Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/525

 

 

 

 

 

 

 

   2022          06            24                                    2022/ШЦТ/525

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

өсвөр насны шүүгдэгч О.А, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Отгон, өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***************** холбогдох эрүүгийн 2105017141438 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2005 оны 06 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “Шинэ зууны удирдагч” сургуулийн 11-р ангийн сурагч, ам бүл 6, эцэг, эх, эмээ, 2 дүүгийн хамт ******************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***************.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч О.А нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 13Б байрны хойд талын тоглоомын талбайд хохирогч Т.Баясгаланг “хүүхэд дээрэлхэхээ боль” гэж хэлэхэд нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар биед нь тархи доргилт, хамар ясны далд хугарал бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “...2 найзтайгаа сагс тоглохоор сагсны талбайд очиход 3 хүүхэд байсан. Бид нар хуваагдаад 3х3-аар сагс тоглосон. Улмаар бид нар хожоод эхлэх үед тэд нар уурлаж хоорондоо ам зөрсөн. Бид нар зодоон хийгээд яахав гээд сандал дээр очоод сууж байтал тэд нар ирээд маргаан болсон. Гэтэл хохирогч гэх хүүхэд орилоод гараа далайгаад гараад ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод зөрүүлээд цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Т.Б:

“...Саравчинд сууж байсан 3 хүүхдийг зодоод байх шиг байхаар нь би найз болох Өлзийхутаг, Нямжаргал нарын хамтаар салгах гэж очоод “хөөш болиоч” гээд чанга дуугаар хэлэхэд тухайн танихгүй 3 эрэгтэйн үсээ голоороо хуваасан залуу харцаа шилжүүлэх хооронд миний зүүн нүд хэсэг рүү баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон, миний хамар ясны хугарал далд хугарал зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт бүхий гэмтлийг үсээ голоороо хуваасан засалттай А гэх хүүхэд үүсгэсэн. Намайг цохиулаад газар унаж байхыг хүүхдээ салхилуулаад явж байсан эгч харсан тэгээд ирээд зураг дараад байсан. Тэр эгч сайн мэдэж байгаа, ...үсээ голоороо хуваасан засалттай А гэж хүүхэд миний хамар хэсэг рүү баруун гартаа хар өнгийн зүйл ороож 1 удаа цохисон. Баруун зулайд үүссэн цус хуралт, зөөлөн эдийн няцрал нуруунд зулгаралт гэмтлийг хэн үүсгэснийг сайн мэдэхгүй байна. Би нүүр толгойгоо 2 гараараа хамгаалж хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/, 

2. Хохирогч Т.Б дахин өгсөн:

“...Намайг цохисон хүн нь А байсан. Яагаад А байсан гэж хэлээд байна вэ гэхээр Аыг харж амжсан. Би өмсөж явсан хувцсаар нь таньсан. А эхлээд намайг цохиход би шууд газар унасан. Тэгсэн миний нүүр рүү дахиад цохисон. Энэ үед би нүүрээ хамгаалаад хажуу тийш эргээд хэвтсэн. ...Ааас өөр хүүхэд гартаа ямар нэгэн зүйл ороогоогүй байсан. ...Өөр хүүхдүүд намайг газар унасан байхад өшиглөсөн боловч миний нүүрнээс өөр ямар нэгэн хохирол учраагүй. Надад учирсан хамар ясны хугарал болон шинжээчийн дүгнэлтэд бичсэн хохирлыг А ганцаараа учруулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

3. Насанд хүрээгүй гэрч Г.Сод-Эрдэнийн:

 “...Баясгалан манай байрны ах, байнга сагс тоглодог юм. Намайг болиулах гэж ирэх үед Баясгалан ахыг цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

4. Насанд хүрээгүй гэрч С.Л:

 “...Тэгээд анх муудалцсан үсээ 2 хувааж зассан хүүхэд Баясгалан ах руу “намайг мэдэх үү би Өргөөгийнх” гэж орилоод байсан. Тэгээд Баясгалан ахыг нэг мэдэхэд зодоод газар хэвтүүлчихсэн олуулаа дээрээс нь өшиглөж цохиж байгаа харагдсан. ...тэгээд тэнд хүүхдээ салхилуулж байсан эгч гар утсаа гаргачихсан бичлэг хийгээд “та нар болиоч, би цагдаа дуудчихсан” гээд зогсож байсан. ...Тэгээд цагдаа нар ирээд тэр эгчтэй ярьж байгаад бичлэгийг нь үзэж байгаад явсан. Тэгээд би тэд нарыг явсны дараа Баясгалан ахын нүд нь хавдаад улайчихсан бас хамар нь далийчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дахь тал/,

5. Гэрч А.Н:

“...Баясгалан, Өлзийхутаг нарын хамт сагс тоглож байсан чинь сагсны талбайн зүүн талд байрлах саравчинд бид гурваас дүү хүүхдүүд сууж байсан. Тэр үед танихгүй 10 гаруй хүмүүс тойч явж байгаад тухайн хүүхдүүдийг зодож байгаа юм шиг харагдахаар нь Өлзийхутаг, Б хамтаар очоод Баясгалан тэр хүмүүс рүү “болиочээ” гэхэд Б өөдөөс үсээ хувааж зассан засалттай хүүхэд баруун гартаа банда алчуур ороосон гараараа нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон. ...яг Баясгаланд хохирол учруулсан хүн нь үсээ голоороо хуваасан засалттай эрэгтэй нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дахь тал/,

6. Гэрч Г.М:

 “... 2021 оны 08 дугаар сарын 14-ны 20 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 14-р хороо, 13в байрны урд тоглоомын талбай дээр би хүүхдээ салхилуулаад сууж байтал миний ойр орчмоор 4-5 үл таних хүүхэд явж байсан. Хоорондоо “эд нарыг ална” гэж яриад явж байсан. Тэгээд тэр хавиар явж байгаад сааданд сууж байсан манай байрны зүс мэдэх хүүхдүүдийг очоод үгийн зөрүүгүй шууд зодсон. Тэгээд тэр хүүхдүүд дээр би очоод “больцгоогооч та нар” гэхэд намайг тоосон шинжгүй зодолдоод байхаар нь утсаа гаргаж ирээд манай байрны хүүхдүүдийг зодож байсан хүүхдүүдийн зургийг дарсан. Тэгээд манай байрны бас 1 зүс таних залуу Баясгалан ирээд тэр зодолдож байсан хүүхдүүдийг салгах гээд “больцгоогооч” гэтэл гартаа юм боочихсон үсээ 2 хувааж зассан 1 хүүхэд ирээд тэр залууг нүүрэн тус хэсэг рүү нь цохиж унагаачхаад олуулаа нийлээд дээрээс нь өшиглөж байсан. Тэгээд газар хэвтэж байхад нь нүүр хэсэг рүү нь 4-5 удаа цохисон. Тэгээд тэр залуу босож ирэхдээ нүүр нь тэр чигтээ улайчихсан, зүүн нүд нь хавдчихсан, хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд тэр хүүхдүүдэд би “цагдаа дуудчихсан та нарын зургийг авчихсан” гэтэл тэр зодоон хийсэн хүүхдүүдтэй хамт явж байсан хүүхдүүд нь салгаад аваад явах гэтэл “та нарыг эргэж ирж ална, бид нарыг хэн гэдгийг мэдэх үү” гэж хашхичиж байсан. Тэгээд л явчихсан. ...зодсон гэх хүүхдүүд хэл ам нь ээдрээд согтуу байх шиг байсан. ...гартаа юмтай хүн нь голчилж нүүр рүү нь нэлээн хэдэн удаа цохисон яг хэдэн удаа гэдгийг мэдэхгүй. Нөгөө 2 нь хажуугаас нь хамжиж оролцож байсан. ...манай байрны хүүхдэд гэмтэл учирсан бол тэр гараа юмаар ороосон хүүхэд гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

7. Гэрч Г.М дахин өгсөн:

“...Би утсаараа бичлэг хийх гэсэн боловч миний утасны цэнэг дуусаж байсан учир гар утсаараа зураг авсан. Уг зургаа би танд файлаар өгч болно. Гартаа юм ороосон хүүхэд хуулийн хариуцлага хүлээгээсэй гэж хүсэж байна. Би байрны хүүхдүүдийн нэрийг мэдэхгүй, зүс танина...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-66 дахь тал/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 7465 дугаартай шинжээчийн: 

“...Т.Б биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 98-99 дэх тал/,

9. Шинжээч С.Чулуунсүхийн:

“...хамар ясны хугарал, тархи дархи доргилт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий, нуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хамар ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хамар ясны далд хугарал гэмтлийг авах үед тархи доргилт гэмтэл нь тухайн цаг үед хамт үүсэж болно...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 92-94 дэх тал/,      

10. Гэрч Г.Мөнхзаяагаас гаргаж өгсөн гэрэл зургууд /хавтаст хэргийн 109 дэх тал/,

11. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 102-104 дэх тал/,

12. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 106-112 дахь тал/,

13. Хохирогч Т.Б гаргаж өгсөн гэрэл зургууд /хх-ийн 129-131-р тал/, эмчилгээний баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 141-144 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Өсвөр насны шүүгдэгч О.А нь хохирогч Т.Баясгаланг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч О.А болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, өсвөр насны шүүгдэгч О.Аы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Өсвөр насны шүүгдэгч О.А нь:

2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 13Б байрны хойд талын тоглоомын талбайд хохирогч Т.Баясгаланг “хүүхэд дээрэлхэхээ боль” гэж хэлэхэд нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар биед нь тархи доргилт, хамар ясны далд хугарал бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба өсвөр насны шүүгдэгч О.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, өсвөр насны шүүгдэгч О.Аыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг өсвөр насны шүүгдэгч О.А нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч өсвөр насны шүүгдэгч О.А болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Отгон нартай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот, Баянгол дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Өсвөр насны шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч О.А нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 162 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар тохиролцжээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлд “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасан байна.

 

Уг заалтыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурортой тохирсон эрүүгийн хариуцлага буюу “1 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот, Баянгол дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.   

 

Иймд өсвөр насны шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 хоногийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад “өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот, Баянгол дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105017141438 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч ************ А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.А-ыг 15 /арван тав/ хоногийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот, Баянгол дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, өсвөр насны шүүгдэгч О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.ДАЛАЙХҮҮ