба энэхүү сургалтын гэрээний 7 дахь хэсэгт Х.Д- нь 36 сарын хугацаанд ажлын байраа хадгалан ажиллана, хэрэв тухайн хугацааг гүйцээн ажиллаагүй тохиолдолд гарсан зардлыг буцаан төлнө гэж заасан. Иймд иргэн Х.Д-тэй 2014 оны 9 сарын 13-ны өдөр байгуулсан сургалтын гэрээний 7 дахь хэсэг, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.8-д заасныг тус тус үндэслэн иргэн Х.Д-өөс сургалт болон дадлагажих ажлын зардал 16.754.800 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шүүхийн журмаар гаргуулан “Ө” ХХК-д олгуулах шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Ө” ХХК нь Монгол улсад үргүйдлийн оношилгоо эмчилгээ нэвтрүүлэх зорилгоор 2015 онд байгуулагдсан. Энэ чиглэлээр Япон улстай хамтран боловсон хүчнийг сургахаар тохиролцсон. Иргэн Х.Д-тэй 2015 оны 3 сарын 02-ны өдөр 04 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж тухайн өдрийн 78 тоот тушаалаар эмбриологчоор ажиллуулж эхэлсэн. 2014 оны 9 сарын 13-ны өдөр Япон улсад сургаж дадлагажуулахаар сургалтын гэрээ байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлд компани хуваарьт заасан төлбөрийг хийж гүйцэтгэнэ гэсний дагуу төлснийг хариуцагч тал маргахгүй байгаа. Мөн шууд сургалтын байгууллагад хүлээлгэн өгнө гэж зааснаар төлбөрөө бэлнээр өгч байсан. Х.Д- 2 удаагийн явалт буюу эхний удаа 90 хоног, дараагийн удаа 28 хоногийн хугацаатай, нийт 128 хоног суралцсан. Эхний сургалтын зардлыг төлүүлж, харин сүүлийн сургалтын зардлыг хасъя гэж компанийн зүгээс үзсэн. Нийтдээ 1.125.000 иен бөгөөд үүнд эмбриологчийн сургалтын зардал 600.000 иен, орон сууцны зардал 300.000 иен, хоол хүнсний зардал 225.000 иен болсон. Энэ гарсан зардлыг Япон улсаас Монгол улсад байгаа төлөөлөгч Цугава сан гэж хүнд бэлнээр өгч байсан. 7, 7 хоногоор эсвэл 14 хоногт нэг удаа гэж өгсөн байгаа. Тус бүрд нь суралцагч өөрөө гарын үсэг зураад явсан. Суралцаж ирсний дараа 36 сар ажиллах хугацаандаа хангалттай ажиллаагүй. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Х.Д- өгсөн. Байгууллага Х.Д-ийг ажиллах хугацаандаа тодорхой үр дүнд хүрээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэрээний 6 дугаар зүйлд суралцагч нь хангалттай үр дүнд хүрээгүй бол компанийн хохирлыг бүрэн эсвэл хэсэгчлэн компанийн үзэмжийн дагуу төлнө гэж заасан. Нэхэмжлэлийн дүнгийн хувьд визний мөнгө, онгоцны зардал зэргийг дурдсан. Монгол банкны ханшаар 2014 оны 09 сарын13-ны өдрийн иений ханш 17.21 байсан. Үүний дагуу тооцоход 19.700.000 төгрөг гарч байгаа. Гэхдээ бид 16.754.800 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа” гэв.
Хариуцагч Х.Д- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Ө” ХХК-иас тус шүүхэд хандан 2018 оны 3 сарын 01-ний өдөр гаргасан Иргэний хуулийн 493.8-д заасны дагуу “Сургалт болон дадлагажих ажлын зардалд 16.754.800 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Х.Д- миний бие 2015 оны 3 сарын 02-нд тус эмнэлэгт “эмбриологич” эмчээр сарын 2.000.000 төгрөгийн цалинтай ажиллахаар хөдөлмөрийн гэрээ мөн контракт байгуулж гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн. 2018 оны 1 сард өөрийн санаачлагаар ажлаас гарах хүсэлтээ хуульд заасан журмын дагуу өгч ажлаа хүлээлгэн өгсөн тул ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэж ойлгож байна. Ажлаа хүлээлцэж өгөөд ажлаас чөлөөлсөн тушаалын эх хувь болон өөрийн хувийн бичиг баримтууд болох нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг тус тус авах тухай хүсэлт гаргахад надаас үндэслэлгүй мөнгө шаардаж эдгээр бичиг баримтуудыг өгөхгүй гэснээр ажил олгогч нь миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг шууд ноцтойгоор зөрчиж, ажилгүйдлийн тэтгэмж авах хугацааг өнгөрөөж, цаашид ажилд орох боломжгүй нөхцөлийг бүрдүүлж миний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэж заасан хөдөлмөрлөх эрхийг хясан боогдуулж байна. Миний хувийн бичиг баримтуудыг өгөхгүй байгаа шалтгааныг ажил олгогчийн зүгээс зөвтгөхдөө анх эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэх, хүний нөөцийг бэлтгэх зорилгоор нэхэмжлэгчийн зүгээс албан шугамаар Япон улсын К- клиникт намайг дадлагажуулахад зориулан гарч байсан байр, хоол, унааны зардлыг буцаан төлсөн тохиолдолд бичиг баримтуудыг өгнө гэж хууль бус шаардлага тавьж миний өмчийн бичиг баримтуудыг өгөхгүй, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх үйлдэл хийх боломжгүй болгосон. Хөдөлмөрийн харилцаа үүсэхэд ажил олгогч үүргээ биелүүлэхтэй холбогдож гарсан зардлыг ажилтан надаас шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд миний зүгээс уг сургалтанд сууснаар үндэслэлгүй хөрөнгөжих, хууль бусаар өөртөө ашиг олсон зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...сургалтын гэрээнээс үүдэлтэй шаардсан мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 9 сарын 13-ны өдөр сургалтын гэрээ байгуулсан. Компани болон Х.Д- нар хэн хэн нь үүргээ үүргээ биелүүлсэн. Мөн сургалтын гэрээ дуусгавар болсон. “Ө” ХХК нь сургалтын гэрээ байгуулагдсаны дараа буюу улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 2014 оны 10 сарын 01-ний өдөр байгуулагдсан. эмбриологичоор төгссөн оюутныг дадлагажуулах шаардлагатай, маш богино хугацаанд технологийг нэвтрүүлэх зорилгоор эмнэлэг байгуулагдана гэж санал тавьсан. Тэр үед 2 эмбриологичийг сургасан. 2014 оны 9 сарын 15-ны өдөр Япон улс руу явсан. 3 сарын хугацаанд ахлах эмбриологичийн удирдлага дор дадлагажсан. Дадлагажих хугацаа дуусаагүй байхад Х.Д-ий виз дууссан. Буцаж ирээд визээ сунгуулаад 2015 оны 01 сарын 19-ны өдөр хүртэл сургалтаа дуусгасан. Тэгээд 2015 оны 01 сарын 20-нд Монголд ирсэн. Ирэхэд эмнэлэг байуулагдааүй байсан. “Ө” ХХК нь 2015 оны 6 сарын 25-ны өдөр албан ёсны нээлтээ хийсэн. Эмнэлэг байгуулагдах бүтээн байгуулалтын хугацаанд Х.Д- нь цэвэрлэгээ, тохижилт зэргийг 2015 оны 3 сарын 02 хүртэл хийгээд контракт гэрээг байгуулах ёстой гээд байгуулсан. Боловсон хүчнээ бэлтгэх зорилгоор эмнэлгээ байгуулагдахаас өмнө Япон улсад ажилчдаа явуулж дадлагажуулсан. Сургалтын гэрээнд 36 сар ажиллах ёстой гэсэн заалт байхгүй. Тэр үед эмнэлэг өөрөө ч байгуулагдаагүй байсан. Гэрээний 5 дугаар зүйлд суралцагч дүнгийн хуудсаа танилцуулах үүрэгтэй гэсэн. Суралцаж дуусаад сертификатаа аваад танилцуулсан. Нэхэмжлэгч тал хангалттай үр дүнд хүрээгүй гэж ярьсан. Гэвч гэрээнд суралцагч нь дадлагажих хугацаандаа хангалттай үр дүнд хүрч, болзлоо биелүүлж чадаагүй, ирээд мэргэжлээрээ ажиллаагүй бол компанийн үзэмжийн дагуу төлбөрөө төлнө гэсэн зохицуулалт байна. Гэвч Х.Д- ирээд эмнэлэгтээ ажиллаад, бусад эмбриологич нартаа зааж зөвлөөд явсан. 36 сарын хугацаанд сургалтаа дуусгаж чадаагүй, сургалтаасаа хасагдсан. Сурч чадахгүй байна гэсэн бол асуудал яригдах байсан. Гэтэл 36 сарын хугацаанд ажиллана гэсэн нөхцөл байгаагүй. Гэрээнд тийм журам заалт байхгүй. Энэ сургалтандаа суугаад, төгсөөд, сургалтын гэрээний үр дүнг гаргаад, эрх үүрэг нь дуусгавар болсон. Контракт гэрээнд Хөдөлмөрийн тухай хуульд заасан заавал тусгах гол нөхцөлүүд байхгүй. Ажлын байрны тодорхойлолт, цалин хөлс, ажил үүрэг, албан тушаал зэргийг дурдаагүй. “Ө” ХХК нь 2015 оны 11 сарын 03-ны өдөр эмнэлгийн тусгай зөвшөөрлөө авсан. Энэ үед хүний нөөц бэлтгэгдсэн хангагдсан байх ёстой байсан. Х.Д- эмч нь эмбриологичийн шаардлага хангасан учраас эмнэлэгт зөвшөөрөл олгосон байгаа. Япон улсад дадлагаа дуусгаж ирээд эмнэлгийн нээлт болтол цалингүй ажилласаар байсан. 2018 оны 02 сарын 01-ний өдөр өөрийн санаачлагаар ажлаас гаръя гээд тушаал гарсан. Гэвч ажлаас чөлөөлсөн тушаал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийг нь өгөхгүй өнөөдрийг хүрээд байна. Ажилгүйдлийн тэтгэмж авах ёстой байсан. Нийгмийн даатгалын байгууллагад хандаж чадахгүй. Өөр ажилд орох боломжийг хаасан. Харин ч Х.Д- хохироод байж байна”гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Д- нь Анагаах ухааны их сургуулийг эмбриологич мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Үр дүнг хангалттай байдлаар суралцаж ирээд, үүргээ биелүүлсэн. Гол шалтгаан нь хувьцаа эзэмшигчид нь харилцан хамтран ажиллах гэрээ хийгээд хуримтлагдсан ашгийг хуваан авдаг. Үндсэндээ хувьцаа нарын хооронд маргаан гарсан. Үр шилжүүлэн суулгах төслөө Монголд нутагшуулъя гээд төслөө хэрэгжүүлэх явцад “Ө” ХХК нь үр дүнг урьтал болгоогүй ашгийн төлөө байсан. Үр ашиггүй биш. Энэ боловсон хүчнүүдийг бэлдсэнээр өнөөдөр үйл ажиллагаа явагдаад тусгай зөвшөөрөл авсан байгаа нь үр дүн юм. Нөгөө талаар эмнэлэг тодорхой хэмжээний үйлчлүүлэгч нартай болсон. Гэвч ашгийн төлөө хэт явсан болохоор ажлаасаа гарах үндэслэл болсон. Сургалтын гэрээнд сургалтаа хангалтгүй суралцсан бол төлбөр гаргуулах агуулга байна. Гэхдээ сургалтаа төгсөөгүй бол гэсэн байна. Компанийг төлбөр төлсөн асуудалд маргаагүй. Байгууллага ажилтны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтрийг барьцаалж эрхийг нь зөрчсөн асуудал байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээнд тусгагдах гол нөхцөлүүдийг тусгаагүй учир ажилтан гэрээг цуцлах эрхтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээрээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж гаргасан. Иргэний хуулийн 493 дугаар заалтыг хэрэглэх үндэслэл байхгүй.Нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч Х.Д-д холбогдуулан сургалт болон дадлагажих ажлын зардалд төлсөн 16.754.800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Япон улсын К- клиникт 118 хоног сургахад зарцуулсан төлбөр, Х.Д- нь 36 сарын хугацаанд ажлын байраа хадгалан ажиллах үүргээ зөрчсөн” хэмээн тайлбарлав.
Хариуцагч Х.Д- “...хөдөлмөрийн харилцаа үүсэхэд ажил олгогч үүргээ биелүүлэхтэй холбогдож гарсан зардлыг ажилтан надаас шаардаж байгаа нь үндэслэлгүй...” хэмээн маргав.
“Ө” ХХК нь 2014 оны 9 сарын 13-ны өдрийн “Сургалтын гэрээ” гэх гэрээг үндэслэн хариуцагчаас Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.8-д зааснаар 16.754.800 төгрөг гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэгч “Ө” ХХК нь 2014 оны 10 сарын 01-ний өдөр байгуулагдан улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авчээ. /хх-7-9,12,13х/
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх талаар заасан.
“Ө” ХХК-ийн захирлын 2015 оны 3 сарын 02-ны өдрийн 1502 тоот тушаалаар Х.Д-ийг эмбриологич эмчээр томилж, гүйцэтгэх захирлын 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 18/05 дугаар тушаалаар Х.Д-тэй байгуулсан контракт гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Талуудын хооронд 2015 оны 3 сарын 02-ны өдөр контрактын гэрээ байгуулагдсанаар хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. /хх-10,11, 65-71х/
Нэхэмжлэгч нь Х.Д-ийг Япон улсын К- клиникт дадлагажуулах сургалтанд хамруулахад төлсөн зардал гэх 16.754.800 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч “Ө” ХХК-иас энэхүү төлбөрийг хэнд, хэзээ, хэрхэн төлсөн талаар санхүүгийн анхан шатны баримтыг гаргаагүй, нотлох баримтаар тогтоогдсонгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзнэ.
Хэдийгээр хариуцагч Х.Д-өөс нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар мөн 2014 оны 9 сарын 13-ны өдрийн “Сургалтын гэрээ” хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй боловч дээр дурдсанаар “Ө” ХХК байгуулагдахаас өмнө хийгдсэн сургалтын гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийг “Ө” ХХК хэрэгжүүлэх боломжгүй, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байсан тул “36 сарын хугацаанд ажлын байраа хадгалан ажиллах үүргээ зөрчсөн” гэх нэхэмжлэлийн үндэслэл нотлогдоогүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар “ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” ба нэхэмжлэгч “Ө” ХХК нь Х.Д-ийг ажлаас чөлөөлсөн тушаал, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг “тооцоотой” үндэслэлээр олголгүй өдийг хүргэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж, Х.Д-ий хөдөлмөрлөх, ажил хөдөлмөр үргэлжлүүлэн эрхлэх эрхэд халдсан байна.
Нэхэмжлэгч нь Х.Д-ийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.8-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон боловч хариуцагчийг 16.754.800 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, үүрэг үүсээгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Х.Д-д холбогдох 16.754.800 төгрөг гаргуулах тухай “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ