Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/598

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган, 

улсын яллагч П.Отгонбаатар    

хохирогч _______

шүүгдэгч _____ түүний өмгөөлөгч Р.Чинбаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:   

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001508 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн ******* оны **** дугаар сарын ******-ны өдөр Дорнот аймгийн Чойбалсан хотод төрсөн, 42 настай эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, “Гурванбулаг” ХХК-д инженер ажилтай, ам бүл 3 ээж дүүгийн хамт, _____________ тоотод оршин суух саягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2001 он 12 дүгээр сарын 19-ний өдрийн 755 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 1, 2, 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ____________

 

            Холбогдсон хэргийн талаар

 

Яллагдагч __________ нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КФС түргэн хоолны газраас ________ эзэмшлийн самсунг эс 10 5ж маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 740.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн  гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ мэдүүлэхдээ:  “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  __________ өгсөн: “...Би “KFC” түргэн хоолны газар ажиллаад 5 хонож байсан. Тухайн үед шөнийн ээлжтэй, хичээлийн цаг дөхсөн байтал тул амралтын байдалтай сууж байсан. Сууж байгаад зүүрмэглэсэн. Нэг сэрэхэд ширээн дээр байсан гар утас байхгүй байсан. Гар утасны төлбөр 740.000 төгрөгийн бэлнээр өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй....гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “...өглөө 08 цагийн үед нойр хүрээд үйлчлүүлэгчдийн сууж үйлчлүүлдэг хэсэгт байрлах ширээгээ дэрлээд хэсэг унтсан унтахдаа өөрийн самсунг эс 10 5ж маркийн гар утсаа гартаа барьсан байсан тэгээд сэртэл гарт байсан гар утас байхгүй болсон байсан. Тэгээд байгууллагынхаа хяналтын камерын бичлэгийг шүүж үзтэл саарал малгайтай, хар өнгийн хувцастай эрэгтэй хүн миний гарт байсан гар утсыг аваад гарч байгаа хяналтын камерын бичлэг байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн: “... 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байх яг хэзээ өгсөнийг сайн санахгүй байна надад сэлбэгэнд нэг эвдэрхий гар утас өгч байсан тэр утсыг би сэлбэгэнд аваад дууссан санагдаж байна. Одоо ямар маркийн гар утас байсныг сайн санахгүй байна дэлгэц хагарсан утас байсан. 40.000 төгрөг өгнө гэж хэлээд надад өгсөн өдрөө 20.000 өгч маргааш өдөр нь ирээд үлдэгдэл 20,000 төгрөг  авч байсан. Тэр утсыг сэлбэг, болгоод дуусгасан...” /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас /,

 

 “Дамно” ХХК-ны БГ1-22-292 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 04 дүгээр сарын 25- ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 740.000 төгрөгөөр үнэлэгдэв" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 08 цаг 09 минут 08 секундэд хохирогч ________ нь унтаж буй дүрсийг харуулав. 2. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 08 цаг 09 минутын 19 секундэд сэжигтэй этгээд хохирогч ________ рүү ойртон алхаж буй дүрсийг харуулав. 3.2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 08 цаг 09 минут 24 секундэд сэжигтэй этгээд хохирогч ***** гар утсыг авч буй дүрсийг харуулав. 4. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 08 цаг 09 минут 29 секундэд сэжигтэй этгээдийн алхаж буй дүрсийг харуулав” гэх тэмдэглэл /5-8 хуудас /,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч _______ нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КФС түргэн хоолны газраас _________ эзэмшлийн самсунг эс 10 5ж маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 740.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бус аргаар, үнэ төлбөргүйгээр өөрийн эзэмшилд  авч бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 740,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөргүй болохыг дурдуулах  ...” гэх дүгнэлтийг,

 

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ нь: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

шүүгдэгч ________ нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КФС түргэн хоолны газраас ______ эзэмшлийн самсунг эс 10 5ж маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 740.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч _______ нь гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн  гэм буруугийн санаатай  хэлбэрээр хулгайлах гэмт  хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж  байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

 

  Хохирлын талаар

 

Шүүгдэгч  _______ нь шүүхийн шатанд хохирогч _______ хохиролд 740 000 төгрөгийг хүлээлгэн өгч, хохирогч гомдол саналгүй гэж байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ________ 280  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл гэвэл хохирогч өөрийн эд зүйл ийг ил тавиад унтсан, мөн шүүгдэгч 1 шил архи уух санаатай байснаас болж үйлдэгдсэн гэмт хэрэг.  Улсын яллагч хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байдаг. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан байдаг. Шүүгдэгчийн хувьд орон нутагт байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг тул Улсын яллагчийн санал болгож буй нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй. Иймд түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү....” гэв.

 

            Шүүгдэгч _________ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлүүдийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч _________  хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

  3. Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиололд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч _________ хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ