Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/613

 

 

 2022            7              25                                        613

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган, 

улсын яллагч Б.Тэгшбаяр  

хохирогч _______  

шүүгдэгч ___________  түүний өмгөөлөгч Ц.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:   

         Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ____________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205004401311 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

            Монгол улсын иргэн, ______________-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, дүүгийн хамт Ч________________ тоотод оршин суух хаягтай, урьд нь Сүхбаатарын районы шүүхийн 1987 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 105 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 1096 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,  Чингэлтэй дүүргийн шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 347 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж өршөөсөн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт тус тус зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. _______________

 Холбогдсон хэргийн талаар

 

Яллагдагч ______________ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 25 минутын орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудлаас хохирогч ___________ зорчин явсан автобусанд сууж зорчин явахдаа хохирогч __________ гар цүнхийг зүсэж түүний эзэмшлийн “Айфоне-12” загварын гар утсыг хулгайлсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн  гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

  шүүгдэгч __________ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...хохирогч анх цагдаад мэдүүлэг өгөхдөө таньж олуулах ажиллагаа хийлгэхэд хэлсэн гадаад шинж тэмдгүүд нь надтай таарахгүй байна. Гар утсыг нь авсан хүн 30 настай гэсэн бол би одоо 52 настай, 160 см өндөртэй, мөр шүргэсэн үстэй, өвдөгнөөс дээгүүр хар куртиктэй гэж мэдүүлсэн байгаа нь надтай огт таарахгүй байна. Эдгээр шинж тэмдгүүдээс аль нь ч надад байхгүй. Хэрэв би тэр гар утсыг хулгайлсан бол 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн эдэлж байсан алтан бөгжийг зарах шаардлага надад байхгүй байсан. Тухайн үед надад мөнгөний шаардлагатай байсан тул өөрийн алтан бөгжийг 1.007.000 төгрөгөөр зарж энэ мөнгө миний Хаан банкны дансанд орж ирсэн. Хэрэв би автобуснаас гар утас хулгайлж буусан бол тийм тайван явахгүй байсан байх. Мөн тэр үед би байнга маск зүүдэг байсан тул хохирогч намайг андуурсан байх гэж бодож байна. Тухайн үед байцаалт авч байсан мөрдөгч надтай их таагүй харьцаж байсан. Гэтэл гэнэт 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр намайг яллагдагчаар татсан байсан. Өмнө нь хэрэгтэнг олсон гэж байсан тул би тайван ажлаа хийж байтал гэнэт ийм зүйл болсон. Намайг хохирогчийн цүнхнээс гар утсыг нь авсан гэж байна. Надад тийм зүйл хийх шаардлага байхгүй. Би энэ хэргийг хийгээгүй. Хохирогч 01 дүгээр сарын 06-ны өдөр юмаа алдсан гэтэл намайг 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрээс маань авч гэнэт мэдүүлэг авсан. Олон хоногийн өмнө хийсэн зүйлээ би санахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл надаас тулгасан байдлаар олон удаа асууж байсан. Хохирогч намайг 01 дүгээр сарын 16-ны өдөр намайг цүнхийг нь зүсэж түрийвч, гар утсыг нь хулгайлсан гэж байна. Надад авах боломж байхгүй. Тэр өдөр би энэ охиныг хараагүй, энэ охин ч намайг хараагүй. Гэтэл намайг ингэж байгааг гайхаж байна. энэ хугацаанд би маш их эмчилгээ хийлгэж мөнгө зарцуулсан. Одоо би өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр явж байна. өмнө нь хэдэн найзуудтайгаа нийлж хулгай хийдэг байсан ч буруу гэдгийг нь ухаарч больсон. Би наймаагаа хийж явахдаа өмнө нь хулгай хийж байсан найзуудтайгаа тааралдах үе байдаг. Энэ үед би тэр хүмүүстэй юм дугардаггүй. Гэтэл намайг өмнө нь хулгайч байсан байж хэзээ ийм болсон юм гэх мэтээр хэлдэг болсон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

   хохирогч ___________  шүүхийн хэлэлцүүлэгт :  “...Автобусанд 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр ирж байхад миний хажууд хар үстэй, намхандуу хүн зогсож байсан. Гэнэт юм унах шиг болоход энэ эгч миний утас уначихлаа гэж хэлээд хурдан буусан. Би тухайн үед том хар цүнх үүрсэн байсан. Дараа нь би юмыг яаж мэдхэв гээд цүнхээ хартал миний гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдэж суусан автобусныхаа камерыг шүүлгэсэн. Гэтэл шүүгдэгч тэр өдөр автобусанд суугаагүй Салхитад өвчтэй дүүгээ харж байсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Гэтэл камерын бичлэгт энэ хүний царай үлдсэн байсан. Гар утас маань олдоогүй байгаа. Энэ хүн 25 дугаар эмийн сангаас суугаад  ТБД андуудын урд буудал дээр буусан. Энэ хүнийг  маск зүүсэн эсэхийг сайн  санахгүй байна.  Би тухайн үед өндөр ултай гутал өмссөн байна. Надаас бага зэрэг намхан байсан. Настайвтар, ядруу царайтай, хар үстэй, 30-аас дээш насны, үсээ  задгай тавьсан. Энэ хүнийг таньж байна. Одоо чолктой болсон байна. .....тухайн автобусанд тийм их хүн байгаагүй.... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад хохирогч __________ өгсөн:  “...2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээрээс зүүн салаа гэсэн чиглэлийн цагаан шар өнгөтэй автобусанд суугаад урд хэсэгт зогсож байгаад хойшоо хүмүүст шахагдаад хойд хаалганы ойролцоо зогссон. Тэгээд явж байгаад Баянгол дүүрэг 2 дугаар хороо Андуудын автобусны буудлын ойролцоо ирсэн чинь миний хажууд зогсож байсан 30-с дээш настай, өвдөгнөөс дээгүүр хар куртиктэй, ойролцоогоор 160 см өндөртэй, мөр шүргэсэн урттай үстэй, дундаж махлаг, ядруу царайтай эмэгтэй гар утсаа унагаачлаа гээд хэлээд тухайн унагаасан гар утсыг аваад автобуснаас хурдан буусан. Тэгээд тухайн үед надад сэжигтэй санагдаад өөрийн цүнхийг шалгаж үзэхэд миний цүнхийг зүсээд дотроос “Айфоне-12" маркийн цэнхэр өнгийн гар утас, хар арьсан түрийвч, түрийвчин дотор иргэний үнэмлэх, хаан, худалдаа хөгжлийн банкны карт гэх эд зүйлсийг хулгайлсан байсан. Сүүлд бодоод байхад тухайн эмэгтэйн унагаасан зүйл миний гар утас байсан юм байна лээ. Тухайн үед жолоочид би гар утсаа алдчихлаа буумаар байна гэж хэлсэн боловч жолооч нь зогсоогүйн улмаас тухайн миний хажууд зогсож байсан эмэгтэйг барьж авч чадаагүй...Би миний хажууд зогсож байсан 30-аас дээш настай эмэгтэйг сэжиглэж байгаа. Тухайн эмэгтэйг дахин харвал сайн танина...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч __________ өгсөн: “...2022  оны 01 сарын 06-ны өдөр буюу одоогоос 14 хоногийн өмнөх явдлыг санахгүй байна. Би өөрийн Чингэлтэй  дүүрэг хайлаастын ___________ тоот хаяганд дүү **** хардаг. Миний дүү ******с нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй буюу оюуны хүнд хомсдолтой. Тухайн дүү маань бие дааж ганцаараа байж чаддаггүй. Манай гэрт тусдаа жижиг  өрөөнд  байдаг. ***** нь манай төрсөн дүү байгаа юм.  Эхнэр __________ бид хоёр нь байнга дүү нараа хардаг. _________ дүү Гантулга нь сахарын хордлого төмсөгний өрөвсөл гэх өвчинтэй. Одоо ___________ тоот хаяганд  амьдардаг  ба ********г гаднаас нь цоожлоод Гантулга дээр очиж асардаг байгаа. Манай 2 дүүг бид  хоёроос өөр харах хүн байдаггүй. Заримдаа эмнэлэг орох   шаардлага гарахаар __________ах _________ автомашинаараа хүргэж өгдөг....ямар ч байсан шинэ  он гараад 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ойролцоо солонгос даавуу зардаг газар руу орж  даавуу сонирхсон....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,

 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хохирогч _______ гэрч ________ гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд, /хавтаст хэргийн 9-15 дугаар хуудас/,

 “Кости-Эстимэйт” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Айфоне -12” маркийн гар утсыг 1.800.000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,

 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 18-23 дугаар хуудас/,

камерын бичлэг бүхий CD, болон уг CD-r эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад яллагдагч _________ өгсөн: “...би 2022 оны 01 сарын 06-ны өдөр 25 дугаар эмийн сангийн орчим даавуу сонирхож явсан. ТБД андуудын Си юү дэлгүүрээр орж бараа сонирхож явсан. Юм зарахдаа алхаж явдаг ба  тэгээд автобуанд сууж үйлчлүүлдэг. Би нөхөр __________ хамт явдаг. Ганцаараа явддагүй... гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дугаар хуудас /,

оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 100 дугаар хуудас/

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

   улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бус аргаар, үнэ төлбөргүйгээр өөрийн эзэмшилд  авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай ...” гэх дүгнэлтийг,

  шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...хохирогч гэх охин намайг сайн танихгүй, миний гадаад байдлын талаар өөр зүйл хэлж байна. Надад харамсалтай байна. Тухайн цаг үед 25 дугаар эмийн сангаас автобусанд суусан цаг нь таарсан байна. Өөр бусад зүйл таарахгүй байна. Хохирогч автобус нь хүнтэй байсан гэж байна. Гэтэл би хүнтэй автобусанд хэзээ ч суудаггүй, аль болох хүнгүй автобусанд сууж суудал дээр сууж явахыг илүүд үздэг. Хүнгүй автобусанд би яаж хүний цүнхийг зүсэж түрийвч, гар утсыг хулгайлах вэ. Миний сэтгэлд ийм зүйл багтахгүй байна гэх....” санал,

шүүгдэгчийн өмгөөлөгч: “... хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

1.Мөрдөн байцаалтад хохирогч  _________ өгсөн:  “...Тэгээд явж байгаад Баянгол дүүрэг 2 дугаар хороо Андуудын автобусны буудлын ойролцоо ирсэн чинь миний хажууд зогсож байсан 30-с дээш настай, өвдөгнөөс дээгүүр хар куртиктэй, ойролцоогоор 160 см өндөртэй, мөр шүргэсэн урттай үстэй, дундаж махлаг, ядруу царайтай эмэгтэй гар утсаа унагаачлаа гээд хэлээд тухайн унагаасан гар утсыг аваад автобуснаас хурдан буусан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/ нь шүүгдэгч ________ өндөр болон гадаад төрхтэй зөрүүтэй шинжүүдийг мэдүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон түүний өндөр 160 см өндөр хүрэхгүй болох нь илтэд харагдаж байлаа.

 

Түүнчлэн хохирогч ________ гэмт хэрэг үйлдэгдсэн гэх автобусны камерийн бичлэг мөрдөн шалгах ажиллагааны явцад байсан гэх боловч тодорхойгүй шалтгаанаар хэрэгт хавсаргагдаагүй харин шүүгдэгчийн ТБД андууд худалдааны төвийн ойролцоох газруудаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны үед явж байсан камерийн бичлэгийг  хавсаргасан нь хэрэгт шууд хамааралгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д заасны дагуу энэхүү зөрүүтэй, эх сурвалж эргэлзээтэй мэдүүлгүүд нь дангаараа нотлох баримт болж чадахгүй юм.

 

        2. Дээрхээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д заасан хэргийн байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүйг харуулж байна.

 

3. Шүүгдэгч ________ нь эхнээсээ өөрийн гэм буруугүй болохыг мэдүүлдэг бөгөөд үүнийг нь гэрч н.*******н “....гэрт байхад халаасны хулгайтай тэмцэх тасгаас ирж эхнэрийг маань авч явах гээд байхаар нь бие муутай хүн гээд би тухайн үед хамт явсан. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ********* гэх мөрдөгчид хүргэж өгсөн. Тэр өдрөө очиж байцаагдсан. 01 дүгээр сарын 06-ны өдөр юу болсон гэж асуухад мэдэхгүй гэсэн. Гэтэл намайг өрөөнөөс гаргасан. Дотор нь манай эхнэр орилоод байсан. Би эхнэр маань бие муутай эм тариа хийхгүй бол болохгүй гэхэд Энхтүвшин мөрдөгч танай эхнэрийн бие муу байх надад хамаагүй гээд муудалцсан. Эхнэр маань 10 гаруй хоногийн өмнө болсон зүйлийг санахгүй байна гэтэл эхнэр бид хоёр руу уурласан. Эхнэр  коридорт гараад уйлж байтал яагаад коридорт уйлаад байгаа юм, дарга нарын уурыг хүргэлээ гэж муудалцсан. Үнэхээр баримт байгаа бол явдаг газраар нь яв гэж хэлсэн. ****** мөрдөгч хохирогч чамайг таньж байгаа гэж хэлэхэд эхнэр маань одоо нүүрэлдье гэж хэлсэн. Гэтэл намайг дуудсан цагт эхнэрээ авчраарай одоо яв гэж хэлсэн. Тэрнээс хойш Энхтүвшинтэй дахиж уулзаагүй Эхнэрийн маань дүү бие муутай Салхитад байдаг тул бид 2 өглөө бүр очдог. Үүнээс болж мөнгөний хэрэгцээ их гарч алтан бөгжөө  зарсан. 2022  оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бид хоёр  ертөнцийн зүгээр 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд талаас сууж ТБД андуудын урд талын автобусны буудал дээр буусан... гэх мэдүүлэг нотлох бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна.Нөгөөтэйгүүр шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг няцаан үгүйсгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

    Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч _________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, __________ цагаатгаж шийдвэрлэлээ.

5.Шүүгдэгчид холбдогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2205004401311 дугаар тогтоолыг хүчингүй болгож хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, _________ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

 Ц__________ авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2,36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч _____________ холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

 

 2. Шүүгдэгчид холбдогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан __________ дугаар тогтоолыг хүчингүй болгож хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар __________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

  4. Энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, _____________ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ