Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/600

 

                2022         7              20                                        2022/ШЦТ/600

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган     

улсын яллагч Б.Дэлгэрмаа,   

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _________

шүүгдэгч _________, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ____________ холбогдох эрүүгийн 2203002050301 тоот дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч Монгол улсын иргэн, _________ оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн __________ тоотод оршин суудаг, _________

 

 Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч __________ нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны 03 цаг 33 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн автобусны буудлын хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажпын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл техникийн зөрчилтэй “Hyundai Elantra” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч ******г мөргөж, энэ гэмт хэргийн улмаас *******н амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

 шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________ мэдүүлэхдээ: “...тэр өдөр манай ах уусан байсан. Би эхлээд найзуудыг нь дараа нь өөрийг нь гэрт нь хүргэж өгөөд шөнийн 03 цагт гэр рүүгээ явж байсан. Гандангийн гарцны гэрлэн дохио ногоон байхаар нь 40 км/цагийн хурдтай явж байсан. Замын хойноос гэнэт гүйж гарч ирсэн. Би хараад рулэ баруун тийш дарж, тоормосоо гишгэсэн. Урдуур дагаж гүйсэн. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч мэдүүлэхдээ: “... Би боловсролын байгууллагад 29 жил ажилласан хүн байна. Амь насаа алдсан хохирогч болох миний хань гэр бүл, үр хүүхдэдээ халамжтай, гэр бүлийн хүмүүжил сайтай, аз жаргалтай  ийм нэгэн гэр бүл байсан. Шүүгдэгч талаас надад 4.000.000 төгрөг төлсөн нь үнэн. Шүүгдэгчийн аавтай нь ажил хийж сар бүр бага багаар өгч 1 жилийн хугацаанд хохирол төлбөрийг төлж дуусгана гэх аман тохиролцоог хийсэн. Хэрвээ миний хань амьд байсан бол аливаа зүйлийг гэгээлгээр харж, хүнд битгий хэл хорхойд ч гэм хийхгүй гэсэн зорилготой, ийм төлөвшлөөр 2 хүүхдээ хүртэл хүмүүжүүлсэн. Ийм ханийхаа ясыг өндөлзүүлэхгүйн тулд, амьдралд хөл тавьж байгаа 2 хүүхдийнхээ ирээдүйн төлөө муу муухай зүйл хийхгүйн тулд нэгэнт тэнгэрт хальсан хань минь босож ирэхгүй. Мөн нөгөө талаасаа би боловсролын байгууллагад 29 жил ажилласан хүний хувьд гэр бүл салалт, эцэг, эхчүүдийн хариуцлагагүй байдлаас болж хүүхдийн нүдэнд гуниг хурсан, энэ нийгэмд хүүхэд эрх чөлөөгүй, дандаа сэтгэл, эд хөрөнгөөр дутаж явдгийг 29 жил боловсролын салбарт ажиллахдаа маш их харсан. Надад миний 25 настай, 29 настай 2 хүүхэд одоо ч бяцхан харагддаг тул эцэг, эхийн хариуцлагагүй байдлаа болж энэ хүүхдийг хар нийгэм рүү түлхэхгүй, болохгүй газар нь энэ хүүхдийг битгий хориосой гэсэн чин хүсэлтэй байна. Мөн би 13.999.134 төгрөгийн баримтыг бүрдүүлж өгсөн. Би шүүгдэгчийн аавд нь баримтгүй гарсан олон зардлыг бичиж өгөөгүй гэдгийг хэлсэн. Мөн би 20.000.000 төгрөгөөс илүү мөнгө нэхэмжлэхгүй, гарсан наад захын зардлыг нэхэмжилсэн гэдгээ хэлсэн. Хэдий шүүгдэгч тал төлбөрийн чадваргүй боловч сар сард нь ажил хийсэн орлогоосоо өгнө гэж хэлсэн. Би өөрөө эх хүн, сэхээтэн, хүүхдийн байгууллагад ажилладаг хүн учраас хатуурхахгүй байгаа. Би ханиа алдсан ч шүүгдэгчийг энэ нийгмийн хар бараан руу түлхэхгүй гэсэн чин хүсэлтэй байна ...” гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ___________ өгсөн:  “...хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. ...талийгаач нөхөртэй маань тухайн өдөр хамгийн сүүлд манай хүү Дорждэрэмийн гэрт очсон. ...одоогоор баримтаа арай цэгцлээгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн  28-30 дугаар хуудас/,

 

2022 оны  04 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр  тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн  4-13 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...03 цаг 33 минут 25 секундэд явган зорчигчийг тээврийн хэрэгслийн зүүн урд талын хэсгээрээ мөргөж байгаа харагдана...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн  4-13 дугаар хуудас/,

 

           мөрдөн байцаалтад гэрч __________ өгсөн: "...тухайн үед зам гэрэлтүүлэгтэй, гэхдээ тусгал нь их муу юм шиг байсан....жолооч яагаад осол гаргачихваа гэж асуухад надад гэнэт замын хойноос гараад ирсэн, харж амжсангүй гэж хэлж байсан ....гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ 165 дугаартай шинжээчийн дүгнэлт “...2. ...зүүн эргэх дохионы гэрэл ажиллахгүй, улсын дугаарын гэрэл асахгүй, баруун урд талын их гэрэл хол асахгүй, дуут дохио ажиллахгүй зэрэг эд ангиуд эвдрэлтэй...Урд их гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй ...3. ...урд дугуйн тоормос нь хүчний зөрүүтэй, хойд тоормос болон зогсооолын тоормос зогсохгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 92-97 дугаар хуудас/,

 

 Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1316 дугаартай шинжээчийн дүгнэлт “...4. ...талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас уушгины хатгаагаар хүндэрч амьсгалын дутагдлаар нас баржээ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 67-79 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 дүгээр хавтаст хэргийн 128 дугаар хуудас /,

гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/

үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар хуудас/

оршин суугаа хаягийн тодорхойлолт / 1 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар хуудас/,

иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ________ нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны 03 цаг 33 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн автобусны буудлын хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажпын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл техникийн зөрчилтэй “Hyundai Elantra” маркийн ******А улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *********г мөргөж амь нас хохироосон хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “... шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, үлдэгдэл 9.999.134 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах, бусад баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, саналтай байна..” гэх дүгнэлтийг,

                       

шүүгдэгч _________ шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т  заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор шүүхийн хэлэлцүүлэгт: “...миний үйлчлүүлэгч __________ нь гэмт хэргийн зүйчлэл болон гэм буруу дээр маргахгүй байгаа. Хохирол төлбөрийн хувьд үлдэгдэл хохирол болох 9.999.134 төгрөгийг төлнө. Цаашид гарах зардлыг мөн төлөхөө илэрхийлж байгаа. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын сангаас тогтоол хүчин төгөлдөр болмогц  5.000.000 төгрөг гаргаж өгнө. Гаргаж өгмөгц энэ мөнгийг шууд хохирогч талд өгнө...” гэх дүгнэлт,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Шүүгдэгчид итгэж түүнийг уучилж, хохирлоо бага багаар нөхөн төлнө гэдэг нөхцөл байдлыг нь ойлгож байгаад маш их баярлалаа гэж хэлмээр байна....”гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

            Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.

 

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

 

            Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөний улмаас хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтэл учирсан байх обьектив болон субъектив талын шинжийг хангахыг шаарддаг. Харин уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан.

 

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэжээ.

 

            Шүүгдэгч _________ нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны 03 цаг 33 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн автобусны буудлын хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажпын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл техникийн зөрчилтэй “Hyundai Elantra” маркийн 4**** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Жадамбааг мөргөж, энэ гэмт хэргийн улмаас ****** амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг дээрх гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

 

 Хохирлын талаар

 

Энэ гэмт хэргийн улмаас __________ амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд нийт 13,999,134 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь 4,000,000 төгрөгийг төлж  барагдуулсан байна.

            Шүүгдэгч __________ 9,999,134 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/-н жилийн хугацаагаар хасаж,  1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хохиролд 9,999,134 төгрөг гаргуулж, хохирогчид  олгох.... ” гэх санал дүгнэлтийг гаргав.

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...хамгийн бага ял шийтгэл хүлээлгэж өгнө үү...“ гэв.

 

шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...өмгөөлөгчийн маань хэлснээр шийдвэрлэж өгнө үү. Хохирогч талаас уучлалт гуйж байна...” гэв.

 

шүүгдэгчийн өмгөөлөгч нар: “... хорих ял оногндуулахгүйгээр тэнсэж өгнө үү... ” гэв

 

            Шүүгдэгч ________ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд учруулсан хохирол, хор уршгийн хувьд хүний амь нас хохирсон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар ****р дүүргийн ***** дугаар хороо, Хангайн ****** тоотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх  хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар __________ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, __________ явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч _________  сануулсугай.

 

 4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч _________ оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ____________ 9,999,134 /есөн сая есөн зуун ерэн есөн мянга нэг зуун гучин дөрөв/-н төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* олгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ