Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/01563

 

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/01563

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.У суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Н

Хариуцагч: Э.Б

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,027,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.нын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2016 оны 12 дугаар сарын сүүлээр Э.Б нь зээлээр бараа өгөөч гэх хүсэлт гаргасны дагуу 3,027,900 төгрөгийн барааг өгсөн. Уг барааны үнийг төлөхийг шаардахад удахгүй өгнө гэх боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул тус шүүхэд хандан, дээрх мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Э.Б нь Ц.нын ажиллуулж байсан дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа өөрийн хэрэгцээнд зориулж зээлээр тэрхүү хувцаснуудыг авсан байдаг. Харин 500,000 төгрөгийг төлсөн гэх хариу тайлбартай нь холбогдуулан Э.Бийн ээж М.Оын Ц.наас авсан мөнгөө буцааж өгөх талаарх 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн бичиж өгсөн нотлох баримтыг гарган өгсөн. Энэ баримтаар хариуцагчийн ээж М.О нь нэхэмжлэгчээс тусдаа мөнгө зээлсэн байсан бөгөөд, түүнийг төлснөөс биш Э.Бийн төлөх ёстой барааны үнээс 500,000 төгрөг төлөөгүй юм гэдэг нь нотлогдоно. Хариуцагч Э.Б нь Ц.нын дэлгүүрт ажиллаж байсан болон нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн учраас Ц.наас зээлээр худалдан авсан 3.027.900 төгрөгийг Э.Бээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Ц.нын Аселта ХХК-д ажиллаж байх хугацаандаа нийт 3,027,900 төгрөгийн бараа материал зээлээр авсан бөгөөд, үүнээс 500,000 төгрөгийг Ц.нын Хас банкны данс болох 5001858638 тоот дансанд хийж 1,500,000 төгрөгийг өөрт нь бэлнээр цувуулж өгсөн болно. Тиймээс нэхэмжлэгч талд 1,027,900 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг хамгийн сүүлд холбогдохдоо өөрөө буюу Ц.н хүлээн зөвшөөрч мессеж илгээж байсан болно.

Ц.нын зөвшөөрлийн дагуу зээлээр бараа авч байсан. Би 2017 оны 1 дүгээр сард ажлаасаа гарсан. Үүнээс хойш манай нөхөр 500,000 төгрөгийг бэлнээр Ц.нын дэлгүүрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Намайг Ц.н руу мөнгө шилжүүлэх үед надад карт байхгүй байна, миний хажууд байгаа хүний данс руу Ц.над гэж бичээд шилжүүл гэсний дагуу би шилжүүлсэн. Би Аселта ХХК-д ажиллаж байсан хэдий ч Ц.наас бараануудыг зээлээр худалдаж авсан. Саяхныг хүртэл намайг 1,000,000 төгрөг төлөхийг шаардаж, өгөхгүй бол фэйсбүүк од болгоно, чамайг яахыг чинь харъя гэж дайрч доромжилсон мессежүүд бичиж, залгадаг байсан. Би боломжтой болохоороо 1,000,000 төгрөгийг нь төлье гэж байтал шүүхэд өгч, 3,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Одоо би нэхэмжлэгчид 2,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Би 500,000 төгрөгийг түүнд нөхрөөрөө бэлнээр өгүүлсэн учраас зөвшөөрөхгүй байна. Манай ээж нэхэмжлэгчээс тусдаа мөнгө зээлж байсан нь үнэн гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.н нь хариуцагч Э.Бт холбогдуулан зээлээр худалдан авсан барааны үнэ 3,027,900 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдсэн төлбөрийг нэхэмжлэгчид бэлнээр төлж барагдуулсан учир хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлан маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч Ц.нын ажиллуулж байсан дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаандаа буюу 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарыг хүртэлх хугацаанд өөрийн хэрэгцээнд ашиглахаар 25 нэр төрлийн 3,027,900 төгрөгийн үнэ бүхий барааг хөнгөлөлттэй үнээр Ц.наас зээлээр худалдаж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд, дээрх үнэ бүхий барааг худалдан авсан талаар зохигч хэн аль нь маргаагүй болно.

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр хийгдсэн, гэрээний талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний зүйлийн үнийг тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.

Хариуцагч Э.Б нь гэрээний хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарыг хүртэл нийт зээлээр авсан хувцасны төлбөрт төлвөл зохих 3,027,900 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын үйлдсэн тооцооны баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагч Э.Бийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр гаргасан хариу тайлбараар гэрээний дагуу төлвөл зохих төлбөрийн 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.нын Хас банк дахь харилцах данс руу шилжүүлж төлсөн гэж тайлбарлан, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Орлогын маягт-ыг нотлох баримтаар гаргасан боловч, тухайн баримтаар зээлээр худалдан авсан барааны үнийг Э.Бээс төлсөн бус, харин ...н.Оаас гэх гүйлгээний утгатайгаар 500,000 төгрөг шилжүүлсэн нь хариуцагчийн төрсөн ээж М.О нь нэхэмжлэгч Ц.наас тусдаа Зээлийн гэрээний дагуу зээлж авсан 30,000,000 төгрөгийн төлбөрөөс төлсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар М.Оын 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн гар бичмэл баримтаар тогтоогдсон тул дээрх 500,000 төгрөгийн төлбөрийг Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Э.Бийн өмнөөс төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм. /хх 12, 15/

Түүнчлэн, хариуцагч Э.Б нь гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.над бэлнээр 1,500,000 төгрөгийг цувуулж өгсөн гэж, мөн өөрийн нөхрөөр 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх зэргээр тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаж буй тайлбар татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй бөгөөд, төлбөр төлсөн талаар хоорондоо зөрүүтэй тайлбар өгч, нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагчийг Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлвөл зохих төлбөрөө төлж барагдуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Бээс зээлээр худалдан авсан хувцасны үнийн төлбөр болох 3,027,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.над олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,400 төгрөгийн төлбөрийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Бээс 3,027,900 /гурван сая хорин долоон мянга есөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.над олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Бээс 63,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.над олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.С