Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/533

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

 

 

 

 

 

 

    2022         06           27                                    2022/ШЦТ/533

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Т.Баянмөнх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Да, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** А-д холбогдох эрүүгийн 2019001950702 дугаартай, 3 хавтас хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Түвшрүүлэх суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэргийн хөгжимчин мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилдаг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт, *************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 1-р багийн нутаг дэвсгэрт төмөр замын бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр эрчим хүчний шугам угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Их наяд хөгжил” ХХК-ийн кемп байрлах газарт урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн О.Б эрх чөлөөнд халдан түүнийг зодож эрүүл мэндэд нь “тархины баруун тал бөмбөлгийн эд доторх цусан хураа, тархины эдийн няцрал, дух ясны суурь болон нүдний ухархайн дээд хана хамарсан хугарал, гайморын хөндийн өмнө, хажуу, арын ханын хугарал, баруун хацрын ясны сэртэнгийн хугарал, баруун, зүүн нүдний ухархайн гадна болон дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, уруул, баруун хөмсөгний шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Тухайн үед улсын наадам дөхсөн байсан тул ихэнх хүмүүс Улаанбаатар хот руу буцсан байсан. 2020 оны 07 дугаар сарын 08-ний орой кемпэд үлдсэн хүмүүс архи дарс ууцгаагаад дуулаад найрлаад сууцгаасан. Улмаар шөнө болоод Түмэнбархас дуудаад байхаар нь гэрт ороод унтах гэж байтал талийгаач ах “2 архи авчирсан дүүдээ амсуулна” гээд дуудаад байхаар нь буцаж босч очсон. Тэр архинаас 2 татсан бөгөөд сүүлдээ хүмүүс согтоод яриа нь ойлгогдохоо болиод ирэхээр нь тэр шөнөдөө амарцгаасан. Маргааш өглөө нь гэрт ороход талийгаач ах унтаж байсан. Нүүр нь хөмсөгнийхөө дээр нарийхан шугам шиг зурагдсан байсан. Мөн гэрийн зуух далийсан байдалтай байсан. Тухайн үед би хохирогчтой муудалцсан зүйл байхгүй бөгөөд түүний биед би гэмтэл учруулаагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Да мэдүүлэхдээ “...Манай аав эрүүл саруул байсан бөгөөд ажил хийх гэж яваад ийм гэмтэл авсан. Хэдийгээр шүүх эмнэлгийн дүгнэлтээр “энэ гэмтлээс болж нас бараагүй” гэж гарсан ч гэсэн энэ гэмтлийг авснаас хойш бие нь дээрдэхгүй байсаар байгаад нас барсан. Түүнчлэн тухайн үед миний аавд энэ хүмүүс эмнэлгийн тусламж үзүүлээгүй. Тэнд ажиллаж байхдаа аав маань “хоол унд их муутай юм, хоолны асуудлаас болж маргаан ер тасардаггүй” гэж хэлж байсан. Одоо гомдолтой байна. Энэ хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Хохирол төлбөрт 4.899.020 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 2 дахь тал/,

2. Хохирогч О.Баярсайханд учирсан гэмтлийн зураг /1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал/,

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 7-9, 10-14 дэх тал/,

4. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 180-184 дэх тал/,

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Да-гийн:

“...Миний аав Баярсайхан өөрийн эзэмшлийн 81-21 УНА улсын дугаартай кран машинтай Дорноговь аймагт Төмөр замын бүтээн байгуулалтад ажил гүйцэтгэж байгаа “Их наяд хөгжил” ХХК-д ажиллаж байсан юм. Би аавтай хамгийн сүүлд 2020 оны 07 дугаар сарын 07-ны оройн 20 цагийн орчимд утсаар ярьсан маргааш нь би аав руугаа залгахад утсаа аваагүй. Аав бид нартай 2020 оны 07 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд огт утсаар яриагүй болохоор “юу болов яаав ийв” гэж бодоод аавтай хамт ажиллаж байгаа хүмүүсийн холбоо барих утасны дугаарыг хайж байгаад Мөнхдэлгэр гэж хүний утасны дугаарыг олоод 2020 оны 07 дугаар сарын 10-ны оройн 21:00 цагийн орчимд утас руу нь залгаж аавтайгаа ярих гэтэл “аав чинь кранаас ойчсон байна, одоо ухаангүй байна” гэж хэлсэн. Тэгээд бид Улаанбаатар хотоос гараад 2020 оны 07 дугаар сарын 11-ний үүрээр 05 цагийн орчимд Сайншандад ирээд аавтай хамт ажиллаж байсан гэх нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг хүнтэй уулзаж ямар асуудал болсон талаар асуухад “2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бид нар Зүүнбаян багт орж архи ууцгаагаад халуураад буцаж кемп дээрээ ирж архи ууцгаасан, бид кемп дээрээ тавуулаа байсан архи ууж байгаа танай аав А 2 маргалдаад гадаа барилцаж авсан, би салгаад аавыг чинь машинд нь оруулаад Аийг гэрт нь оруулаад би өөрөө нөгөө гэрт ороод унтсан өглөө сэрэхэд А эхнэртэйгээ унтсан байсан. Тэгтэл талбайн дарга инженер Мөнхдэлгэр намайг дуудаад “Баярсайхан ах гадаа уначихсан байна” гэж надад хэлсэн гараад очиход нүүр ам нь хөхөрчихсөн хамар амнаас нь цус нөж гарч нөжирсөн ухаангүй байсан. Мөнхдэлгэрээс Аийг арматурын төмөр бариад хөөгөөд байсан гэж сонссон” гэж хэлэхээр нь “та ар гэрийнхэнд нь хэлдэггүй юм уу” гэж хэлэхэд Мөнхдэлгэр инженер “цаашаа дарга нар луу хэлсэн” гэж надад хэлсэн. Аав маань гэмтэл аваад ухаангүй байхад эмнэлгийн тусламж үзүүлэлгүй кемп дээрээ байлгаад байсан. Одоо аавын маань биеийн байдал хүнд тархины гэмтэлтэй ухаангүй байна. Биеийн байдлыг харахад нүд нь хөхөрсөн бусдад зодуулсан байдалтай байна. Бидний хувьд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

6. Гэрч О.Б:

“...Би Мөнхдэлгэр, Найдаа, А, тогооч Түмэнбархас бид нар хамт Зүүнбаян баг ороод хүний нэг шил архи авсан санаж байна. Зүүнбаян дээр нэг шил архи задалж уугаад явсан хүмүүсээ Сайншанд руу явуулчхаад бид нар бүгдээрээ кемп дээрээ ирээд авсан архиа уусан. Бид архиа гал тогооны гэрт уусан. Би гэрийн зүүн хойд хэсэгт сууж байсан миний хажууд хэн хажууд хэн сууж байсныг санахгүй байна. Бид архи ууж согтоцгоосон миний одоо санаж байгаагаар гал тогооны гэрт архиа уугаад сууж байхад нэг нь миний толгой руу цохих шиг болсон намайг газар унагаагаад цохиж зодоод байх шиг байсан. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Гал тогооны гэрт архи ууж байхдаа би Аийн эхнэр Түмэнбархаст “хоол унд хийхдээ амтлагч их хийгээд байна” гэж хэлж загнасан. Яг хэн нь зодсоныг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 219-221 дэх тал/,

7. Гэрч Б.Б:

“...Тус “Их наяд хөгжил” компанийн кемп дээр жолооч ах Аюулгүйбаатар бид хоёр 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед ирэхэд 3 тооны гэр байсан бөгөөд баруун талын гэрт инженер Мөнхдэлгэр, тогоочийн нөхөр А нар нь архи уугаад сууж байсан бөгөөд “Краны жолооч байхгүй, өнөөдөр ажил байхгүй, маргааш ачаа бууна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад зүүн талын гэрт ороход тогооч эмэгтэй Түмэнбархас, ажилтан Найдансүрэн 2 нь согтуу байдалтай унтаж байсан бөгөөд Түмэнбархас гэх эмэгтэй нь баас, шээсэндээ холилдчихсон, муухайн үнэр үнэртүүлээд унтаж байсан. Уг гэрээс гараад урд талын гал тогооны гэр лүү ороход краны жолооч Баярсайхан ах цусандаа холилдчихсон, цус нь гараад хатчихсан, бусдад зодуулсан байдалтай хулдаасан шалан дээр доошоо хараад атиралдаад амьсгаадчихсан хэвтэж байсан. Ямар ч хариу үйлдэлгүй, юу ч хэлж ярих чадваргүй байсан. Буцаж хойд гэр лүү ороод краны жолооч ахын ямар байдалтай байгааг хэлээд “эмнэлэг дуудаач, юу болсон талаар асуухад” инженер Мөнхдэлгэр нь “зуух мөргөөд уначихсан” гэсэн тайлбар тавьсан. Анх очих үед ийм л нөхцөл байдалтай байсан. Аюулгүйбаатар ах бид хоёрыг тус кемпэд ирэхэд ямар нэгэн байдлаар гэрийн гадна ухаангүй хэвтэж байсан асуудал байгаагүй, бүгд согтуу байсан. Харин тус очсон өдөр унтчихаад сэрэхэд кранист О.Баярсайхан ах яаж очсон нь мэдэхгүй нөөцийн усны савны хажууд атиралдаад хэвтэж байхаар нь Аюулгүйбаатар ах бид 2 цусыг нь цэвэрлээд гэр лүү оруулсан. Миний бие кранист О.Б биед ямар шалтгааны улмаас гэмтэл үүссэн талаар мэдэхгүй бөгөөд анх ирэх үед л бусдад зодуулсан байдалтай байсан. Ямартай ч 2020 оны 07 дугаар сарын 09-ний оройн хоолны үеэр ажилтан Найдансүрэн нь тогооч Түмэнбархасыг “энэ муу гичийгээс болсон юм” гэж хэлээд маргалдаад байж байхад гаднаас тогоочийн нөхөр А орж ирсэн. Найдансүрэн нь Ад “чи Бг зодсон биз дээ” гэж хэлэхэд тогоочийн нөхөр А нь ямар нэгэн зүйл хэлээгүй гараад явчихсан юм. Тэгэхээр нь би тухайн үед “тэнд байсан хүмүүсийн хоорондын харилцаж байгаа харилцаанаас тогооч Түмэнбархасаас болоод зодоон болсон юм байна даа, тогоочийн нөхөр А нь кранист Бг зодсон юм байна” гэж бодож байсан. Мөн кранист Баярсайхан ахын гаднаас харж, цусыг нь цэвэрлэхэд бусдад зодуулсан байна гэдэг нь ойлгомжтой байсан. Инженер гэх залуу Мөнхдэлгэр нь хамгийн анх кемп дээр ирэх үед эхлээд “кранист О.Баярсайхан ахыг зуух мөргөсөн” гэж хэлж байсан. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өглөө ажлаа хийж дуусгаад буцах гэхэд “хүн амьтан асуувал О.Баярсайхан ахыг машинаасаа унасан байсан” гэж хэлээрэй гэж хэлсэн. Тухайн 2020 оны 07 дугаар сарын 10-ны оройн утсаар холбогдож “хүнээ үзүүлсэн үү, бие нь яаж байна” гэдгийг асуухад Мөнхдэлгэр нь “биеийн байдал хүнд байгаа, бид нар цагдаа дээр мэдүүлэг өгч байна, чи цагдаагаас асуувал машин дээрээс унасан гэж хэлээрэй” гэдийг хэлсэн. Ийм байдлаар хэлэх болгонд би “за” гэж л хэлж байсан. Гэхдээ би мэдүүлгийг тухайн хүний хэлснээр хэлж яриагүй, өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр ярьсан. Инженер Мөнхдэлгэр нь яагаад намайг “худлаа хэлээрэй” гэж хэлээд байсныг ойлгоогүй. Тус кемп дээр очсоноос хойш ажилтан Найдансүрэн, тогооч Түмэнбархастай “чамаас л болсон” гэх мэтчилэн ярьж хэрэлдэж байсан. Харин ямар нэгэн зодоон цохион болоогүй. Намайг ирэхээс өмнө зодоон болсон байдалтай байсан....” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 37-39 дэх тал/,

8. Гэрч Д.На:

“...2020 оны 05 дугаар сарын эхээр Дорноговь аймгийн Зүүн баян сумаас цааш Төмөр зам дагасан өндөр хүчдэлийн шугам хийх ажлыг гүйцэтгэхээр “Их наяд” компанийн кемп дээр очсон юм. Тэр үед “Их наяд” компанийн ажилчид гэх тогооч Түмэнбархас, монтёр Б.А, хувиараа кранистаар ажиллаж байсан О.Баярсайхан гэх хүмүүстэй танилцаж байсан. Би О.Баярсайхан гэх кранисттай маш ойр харилцаатай байсан бөгөөд ихэвчлэн хамт ажил төрлөө хийдэг байсан. Кемп дээр байхад баяр наадмын амралтын үеэр 2 өдөр архи ууцгаах үед хүмүүсийн гаргаж байгаа зан байдлыг нь харсан. Энэ талаар ярьж өгөхөд О.Баярсайхан нь хувь хүний тал дээр даруу төлөв зантай, маш сайн хүн гэж дүгнэнэ. Ажил төрөлдөө сайн, чадвартай, боловсролтой хүн байгаа юм. Харин архи уусан үедээ бага зэрэг агсам талдаа, хүнтэй амархан муудалцах гээд байсан юм. Т.Мөнхдэлгэр нь зан байдлын хувьд хөнгөн, савсагнуур зантай хүн шиг байсан. Элдэв муу зан авиргүй, архи уусан үедээ байдгаараа л байсан, бага зэрэг аймхай хүн шиг байсан. Б.А нь олон газар янз бүрийн хүнтэй харьцаад үзсэн, бага зэрэг муу санаатай хүн шиг санагдсан, ихэвчлэн чимээгүй л байж байдаг, үг дуу цөөтэй. Харин архи уусан үедээ догшин зан гаргахаар хүн байсан бөгөөд Баярсайхантай муудалцаад бид нарыг занаж, ярьж байгаа нь “утгаар чинь алцгаана, бүгдийг чинь ална” гэж байсан. Тэр ч байтугай кемп дээр ирээд гал тогоонд байсан хутга, иртэй зүйлсийг хүртэл холдуулж, нууж байсан. Мөн 2021 оны 06 дугаар сарын сүүлээр цагдаагийн байгууллагаас холбогдож дуудах үеэр А нь архи уусан байдалтай над руу залгаад “Мөнхдэлгэр та 2 хуйвалдаж намайг хэрэгт хийх гэж байгаа бол чадахгүй шүү, ална шүү” гэж хэлэхээр нь би утсыг нь салгачихсан юм. Миний бие О.Б биед учирсан гэмтлүүдийг нүдээр үзэж харсан бөгөөд өмнөх мэдүүлгүүд дээр ямар байдлыг нь хэлсэн. Уг гэмтлүүдийг А л учруулсан байх магадлалтай. Өөр хүн байхгүй. Яагаад гэхээр А нь О.Баярсайхантай өөрийнхөө энхэр Түмэнбархасыг “хоол муу хийдэг” гэж хэлснээс болж эхнэрээ өмөөрч хэд хэдэн удаа муудалцсан, бүр нэг нэг цохилцоод ч авсан. Мөн Мөнхдэлгэр надад хэлэхдээ “А арматурын төмөр барьчхаад намайг ална гэж хөөсөн” талаар хэлж байсан. О.Бг бусдад зодуулсан байдалтай гэмтсэн хэвтэж байхыг нь хараад Ад хандаж “чи зодсон биз дээ” гэж хэлээд уурлахад А нь юу ч дуугараагүй. Мөн эхнэр Түмэнбархас руу “Чамаас л болж энэ 2 хүн муудалцана” гэж уурлахад өөдөөс олон зүйл хэлээгүй. 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөө хурхираад унтаж байсан бөгөөд А нь эмч дүүгээсээ утсаар зөвлөгөө авч бидэнд “ийм байна, тийм байна” гээд зүйл ярьж байсан. Тэгээд үүнд найдаад 09-ний өдрөө Түмэнбархас, Мөнхдэлгэр нар нь Бг харж хоносон. Улмаар 2020 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 06 цагаас эхлэн эмч хайж, эмнэлгийн байгууллагад хандсан. Уг хэрэг учрал болж Дорноговь аймаг дахь цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад А нь Мөнхдэлгэрт хандаж “хэрвээ надад хэрэг тохвол чи манай эхнэрийг хүчиндсэн гэдгийг чинь ил гаргана шүү” гэж хэлсэн. Тэгэхэд нь Мөнхдэлгэр нь “чи хэлэлдээ тийм зүйл болоогүй юм чинь” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар 34-35 дахь тал/,

9. Гэрч Э.А:

“...Тус кемпэд дээр ирэх үед 3 тооны гэр байсан бөгөөд хойд талын 2 гэрээр орсон. Зүүн талын гэрт нь 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүн согтуу байдалтай, муухай үнэртүүлсэн байдалтай унтаж байсан бөгөөд тухайн гэрт яг хэдэн байсныг санахгүй байна. Харин баруун талын гэрт инженер гэх залуу, мөн нэг настайвтар туранхай эрэгтэй хүнтэй хамт архи уугаад сууж байсан бөгөөд инженер гэх залуу нь “маргааш ачаа бууна, өнөөдөр кранчин байхгүй байгаа” гэдгийг хэлсэн. Баярсайхан нь инженер гэх залуутайгаа юм яриад үлдсэн. Би машин руугаа гараад явсан бөгөөд бид хоёрыг ирэх үед кемп нам гүм байдалтай, гэрийн гадна ойр орчимд ямар нэгэн хүн ухаангүй хэвтэж байсан асуудал байгаагүй. Би нүдээр харсан. Тэгээд жолооч Баярсайхан нь машин руу ирээд “өнөөдөр ажиллах ч худлаа боллоо, битүү архидалт байна” гэж ярилцсан. Ингээд жолооч Баярсайхан бид хоёрыг хоол цайгаа уугаад 30-40 минут болоод намайг бие засах гээд машинаасаа гарахад гэрүүдийн баруун урд талд 1тн хэмжээтэй цагаан өнгийн усны савны зүүн талд баруун талаараа хараад хэвтчихсэн, дээгүүрээ подвольктой, доогуур өмдтэй, хөл нүцгэн, 2 нүд нь хавдаад, хамар, ам, нүүр хэсэг, 2 гарын шуу хэсгээр цус болоод хатчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь жолооч Бг дуудаад тухайн эрэгтэйг “гэр лүү оруулъя” гэж хэлээд 2 талаас нь сугадаад инженер гэх залуугийн гэр лүү оруулаад “энэ хүнээ эмнэлэг дуудаж үзүүлээч, энэ хүн чинь аймар болчихсон байна шүү дээ” гэж шаардсан. Тэгэхэд инженер гэх залуу нь тухайн эрэгтэй нь ямар шалтгааны улмаас ийм байдалтай болсон гэдэгт нь гайхсан шинжгүй “за ойлголоо” гэж хэлээд нойтон алчуур тавьж, цусыг нь арилгаад үлдсэн бөгөөд би машин руугаа явсан. Тухайн үед эрүүл ухаантай байсан хүн нь инженер гэх залуу, мөн настайвтар туранхай эрэгтэй хүн байсан. Би тухайн хүмүүст ухаангүй хэвтэж байсан эрэгтэйд яаралтай тусламж үзүүлэхийг шаардаад гарсан. Тухайн гэмтсэн хүнээс гарсан цус нь хатчихсан байдалтай байсныг бодоход жолооч Баярсайхан бид хоёрыг очихоос өмнө нь болсон асуудал бөгөөд бид хоёрыг очсоноос хойш ямар нэгэн хэрүүл маргаан, хүмүүсийн дуу чимээ гараагүй. Жолооч Баярсайхан нь “нөгөө инженер залуу тухайн гэмтсэн гэх эрэгтэйг цагдаагаас асуувал “кран дээрээс унасан гэж хэлээрэй гэж хэлсэн яах вэ” гэж надаас асууж ярилцсан юм. Тэгэхээр нь би “наад хүнийг чинь зодсон нь ойлгомжтой байхад чи бид 2 худлаа хэлж ярьж болохгүй, болсон асуудлыг үнэнээр л ярь” гэж ярилцсан...” гэсэн мэдүүлэг /2 дугар хавтас хэргийн 41-43 дахь тал/

10. Гэрч Т.Мө

“...2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг өглөө 10 цагийн үед сэрээд гал тогооны гэр ороход Найдансүрэн, А, Баярсайхан нар нь үлдсэн нэг шил архийг хувааж ууж байсан. А нь арай гайгүй харагдаж байсан мөн архиа задлаад удаагүй байсан. Би тухайн хүмүүст “наад архиа уучхаад эртхэн амраарай” гэж хэлээд надад архийг нэг хийж өгөхөөр нь амсаад өөрийн амардаг гэртээ буцаад ирсэн. Тэгээд унтаж байтал Б “чанга, чанга” дугараад байгаа анзаарагдсан, тэгээд сонсоод байтал дуу нь арай гайгүй болохоор удаагүй босоод гэрээс гараад явж байтал манай ажилтан А нь төмөр бариад над руу дайрсан, би барьж байсан төмрийг нь аваад хол шидээд эхнэр болох Түмэнбархаст хүлээлгэж өгөөд, ажлын нүх шалгахаар хэсэг хугацаанд яваад 2 цаг гаран болоод ирэхэд Найдансүрэн ах ирээд “Бг нүүр амнаас нь цус гарсан байдалтай гал тогооны гэрт байна” гэж хэлсэн. Тэгээд би Бг өөрийнхөө амьдардаг гэрт гудас тавьж хэвтүүлээд хамраас нь цус гарсан, сахал хэсэгтээ цус хатсан, нүд хөхөрсөн, 2 хөмсөг язралттай харагдаж байсан. Би тухайн үед Аийн эхнэрийг дуудаж цусыг нь цэвэрлүүлсэн. Дараа нь Найдансүрэнгээс “яагаад ийм болов” гэж асуухад “Атэй маргалдсан” гэж ярьж байсан. Тэгээд би Аөөс “яагаад ийм юм болов” гэж асуухад А нь “Баярсайхан нь гал тогооны гэрт зуух мөргөөд унасан” гэж ярьж байсан. Тэгээд тухайн өдрөө амраад өглөө болж 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Зүүнбаянгаас түргэн тусламж дуудаж, түргэн ирээд аваад явсан. Би Бг хүнтэй зодолдож байхыг хараагүй тухайн үед хүн зодох арай бухимдуу байсан нь А юм. А нь түргэн тусламж руу залгаж дуудахдаа “автомашинаас хүн унаад гэмтсэн” гэж мэдээлэл өгсөн учраас цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. А нь тухайн үед “би түргэн тусламж дуудахдаа Бг юмнаас унасан гэж хэлсэн шүү” гэж хэлсэн учраас тэгвэл цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагагүй гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

11. Гэрч Т.Мө дахин өгсөн:

“...Би 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Бг харж хоносон хажуу амралтын гэрт Түмэнбархас Найдансүрэн нар унтсан ачаа ачиж ирсэн 2 жолооч машиндаа унтсан. Өглөө Найдансүрэн ахтай 6 дугаар зөрөг рүү эмч асуухаар яваад зөрлөг дээр очсон “эмч байхгүй амраад явчихсан” гэж хэлсэн тэгэхээр нь буцаж кемп дээр Найдансүрэн ахыг үлдээгээд Атэй хамт баруун талын 77-82 цэргийн кемп дээр очоод эмч асуухад “эмч байхгүй” гэж хэлсэн тэгэхээр нь “кран барьдаг хүн” гэж асуугаад нэг жолооч дагуулж ирээд Баярсайхан ахын краныг бариулж буулгасан цэргийн анги руу явж байхад А Архангай аймагт байдаг эмч дүүтэйгээ утсаар яриад Зүүнбаян багийн эмчтэй холбогдож түргэн тусламж дуудсан. “Би юу ч мэдээгүй согтчихсон байсан” гэж хэлсэн би Ад “чи над руу хүртэл дайрсан ш дээ” гэж хэлэхэд “би чам руу дайрснаа ч санахгүй байна” гэж хэлээд байсан би дараа нь Аөөс “чи зодсон юм уу, юу болсон юм” гэхэд А Бг “зуух мөргөөд уначихсан байх” гэж хэлж байсан. Тухайн үед Баярсайхан хурхираад унтаад байсан тэгэхээр нь биеийн байдал нь гайгүй юм болов уу архи уугаад согтсондоо ингээд байгаа юм болов уу гэж 09-ний шөнөдөө хараад хараад маргааш нь тусламж дуудсан. Би шөнөжингөө Б биеийн байдлыг харж нойргүй хоносон. Бид эмнэлэг дуудахдаа кемп дээр ийм асуудал болсон юм чинь цагдаа сэргийлэх болно тэгэхээр 2020 оны 07 дугаар сарын 10-ны өглөө гаднаас ийм байдалтай олсон гэж мэдүүлэг өгье гэж хамт байсан Найдансүрэн, А, Түмэнбархас нартай ярьж тохирсон. Тухайн үед би өөрийн биеэр кемп хариуцаж байсан болохоор хэрэг төвөгт орох байх гэж бодоод худал хэлэхээр тохирцгоосон. Тухайн үед Б өмсөж байсан цэнхэр өнгийн энгэр цус подволкийг хүйтэн усанд базаж Б толгойд хүйтэн жин тавьсан байсан өмсөж байсан бэлтгэлийн өмдийг нь эмнэлэг авч явахдаа солиод кемп дээр үлдээсэн. Бг эмнэлэг явахад нь Найдансүрэн бид 2 хамт явсан кемп дээр эргээд ирэхэд Б өмсөж байсан өмдийг нь угаагаад зүүн гэрийн бүслүүрт хавчлуулж дэлгэсэн, цэнхэр өнгийн подволкийг баруун гэрийн бүслүүрт угааж хавчуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

12. Гэрч Т.Т:

“...Би нөхрийн хамтаар 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хөдөө кемп дээр тогоочоор ажиллаж байгаа “наадмын өдрүүдэд амарна” гээд ажилчид 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот яваад кемп дээр талбайн инженер Мөнхдэлгэр, бригадын дарга Найдансүрэн, краны жолооч Баярсайхан, манай нөхөр А бид 5 үлдээд би орой эрт унтаад өгсөн. Өглөө унтаж байтал Мөнхдэлгэр сэрээгээд “Баярсайхан ах краны гадаа хэвтэж байна, би сая гэрт оруулчихлаа хоёулаа нүүрийг нь цэвэрлэе” гэж хэлсэн би хажуу гэр лүү Баярсайхан ахын 2 нүд нь хөхөрсөн хамраас нь цус гарсан байдалтай байсан хамраас нь гарсан цус нь нөжирсөн байсан болохоор би хамрыг нь цэвэрлэж өгсөн. Манай нөхөр А дүүтэйгээ утсаар холбогдоод Зүүнбаян эмчтэй холбогдож эмнэлэг дуудсан. 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бид Зүүн баян баг яваагүй кемпээс ер нь гадагшаа явсан хүн байхгүй. Баярсайхан нь хүнтэй маргаж муудаагүй. 2020 оны 07 дугаар сарын 09-ний өглөө би 05.00 цагт босоод бүтэн тогооны гэрт байсан манай нөхөр А гадуур ажилтай байсан би өдөржин хоол унд хийж байгаад оройн хоолоо эрт хийгээд гэртээ ганцаараа орж унтаад өгсөн. Баярсайхан, А, Найдансүрэн нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ер нь кемп дээр архи огт уудаггүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал/,

13. Гэрч Г.Энх-Амгалангийн:

“...2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр кемпээс 17 цагийн орчимд Зүүнбаян баг ороод тэндээ 1 шил архи уугаад Батсайхан, Чинбаа бид 3 цаашаа явсан, Мөнхдэлгэр, Баярсайхан, А, Найдансүрэн нар кемп рүү явсан. Кемп дээр Баярсайхан ах хүнтэй маргаж муудсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал/,

14. Гэрч С.Ц:

“...Манай “Хасу эрчим” ХХК нь “Их наяд хөгжил” ХХК-тай хамтран төмөр зам бүтээн байгуулалтын цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. 2020 он 07 дугаар сарын 10-ны өдөр 12:00 цагийн орчим санаж байна Мөнхдэлгэр над руу утсаар яриад “кранист Баяраа ах машиныхаа хажууд унасан байна, бид нар өглөө гадаа байхыг нь олоод гэрт оруулаад байж байна, Баяраа ах хурхираад унтаад байна” гэж надад хэлсэн. Би “Их наяд хөгжил” ХХК-ны захирал Отгонхундага руу устаар ярьж мэдэгдсэн. Түүний дараа би Мөнхдэлгэр лүү утсаар ярьж “6 дугаар зөрлөгт эмч байна уу, үзээд эмчид үзүүл” гэж хэлсэн. Тэгтэл Мөнхдэлгэр “эмч дуудчихлаа” гэж хэлсэн. Орой нь дахиж Мөнхдэлгэрээс утсаар асуухад “аймагт ирчихсэн эмнэлэгт хэвтэж байгаа” гэж хэлсэн. Би Баяраа ахын ар гэртэй нь утсаар холбогдох гэсэн боловч утасны дугаарыг нь мэдэхгүй холбогдож чадахгүй. Тэгтэл оройн нь Баярсайхан ахын хүүхэд нь над руу устаар ярьсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал/,

15. Шүүгдэгч Б.А-ийн:

“...2020 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 05 цагийн үед сэр гадагшаа гарахад Мөнхдэлгэр боссон харагдаж байсан. Баруун гэрт ороход Баяраа ах нөгөө газраа хурхираад хэвтэж байсан. Тэгээд Мөнхдэлгэр нь “Баярсайхан босохооргүй байна кранчин олж ирж ачаагаа буулгая” гээд нэг цэргийн ангиас кранчин авчирч ажил хийж байгаа шугамын дагуу буулгах ажил явагдаж байхад би буцаж өөрийн кемп дээр очсон. Тухайн үед манай эхнэр “Баярсайхан ахын нүд нь хавдсан байна” гэхээр нь би “эмч дуудахгүй бол болохгүй юм байна” гэж бодоод өөр төрсөн дүү Отгонжаргал руу гар утсаар залгаж Баярсайхан ахын биеийн байдлыг хэлсэн. Манай дүү Отгонжаргал нь “цагдаа, түргэн тусламж дуудахгүй бол болохгүй эндээс гар утсаар дуудаад өгье” гэж хэлсэн. Тухайн өдрийн 10 цагийн үед 91-тэй дугаараас “Зүүнбаянгийн эмч байна” гэж хэлээд “машин тэрэг хүлээж байгаад гарлаа” гэж хэлээд тухайн өдрийн 15 цагийн үед ирсэн. Эмч ирээд “авч явахгүй бол болохгүй юм байна” гэж хэлээд фургонд Баярсайхан ахыг аваад явсан. Бид нараас явах гэтэл Мөнхдэлгэр нь “чи эхнэртэйгээ кемпээ хараад үлд” гэж хэлээд Найдансүрэн, Мөнхдэлгэр нар явсан. Явахдаа Мөнхдэлгэр нь “цагдаагийн ажилтан ирвэл Бг краны хажууд унасан байсан гэж хэлээрэй”, мөн Мөнхдэлгэр нь “түрүүлж Бг краны хажууд хэвтэж байхыг нь харсан” гэж хэлээрэй гээд явсан. Ингэж хэлэхийг нь Найдансүрэн болон манай эхнэр сонссон. Тэгээд явснаас хойш 22 цагийн үед Мөнхдэлгэр нь гар утсаар залгаж “би эхний мэдүүлгээ өгчихлөө миний хэлснээр л хэлээрэй” гэж хэлээд гар утсаа салгаад дахин холбогдоогүй. Тэгээд тухайн өдөр амраад байж байтал 07 дугаар сарын 11-ний өглөө гэгээ орж байхад цагдаагийн бүрэлдэхүүн ирээд үзлэгээ хийсэн. Би үзлэгт оролцож “краны хажууд байсан” гэж зургаа авхуулсан. Би Бг хүнтэй маргалдаж, зодолдож байхыг нь хараагүй. Би 07 дугаар сарын 08-ний өдөр архи уугаад согтохдоо болсон үйл явдлыг мэдэж байсан тасартлаа бол уугаагүй. Бг анх харахдаа бараг эрүүл байсан. 07 дугаар сарын 10-ны өдөр хэн ч архи уугаагүй. Юм мөргөсөн юм байхдаа гэж бодсон болохоор согтуу хэвтээд байна гэж бодсон мөн архи нь гарахаараа босоод ирэх байх гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

16. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 07 дугаар сарын 22-ны 02/0182 дугаартай:

“...О.Б биед тархины баруун тал бөмбөлгийн эд доторх цусан хураа, тархины эдийн няцрал, дух ясны суурь болон нүдний ухархайн дээд хана хамарсан хугарал, гайморын хөндийн өмнө, хажуу, арын ханын хугарал, баруун хацар ясны сэртэнгийн хугарал, баруун, зүүн нүдний ухархайн гадна болон дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, уруул, баруун хөмсөгний шарх гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан тархины баруун тал бөмбөлгийн эд доторх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар хүнд зэрэгт тус тус хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Гайморын хөндийн өмнө, хажуу, арын ханын хугарал, баруун хацар ясны сэртэнгийн хугарал, баруун, зүүн нүдний ухархайн гадна болон дотор ханын хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зүүн нүдний зовхины цус хуралт, уруул, баруун хөмсөгний шарх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

17. 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11-06-040-10 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 140 дэх тал/,

18. Шинжээч эмч Э.Анхбаярын:

“...Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 02/0182 дугаартай дүгнэлтийг гаргахдаа мөрдөгчийн тогтоолд хавсарган ирүүлсэн 2020.07.10-ны Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн №3552 дугаартай өвчний түүхийн хуулбарыг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Тухайн өвчний түүхийг шинжлэн судлахад дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд тогтоогдсон бөгөөд гэмтэл тус бүрийг ялган дүгнэлтэд тусгасан. Дүгнэлтэд тусгагдсан тархины баруун тал бөмбөлгийн эд доторх цусан хураа, тархины  эдийн няцрал, дух ясны суурь болон нүдний ухархайн дээд хана хамарсан хугарал, гайморын  хөндийн өмнө, хажуу, арын ханын хугарал, баруун хацар ясны сэртэнгийн хугарал, баруун, зүүн нүдний ухархайн гадна болон дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, уруул, баруун хөмсөгний шарх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эдгээр гэмтлүүд нь өндрөөс унах, унах үедээ хатуу мохоо зүйлд цохигдох, мөн хатуу мохоо зүйлээр цохих үед эдгээр гэмтлүүд бүгд үүсэх боломжгүй дүгнэлтэд тусгагдсан хөнгөн гэмтлүүд үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүний биед дахин шинжилгээ хийсэн тухай 135 дугаартай:

“...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2021.12.24-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач нь удаан хугацаанд архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүссэн архины шалтгаант зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачийн нас барсан шалтгаан нь 2020 оны 07 дугаар сард учирсан гавал тархины гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. Уг гэмтлүүд нь мэс заслын эмчилгээ хийгдэж эдгэрсэн байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтас хэргийн 132-138 дахь тал/,

20. Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

21. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 145-236 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.А нь хохирогч О.Б эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 4.899.020 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон. Шүүгдэгч хохирогч нар нь хоолны чанарын асуудлаас болж хоорондоо маргалдаж, шүүгдэгч Б.А нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Тухайн хэрэг болсны дараа шүүгдэгч Б.А нь “эмчээс зөвлөгөө авах, хохирогчийн өмсөж байсан хувцсыг угааж цэвэрлэх” зэргээр гэмт үйлдлээ нуух оролдлого хийсэн байдаг. Иймд шүүгдэгч Б.Аийг гэм буруутайд тооцож, түүнээс хохирол төлбөрт 4.899.020 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Б.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Энэ хэргийн гэрч гээд байгаа хүмүүсээс согтуу байхад нь хууль зөрчиж мэдүүлэг авсан. Тухайн хэргийг харсан үзсэн гэрч байхгүй. Мөн хохирогч амьд байхдаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө эх сурвалжаа заагаагүй. Иймд хэрэгт авагдсан баримтаар Б.А хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогдоогүй тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Аийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.А нь:

2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 1-р багийн нутаг дэвсгэрт төмөр замын бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр эрчим хүчний шугам угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Их наяд хөгжил” ХХК-ийн кемп байрлах газарт урьдын хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн О.Б эрх чөлөөнд халдан түүнийг зодож эрүүл мэндэд нь “тархины баруун тал бөмбөлгийн эд доторх цусан хураа, тархины эдийн няцрал, дух ясны суурь болон нүдний ухархайн дээд хана хамарсан хугарал, гайморын хөндийн өмнө, хажуу, арын ханын хугарал, баруун хацрын ясны сэртэнгийн хугарал, баруун, зүүн нүдний ухархайн гадна болон дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, уруул, баруун хөмсөгний шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Да, гэрч О.Баярсайхан, Б.Баярсайхан, Д.Найдансүрэн, Э.Аюулгүйбаатар, Т.Мөнхдэлгэр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 22-ны 02/0182 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн “хүний биед дахин шинжилгээ хийсэн тухай” 135 дугаартай дүгнэлт, 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11-06-040-10 дугаартай шинжээчийн дүгнэлт, хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч О.Баярсайханд учирсан гэмтлийн зураг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А болон түүний өмгөөлөгч нар “Хохирогчид учирсан гэмтлийн Б.А учруулаагүй” гэж гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.А болон хохирогч О.Баярсайхан нар нь “хоолны чанар”, “хоол муу хийдэг”, “хоолонд амтлагч их хийдэг” гэх шалтгааны улмаас урьд нь хоорондоо хэд хэдэн удаа муудалцаж маргасан. Шүүгдэгч Б.А тухайн кемпийн тогтооч хамтран амьдрагч Т.Түмэнбархасыг өмөөрч “утгаар чинь алцгаана, бүгдийг чинь ална” гэх зэргээр агсам тавьж хохирогч О.Барсайхантай хувийн таарамжгүй харилцаатай байсан. 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч Б.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн хоолны асуудлаас болж хохирогч О.Баярсайхантай муудалцаж улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь гэрч О.Б “нэг нь миний толгой руу цохих шиг болсон намайг газар унагаагаад цохиж зодоод байх шиг байсан, ...Гал тогооны гэрт архи ууж байхдаа би Аийн эхнэр Түмэнбархаст “хоол унд хийхдээ амтлагч их хийгээд байна” гэж хэлж загнасан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Б “...2020 оны 07 дугаар сарын 09-ний оройн хоолны үеэр ажилтан Найдансүрэн нь тогооч Түмэнбархасыг “энэ муу гичийгээс болсон юм” гэж хэлээд маргалдаад байж байхад гаднаас тогоочийн нөхөр А орж ирсэн. Найдансүрэн нь Ад “чи Бг зодсон биз дээ” гэж хэлэхэд тогоочийн нөхөр А нь ямар нэгэн зүйл хэлээгүй гараад явчихсан тэгэхээр нь би тухайн үед “тэнд байсан хүмүүсийн хоорондын харилцаж байгаа харилцаанаас тогооч Түмэнбархасаас болоод зодоон болсон юм байна даа, тогоочийн нөхөр А нь кранист Бг зодсон юм байна” гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.На “...А нь О.Баярсайхантай өөрийнхөө энхэр Түмэнбархасыг “хоол муу хийдэг” гэж хэлснээс болж эхнэрээ өмөөрч хэд хэдэн удаа муудалцсан, бүр нэг нэг цохилцоод ч авсан. Мөн Мөнхдэлгэр надад хэлэхдээ “А арматурын төмөр барьчхаад намайг ална гэж хөөсөн” талаар хэлж байсан. О.Бг бусдад зодуулсан байдалтай гэмтсэн хэвтэж байхыг нь хараад Ад хандаж “чи зодсон биз дээ” гэж хэлээд уурлахад А нь юу ч дуугараагүй. Мөн эхнэр Түмэнбархас руу “Чамаас л болж энэ 2 хүн муудалцана” гэж уурлахад өөдөөс олон зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Т.Мө “...А нь төмөр бариад над руу дайрсан, би барьж байсан төмрийг нь аваад хол шидээд эхнэр болох Түмэнбархаст хүлээлгэж өгөөд, ...ирэхэд Найдансүрэн ах ирээд “Бг нүүр амнаас нь цус гарсан байдалтай гал тогооны гэрт байна” гэж хэлсэн. ...“яагаад ийм болов” гэж асуухад “Атэй маргалдсан” гэж ярьж байсан. Тэгээд би Аөөс “яагаад ийм юм болов” гэж асуухад А нь “Баярсайхан нь гал тогооны гэрт зуух мөргөөд унасан” гэж ярьж байсан. ...А Архангай аймагт байдаг эмч дүүтэйгээ утсаар яриад Зүүнбаян багийн эмчтэй холбогдож түргэн тусламж дуудсан. ...Би Ад “чи над руу хүртэл дайрсан ш дээ” гэж хэлэхэд “би чам руу дайрснаа ч санахгүй байна” гэж хэлсэн. ...Б өмсөж байсан өмдийг нь угаагаад зүүн гэрийн бүслүүрт хавчлуулж дэлгэсэн, цэнхэр өнгийн подволкийг баруун гэрийн бүслүүрт угааж хавчуулсан байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлт, мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хохирогч О.Б эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл шүүгдэгч Б.Аийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Аийн “хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулаагүй” гэх мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлийг санаатайгаар хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Аийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас тухайн цаг үед амь хохирогч О.Б эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 4.899.020 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд уг хохирол төлбөрийг шүүгдэгч Б.А нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс дээрх хохирол төлбөрийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дад олгох нь зүйтэй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд тусгайлан гаргах саналгүй” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.А-ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргасан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.А нь өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч Б.Аийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан ... хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заасны дагуу Б.Ад оногдуулсан 2 жилийн  хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2019001950702 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цус мэт хүрэн өнгийн зүйл бэхжүүлсэн даавуу 1 ширхэг, хүрэн шаргал өнгийн хос гутал, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн богино ханцуйтай пудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************ А-ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-өөс 4.899.020 /дөрвөн сая, найман зуун ерэн есөн мянга, хорин/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дад олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цус мэт хүрэн өнгийн зүйл бэхжүүлсэн даавуу 1 ширхэг, хүрэн шаргал өнгийн хос гутал, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн богино ханцуйтай пудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ДАЛАЙХҮҮ